Хотын дарга Х.Нямбаатар цахим хуудсаараа дамжуулан дараах байр суурийг илэрхийлжээ.
Тэрбээр "Сар шинийн өдрүүдэд хот хөдөөгүй түгжрэв. Монголчууд явган явах маш дургүй, залхуу учраас тэр. Морь унахгүйгээр болж л өгвөл алхам ч явган явахгүйг бодно. Хэдхэн алхаад хүрэх саахалт айлын зайд хүртэл мориор явна гэхчлэн одоогоос 100, 150 жилийн тэртээ Монголын нутгаар дайрч өнгөрсөн, зорин ирж судалгаа хийсэн хэд хэдэн гаднын судлаачид тэмдэглэж үлдээсэн байдаг. Явган явах "маш" дургүй гэсэн байгаа шүү бүр.
80 мянган машин зорчино оо! гэж анх төлөвлөгдсөн хотод 800 мянган машин бөгс эргэх зайгүй түгжирч байна. Факт хэлэхээр ойлгодоггүй, эсвэл ойлгохыг хүсдэггүй дөргүй бух шиг авирлана. Яг үнэндээ өчүүхэн хувийн эрх ашгаа нийтийн эрх ашгаас дээгүүр тавьсан цөөн хэдэн хүн энэ хотод жилдээ 100-130 мянган машин импортоор зөөсөөр өнөөдрийн энэ байдлыг бий болгосон. Дэндүү амин хувиа хичээсэн эх оронч бус үйлдэл. Энэ байдлаасаа яаж ангижрах вэ гэж хамтдаа арга шийдэл хайж хамтдаа зүтгэхийн оронд, хөмөрсөн тогоонд нь гэрэл оруулж арга шийдэл гарц гаргалгаа гаргасан нэгнээ барьж цовдлох нь холгүй нийтээр буллидна.
УБ-Дархан хооронд галт тэрэг явж л байна. Энэ боломжоо ашиглаж байгаа нь хэд билээ, Улаанбаатар хотод өнөөдөр 1200 автобус үйлчилгээнд явж байна. Гэтэл зам дээр явж байгаа машин дотор ихэвчлэн ганц хүн л явж байгаа харагдана.
Хэчнээн зам дэд бүтэц, метро трам хурдны зам барьж байгуулаад, хэчнээн нийтийн тээвэр хөгжүүлээд, сэтгэлгээгээ өөрчлөхгүй бол түгжрэл арилахгүй. 30 жил хуримтлагдсан асуудал илбийн юм шиг нэг өдрийн дотор алга болно гэж байхгүй. Нийтээрээ асуудлаа ойлгож бүсээ чангалж юм үзэж байж энэ том асуудлаас ангижирна. Хийж бүтээж байгаа нэгнээ дэмжиж байж асуудлаасаа сална.
Дээр өгүүлсэн "явган явах маш дургүй" сэтгэлгээг өөрчилж чадахгүй байж магадгүй, тэгвэл ядаж хийж бүтээж байгаа нэгнээ тамын тогооны үлгэр шиг доош нь татаж унагаадаг биш дэмждэг сэтгэлгээтэй болж болмоор санагдах юм" гэжээ.
Сэтгэгдэл (5)