"Үндэсний номын баярын талаар" ном бүтээгч, зохиогч, хэвлэлийн компанийн төлөөллүүд УИХ-ын даргад шаардлага хүргүүлж, үндэсний номын баярыг тойрсон луйвар, булхайн талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Үүлэн сувд хэвлэлийн компанийн төлөөлөл н.Баянбилэг дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Үндэсний номын баяр бол соён гэгээрлийн маш том ач холбогдолтой баяр байдаг. Харин сүүлийн жилүүдэд энэ үндэсний хэмжээний номын баярыг нэг төрийн бус байгууллага өөртөө өмчилдөг, далимдуулж мөнгө олдог арга хэрэгсэл болгочихоод байна. Бид энэ асуудлыг хоёр гурван жилийн өмнөөс номын баярт оролцох болгондоо ярьдаг байсан. Бид хэн нэгний ажлыг харлуулах гэсэнгүй. Шаардлага тавьсан, ярьсан. Гэтэл үүнийг хүлээн авахгүй байгаа учир хэвлэлийн бага хурал хийж байна.
Номын баярын арга хэмжээг зохион байгуулж буй төрийн бус байгууллага сүүлийн хэдэн жил дараалан үндэслэлгүйгээр асрын үнийг нэмж байна. Нэг асрын зах зээлийн үнэ гурван өдрийн 300 мянган төгрөг. Харин номын худалдаачин, асар түрээслэж буй хүмүүсээс 850 мянган төгрөг авч байна. Үүнийг бид үндэслэлгүй гэж үзээд байгаа юм.
Энэ номын баярт оролцож буй хүмүүс яагаад ийм өндөр өртөг төлж, номын баярт оролцох ёстой юм бэ. Дээрээс нь энэ газраас эрх авдаг. Асрын эрхийг авахын тулд сэтгүүл дээр нь сэтгүүл дээр нь төлбөртэй материал өгөх хэрэгтэй болдог. Үндэсний хэмжээний номын баярыг нэг төрийн бус байгууллага өмчлөмөөргүй байна. Төр үүнд анхаарлаа хандуулаач.
Үнэхээр УИХ-ын даргын ивээл дор явдаг бол үүнийг арай өөр хэлбэрээр, номын баярыг номын баяр шиг яагаад хийж болдоггүй юм бэ хэмээн санал хүргүүлж байна.
Тэрнээс биш тухайн хүний ажлыг бид булааж авах гэсэнгүй. Өчигдөр хүмүүсийн гарын үсэг цуглуулаад, уулзаад ярилцъя гэхэд зугтаагаад уулзахгүй байгаа юм" гэв.
Д.Батчулуун