Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу эрчим хүчний үнэ нэмэгдсэнтэй холбоотой асуудал дээр шалгалтын ажил хийсэн. Засгийн газрын хуралдаан дээр танилцуулсан байгаа. Эрчим хүчний үнэ тарифыг дөрвөн янзын төрлөөр тооцдог байсан бол 18 төрөл болгоод тариф тооцдог аргачлал нь өөр болсон байна. Үүний талаар иргэд олон нийтэд хангалттай мэдээлэл өгөөгүй юм билээ. Эрх нь хөндөгдөж буй тухай мэдээллэх ёстой байсан. Энэ мэт олон нийтэд мэдээлээгүйн улмаас үүссэн олон зөрчилтэй асуудлууд байсан.
Эрчим хүчний үнэ 30-89 хувиар нэмэгдсэн байсан. Тухайн айл өрх ямар тоолуур хэрэглэж байгаагаас шалтгаалаад өөр өөр хувиар нэмэгдсэн. Цаашдаа өгсөн үүрэг чиглэлийн дагуу эрчим хүчний салбарт шалгалт хийнэ. Манай улсад эрчим хүчний үйлдвэрлэл явуулах шинээр станц барих зөвшөөрлийг маш олон хүмүүс авдаг. Гэвч юу ч хийдэггүй. Хэрвээ энэ авсан зөвшөөрлөөрөө станцаа барьсан бол өнөөдөр Монгол улсад 1623 МВт эрчим хүч үйлдвэрлэх байсан. 2024 онд үйлвэрлэсэн хэмжээ нь 840 мвт байна. 4-6 жил явдаг зөвшөөрлийн тогтолцоог алга болгох ёстой" гэв.