Бид долоо хоног бүр "Хувирал" булангаараа та бүхэнтэй нийгэмд хувьсан өөрчлөгдөж буй зүйлсийн тухай хуваалцдаг билээ. Энэ удаад өөрчлөгдөөд ч байгаа юм шиг, өөрчлөгдөхгүй ч байгаа юм шиг "Утаа"-ны тухай өгүүлнэ.
Намрын жихүүн салхи улам жиндүүлнэ. Өвөл ойртсоор. Өчигдөр долоон цагийн орчим өнөөх урьдын танил "гайхал" бүччихсэн байх юм. Алхаж явахуй барилгуудын завсраар харагддаг уул ч алга болчихож.
Энэ нийгэмд хувирахыг үзүүлэвч мөн чанартаа янзаараа байдаг зүйл гэвэл "нүүрс" л байна. Хор уршиг нь нэг их ялгаагүй. Өвлөөс хойш хэдхэн сар өнгөрч байхад утаа ямар үнэртэй байдгийг ч мартсан байж. Одоогоор иргэд дэгдэмхий хийн бодист шахмал түлшийг хэрэглэж байна. Харин Б.Чойжилсүрэн сайдын туршилт амжилттай болвол коксжсон нүүрс хэрэглэнэ.
Утаа бууруулах хүсэл жил бүрийн энэ улиралд өвчин адил "сэдэрдэг" билээ.
Яагаад? Бид үргэлж "ниргэсэн хойно нь хашхирав" гэгчийн үлгэрээр хүйтний улирал хаяанд ирсэн хойно утааг гэнэтийн зочин мэт цочин хүлээж авдаг юм бол... Өчнөөн жил өнгөрсөн атал. Өчнөөн хүн "өнгөрсөн" атал. Яг л хэвээрээ.
Цэл хүйтэн өдрүүд удаан үргэлжилнэ. Энэ хотын хаа нэгтээ угаарын дуудлагаар утас жингэнэнэ. Гашуун утаа залгиж, гашуу оргитол амьдарна. Харин төр нь иргэдээ "элэгдэнэ, элэглэнэ". Зүүсэн баг нь түмэн янзаар хувирлаа ч зүс нь огтоос хувирахгүй.
М.Жаргал
Сэтгэгдэл (2)