Үндэсний номын баяр энэ намар дөрвөн өдөр болж өчигдөр өндөрлөсөн. Харин өнөөдөр Үндэсний номын баярын талаар ном бүтээгч, зохиогч, хэвлэлийн компанийн төлөөллүүд УИХ-ын даргад шаардлага хүргүүлж, байр сууриа илэрхийллээ.
Асрын мөнгийг төлөх боломжгүй хүмүүс номын баярт оролцож чадахгүй байна
Хуучин ном эрхлэгчдийн төлөөлөл н.Отгонжаргал "Миний хувьд 30 гаруй жил урт цагаан тойроод явсан. Харин есөн жилийн өмнөөс Тайванийн төвийн номын худалдаанд орсон. Номын үзэсгэлэн худалдаа эхлэх мөчөөс өнөөг хүртэл оролцоод явж байна. Анх номын худалдаа хуучин номоор эхэлдэг байлаа. Тэр үед түрээсийн мөнгө гэж авдаггүй байсан. Жил ирэх тусам түрээстэй болж, түрээс нь өсөж байна. Өнгөрсөн жилийн хавраас эхлээд түрээсийн мөнгө 50 хувиар нэмэгдсэн. Хуучин номын худалдаа эрхэлдэг бид нар тэр том асрыг дундаа хувааж, түрээслэдэг болсон. Энэ жил түрээсийн мөнгийг 880 мянга болгож авсан. Өмнөх номын баяраас 30 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Мөнгөний боломжгүй хүмүүс номын баярт оролцож чадаагүй байгаа шүү дээ" гэв.
Номын баярыг өмчлөөд буй ТББ ямар ч үндэслэлгүйгээр жил ирэх тусам асрын үнийг нэмдэг
Үүлэн сувд хэвлэлийн компанийн төлөөлөл н.Баянбилэг "Үндэсний номын баяр бол соён гэгээрлийн маш том ач холбогдолтой баяр байдаг. Харин сүүлийн жилүүдэд энэ үндэсний хэмжээний номын баярыг нэг төрийн бус байгууллага өөртөө өмчилдөг, далимдуулж мөнгө олдог арга хэрэгсэл болгочихоод байна. Бид энэ асуудлыг хоёр гурван жилийн өмнөөс номын баярт оролцох болгондоо ярьдаг байсан. Бид хэн нэгний ажлыг харлуулах гэсэнгүй. Шаардлага тавьсан, ярьсан. Гэтэл үүнийг хүлээн авахгүй байгаа учир хэвлэлийн бага хурал хийж байна.
Номын баярын арга хэмжээг зохион байгуулж буй төрийн бус байгууллага сүүлийн хэдэн жил дараалан үндэслэлгүйгээр асрын үнийг нэмж байна. Нэг асрын зах зээлийн үнэ гурван өдрийн 300 мянган төгрөг. Харин номын худалдаачин, асар түрээслэж буй хүмүүсээс 850 мянган төгрөг авч байна. Үүнийг бид үндэслэлгүй гэж үзээд байгаа юм.
Энэ номын баярт оролцож буй хүмүүс яагаад ийм өндөр өртөг төлж, номын баярт оролцох ёстой юм бэ. Дээрээс нь энэ газраас эрх авдаг. Асрын эрхийг авахын тулд сэтгүүл дээр нь сэтгүүл дээр нь төлбөртэй материал өгөх хэрэгтэй болдог. Үндэсний хэмжээний номын баярыг нэг төрийн бус байгууллага өмчлөмөөргүй байна. Төр үүнд анхаарлаа хандуулаач.
Үнэхээр УИХ-ын даргын ивээл дор явдаг бол үүнийг арай өөр хэлбэрээр, номын баярыг номын баяр шиг яагаад хийж болдоггүй юм бэ хэмээн санал хүргүүлж байна.
Тэрнээс биш тухайн хүний ажлыг бид булааж авах гэсэнгүй. Өчигдөр хүмүүсийн гарын үсэг цуглуулаад, уулзаад ярилцъя гэхэд зугтаагаад уулзахгүй байгаа юм" гэв.
Үндэсний хэмжээний соён гэгээрлийн ажилд "ашиг сонирхол" их байна
Монсудар хэвлэлийн газрын төлөөлөл "Бид бол соён гэгээрэл Монгол Улсад ямар хэрэгтэй байгааг ойлгож буй хүмүүс. Номын хэлэлцүүлэг ямар хэмжээнд явагддаг тухай мэднэ. Монгол Улсад хувийн ашиг сонирхол орсон байдалтайгаар зохион байгуулагдаж байгааг бид эсэргүүцэж байна. Энэ бол бүх нийтэд зориулагдсан байх хэрэгтэй. Зохион байгуулж буй хүмүүс тодорхой хэмжээний ашиг авдаг байж болно. Харин тэр нь нээлттэй, шударга зарчимд тулгуурласан хамтын арга хэмжээ болох ёстой байгаа юм. Хамтаараа нээлттэй ярилцъя. Соён гэгээрлийн ажлын хэрхэн хэн хэндээ таатай хийх вэ гэдгийг ярилцах хэрэгтэй. Хэрэв ашиг олж буй нэрээр явж байгаа бол ТББ бус, менежментийн компани байгуулах боломжтой" гэв.
Талбай дээр зарим хүмүүс номоо алддаг
Тэрбээр "Ном бүтээгчдэд хүндэтгэлгүй хандаж байна. Номын бүтээгчдэд номоо хямдруулах сонирхол байдаггүй. Харин энэ арга хэмжээ бол ном хямдруулах арга хэмжээ биш. Гэтэл зарим ном борлуулагчид номоо 70 хувь хямдруулж байна. Талбай дээр зарим нь номоо алддаг. Ийм байдлаар зохион байгуулж байгаа нь номондоо хүндэтгэлгүй хандаж байна. Цаашид ямар зохион байгуулалттай хийх талаар хэлэлцэх хэрэгтэй. Миний хувьд номын баярыг Соёлын төвд зохион байгуулах санал гаргаж байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)