Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын нутагт осолдсон хувийн нисэх онгоцонд зорчиж явсан бүх зорчигч ослын улмаас харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан. Тэдний нэг нь Вагнер бүлэглэлийн удирдагч Евгений Пригожин юм. Тэгвэл тус бүлэглэлээс түүнийг Санкт-Петербург хотноо оршуулсан хэмээн хэвлэлийн төлөөлөгчөөрөө мэдэгдэв. Телеграм дээр гарсан тус мэдэгдлээс харвал Пригожиныг өссөн хотод нь нутаглуулж, оршуулгын ёслолыг хаалттай байдлаар явуулсан байна. Мөн түүнтэй салах ёс гүйцэтгэхийг хүссэн хүмүүс Пороховсое оршуулгын газарт очих боломжтой ажээ.
Вагнер бүлэглэлийн хийсэн цор ганц мэдэгдэл энэ байлаа. Пригожины сууж явсан “Embraer Legacy 600” онгоцны ослын шалтгаан одоо болтол тодорхой бус байгаа. Украины талыг уг осолд буруутгасан ч Зеленский эрс эсэргүүцсэн. Харин АНУ тэргүүтэй барууны орнууд уг ослын ард Путинг байсан гэж таамаглаж буй. Өнгөрсөн зургаадугаар сард Вагнер бүлэг Москвагийн эсрэг бослого гаргасны төлөөсөнд Пригожины амийг авах цаг хугацааны асуудал байсан гэж үзэж байгаа хэрэг.
Наймдугаар сарын 23-ны өдөр болсон уг ослоор Пригожин, мөн түүний баруун гарын хүн болон Дмитри Уткин тэргүүтэй 10 хүн нас барсан юм.
Л.Сайнаа