ЭШЛЭЛ 1
Тэнгэрийн луу жил хүчирхэг өөрчлөлтийн цаг хугацаа байлаа. Луу жил Монгол Улсад ч олон өөрчлөлт авчирсан. Анх удаа холимог тогтолцоогоор бүсчилж, томсгосон тойргоос 126 гишүүнтэй парламенттай боллоо. Хамтарсан засаг байгуулагдаж, олон жил гацсан том төслүүдийг зарлаж, дөрвөн том төслийг нь луу жилдээ багтаан УИХ баталлаа.
ЭШЛЭЛ 2
Могой жилийн хувьд морь жилийн урьтал суурийг хангадаг, их бүтээн байгуулалт өрнөсөн, хур бороо арвинтай, сайхан жил болно гэж ахмадууд хуучилж байна лээ. Мөн могой жилд худал хуурмаг гуужиж, үнэн бүхэн тодорно гэдэгт итгэж байна. Хаа сайгүй л баг хуулагдаж, прагматик чиг хандлага руу дэлхий чиглэж байна. Манайд ч энэ уур амьсгал нөлөөлөх нь ойлгомжтой.
ЭШЛЭЛ 3
Уул уурхай тулгууртай эдийн засгийн сул тал нь хүртээмж дээр илэрдэг. Уул уурхайн экспорт өсөхөөр уул уурхайн компани, түүнтэй холбоотой цөөн аж ахуйн нэгжүүд үр ашгийг нь хүртэж, төсвийн орлого нэмэгдсэнээр цалин, тэтгэвэр тэтгэмж өсдөг ч уул уурхайн бус салбарын хувийн хэвшил, баялаг бүтээгчид өрсөлдөх чадвар, хүний нөөцөө алдаж эхэлдэг сул талтай. Гэхдээ эдийн засгийн өсөлтийг, тоог бас үгүйсгэж болохгүй.
ЭШЛЭЛ 4
Цар тахлаас хойш эдийн засаг нь хурдтай тэлж буй цөөн улсуудын нэг бол манай улс. Өсөлт ч үгүй, хүртээмж ч үгүй байсан үе байсныг мартаж болохгүй. Өнөөдөр өсөлтөө хүртээмж болгох мэтгэлцээн өрнөж буй нь сайн зүйл.
ЭШЛЭЛ 5
Засгийн газраас зарласан 14 мега төслийн 50 хувь нь хэрэгжиж эхэлбэл дотоодын нийт бүтээгдэхүүн 200 их наядад хүрэх боломжтой. Их гүрнүүдийн хоорондын худалдааны дайн зэрэг биднээс үл хамаарах хүчин зүйл байгаа ч бид зөв замдаа бас дээд хурдаараа л явж байна. Замаасаа гараад явчихгүй байх нь маш чухал.
ЭШЛЭЛ 6
Тавантолгойн ордод 1940 оноос эхлэн хайгуул хийж эхэлсэн юм билээ. Улсын төсвөөс 1977-1993 онд, тухайлбал, 1978,1979, 1982, 1986, 1989-1993 онуудад тус хайгуулд зориулж санхүүжилт гаргасан байдаг. Улсын төсвөөс хайгуул хийгдсэн стратегийн ийм том ордын хувь хэмжээг тогтоосон эрхзүйн актуудад дүн шинжилгээ хийх нь аль ч улсын Засгийн газар, УИХ-д байх л ёстой хэм хэмжээ.
ЭШЛЭЛ 7
Байгалийн баялгийг хэн ч бүтээж бий болгоогүй. Энэ газар нутгийн маань хөрсөнд байгаа баялаг. Баялагтаа эзэн байх нь ард иргэдийн нийтлэг хүсэл эрмэлзэл. Судалгаагаар байнга 70 хувиас дээш анхаарлын төвд байдаг сэдэв.
ЭШЛЭЛ 8
Үндэсний баялгийн сангийн асуудлыг өргөн агуулгаар харах нь зүйтэй. Эрдэнэтийн 49 хувь, Оюутолгойд үүссэн өр, Тавантолгой тойрсон асуудалд Засгийн газар анхаарал хандуулахгүй байхын аргагүй. Цэгцэрч байгаа учраас ч Үндэсний баялгийн сан бүрдэж эхэлж байна.
