“Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг бууруулахтай холбоотой хийж хэрэгжүүлсэн ажлын талаар Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх, анагаах ухааны доктор Т.Мөнхсайхан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах 43 тоот зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргаж, үүний үр дүнд манай улсад согтууруулах ундааны хэрэглээ анх удаа буурсан үзүүлэлттэй гарлаа.
2023 оны эхний найман сарын хэрэглээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад архи, согтууруулах ундааны борлуулалт хоёр сая литрээр багассан. 2022 онд 16 сая литр архи, согтууруулах ундаа борлуулагдаж байсан бол энэ оны байдлаар 14 сая литр болж багассан.
Бага градустай согтууруулах ундааны хэрэглээ нэмэгдэж, өндөр градустай согтууруулах ундааны хэрэглээ буурсан байна. Жил ирэх тусам согтууруулах ундааны градусыг бууруулах бодлогыг барьж байгаа.
Өнгөрсөн жилүүдэд хамгийн борлуулалттай хэрэглэгдэж байсан 38 градустай архины хэрэглээ энэ онд багассан нь тоон мэдээллээс харагдаж байна" гэв. Мөн архины хэрэглээг бууруулах тусгай санд дөрвөн тэрбум төгрөг төвлөрчээ. Энэхүү мөнгийг архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах, донтох эмгэгтэй хүмүүсийг эмчлэх эмчилгээний зардалд тусгадаг. Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15.8 хувиар буурчээ.
Сэтгэгдэл (1)