Манай улсад сонсголын хөгжлийн бэрхшээлтэй 8,780 иргэн бий. Тэдний төлөөлөл болгож, МУБИС-ийн Тусгай хэрэгцээт боловсролын багшийн ангийн дөрөвдүгээр курсын оюутан Б.Анужинтай цөөн хором ярилцлаа.
Тэрбээр Global UGRAD-ын оюутан солилцооны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан АНУ-ын “Minnesota State University of Mankato” их сургуульд таван сарын хугацаатай хэлний бэлтгэлд болон Америк дохионы хэл (american sign language)-ээ сайжруулах зорилгоор суралцаад ирсэн юм.
-Америк болон монголын сургалтын орчин юугаараа өөр байв?
-Тэнд надаас өөр сонсголын бэрхшээлтэй оюутан байгаагүй. Гэхдээ надад зориулж, олон зүйлийг хийсэн. Жишээ нь амьдрах өрөөнд минь гэрэлтдэг хонх тавьж өгсөн. Учир нь би хонх дуугарахыг сонсохгүй ч гэрэл асахыг харах тул тухайн үед хариу үйлдэл үзүүлэх боломжтой болно гэсэн үг.
Хичээлийн үеэр багшийн хэлж буй үгс компьютерт бичгээр харагдах жишээтэй. Бас дохионы хэлний орчуулагч байсан. Гэтэл манай улсын тусгай хэрэгцээ шаардлагатай хүмүүст зориулсан тохируулгууд одоо болтол амьдрал дээр хэрэгжээгүй л байна. Аль ч сургалтын байгууллагад дээрх үйлчилгээ байхгүй, байхгүй учраас боловсрол хүртээмжгүй. Энэ асуудлыг сонирхон судалж, шийдэхэд анхаардаггүй.
Тэнд нэг сонсголгүй хүн ирсэний төлөө тийм зүйлс хийж байхад манай улсад суралцах сонирхолтой, ирээдүйгээ сайжруулахыг хүссэн олон "сонсголын бэрхшээлтэй" залуус боловсролын хүртээмжгүй байдлаас болж суралцах хүслээ орхиж байна.
-Суралцах орчноос эхлээд л нийгмийн олон бэрхшээлийг давж гарах хэрэгтэй болдог юм шиг ээ?
-Шантармаар зүйл олон шүү. Миний бичиг үсгийн чадвар их муу байсан. Сайжруулахын тулд хадмал орчуулгатай кино их үздэг байлаа. Аав ээж маань миний буруу бичсэнийг үргэлж засаж өгдөг байсан нь бичиж сурахад нөлөөлсөн. Их сургуульд ороход дохионы хэлмэрч байгаагүй болохоор үнэхээр хүндрэлтэй санагдаж билээ. Ангийн хүүхдүүд тусалдаг байсан ч дандаа чадахгүй шүү дээ, өөрсдөө хичээлээ хийх хэрэгтэй. Заримдаа мэдээллээс хоцорно, хичээлээ хүртэл ойлгохгүй.
Сургуулийн удирдлагад “орчуулагч хэрэгтэй байна” гэж өргөдөл бичсэн ч шийдэгдээгүй юм. Тэгээд дохионы хэлмэрч орчуулагчдын холбоонд хүсэлт гаргаад орчуулагчийн үйлчилгээ авч байгаа.
Бид өдөр бүр бэрхшээлтэй нүүр тулдаг. Гэсэн ч давж гарахын төлөө өөрөө л хичээхгүй бол нийгмийг өөрчлөгдөхийг хүлээвэл хэзээ ч хөгжихгүй, бүхний ард хаягдсаар байх болно.
-Одоо харьцангуй бид бие биесээ ойлгодог болсон гэдэг шүү дээ. Гэвч бусдыг санаатай болон санамсаргүйгээр эмзэглүүлж, бараан дурсамж үлдээх нь бий.
-Дунд ангид байхдаа хааяа автобусаар сургууль гэр хоёрын хооронд явдаг байлаа. Хүмүүсийн хандлага их хэцүү мэдрэмж үлдээсэн байна. Намайг сонсголгүй гэж мэдэхгүй юм асуугаад хариулахгүй болохоор автобуснаас чирээд буулгаж байсан. Энэ дурсамж санаанаас ер гардаггүй. Гэлээ ч бидний аливаад хандах хандлага өөрчлөгдөж байгааг мэдэрдэг.
Харин нэг зүйл бий. Автобусанд ороод картаа дарахаар хүмүүс надруу их сонин харцаар хардаг. Эхэндээ яагаад байгааг нь гайхдаг байв. Энэ талаар ээждээ ярьтал “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хөнгөлттэй зорчигч” гэж зарладаг гэж хэлсэн. Тийм болохоор л залуу хүн байж, яагаад гэж гайхдаг байж л дээ.
-Эдгээрийг даван туулахад юу хамгийн их “хүч”-ийг өгч байна вэ?
-Миний хүсэл мөрөөдөл. Энэ бол хязгааргүй. Хязгааргүй болохоор олон саад бэрхшээлтэй тулгардаг. Гэлээ ч түүнд хүрэхийн тулд бүхий л чадлаараа хичээнэ. Америк явж ирээд миний нүд нээгдсэн гэх үү дээ. Цаашид суралцаж, ихийг хийх хүсэл эрмэлзэлтэй болсон. Бид өөрсдөө энэ нийгэмд нөлөөлөх ёстой.
-Дохионы хэлний орчуулагчтай болоосой гэж хүсдэг юм байна, өөр юу дутуу санагдаж байна вэ?
-Төр дохионы орчуулагч бэлтгэх хэрэгцээ бий. Мөн сонсголгүй хүүхэдтэй гэр бүлийг дохионы хэлний сургалтад хамруулах хэрэгтэй. Гэр бүлийн орчинд тухайн хүүхэд эрт дохионы хэл сурч чадвал тэр хэрээрээ мэдээллээс хоцрохгүйгээр хөгжих боломжтой болно.
Сонсголгүй хүнд тулгардаг нэн тэргүүн дэх бэрхшээл бол хүмүүстэй харилцаж, ойлголцож чадахгүй байх юм. Миний хувьд бичиг үсгийн боловсрол гайгүй ч заримдаа дохионы хэл мэддэггүй хүмүүсийн дунд ажиллаж, шууд харилцаж чадахгүй болохоор гунигтай байдаг.
М.Дэвээжаргал