Атлантын далай дамнасан түүхэн харилцаа тасарч, АНУ Европ тивд үзүүлэх тусламжаа эрс цуцалсны дараа Европын удирдагчид тивийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд батлан хамгаалахын зардлыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэхээр тохиролцлоо. Пүрэв гарагт болсон ээлжит бус уг уулзалтаар тэд Украиныг санал нэгтэй дэмжиж байгаагаа илэрхийлэв.
Брюссельд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Европын 26 удирдагч "Украины тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах энхийн хэлэлцээр байгуулахыг уриалсан бичиг"-т гарын үсэг зурж, Украиныг хэлэлцээрт оролцууллаа. ЕХ-ны улсуудаас Унгар л түдгэлзсэн юм.
Тусдаа бичвэрт Европын 27 удирдагч бүгд батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлэхийн тулд олон тэрбум еврог чөлөөлөх саналуудыг ногоон гэрлээр зөвшөөрч, Европын Комиссоос "бүх гишүүн орнуудад үндэсний хэмжээнд батлан хамгаалахын томоохон зардлыг хөнгөвчлөх" шинэ арга замыг хайж олохыг уриалав.
Удирдагчид Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейений гаргасан саналыг ЕХ-ны улс орнуудад 162 тэрбум ам.доллар хүртэлх зээл олгох саналыг цохон тэмдэглэж, энэ сарын сүүлчээр болох өөр нэг уулзалтын өмнө уг төлөвлөгөөг судалж үзнэ гэж мэдэгдэв.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский пүрэв гаргийн ээлжит бус чуулганд оролцож, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай таагүй харилцаатай байгаагаа хэлж, дэмжлэг үзүүлсэн Европын Холбооны удирдагчдад талархал илэрхийлсэн юм. "Энэ бүх хугацаанд, мөн өнгөрсөн долоо хоногт та бүхэн бидэнтэй хамт байсан. Бүх украинчуудын нэрийн өмнөөс маш их баярлаж байна. Бид ганцаараа биш байгаадаа талархаж байна" гэж Зеленский уулзалтын үеэр хэлэв.
Брюссельд болсон Европын тусгай зөвлөлийн дээд хэмжээний уулзалтын дараа Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон пүрэв гарагт сэтгүүлчдэд хэлэхдээ, Бид Украинд ЕХ-ны хоригт байгаа Оросуудаас авсан 33 тэрбум гаруй ам.долларыг тусламж болгон өгнө гэж мэдэгджээ. Макрон “Украин болон түүний армийг дэмжих нь бидний нэн тэргүүний зорилт юм. 2025 онд Европын холбоо Украинд Оросын хөрөнгөөр 30.6 тэрбум еврогийн тусламж үзүүлнэ" гэсэн байна.
Энэ хооронд Трамп Вашингтонд НАТО-гийн орнуудын батлан хамгаалах зардал "тэгш бус" байгааг шүүмжлэв. Тэрбээр "Би үүнийг эрүүл гэж харахгүй. Хэрэв тэд төлөхгүй бол би тэднийг хамгаалахгүй” гэжээ.
ЕХ-ны 27 орны тэргүүнүүд дайныг зөөлтгөх гарц хайхаар Брюссельд очсон нь мэдээж. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп уг дайныг зогсооно гэж амласан ч Украины талтай маргаантай байна. Энэ завшааны Европын холбоо өлгөн авч, Украины удирдагчийг буруу зүг рүү хөтлөх хандлага харагдаж байгаа тухай шинжээчид хэлж байгаа. Зарим нь хоёрдмол байр суурьтай улс орнуудын оролцоо Киев, Вашингтоны аль алиных нь сэтгэлд нийцэх энхийн төлөвлөгөөг батлах хүчин чармайлтыг замхруулж магадгүй гэж эмээж байна.
Украйны дайны асуудлаарх хэлэлцээрт АНУ-ыг оролцуулахыг Европ хэрхэн ятгаж болох талаар асуухад фон дер Лейен бүх талууд энхийн хэлэлцээрт хүчтэй байх байр сууринаас хандахыг байна гэж хэлэв. Пүрэв гараг болсон уг үйл явдал нь Трампын засаг захиргаа тивд үзүүлэх дэмжлэгээсээ эрс татгалзсанаас хойш дайны ирээдүйн асуудлаар яаран зохион байгуулсан Европын гурав дахь уулзалт байлаа.
Ням гарагт Лондонд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр зарим ахиц дэвшил гарсан. Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер Европын жижиг бүлэг Зеленскийтэй гал зогсоох санал дээр хамтран ажиллаж, дараа нь АНУ-д танилцуулна гэж мэдэгдсэн нь Трамп, Зеленскийн харилцааг эвлэрүүлж магадгүй.
Дээрх уулзалтад Унгарын тал оролцоогүй. Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Киевийг цэргийн хүчээр дэмжих уриалгыг удаа дараа эсэргүүцэж байсан. Европын ихэнх удирдагчдаас ялгаатай нь тэрбээр Зеленскийтэй маргалдсаных нь дараа Трампыг дэмжиж, X дээр “Хүчтэй хүмүүс эвлэрдэг, сул хүмүүс дайн хийдэг” гэж бичсэн аж.
Л.Баяр
Сэтгэгдэл (18)