ЭШЛЭЛ 9
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дараа Монгол Францын Ураны хөрөнгө оруулалтын гэрээ батлагдлаа. 34 хувийг АМНАТ-өөр орлуулах хэлцэл хийгдсэн. Хөрөнгө оруулагчдын хувьд Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн нь олон давуу талыг үүсгэж байгааг тэмдэглэж байсан. Харин цаашид АМНАТ буюу роялтиг Баялаг ашигласны төлбөр гэж сонгодог агуулгаар нь хэрэглэх нь зөв гэж үзэж байгаа. 2030 оноос цааш баялаг ашигласны төлбөрийг ирээдүйгээс гадна хуримтлал ба хөгжлийн асуудалд зарцуулахаар төлөвлөж байна.
ЭШЛЭЛ 10
Дэлхийн улс орнуудад Баялгийн сан анх байгуулагдахад олон асуудал гарч байсныг түүх нотолдог. Манайд ч тодорхой доргилт өгнө. Гэхдээ төр доргилт бүрд цочоод байж болохгүй. Засгийн газар УИХ-аар батлагдсан хуулийг л хэрэгжүүлж байна. Хууль тэгш үйлчлэх Үндсэн хуулийн зарчимтай.
ЭШЛЭЛ 11
Засгийн газрын байр суурь тодорхой. Хувийн хэвшлээ дэмжинэ, хөрөнгө оруулалтын орчноо сайжруулна. Төсвийн орон зайг хувийн хэвшилд шилжүүлнэ. Эдийн засгийн өсөлтийг илүү хүртээмжтэй болгоход чиглүүлнэ.
ЭШЛЭЛ 12
Шанхайд Засгийн газрын шадар сайдууд, УИХ-ын гишүүдийн төлөөлөл гээд томоохон бүрэлдэхүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Туваан сайд тэргүүтэй олон мэргэжилтэн очсон. Олон жил шийдвэрлэгдээгүй Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын зээлийн хэлэлцээр ч зурагдсан. Очсон бүрэлдэхүүн хэрэндээ баяртай. Тэгээд оройдоо гэхэд л Монголд улс төр өрнөж эхэлсэн дээ.
ЭШЛЭЛ 13
Х.Баттулга гэж хүнтэй үзэл бодол таардаг, таардаггүй зүйл олон бий. Баялгийн тухай сэдэв дээр нийтлэг зүйл ч бий. Парламентын ардчиллын зарчмууд дээр дайсагнах хэмжээнд очсон зүйлс ч байдаг. Манай Б.Баатартай холбоотойгоор харддаг нь ойлгомжтой. Мань хүн ч өөрөө бас домог томтой юм. Гэхдээ бодит байдал дээр АН-ын мань хүнд дургүй хэсэг холбоотой болж харагдуулах гэж баахан хичээгээд, сүүлдээ өөрсдөө ч итгээд үнэн бол яана аа гээд байгаа зүйлс нь домгийн дийлэнх хэсэг шүү.
ЭШЛЭЛ 14
Намайг муулах аргаа нэг л олохгүй байх шиг байгаа юм. Данх л гэлээ, гялгар хамартай галч л гэлээ. Одоо бүр овоо дээшлүүлээд энд тэнд амьдруулаад байгаа юм байна. Ийм зохиомол мэдээллүүд хэдэн нөхрөөс л явдаг юм даа. Ер нь яахав, Эби дарга маань намайг харц, өөрийгөө язгууртан л гэж ойлгуулах гээд байгаа бололтой.
ЭШЛЭЛ 15
Ардчилсан нийгэмд нэг хэргийг хаах гэж, нөгөө хүнийг эрүүдэн шүүж зохиомлоор ял тулгана гэдэг байж болохгүй зүйл л дээ. Харамсалтай нь ийм үйлдэл болчихсон. Төр учруулсан хохирлоо нөхөн төлөх үйл явц хуулийн дагуу үргэлжилж байна.
ЭШЛЭЛ 16
Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр, ХҮН намын дарга Доржханд, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Г.Занданшатар дарга бидний хувьд түүхэн хариуцлагын нэг завинд сууцгаасан улстөрчид болсон. Олон улсын геополитикийн энэхүү савлагаа, том төслүүд улстөржин гацсан цаг хугацаа, ардчилсан парламентын засаглал, намуудын төлөвшил зэрэг олон зүйлийг харгалзан энэхүү өөрчлөлтийг хийхээр зориглосон. Энэ өөрчлөлт зөв байсан эсэхийг хожим цаг хугацаа түүхийн хатуу шүүлтүүрээр шүүнэ. тиймээс маш том хариуцлага.
