Монголын банкны холбооноос 2022 оны эхний хагас жилийн банкны салбарын тойм судалгааг танилцууллаа.
Монголын банкны холбооноос "Энэ оны эхний хагас жилийн байдлаар банкны салбар сайн үзүүлэлттэй байна. 2020 оноос эхэлж үүссэн эдийн засгийн удаашрал, зээлийн удаашрал өнгөрсөн оны хагасаас эхэлж өсөлт нэмэгдсэн. Зээлийн өсөлт энэ оны хагас жилд 23 хувьтай, эдийн засгийн өсөлт 1.3 хувьтай байна. Эдийн засаг өсөхөд зээлийн өсөлт чухал нөлөө үзүүлсэн.
Иргэдэд чиглэсэн шинээр олгосон хэрэглээний зээл 72 хувийн өсөлттэй байна. Харин тодорхой салбаруудад зээлийн өсөлт харьцангуй хязгаарлагдмал байгаа юм.
Энэ нь олон улсын глобал эдийн засгийн нөхцөл байдал тэр дундаа ОХУ, Украйны нөхцөл байдал болон ковидоос шалтгаалсан БНХАУ-ын хатуу бодлого зэргээс шалтгаалж тээвэр ложистик хүндэрсэнтэй холбоотойгоор уул уурхай, барилгын салбаруудад зээл олголт хязгаарлагдмал байна. Уул уурхайн салбарын гурван зээл тутмын нэг нь чанаргүйтсэн. Инфляцийн түвшин 14-16 хувьд хүрсэн энэ үед Төв банкнаас бодлогын хүүг нэмэгдүүлэх арга хэмжээ авдаг. Төлбөрийн тэнцлийн дарамттай, экспортын бүтээгдэхүүн хязгаарлалттай байгаагаас шалтгаалж ийнхүү бодлогын хүүг огцом нэмэгдүүлээд байгаа юм" гэв.
М.Сүхэхэй