Ердөө гурав хоногийн өмнө буюу есдүгээр сарын 25-ны өдөр Сэлбэ гол доогуур бохирын шугам тавих гэж буй асуудал олны анхааралд орсон. Тухайлбал, Сэлбэ гол орчимд “Ди Ар Жэй” компани бохир усны хоолой тавихаар газар шорооны ажлаа эхэлсэн байсан бөгөөд үүнийг иргэд эсэргүүцэж буйгаа цахим сүлжээнд илэрхийлсэн юм. Тухайн нөхцөл байдалд Усны газрын дарга З.Батбаяр очиж, “Ди Ар Жэй” компанийн үйл ажиллагаа, зөвшөөрлийн бичигтэй танилцсан. Иймд Усны газрын дарга З.Батбаяраас тухайн үйл ажиллагааны талаар тодрууллаа.
-Хоёр хоногийн өмнө Сэлбэ гол доогуур бохирын шугам тавих гэж байгаа асуудал гарсан. Энэ асуудал яригдахаас өмнө Усны газраас зөвшөөрөл авахыг хүссэн хүсэлт, эсвэл ямар нэг мэдээлэл ирсэн үү?
-Сэлбэ гол дээр уг үйл ажиллагаа явагдахаас өмнө Усны газарт хандсан зүйл байхгүй. Харин Туул голын сав газрын захиргаанд ажлаа эхлэх тухай мэдэгдэл хүргүүлсэн юм билээ. Тэр мэдэгдлийн хариуд Туул голын сав газрын захиргаанаас “Усны онцгой хамгаалалтын бүсийн дэглэмийг зөрчиж байна шүү” гэх хариултуудыг өгч байсан байна. Одоо байгаа мэдээллүүдээр наймдугаар сар болон түүнээс өмнө хэд хэдэн удаа ийм үйл ажиллагаа хийх гэж оролдсон аж. Тэрийг нь иргэдийн болон зарим байгууллагуудын оролцоотойгоор зогсоосон.
-Газар шорооны ажил хийж байсан “Ди Ар Жэй” компанийн зүгээс зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа гэх мэдээллийг өгөөд буй. Та зөвшөөрлүүдийг нь хянаж үзсэн үү?
-Байгаль орчны салбарын хяналтын байцаагч нар энэ асуудлаарх бичиг баримтуудыг судалж үзсэн. Яг одоо нийслэлийн Байгаль орчны байцаагч дээр хянагдаж байгаа. “Ди Ар Жэй” компанийн ажилчдын мэдээллээр Ус сувгийн удирдах газар, Захирагчийн ажлын алба, Геодези усны барилга байгууламжийн газрын зөвшөөрөлтэй гэж хэлсэн.
Гэтэл тэдгээр зөвшөөрлүүд нь зөвлөмж маягийн зүйлс байсан.
Иргэд болон ААН байгууллагууд зөвшөөрөл гэдэг зүйлийг санаатай буруу тайлбарладаг юм байна. Эсвэл энэ үйл ажиллагаа хууль бус байна шүү хэмээн тайлбарласан зөвлөмжийг зөвшөөрөл гэж ойлгодог бололтой.
-Зөвлөмж, зөвшөөрөл хоёроо ялгадаггүй юм байж. Харин “үнэлгээ байгаа” гээд байсан шүү дээ?
-Тийм ээ. Тэд байгаа л гэсэн. Харин бидэнд үзүүлсэн зөвшөөрөл гээд байгаа зүйлс нь бодит амьдрал дээр харахад зөвшөөрөл гэхээсээ илүү зөвлөмжүүд байна. Тухайн байгууллага үнэлгээ гэж үзүүлсэн. Тэр үнэлгээ нь барилга барих үнэлгээ байгаа юм. Харин тухайн барилгаас тодорхой хэмжээний зайд орших гол дээр явуулах үйл ажиллагаатай холбоотой үнэлгээ биш байна.
-Голын хамгаалалттай бүсэд худаг, нүхэн жорлон барихад хүртэл зөвшөөрөл, Усны газрын үнэлгээ шаарддаг шүү дээ.
