Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга найман чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Тухайлбал, нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 384 жилийн ойг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангах үүрэг өгсөн юм. Энэ хүрээнд 68 байгууллага 120 ажил, арга хэмжээ зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн өвөлжилтийн бэлтгэл 95 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Түүнчлэн хот, нийтийн аж ахуйн тусгай зориулалтын машин, тоног төхөөрөмж нийлүүлэх ажлаа эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Энэ дагуу УБЗАА-наас БНХАУ-ын хөрөнгө оруулалт, “Хас” банктай хамтран тусгай зориулалтын машин, тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Эмнэлгүүдийн хүүхдийн орны хүчин чадлыг үе шаттай нэмэгдүүлнэ
Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хүүхдийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд бэлтгэл ажлаа сайтар хангах, эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй үзүүлж ажиллах үүрэг өгсөн. Энэ дагуу “Томуугаас сэргийлье” аяныг төрийн өмчийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад эхлүүлжээ. Мөн нийслэлийн хэмжээнд хүүхдийн үндсэн 815 ор байгааг гурван үе шаттайгаар нэмэгдүүлэн, 1450-д хүргэх юм.
Залилах гэмт хэргээс сэрэмжлээрэй
Гэмт хэргийн нөхцөл байдлын талаар Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат:
-Нийслэлийн хэмжээнд он гарснаас хойш 154 мянган гомдол, мэдээлэл хүлээн авсан. Үүнээс 64 хувь нь зөрчлийн шинжтэй бол 36 хувь нь гэмт хэргийн шинжтэй байна. Мөн гурван төрлийн гэмт хэрэг зонхилон бүртгэгдэж буй. Тодруулбал, залилах гэмт хэрэг 42.7, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 20.4, хулгайлах гэмт хэрэг 17.4 хувийг эзэлж байгаа юм гэлээ. Тэрбээр мөн залилангийн гэмт хэрэг ихэвчлэн цахимаар үйлдэгдэж байгаа тул иргэдийг анхаарал болгоомжтой байх хэрэгтэйг дурдлаа.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар үүрэг даалгавар өгч, удирдах албан тушаалтнуудыг ажлаа хариуцлагатай хийх хэрэгтэйг санууллаа. Мөн 30 гаруй хуулиас бүрдэх Улаанбаатар хотын багц хуулийг боловсруулж байгаа тул саналаа тусгахыг онцлов.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС