Завхан аймгийн хойд сумдын нутгаар цасан шуурга шуурсны улмаас Нөмрөг-Сонгино-Наранбулаг чиглэлийн авто замын 518 дахь километрт Түдэвтэй сумын Шар нуруу багийн цагаан дөрөлж гэдэг газар 30-40 автомашин өчигдөр орой явах боломжгүй болсон байна. Мөн Баянхайрхан сумын Төөнтийн даваа, Асгат сумын Усны даваа хаагдаж, автомашин явах боломжгүй болжээ.
Иргэд орон нутгийн чанартай замд зорчихдоо бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй гарсны улмаас цасанд суусан дуудлага мэдээлэл ирж байгааг аймгийн ОБГ-аас мэдээллээ.
Иймд очих газрынхаа зам давааг сайтар судалж, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай, холбоо барих боломжоо бүрэн хангаж зорчихыг онцгойлон анхааруулав. Цаг уурын байгууллагаас мэдээлснээр ойрын өдрүүдэд нутгийн баруун хэсгээр өдөртөө хүйтний эрч суларч, нутгийн зүүн хэсгээр жавартай хүйтэн, явган шуургатай байна.