Орос улс цөмийн хөдөлгүүрт далавчит пуужингийн "эцсийн амжилттай туршилт"-ыг хийсэн гэж Владимир Путин мэдэгдэв. "Буревестник" гэгддэг зэвсгийг турших гэж байна гэсэн Нью-Йорк Таймс сонины мэдээг түүний хэвлэлийн төлөөлөгч няцаасны дараа ерөнхийлөгчийн тайлбар ийм байлаа. 2018 онд анх зарласан туршилтын зэвсгийг хязгааргүй тусгалтай гэж магтсан удаатай.
Цөмийн реактороор ажилладаг, цөмийн цэнэгт хошуу зөөх чадвартай ч гэдэг. Гэхдээ түүний чадавхийн талаар албан ёсны мэдээлэл байхгүй бөгөөд өмнөх туршилтууд амжилтгүй болсон гэх мэдээлэл байдаг. Энэ талаар тус улсын Батлан хамгаалах яам хараахан мэдээлэл хийгээгүй байна.
Гэвч өнгөрсөн сард цацагдсан хиймэл дагуулаас авсан зургууд өмнө нь ЗХУ-ын цөмийн туршилт хийж байсан Хойд туйлын алслагдсан арлын байршилд Орос саяхан шинэ байгууламж барьсан болохыг харуулж байгаа. Баренцын тэнгисийн хойд хэсэгт орших Новая Земля арал дээр баригдаж буй барилгын ажил дээрх зургуудыг харуулсан байна.
Пүрэв гарагт Хар тэнгисийн амралтын Сочи хотод болсон уулзалтын үеэр Путин төрийн телевизийн шууд дамжуулалтын үеэр "Бид одоо миний ярьж байсан, хэдэн жилийн өмнө зарласан орчин үеийн стратегийн зэвсгийн төрлүүдийн ажлыг бараг дуусгалаа. Дэлхийн тусгалтай, цөмийн хөдөлгүүрт далавчит пуужин болох "Буревестник"-ийн эцсийн туршилт амжилттай боллоо" гэж хэлжээ.
Нөгөө талд НАТО-гийн Skyfall хэмээх нэртэй пуужин нь хатуу түлшээр ажилладаг, агаарт хөөргөсөний дараа идэвхжих ёстой цөмийн реактороор ажилладаг гэх яриа бий. Гэвч "Нью Йорк Таймс" сонин зэвсгийн хяналтын кампанит ажлын хэсэг болох Цөмийн аюулын санаачилгыг иш татан 2017-2019 оны хооронд системийн өмнө мэдэгдэж байсан 13 туршилт амжилтгүй болсон гэж мэдэгдэв. Тэгэхээр ОХУ-ын энэ туршилт амжилттай болсон бол дэлхийн анхны цөмийн хөдөлгүүрт далавчит пуужин болох юм.
Л.Сайнаа