ЭШЛЭЛ 17
Ардчилсан нийгэмд гишүүд үзэл бодлоо илэрхийлэх, хуулийн дагуу бүрэн эрхээ эдлэх өөрийнх нь л бүрэн эрх. Гэхдээ гурван намын хувьд улс төрийн шийдвэр гарган, хамтарч эрх барьж байгаа гэдгээ мартаж болохгүй.
ЭШЛЭЛ 18
Улс төрд шинэ салхи оруулах гэж нийгмийн төлөөллийг оруулсан. Жагсаалтыг эрэгтэй, эмэгтэй хүйсээр 1:1 харьцаагаар хийх гэж бас л нэлээд зүйл өрнөсөн. Үр дүндээ сэтгэл хангалуун байгаа. Мэдээж шинэ тогтолцоо тодорхой хэмжээнд хордлого өгөх зүйл байлгүй яахав. Том зургаараа шинэ парламент эхний намрын чуулганаараа гацсан томоохон төслүүдээ ихэнхийг нь хөдөлгөж чадлаа. Гол үр дүн энэ шүү дээ. Үлдэж хоцрох үр дүн л чухал.
ЭШЛЭЛ 19
Хамтрах нь хүнд үү гэвэл хүнд. Удаан амьдарсан гэр бүлийн гишүүдийн дунд хүртэл асуудал гардаг байхад өөр өөр үзэл санаа, өөр өөр үнэт зүйл, өөр өөр улс төрийн соёл хамтран ажиллана гэдэг сорилт. Гэхдээ хурдтай хөгжлийн төлөө гаргах ёстой, төлөх л ёстой үнэ цэн.
ЭШЛЭЛ 20
Ер нь бүх зүйлээ, бүх хөзрөө дэлгээд байж болохгүй албан тушаал. Мега төслүүд дээр ч хамаагүй тайлбар илүү санагддаг. Тэгээд нэг хэсэг устгасан байсан хаягуудаа саяхан сэргээсэн. Аль болох нээлттэй ажиллах болно. Ерөнхий сайд бол ерөнхий мишок юм. Хүн бүр л нүддэг. Өөр бас хэнийгээ ч шүүмжлэх билээ.
ЭШЛЭЛ 21
Дэлхийн II дайнаас хойш тогтсон хэм хэмжээ нэлээд өөрчлөгдөж байна. Дэд ерөнхийлөгч Вэнсээс эхлээд гал авч чаддаг итгэл үнэмшилтэй, эрч хүчтэй залуучууд ажиллаж байгаа нь таалагдаж байгаа. Дэлхийг хамарсан дайн зөрчил, худалдааны хориг арга хэмжээнээс хэн ч хожихгүй.
ЭШЛЭЛ 22
Ардчилсан улс орон шүү дээ. Хүмүүс үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх ёстой. Бас энэ том төслүүд тус бүрдээ том динамиктай. 14 мега төсөл хөдөлгөнө гэдэг 14 удаа асуудал өргөн баригдах хэмжээнд сэтгэлзүйтэй байх л хэрэгтэй. Улс төр бас тэмцэл шүү дээ.
ЭШЛЭЛ 23
Тогтолцооны хувьд суурийг тавьсан. Нэгээс хоёр засах суурь зүйл бий. Бүтэн хөрсийг нь өөрчилж, үрийг соёолуулахад хугацаа их орно. Үзэл санааны хувьд эхлүүлсэн л төдий юм. Ард иргэд маань туйлын хэрсүү бас нэгдмэл байж л өдийг хүрсэн нийгмийн ойлголтоо батжуулан бэхжүүлж чадна. Олон зүйл өөрчлөгдсөнийг бараг дасаад мэдрэхээ байчихсан ч байж магад. Алдаа гаргахаас айх цаг одоо биш. Харин эс үйлдэл хийхээс илүү айх учиртай.
ЭШЛЭЛ 24
Энэ олон улсын эгзэгтэй үед маш сайн ойлголцдог Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, хөгжлийн төлөө мөрөөдөлтэй улс төрийн намуудын дарга нартай энэ цаг үед хамтран ажиллаж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг. Мэдээж хуулиар хүлээсэн чиг үүрэг тусдаа байх нь ардчилсан улсын эрх мэдлийн салангид байдал. Үүнд хүндэтгэлтэй хандах л асуудал.
Сэтгэгдэл (5)