Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн Танхимын мөнгөн хөрөнгө 7.5 төгрөг яасан бэ, ковидын үеийн Замын-Үүдийн боомтоор ачаа тээврийн зохицуулалтын талаар ирсэн гомдлууд зэрэг асуудлаар Хяналтын Зөвлөлөөс мэдээлэл хийлээ. Энэ үеэр Хяналтын зөвлөлийн гишүүн Г.Хонгор дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "МҮХАҮТ бол төрийн хуультай Монголын хамгийн том төрийн бус байгууллага. Өнгөрсөн дөрвөн жилд танхимд юу болж өнгөрөв, ямар алдаа дутагдал гарсан эсэх, нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудалд ямар байр суурь илэрхийлсэн бэ гэдэг зүй ёсны асуулт гарч ирж байна. Үүнд хариулт өгөх ёстой юм. Байгууллага цаашид хөгжихийн тулд санал шүүмжлэлийг хүлээж авдаг байх ёстой. Гэтэл танхимын үйл ажиллагаа маш явцуу хүрээнд цөөхөн хэдэн том компанийн бизнесийг дэмжихэд чиглэж байна. Баялаг бүтээдэг мянга мянган жижиг, дунд бизнес эрхлэгчид танхимын бодлого, үйл ажиллагааны гадуур үлдчихээд байна. Энэ асуудлыг бид 2019 онд хөндөж байсан. Өнөөдөр ч нөхцөл байдал хэвээр байна.
Өнөөдөр нийгэмд бухимдал дээд цэгтээ хүрчихээд байна. Ажилгүйдэл, банк зээлийн орчны эрүүл бус байдал, жижиг дунд үйлдвэрлэлийн сангийн үйл ажиллагаа бизнес эрхлэгч нарт хүртээмжтэй байна уу, бодлого нь хаана байгаа юм бэ.
Танхим хурдтай, дорвитой үйл ажиллагаа явуулахгүй байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын бодлогын ард дөрлүүлсэн бух шиг мөлхөж байна. Бизнесийн байгууллага маш хурдтай, эрч хүчтэй, өөрчлөгдөж буй орчинд маш өндөр мэдрэмжтэй ажиллах ёстой" гэв.
Сэтгэгдэл (1)