Эрин үеийнхээ хөгжил дэвшлийн замаар бүх зүйл хувьсан өөрчлөгдөж байна. Үүнийг дагаад ахуйн өвөрмөц тоглоомууд ч алсарсаар буй.
Суурингаасаа би чанад холын бодол, чавхны чулуу шиг жижигхэн мөрөөдлийг олсон.
Манайх нагац өвөөгийнтэй хаяа залган аж төрдөг байсан юм. Гэрийнхээ хойд талын намхан улаан аараг дээр энэ тэндээс хэлбэр чацуу чулуу зөөж аваачин дугуйлаад гэр болгож тоглодог байлаа.
Тэр үед чулууг нэг л хөдөлгөвөл гурван жил зовж, байсан байрандаа очдог хэмээн багшийн хэлснийг сонсоод үнэн голоосоо харамсаж билээ.
Гэвч арван жилийн дараа өнөөх намхан улаан аараг дээрх чулуун гэр минь яг л янзаараа байж л байлаа. Харин бид л байрнаасаа хаашаа ч юм хөдөлж, юуг ч юм зорин, ямар нэгэн байр сууринд очих гэж зовж яваа бололтой.
Голын усанд чулуу дэвхэргэж тоглодог байхдаа зөвхөн түүнийг хэд үсрэхийг тоолдог байсан бол одоо хэрхэн шумбан үгүй болж, тэндээ ус хэрхэн хэмжиж буйг бодох болов.
Цөмөөр тэдний л адил амьдралын элдэв цүнхээлд пүлхийн ороод гарах гэж биш дасах гэж тэмцэх болжээ.
М.Дэвээжаргал