Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хор судлал, шуурхай удирдлагын алба нь Эрүүл Мэндийн Сайдын А/427 дугаар “Химийн хордлогыг тандах, бүртгэх, мэдээлэх” тушаалын дагуу эрүүл мэндийн байгууллагуудаас угаарын хийн хордлогын тохиолдлын мэдээллийг хүлээн авч бүртгэн ажилладаг.
Тус төвд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 11-ний байдлаар Нийслэлийн 7 дүүрэг, 5 аймагт нийт 747 хүн угаарын хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.
Хордлогын тохиолдлыг байршлаар авч үзвэл
- 92 хувь (687 тохиолдол) нь Улаанбаатар хотод,
- 8 хувь (60 тохиолдол) нь орон нутагт бүртгэгджээ
Иймээс "Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, мэдээлэл сурталчилгааг эрчимжүүлэх" ажлын хүрээнд Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Налайх дүүргийн нийт 25 өрхийн эрүүл мэндийн төвд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх хэвлэмэл материалыг байршуулж, тус төвүүдийн дарга, нийгмийн ажилтнуудтай уулзан мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, хамтран ажиллалаа. Мөн цахим сүлжээгээр “Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх” тухай видео болон инфографик материалуудыг бэлтгэн олон нийтэд түгээн ажиллаж байна.