Улаанбаатарт үүрээр үнэртэж эхэлсэн “газ” мэт үнэрийн буруутныг оройн 22.00 цагийн үед цагдаагийнхан мэдээллээ.
Тэдний мэдээлж буйгаар энэхүү үнэр нь Налайх дүүргийн V хороонд үйл ажиллагаа явуулдаг “Эко стандарт петролиум” компанийн буруутай үйл ажиллагаанаас болжээ. “Эко стандарт петролиум” ХХК нь үйлдвэртээ ашиглахгүй болсон хаягдал маслыг 2023 оны аравдугаар сарын 11-ний өдөр 16 цагийн орчимд бохир соруулах зориулалт бүхий автомашинаар зөөвөрлөн Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт байрлах бохирын шугамын худаг руу асгасан нь тогтоогдоод буй юм.
Ажилласан маслог дахин боловсруулж дизель түлш үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус компанийн тухайд өмнө нь мөн л үйлдвэрээс нь ийм эхүүн хурц үнэр гарч байсны улмаас мэргэжлийн байгууллага шалган үйл ажиллагааг нь зогсоож байсан.
2022 аравдугаар сарын 28
Хурц, эхүүн үнэртэй хий үнэртээд байна гэсэн дуудлага Налайх дүүргийн Онцгой байдлын газарт энэ өдөр маш олон ирсний улмаас шалгахад энэхүү үнэр нь “Эко стандарт петролиум” ХХК-ийн үйлдвэрээс гарсан болох нь тогтоогджээ. Дүүргийн мэргэжлийн хяналтаас шалгалт хийсний дагуу тус үйлдвэрийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоов. Үүний дараа “Эко стандарт петролиум” ХХК-ийн менежер Б.Наранцацралт “Ажилласан тосыг дизель болгох туршилтын явцад моторт гэмтэл гарсны улмаас ийм үнэр гарсан. Гэхдээ энэ нь хүний биед хоргүй” хэмээн мэдэгдэж байв. Гэхдээ мэргэжлийн байгууллага, үйлдвэрийн хамтын шалгалтаар ажилласан маслыг дизель болгох явцад ашигласан хуванцар савнаас битүүмж алдагдан энэхүү үнэр гарсан гэсэн дүгнэлт гаргаад байв. Ингээд энэ алдааг засахыг мэргэжлийн байгууллагаас үйлдвэрт өгсөн хэмээн орон нутгийн хэвлэлээр мэдээлж байлаа.
Нэмэлт мэдээлэл: 2019 онд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан “Эко стандарт петролиум” нь цар тахлын улмаас үйл ажиллагаагаа эхлүүлэлгүй 2022 оны аравдугаар сар хүргээд байв. Анх зөвшөөрөл авахдаа түүхий нүүрс ашиглан ажилласан маслыг дизель түлш үйлдэрлэнэ хэмээж байсан ч үйлдвэрлэлээ эхлүүлэх туршилт хийсэн 2022 онд нөхцөл байдал өөрчлөгдөөд байв. Учир нь Налайх дүүрэг агаарын бохирдлыг бууруулах бүс буюу түүхий нүүрс ашиглахыг хориглосон бүсэд хамаарагдсан. Ингэснээр тус үйлдвэр түүхий нүүрсийн оронд мидлинг ашиглахаар болж 2022 оны аравдугаар сарын 25-наас арваннэгдүгээр сарын 04-ний өдрүүдэд туршилт хийхээр зөвшөөрөл авч байжээ. Гэсэн ч туршилтын үйлвэрлэл эхэлсний дараахан хурц эхүүн үнэр гарч мэргэжлийн байгууллага үйл ажиллагааг нь түр хугацаагаар ийн зогсоожээ.
2023 оны нэгдүгээр сарын 16
Налайх дүүргийн Онцгой байдлын газарт дахиад л эхүүн, хурц үнэрийн талаар мэдээллүүд ирэв. Энэ нь мөн л “Эко стандарт петролиум”-аас гарсан байлаа. Дахиад л тус компаниын менежер Б.Наранцацралт мэдээлэл хийж, үнэрийн талаар тайлбарлав. Мэргэжлийн хяналтын байгууллагын шаардлагын дагуу хуванцар савыг төмрөөр сольж, ёмкостуудаа битүүмж алдагдаж буй эсэхийг газаар үлээлгэн шалгах үед үнэр гарсан хэмээв. Үйлдвэрлэл явуулаагүй, харин шалгах явцад өнгөрсөн аравдугаар сарын үлдэгдэл гэсэж дахин үнэртсэн гэж мэдэгдсэн тэрбээр өөрийн байгууллагыг дахин боловсруулах технологи ашиглан байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг гэж тодотгож байлаа. Хулгайгаар нууцаар үйл ажиллагаа явуулаагүй, хууль журмын дагуу байгальд ээлтэйгээр ажилласан маслоор дизель түлш үйлдвэрлэх гээд байгаа гэж хэлсэн “Эко стандарт петролиум”-ын менежер гарч буй үнэрийг химийн хортой бодис агуулаагүй, хүний эрүүл мэндэд хоргүй гэж байсан юм.
2023 оны аравдугаар сарын 12
Улаанбаатар хотын онцгой байдлын газар, агаарын чанарын албанд толгой эргэж, амьсгал боож байгаа үнэрийн талаар маш олон дуудлага, гомдол ирэв. Мэргэжлийн байгууллагууд, хуулийн байгууллагынхан Баянзүрх дүүрэг орчмоор ажиллаж үнэр гарч байгаа гэж мэдээлэгдсэн газруудад ажиллав. Оройн 22 цагийн үед дээр хэлсэнчлэн үнэрийн буруутанг илрүүлсэн нь өмнө нь ийм асуудал үүсгэн үйлдвэрлэл явуулах эрхээ хаалгаж байсан “Эко стандарт петролиум” байв. Налайхын Городокт үйл ажиллагаа явуулдаг, менежерийнх нь дахин дахин тодотгосон байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг гэсэн тус компани хортой хаягдлаа зориулалтын бусаар бохирын худагт асгасан нь Улаанбаатарынхныг бүтэн өдөр стрэстүүлж, эрүүл мэндээр нь хохироожээ.
Энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн 20.11 дүгээр зүйлд заасан "Аюултай хог хаягдлыг зориулалтын бус газарт хаях" гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байгаа юм.
А.Болдбаатар
Сэтгэгдэл (7)