Та 2025 оны аяллаа төлөвлөж амжсан уу? Туршлагатай аялагчид жилийн өмнөөс эхлэн ирэх жилийнхээ төлөвлөгөөг боловсруулж, санхүүгээ бэлдэхээс гадна тухайн жилийн аяллын тренд, шинэ чиглэл зэргийг судалдаг. Иймд дэлхийн аялал жуулчлалын томоохон компаниуд нэрлэсэн энэ онд эрэлттэй байх трендүүдийг хүргэе.
-Шөнийн аялал жуулчлал-
Шөнийн аялал жуулчлалд шөнийн музей, биолюминесценц буюу гэрэл ялгаруулдаг амьтад, мөн Туйлын туяа үзэх зэрэг багтдаг аж. Тэгвэл нарны идэвхжил 2025 онд дээд цэгтээ хүрч, дэлхийн агаар мандалтай харилцан үйлчлэхийн тулд дунджаас их хэмжээний цэнэглэгдсэн тоосонцор илгээснээр Туйлын туяа харах гайхалтай боломжийг бий болгох болно.
Их Британийн Trailfinders аялал жуулчлалын компани Туйлын туяа харахад хамгийн тохиромжтой газраар Финландын Лапланд, Норвегийн Лофотены арлууд, түүнчлэн Шпицберген, Исланд зэргийг нэрлэсэн байна.
-Амар амгалан байдлыг бүрдүүлэхэд чиглэсэн амралт-
Энэ амралтын чиг хандлага 2025 онд ч алдартай хэвээр байх бололтой. Аяллын трендийн гол анхаарах зүйл бол мэдээж дуу чимээ. Учир нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын хийсэн судалгаагаар дууны бохирдол, дан ялангуяа тээврийн хэрэгслийн дуу чимээ нь Баруун Европт эрүүл мэндийн хоёр дахь чухал асуудал болж буйг тогтоосон байна.
Havila Voyages аяллын компани Норвегийн эрэг дагуу өдөр тутмын амьдралын чимээ шуугианаас холдож, чимээгүй орчинд амрах боломж олгох амралтын газар нээжээ. Тус газарт чимээ шуугианыг хянах болон дууны хэмжээг хэмждэг станцуудыг байршуулсан байна. Үүнээс гадна Хельсинкийн арал дээр архитекторууд Мажамажа гэх жижигхэн байшингуудтай цоо шинэ амралтын газрыг нээсэн байна. Эл газар нь амрагчдад амар амгаланг олгохоос гадна, технологиос зугтаж, байгаль эх дэлхийтэй дахин холбогдох нэгэн боломжийг олгож буй хэрэг юм.
-Аялал ба хиймэл оюун ухаан-
Сүүлийн үед техник, технологи аялал төлөвлөхөд нэлээдгүй чухал үүрэг гүйцэтгэж байгаа билээ. Тодруулбал, Amadeus аялал жуулчлалын технологийн компанийн хийсэн судалгаагаар хэрэглэгчдийн 50% нь 2025 он хүртэл хиймэл оюун ухаанд тэргүүлэх ач холбогдол өгөх магадлалтай байгааг олж тогтоосон байна.
-Амралтын романс-
Цахим хэрэглээний өсөлтийг дагаад цахим сэтгэцийн ядаргаа ч нэмэгдсээр байна. Ялангуяа харилцааны талаарх асуудал дээр энэ өөрчлөлт мэдрэгдэж байгаа тухай судалгаагаар гарчээ. Харин энэ асуудлыг шийдэхэд туслахаар дэлхийн аялал жуулчлалын хандлагыг урьдчилан таамагладаг Globetrender болон Amadeus агентлагууд бодит амьдрал дээр шинэ хүмүүстэй танилцах трендийг энэ оны гол чиг хандлагын нэгээр нэрлэлээ.
-Ер бусын чиглэл-
2024 онд аялал жуулчлалын уламжлалт цэгүүд хэт их ачаалалд автсаны дараа аялагчдын дунд хүн бүрийн тэр бүр мэдээд байдаггүй чиглэлд аялах тренд дэлгэрээд байна. "Хүмүүс тэднийг чин сэтгэлээсээ угтаж, хүлээн авах газрууд руу аялахыг хүсэж байна" хэмээн Byway компани хэлжээ.
Ерөнхийдөө 2025 онд гол чиглэлүүд аялал жуулчлалын уламжлалт хязгаараас бага зэрэг холдсон газрууд байхаар байна.
-Coolcations ба улирлын бус сафари-
Өмнөд Европт амралтаа өнгөрүүлж дадсан хүмүүсийн хувьд "хаана халуун байна вэ?" гэж асуухаас илүүтэй "хаана халуун биш байна вэ?" гэж асуух нь эрс нэмэгдсэн гэнэ. Уур амьсгалын өөрчлөлт нь бидний аялал хийхээр төлөвлөж буй газруудад улам их нөлөө үзүүлсээр байна. Scott Dunn компанийн 2024 онд Финлянд болон Норвег руу хийсэн захиалгуудын тоо 26%-иар нэмэгдсэн гэж мэдээлсэн бол зундаа 20 орчим хэмийн дулаантай хойд Европ руу илүү олон жуулчин аялах магадлалтай хэмээн таамаглажээ.