Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд буй. Эл өргөдлийг хүлээж авах эсэх бүрэн эрх нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бий. Түүнчлэн өнөөдрийн МАН-ын удирдах зөвлөлийн хурлаар албан тушаалын томилгоог хэлэлцэнэ.
Цар тахлын үе бол дэлхий нийтээр мэгдсэн хүндхэн цаг хугацаа байлаа. Тэр үеэс гурван жилийн хугацаанд Хотын дарга Д.Сумъяабазарыг үер усны гамшиг, эрсдэл ч тойрсонгүй.
Хоттой холбоотой асуудлыг аж ахуйн гэж ярих тохиолдол гарч буй. Харин аж ахуйн ажил гэдэг улстөрд бараг л хар ажил бололтой.
Түүний гацаанаас нь гаргасан хамгийн чухал нэг зүйл бол Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль. Тус хуулийг шинэчлэн батлуулснаараа бүтээн байгуулалт, өөрчлөлтийг хийх тодорхой зам дээр зогссон гэх утга бүхий зүйлийг тэр ярьж байв. Мөн Засгийн газар болон гишүүдтэй хамтран ажиллаж, хотыг бие даасан байдлаар бус нягт уялдаа холбоон дээр хөгжүүлэхийг зорьж байсан гэх.
14 жилийн хугацаанд хийгдээгүй нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлыг төсөвт суулгуулж чадсан ч эл ажил нь "Ногоон автобус"-аар нурав. Нийслэл анх удаа бонд гаргасан ч явуургүй болж, Д.Сумъяабазартай хамт буухаар болж байх шиг.
Харин газрын наймаа, хууль зөрчин сүндэрлүүлсэн байшин барилгыг нураах, хашаа хайсыг буулгах ажил түг, таг ч урагшлах шинжтэй байв. Ийм ажилдаа ч "ороогдсон". Залуус, хүүхдүүдэд чиглэсэн бүтээн байгуулалтыг орхигдуулаагүй, дүүрэг дэх сагсан бөмбөгийн талбайгаас эхлээд сургууль цэцэрлэг хүртэл. Үүнд түүний хийсэн гол гэхүйц зарим ажлыг л цохон тэмдэглэв. Д.Сумъяабазарыг зургаан сар гэж хэлж гарч ирсэн гэх шүүмжлэл үргэлж дагасаар байсан.
Тэгэхээр дараагийн "шинэхэн" дарга эрх зүйн таатай орчинд хэсэг хугацаанд ажиллана. Шинэхэн хотын даргаас богино хугацаандаа иргэд ямар өөрчлөлт, шинэчлэлтийг хүлээх вэ гэвэл "том" горьдлого байж мэднэ.
Харин эхлүүлсэн ажлыг дуусгаж, зөрчилтэй гэх барилгуудыг буулгах ажлыг үргэлжлүүлэх нь тодорхой.
Энэхүү үйл явдал "Үхрийн сүүлэн дээр хутга" гэгчийн үлгэр л болов.
Улаанбаатар хот гэлтгүй иргэд таатай, эрүүл, аюулгүй орчинд амьдрахыг хүсэж буй. Гэвч энэ бүхэн биелэдэггүй зүүд шиг үргэлжилсээр...
М.Жаргал
Сэтгэгдэл (1)