АНУ-ын төрийн тэргүүн Доналд Трамп Австралийн ерөнхий сайд асан Малколм Тернбуллыг "сул дорой, үр дүн муутай удирдагч" хэмээн шүүмжилжээ. Түүний уг шүүмжлэл Австралийн ард түмний дургүйцлийг хүргэв.
Ням гаргийн орой Вашингтон ДС-д шөнө дундын өмнөхөн "Truth Social" платформ дээр Тернбулл Австралийг "араас" удирдаж, Хятадыг ойлгодоггүй гэжээ.
Тодруулбал, "Австралийн Ерөнхий сайд асан Малколм Тернбулл тэрхүү гайхамшигт улсыг үргэлж араас нь удирдаж байсан. Тэр Хятадад юу болж байгааг хэзээ ч ойлгоогүй, ойлгох чадвар ч түүнд байгаагүй. Би түүнийг үргэлж сул дорой, үр дүнгүй удирдагч гэж боддог байсан. Австраличууд надтай санал нэг байгаа нь ойлгомжтой!!!" гэжээ.
Энэхүү нийтлэл нь Тернбулл Блүүмбергт өгсөн ярилцлагадаа, "Трампын эмх замбараагүй удирдлах арга барил нь Хятадад ашигтай ч АНУ-д хохирол учруулах болно" гэж хэлсний хариу бололтой.
Тернбулл 2015-2018 оны хооронд тус улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан нэгэн юм.
Л.Баяр