Их сургуулийн гудамж. Хичээлийн 1,2,3-р байр гэхээр оюутан ахуй цагийн дурсамж намар намрын навчис, өвөл өвлийн цас, хавар хаврын тэнгэртэйгээ санаанд бууж буй биз ээ. Энэ сургуулийн танхимаас амьдралд хөл тавьж, эрдэм мэдлэгийн үзүүр сэжмээс атгасан хүн олон билээ. Тэр ч бүү хэл МУИС-аас одоогийн томоохон их сургуулиуд салбарлан бойжсон түүхтэй.
Хамгийн эхлээд эл сургуулийн хичээлийн VI байрыг нураасан. Гэвч өнөөдөр барьсан сургуульгүй, газар ч үгүй болж дууссан гэдгийг учир мэдэх нэгэн хэлж байлаа. Үүний араас буюу өнгөрсөн онд хичээлийн гуравдугаар байрыг нураах шийдвэр гарсан юм. Учир нь мэргэжлийн хяналтын байгууллагаас эрүүл, аюулгүй орчны шаардлага хангахгүй гэсэн дүгнэлтийг гаргажээ. Ийнхүү Хууль зүйн сургууль, Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургуулийнхан шинэ байртай болтлоо УБИС, ХҮИС-ийн байранд хичээллэж буй.
Тухайн барилгыг архитектурын үнэт өв, Улаанбаатар хотын түүхэн орон зай гэдгийг мэргэжлийн хүмүүс дурдсаар буй. Гэвч тэдний дуу хоолойг төр сонсдоггүй. Сонсоогүйн тод жишээ нь Байгалийн түүхийн музей. Үүний араас ууган их сургуулийн барилга орж байна.
Чухамдаа МУИС-ийн төв байраас бусад нь "үнэгүйдэх" боломжтой. Тодруулбал, хичээлийн нэгдүгээр байр л соёлын өвд бүртгэлтэй юм билээ. Тэгэхээр бусдыг нь яаж өөрчлөх нь цагийн эрхээр тодорхой харагдах зүйл болжээ. Удахгүй, шинжлэх ухааны сургуулийг нурааж, 18 давхар болгох 65 тэрбум гаруй төгрөгийн төлөвлөгөөг зурагласан гэх мэдээлэл буй. Өнөөдрийн нурааж байгаа гуравдугаар байраар зогсохгүй олон жилийн түүхтэй их сургуулийн барилгууд газрын хөрснөөс арчигдана.
1956 онд баригдсан гуравдугаар байрны барилгын нэг блокын төсвийг төр дааж байгаа. Захиргаа тухайн боломжийг алдалгүй барьж авч, амдуулан буулгасан юм. Өнөө цагт их сургуулиуд хичээлийн байраа олон давхар болгож, орчин үеийн хэв шинжээр урагшилж байгаа юм байх. Ийнхүү олон улсын жишгийг даган ууган их сургуулийнхаа нүүрний нэг талыг хүй татав.
Гэтэл судлаач Г.Очбаяр нийгмийн сүлжээнд өөрийн байр суурийг илэрхийлэхдээ "Хотын төв дэх их сургуулиуд хуучин барилгуудаа буулгаад томруулж шинийг барих тусам хотын төв рүү чиглэсэн төвлөрөл ихсэж, түгжрэл тэр хэрээр нэмэгдэж, иргэдийн таатай амьдрах орон зай яг тийм хэмжээгээр хумигдана. Их сургууль ч гэлтгүй Бага тойрууд шинэ барилга барих даац хэтэрсэн.
Улаанбаатар хотод түүхэн орон зай маш бага хадгалагдаж үлдсэн. Тэр бага хэсгийн хамгийн том нь Бага тойруу юм. Бага тойруу дахь түүхэн орон зай, дүр төрхийг цогцолбор байдлаар, уг хэвээр нь хадгалж үлдвэл энэ хотын багахан ч гэсэн үнэ цэн, амин сүнсийг тээж авч үлдэх боломжтой.
Түүхгүй, ой санамжгүй, түүхэн орон зай, дүр төрхгүй хот бол амин сүнсгүй хот шүү. Тэр барилга чинь гудамжтайгаа, гудамж дахь барилгуудтайгаа нэг ансембль (чуулга) болж баригдсан юм. Наанадаж өндөржилт, цаанадаж загвар нь тухайн орон зай дахь барилгуудтай нэг ансембль болж, тэр гудамжийг, тэр орон зайг нэг үзэл санаатай, нэг дүр төрхтэй, нэг цул утгатай болгож харагдуулж байгаа юм. Нэгийг нь эвдчихээр тэр орон зай дахь тэр үзэл санаа, дүр төрх алдагдана. Сүүлийн 30 жилд энэ түүхэн орон зайг хадгалж хамгаалж үлдье гэсэн бодолтой нэг ч хотын дарга, нэг ч ерөнхий архитектор байхгүй гэхээр харамсалтай" хэмээсэн байна.
Цаашид МУИС-ийн хичээлийн байр, оюутны байр шинэчлэгдэнэ гэх мэдээлэл хэвлэлээр гарсан. Үүнийг баталж хичээлийн гуравдугаар байрыг нураана. Дараа нь аль байрных нь ээлж вэ? Хоёрдугаар байрны арын цэцэрлэгээс танаж босгосон шилэн барилга, номын сангийнхаа жишигт бүгдийг нь хүргэхээр сэтгэл шулуудсан бий.
М.Жаргал
Сэтгэгдэл (8)