"Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл" сэдэвт Ерөнхий хяналтын сонсгол болж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Нарантуяа үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Өнөөдрийн сонсголд оролцож байгаа иргэд утааны хор хохирлыг өөрийнхөө амьдралаар туулаад явж байна. Иргэдийн хохиролд төр засаг хариуцлага хүлээдэггүй учраас өнөөдөр иргэд бүхий л зовлонгоо өөрсдөө туулж байна. Энэ хүмүүс бухимдах нь аргагүй. Хамгийн гол нь дараа жилийн энэ үед утааг хэдэн хувиар бууруулсан байх вэ, утаагүй болсон байх юм уу, энэ эзэн биегүй утааны асуудлыг шийдэхэд гаргах зардлыг цаашид яах вэ гэдэг дээрээ анхаарах ёстой. Мөн утааны улмаас амь насаа алдсан иргэдийн ар гэрт нөхөн төлбөр олгох журмыг тогтоох хэрэгтэй. Хоёр жилийн өмнөх утааны сонсголын үр дүн хаана байна. Тиймээс бид дараа нь иргэдэд үлдэх шийдвэр гаргах хэрэгтэй" гэв.