Өнөөдөр "Хараа хамгаалах дэлхийн өдөр тохиож байна. Сүүлийн 2 жил үргэлжилсэн хөл хорио, цахим хичээлтэй холбоотойгоор сургуулийн насны хүүхдүүдийн хараа муудах эрсдэл улам нэмэгдэж байна. Шаардлагатай эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг хийсэн тохиолдолд 4 хүн тутмын 3 нь сохрол, хараа муудалтаас сэргийлж чаддаг.
Сохрол сул хараатай иргэдийн 90 хувь нь хөгжил буурай улс оронд амьдарч байна.
Олон улсын хэмжээнд харааны шил шаардлагатай 1.2 тэрбум хүн амьдарч байгаагаас манай улсад харааны асуудалтай 30,000 гаруй иргэд байдаг. Таны хүүхдэд хялар харах, самбараа муу харах, хүүхэн хараа цайрч харагдах, нүд улайж хавдах, нүднээс нулимс гоожих болон бусад зовиур илэрвэл та яаралтай харъяа аймаг, дүүргийн нүдний эмчид хандаарай.
Хүүхдийн харааны гажгийн эрт илрүүлж чадвал сохрол, сул хараатай болохоос урьдчилан сэргийлж чадна.
Харин 2022 оны байдлаар улсын хэмжээнд 12,696 харааны хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагийн 3,703 нь Улаанбаатар хотод амьдардаг. Түүнчлэн бүс нутгаар авч үзвэл Хангайн бүсэд хамгийн их буюу 3,078 харааны бэрхшээлтэй иргэн бий.
Статистик мэдээллээс харвал эрэгтэйчүүдийн дунд эл бэрхшээл түгээмэл байна.
Харааны хөгжлийн бэрхшээл гэдэгт харааны эрхтний гэмтэл, согогийн улмаас хүний амьдралын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг гүйцэтгэж чадахгүй болсныг ойлгоно.