Бид долоо хоног бүр "Хувирал" булангаараа та бүхэнтэй нийгэмд хувьсан өөрчлөгдөж буй зүйлсийн тухай хуваалцдаг билээ.
Эргэн тойронд болж буй бүхэн хувьсан өөрчлөгдөхүй хийгээд хувьсан өөрчлөгдөхгүйн дунд өрнөж байна. Эрин цагийнхаа хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэх гэж бид хэрдээ хичээж буй. Гэтэл зарим зүйлийн хөлд нь чирэгдэж буйн нэг тод жишээ бол цахим орчин. Тэр дундаа нүүр ном (фэйсбүүк).
Түүний самбарт хэн нэгний нэр нүүр, хийсэн ажил, буруу зөрүү, худал хуурмагийн тухай хадагдахаас нааш хөдөлдөггүй хөшүүн хойрго болж хувирлаа.
Үүний зэрэгцээ сохроор итгэж, худлыг дэгсдүүлсээр үнэн болтол нь түгээх болов. Мэдээлэлд шүүлтүүртэй хандах тухай нэг үеэ бодвол ахицтай, хянуур болсныг бүгд мэднэ. Харин хэтэрхий их мэдээллийн урсгалаас хэрэгтэйгээ шүүж авах тухайд дутагдалтай хэвээр. Түүнд хил хязгаар гэж үгүй. Нэгэнт эрчийг авбал хүн болгонд хүрэх боломжтой. Зарим талаар давуу тал олон бий. Үүнийг үгүйсгэх арга үгүй.
Эл орчинд бид төр засгийнхаа тэр бүү хэл хүн хоорондын асуудлыг ч хэлэлцэж, төр нь дундаа орох тохиолдол ч бий. Цахимд нүдээд эхэлбэл хөдөлж эхэлнэ. Шүүмжилнэ үү, шүүнэ үү тухайн хүний шийдвэр гэдгийг бултаараа хэлнэ.
Харин доромжлол, шүүмжлэлийн ялгааг үл сэхээрнэ. Үүнийг хувь хүний эрх чөлөөтэй холбон тайлбарлах бүр ч дуртай.
Ойрын нэг жишээг дурдъя. Орон нутагт нохой устгалын ажил явагддаг хэдий ч төдийлөн үр дүнтэй байдаггүйг Өмнөговь аймагт болсон хэргээр улс даяараа харж авлаа.
Гэтэл засаг абугай гэмших ч үгүй өнгөрсөн борооны хойноос цув нөмөрч, "Одоо устгана" хэмээн “Матрын нулимс”-таа норж суув. Энэ бол цахимд бичихээс нааш хөдлөхөө больсон монгол “лазан” зангийн жишээ.
Одоо ард түмнээр ажлаа хийлгэхээ болих хэрэгтэй. Нүүр номд “ноолуулж” байж сэхээ ордог явдал газар авч, хэзээ нэг цагт энэхүү платформ үгүй болвол дагаад үгүй болох нь холгүй болжээ.
М.Жаргал
Сэтгэгдэл (1)