ЭМЯ-наас “Сэтгэцийн эрүүл мэнд-2023” эрдэм шинжилгээний Олон улсын хурлыг “Сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” уриан доор тэмдэглэх тухай мэдээлэл өглөө. Энэ үеэр ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн алба хариуцсан газрын дарга Г.Ганхуяг дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг дэлхий даяар аравдугаар сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил "Сэтгэцийн эрүүл мэнд бол хүний түгээмэл эрх" гэсэн уриан дор тэмдэглэх гэж байна.
Энэхүү өдрийг тохиолдуулан эрдэм шинжилгээний олон улсын хурлыг аравдугаар сарын 13-14-ны өдрүүдэд зохион байгуулна.
Эрүүл мэндийн салбар сүүлийн таван жилийн хугацаанд сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр дараах ололт амжилтуудад хүрч байна. Тухайлбал, Сэтгэцийн эрүүл мэндийн орчныг хамгаалах хууль эрх зүйн шинэчлэл хийх бодлого баримтлан ажиллаж байна. Улсын төсвөөр сэтгэцийн эрүүл мэндийн төвийн шинэ цогцолборыг барьж байгуулан тав тухтай орчин бүрдсэн. Нийгмийн эрүүл мэндийн алба байгуулагдан хүн ам, иргэд, хамт олонд, бусад салбаруудад ажиллаж эхэлсэн. Сэтгэцийн эрүүл мэндийн салбарын орон тоо орон нутагт нэмэгдсэн" гэв.
Д.Батчулуун