Манай сайтын цоо шинэ булан болох "Долоо хоногийн онцлох хүн" буланд уншигч та бүхэн тавтай морилно уу. Бид энэхүү буландаа тухайн долоо хоногт олны анхаарлыг татсан нэгнийг онцлох юм.
Энэ долоо хоногийн онцлох хүнээр үнэрийн буруутан “Эко стандарт петролиум” ХХК-ийг нэрлэж байна.
Энэ долоо хоногийн эхээр “газ” мэт үнэр гарч, иргэдийн толгой өвдсөн гэх мэдээлэл цахим орчинд гарсан билээ. Тэгвэл энэхүү үнэр Налайх дүүргийн V хороонд үйл ажиллагаа явуулдаг “Эко стандарт петролиум” компанийн буруутай үйл ажиллагаанаас болсон хэмээн Цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.
Уг компани 2019 онд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан ч цар тахлын улмаас үйл ажиллагаагаа эхлүүлэлгүй 2022 оны аравдугаар сар хүргэжээ. Анх зөвшөөрөл авахдаа түүхий нүүрс ашиглан ажилласан маслыг дизель түлш үйлдэрлэнэ хэмээж байсан ч 2022 онд нөхцөл байдал өөрчлөгдөж, түүхий нүүрсийн оронд мидлинг ашиглахаар болжээ. Ийнхүү 2022 оны аравдугаар сарын 25-наас арваннэгдүгээр сарын 04-ний өдрүүдэд туршилт хийхээр зөвшөөрөл авсан байна. Гэсэн ч туршилтын үйлвэрлэл эхэлсний дараахан хурц эхүүн үнэр гарч мэргэжлийн байгууллага үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоож байжээ. Тухайн үед “Эко стандарт петролиум” ХХК-ийн менежер Б.Наранцацралт “Ажилласан тосыг дизель болгох туршилтын явцад моторт гэмтэл гарсны улмаас ийм үнэр гарсан. Гэхдээ энэ нь хүний биед хоргүй” хэмээн мэдэгдэж байв.
Гэсэн ч тус компани өнгөрсөн долоо хоногт буюу аравдугаар сарын 11-ны өдөр үйлдвэртээ ашиглахгүй болсон хаягдал маслыг бохир соруулах зориулалт бүхий автомашинаар зөөвөрлөн Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт байрлах бохирын шугамын худаг руу асгасан нь тогтоогдсон юм. Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг гэсэн тус компани хортой хаягдлаа зориулалтын бусаар бохирын худагт асгасан нь нийслэлчүүдийг бүтэн өдөр стрэстүүлж, эрүүл мэндээр нь хохироосон юм.
Сэтгэгдэл (3)