Улаанбаатар хотын тулгамдсан асуудлын нэгт эрэмбэлэгдэх нь утаа, түгжрэл болсон. Үүнийг бууруулахын төлөө хууль хүртэл баталсан. Энэ хүрээндээ газар чөлөөлж яндан цөөлөх гэж ч үзэж байгаа, метро, дүүжин тээвэртэй болохоор хэдэн их наядаар нь цацаж байгаа. Тэгвэл монголчууд, тэр дундаа нийслэлчүүд хотдоо хурдны замтай болж, салхи татуулан давхих цаг 2-хон жилийн дараа тохиох бололтой. Засгийн газар хүртэл хотынхоо асуудал руу орж, Х.Нямбаатар даргыгаа дэмжиж байгаа хойно ямар нэгэн зүйл болох биз.
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Туулын хурдны замын олон улсын нээлттэй тендерийг зарлаад буй. Энэ нь Баянзүрхийн гүүрнээс Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 32 км үргэлжлэх зургаан эгнээ бүхий гэрлэн дохиогүй, уулзваргүй нийслэл дэх хот доторх анхны хурдны зам болно.
Батлагдсан төсөвт өртөг нь 1,964,788,800,000 (нэг их наяд есөн зуун жаран дөрвөн тэрбум долоон зуун наян найман сая найман зуун мянга) төгрөг. Үүнээс 2025 онд санхүүжих дүн нь 538,647,500,000 (таван зуун гучин найман тэрбум зургаан зуун дөчин долоон сая таван зуун мянга) төгрөг. Үүнийг нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлнэ.
Хотын даргын хэлж буйгаар Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажлыг ирэх 4 дүгээр сарын сүүлээр эхлүүлж, 24 сарын дараа буюу 2027 оны 5 дугаар сард ашиглалтад оруулна гэж байгаа. Хурдны зам ашиглалтад орсноор замын хөдөлгөөний дундаж хурд 13.5 хувиар нэмэгдэхээс гадна Дархан болон Замын-үүд чиглэлийн дамжин өнгөрөх автотээврийн нэвтрүүлэх чадвар сайжрахаас гадна Улаанбаатар хотын гол болон туслах гудамж замын сүлжээний түгжрэл 10-20 хувиар буурах тооцоолол гарчээ.
Сэтгэгдэл (6)