Бид долоо хоног бүр "Хувирал" булангаараа та бүхэнтэй нийгэмд хувьсан өөрчлөгдөж буй зүйлсийн тухай хуваалцдаг билээ.
"Энэ сарын цалингаас ахиад л шинэ хувцас авч чадсангүй, эцсийн мөнгөө шавхаад үүнийг л авчихъя" гэж боддог үе хэн бүрд л бий биз ээ.
Шинийг л авахгүй бол хэн нэгнээс дутчих гээд байгаа юм шиг, өөрийг л өмсөхгүй бол өөрийгөө алдчих гээд байгаа мэт мэдрэмж төрж байсан уу?
Бидний өмсдөг хувцас дэлхий дээрх хог хаягдлыг бий болгогч хүчин зүйлүүдийн тэргүүн эгнээнд орно. Даавууг өнгө будагт оруулах явцад хүлэмжийн хий ялгарч, нэг килограмм даавууг боловсруулан үйлдвэрлэхэд 20 мянган литр ус, нэг цамц хийхэд 2,700 литр ус, ганц удаа угаахад 50-60 литр ус шаардлагатай. Энэ нь нэг хүний 900 хоног уух усны хэмжээ гэх тоон мэдээлэл бий.
Өдгөө дэлхий даяар хог хаягдлын эсрэг аян өрнүүлэх, дахин боловсруулах чиглэлийн гарааны бизнесүүд өргөжин тэлж байна. Тэд хуучин хувцас эдлэлийн дэлгүүр нээж, их хотын амьдралын өөр нэгэн имиджийг бүрдүүлж буй.
Одоогоос хэдхэн жилийн өмнө бол "Комисс" гэгч амьдралын боломж тааруу хүмүүсийн ордог газар гэсэн ойлголт байв. Манай монголчууд сүжигч, сэжигч юм болохоор хүний өмсөж байсан хувцсыг өмсөнө гэхээр байж боломгүй санагдах нь ойлгомжтой шүү дээ. Гэхдээ үгүйсгэх аргагүй.
Учир нь комиссын хувцас эрсдэлтэй ангилалд багтдаг учраас бичиг баримт, биет үзлэг, лабораторийн гэсэн гурван шатлалын хяналт шалгалт хийж, импортлохдоо тухайн улсад заавал ариутгал, халдваргүйжүүлэлт хийхийг шаарддаг. Хэрвээ асуудалтай байвал Мэргэжлийн хяналтын байгууллагаас тухайн улс руу буцаах, эсвэл устгалд оруулах арга хэмжээ авдаг байна. Тэгэхээр энэ бол бидний сонголтоос л шалтгаалах зүйл бололтой.
Түүнчлэн хуучин хувцсыг загварчилж, орчин цагийн хэв маягт тохируулан хүссэн хийцээр тань хийж өгөх дизайнерууд ч байгаа гээд бод доо. Тогтвортой хувцасладаг хүн гял цал энэ үед тийм ч их биш. Гэхдээ хуучин хувцсаараа гангардаг "Моод" дэлгэрч байна. Энэ бол эх дэлхийгээ хайрлаж буй бидний хариу үйлдэл.
Нэг хувцасаа нэг долоо хоног байтугай хэдэн жил өмссөн нь, хүний өмсөж байсан хувцсыг авсан нь хэнд ч сонин байхаа больсон.
Хуучин хувцас бол хэмнэж байгаагаас илүүтэй эх дэлхийтэйгээ харьцах "Хайрын МООД" юм.
М.Дэвээжаргал
Сэтгэгдэл (2)