-Усны барилга байгууламжтай холбоотой асуудлууд, үерийн хамгаалалт, усан сан зэрэг үйл ажиллагаануудад л барилгын үйл ажиллагаа явуулж болно. Гэхдээ мэргэжлийн байгууллагаас буюу Усны газраас дүгнэлт авсан байх ёстой. Усны барилга байгууламж гэдэг нь усыг хуримтлуулах, цуглуулах, татан зайлуулах, цэвэр усаар хангах бүх үйл ажиллагаа ордог.
Голын онцгой хамгаалалтын бүсэд барилгын үйл ажиллагаа явуулах хориотой байдаг.
-Хэрэв Сэлбэ голын доогуур бохирын шугам тавих нь ямар хор хөнөөлтэй вэ?
-Бохирын шугам тавих нь ийм хор хөнөөлтэй хэмээн хэн нэгэн хэлэхэд хэцүү зүйл. Тиймээс энэ бол Байгаль орчинтой холбоотой үйл ажиллагаа учраас Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг зайлшгүй хийлгэх шаардлагатай байна. Мэргэжлийн байгууллагын үнэлгээгээр тогтоогдох ёстой.
-“Ди Ар Жэй” компанийн барилгын ажил хэдэн жилийн өмнөөс эхэлсэн юм билээ. Анх эхлэхдээ Сэлбэ голын доогуур бохироо явуулна хэмээн тооцсон байсан хэрэг үү? Энэ талаар танд мэдээлэл бий юу?
-Одоогийн нөхцөл байдлаас харахад “Ди Ар Жэй” компани Сэлбэ голын ёроолоор хоолой тавиад, тэр хоолойгоороо бохироо явуулчихна гэх төсөөлөлтэй байсан байх. Тухайн газрын иргэдийн хэлж байгаагаар тийм хоолой тавьсан юм билээ. Харин тэр хоолой нь үерийн улмаас урсчихсан. Одоо хийж буй ажиллагааг нь харахаар 200-ийн, 150-ийн, 100-ийн гурван давхар хоолой тавиад түүгээрээ бохир усыг урсгана гэж ойлгосон. Хэрэв ийм зүйл болбол 200-300 гаруй айл өрхийн бохир ус 100-ийн хоолойгоор явна гэхээр итгэхэд бэрх. Тиймээс маш нарийвчилсан бичиг баримтуудтай танилцаж байж, мэргэжлийн үүднээс дүгнэлт хийж дараагийн шийдвэрийг гаргах ёстой.
-Усны газрын тухайд уг үйл ажиллагаа ямар ямар дэглэм зөрчсөн гэж үзэж байна вэ?
-Усны газрын тухайд бол нэгдүгээрт, голын онцгой хамгаалалттай бүсийн дэглэм зөрчсөн. Хоёрдугаарт, Усны дүгнэлгүйгээр үйл ажиллагаа явуулсан. Гуравдугаарт, уг үйл ажиллагаа Сэлбэ гол буюу Байгаль орчинд тодорхой хэмжээний хохирол учрууллаа гэх гурван үндэслэлийг яриад байгаа. Голын усны хэмжээг хамгаалах, чанар аюулгүй байдлыг хангах ёстой байгаа юм.
Харин тухайн компаний үйл ажиллагаа усны чанар, усны урсацад маш ноцтой аюул учруулж байна. Тиймээс энэ үйл ажиллагаа явах ёсгүй.
Усны хамгаалалтын бүсэд ямар компани ажил хийж байгаа нь чухал биш. Хамгийн чухал нь гол усанд ямар аюул учруулж байна уу үгүй юу гэдэг нь чухал. Бид тун удахгүй Сэлбэ голын бохирдолтой холбоотой мэдээллийг олон нийтэд танилцуулна. Лабораторийн шинжилгээнүүд хийгдэж байгаа. Урьдчилсан байдлаар харахад сэтгэл зовмоор зүйлүүд их бий.
-Баярлалаа.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)