Монгол улсын хошой баатар маршал Хорлоогийн Чойбалсангийн нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт хилийн цэргийн 0132 дугаар ангиас 1939 оны Халх голын дайнд оролцсон хилчид, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон Чойбалсан сумын ахмад дайчид, Хэрлэнгийн отрядтай ажил амьдралаа холбож, ололт амжилт, хөдөлмөр бүтээлийн он жилүүдийг хамтдаа туулж ирсэн үе үеийн ахмад хилчдэд зориулан ангийн анхлан байгуулагдсан газар болох “Энгэр шанд”-д босгосон “ХИЛЧИН ДАЙЧДЫН ЦОГЦОЛБОР” хөшөөг нээн Дорнод аймгийн Чойбалсан сумын удирдлага, нутгийн хамгаалалтад хүлээлгэн өглөө. “Түүхийн амьд гэрчүүд биднийгээ орхин бурхны оронд заларч байгаа энэ цаг үед дайнд оролцсон ахмад хилчид, дайчдын нэрсийг алдаршуулан мөнхжүүлж, тэдний үр хүүхэд, ах дүүс, хойч үед өвлүүлэн үлдээх нь юугаар ч орлуулшгүй гавьяат үйлс мөн гэж” Цогцолбор хөшөөг санаачлан бүтээн байгуулагч хүндэт хилчин, бэлтгэл хошууч Б.Дамбий хэлсэн үгэндээ дурдсан юм.