БОАЖЯ-наас мазаалай баавгай болон “Тэрбум мод” хөдлөгөөний хэрэгжилт, хуш модны самрын нөөцийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Усны газрын дарга З.Батбаяр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Есдүгээр сарын 16-ны өдөр дэлхийн нийтээр 90 гаруй улсад гол, мөрний цэвэрлэгээ хийгдсэн. Үүний хүрээнд Монгол Улсад Сэлбэ дунд голын орчимд цэвэрлэгээ хийгдсэн. Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хандгайтын аманд нэг дор 10 гаруй байшинтай хотхонд шалгалт хийсэн. Эдгээр байшин нь гол дээр баригдчихсан, байшингийн доороо худагтай, худгаасаа хоёр метрийн зайд бохироо цуглуулдаг хоолойтой. Шалгалтын үеэр уг хотхоны гурван газраас усны шинжилгээ авсан. Мөн тус хотхоноос 12 км-ийн зайд байх Шадивлангийн гүүрний доорх уснаас шинжилгээ авч үзсэн. 12 км урссан ус цэвэрших ёстой гэсэн таамаглал дэвшүүлсэн ч цэвэршээгүй байсан. Үүнээс үзэхэд Хандгайтын эхэнд байгаа айлуудаас гадна өөр байдлаар ус бохирдуулагч байна. Намайг очиход хүүхдүүд тоглож байгаа харагдсан. Энэ бохирдлоос болоод тус хотхоны хүүхдүүд эрүүл байх үндэс алга. Мөн айл өрхүүд эрүүл орчинд байх бус халдварт өвчин тусах эрсдэлтэй байна.
Гэдэсний нян үүсгээд буй усыг бохирдуулагч нь ердөө л жорлон. Улаанбаатар хотод амьдарч байгаа 1.5 сая иргэнийг гэдэсний халдварт өвчнөөр өвдүүлэхгүйн тулд голын хамгаалалтын бүсийг яриад байгаа юм.
Шадивлангийн гүүрний уснаас гэдэсний халдварт нян илэрч байна гэдэг нь нийслэлийн Нарны замын орчим болон Дунд голын орчмоос бохирдол илэрнэ" гэв.
Д.Батчулуун