Токиогийн Шибуяа гарам нь дэлхийн хамгийн ачаалалтай уулзвар бөгөөд таван явган хүний гарцтай. Автомашин, автобусны 10 эгнээгээр дайран өнгөрдөг ажээ. Гэхдээ орон нутгийн засаг захиргаа үүнийг хамгийн аюулгүй газруудын нэг болгохыг хүсч байгаа тул тэнд удахгүй болох "Аймшгийн баяр"-ыг тэмдэглэхгүй байхыг хүмүүсээс хүссэн байна.
Токио хотын өөрөө удирдах ёсны дүүрэг болох Шибуяа хотын удирдлагууд 10 дугаар сарын 27-31-ний хооронд дотоод, гадаадын жуулчдад өөрсдийн зан үйлийг анхаарч, Аймшгийн баярыг тэмдэглэхгүй байхыг албан ёсоор уриаллаа.
“Аялал жуулчлалын улмаас учирсан хохирол ноцтой болж, гудамжинд архидан согтуурах, орон нутгийн иргэдтэй муудалцах, их хэмжээний хоосон лааз, лонх хог хаяснаас болж эд хөрөнгийн хохирол учирч байна. Үүнээс гадна, жил бүр Аймшгийн баярын үеэр Шибуяа станцын эргэн тойронд хөл хөдөлгөөн ихсэж, явах бараг боломжгүй болдог” гэж мэдэгдэлд дурджээ.
Япон улс 2022 оны намар л аялал жуулчлалын чиглэлээр хилээ бүрэн нээсэн гэж тооцвол Токиод найр, баяр тэмдэглэх хүсэлтэй жуулчдын урсгал тахал өвчний өмнөхөөс ч их байх вий гэж тус хотын захиргаа санаа зовниж байгаа аж. Мөн өнгөрсөн Өмнөд Солонгост болсон шиг эмгэнэлт үйл явдал давтагдахаас урьдчилан сэргийлж байгаа хэлбэр ажээ.
Л.Сайнаа