-
2017 оны 1 сарын 24
...Бээжингийн заавраар Далай ламын тодруулсан Богдыг хүчингүй болговол хожим Бээжинд суугч Ванчин лам 10-р Богдыг тодруулах нь гарцаагүй болчихоод байна. Үүнийг Бээжин анзаарахгүй өнгөрөөнө гэж бол байхгүй.14-р Далай лам Монголд нийт 9 удаа иржээ. Гэвч энэ удаагийнх шиг Хятадын дургүйг хүргэж байсан нь үгүй юм...
-
2017 оны 1 сарын 23
“Монголын их баатар морилж ирэв” гэсэн цуугиан эртний их Дамаск балгадын дүүргүүдээр хормын зуурт тархав. Энэ бол IV жарны 54 дэх Цагаан бичин жилийн Хувь сарын шинэдээр, Загалмайтны 1260 оны 8 сарын эхээр, Хижрийн 658 оны Их мацгийн* сар дөнгөж дуусаад байсан үе...
Энэ цуугиан Дамаскийнхнийг загалмайтан, лал, сүфи, зарог дагагсад, онго шүтлэгтэн ялгалгүй, сири, мисир, жүүд, нүб, бухтен, семит, араб, перс, магриб бүгдийг хуу гудамжинд гаргаж, тэрхүү их баатар ирж мэдэх умард хаалга зүгт хошууруулжээ.
- Өвөг минь, та хурдлахгүй бол тэр дөчин жил хүлээсэн ивгээлт Гэгээн Давидийнхаа ач хүүг харж амжихгүй нь байна шүү хэмээн тэрхүү урсгалд яваа нэгэн хөвүүн эргэж хэлэв.
Ард нь өгцөгнөн амьсгаадан яваа, хатсан дал модны навч шиг үрчийсэн хорчгор өвгөн сөөнгө тамирдангуй хоолойгоор,
- Энэрэнгүй их Яхве** тэнгэр минь, миний энэ үдээр шиг хатсан хоёр хөл яаж ч хичээгээд үүнээс илүү гишгэж чадахгүй нь. Чи намайг орхиод түрүүлж үз. Би биш гэхэд ядаж чи түүнийг барааг харвал болно гэж уцаарлангуй өгүүлэв.
- Өвөг минь, би тэр монголыг хараад яанам...
- Тэр чинь монгол биш, бидний ижил зүс царайтай байх учиртай. Тийм үгүйг л сайтар хараад надад хэлээд аль.
- Тэд чинь бидэнтэй огт адилгүй ээ. Хоёр жилийн өмнө ч монголчуудыг энэ хотоор дайрч гарахад та бид харсан. Тэд биднээс огт өөр, харин ч буруу номтон, бузрын муухай мамлюк боолууд шиг юм билээ шүү дээ.
- Тэр хоёр жилийн өмнө ирсэн хүмүүс чинь эдний цэргүүд, гүрж, армян, түрэг, араб бүгд холилдсон эсэн бусын эрээвэр хураавар байв шүү. Одоо бол жинхэнэ их ноён нь ирж буй. Чухам хаад, их ноёдууд нь л жүүд хүн байх ёстой.
- Өвөг минь, тэр юу л бол... Эдний хаан Хүлэгийг гэгээн Константин мөн гэлцсэн биш билүү. Бас түүний хатан Докузыг гэгээн Елена л гэдэг. Нүдээрээ үзсэн Хезека хэлэхдээ тэднийг латинуудтай огт адилгүй, франкуудтай ч, грэгүүдтэй ч адилгүй, харин ч түрэгүүдтэй төстэй юм байна гэсэн шүү дээ...
- Хезека гэж муу худалч эр, түүнийг тэрхүү эрхэм дээдсийг харсанд би итгэхгүй байна. Харсан байлаа гэхэд түүний солир нүдэнд итгэмгүй.
- Өвөг минь, Дахиад дөчин жил хоосон хүлээхийн *** тулд ийн их зүтгээд яанам бэ? Тийм тавилангийн төлөө би энэ монголыг харж бишрэн залбирах биш харин ч нулиммаар байна.
- Эцэг чинь хэрвээ энд явсан бол чамд ингэж аймшиггүйгээр өгүүлэх хувь дутах байсан байх даа. Хөгшин намайг элэг доог хийж яанам гээд өвгөн зогсож, амьсгаагаа дарангаа ач хүүгээ өөр лүүгээ ойрт гэж дохив.
Үжирсэн модон таягнаас эмээсэн хүүг болгоомжтой ойртоход,
- Мунхаг хөвүүн, чи сонс. Би Давид гэгээнийг өөрийн биеэр ирж, хөөрхий жүүд биднийгээ ивээнэ хэмээсэн сургийг энэ хоёр дэлдгэрээрээ сонссоноос хойш дөчхөн жил хүлээсэн. Дөчхөн жил шүү. Харин миний жүүд ард түмэн мянган жил хүлээсэн юм шүү. Цаашид ч дахиад мянган жилээр хүлээж чадна.
- Тэгэж дэмий хүлээгээд яанам? Эздийн ташуур нуруун дээр минь мөн адил буусаар л байх болно. Нар жаргадгаараа жаргаж, нулимс урсдгаараа урссаар л байна. Юу ч өөрчлөхгүй шүү дээ, өвөө минь.
- Таван туйван бин хийгээд түүнээ зах дээр гаргаж нүхтэй хоёр дирхимаар өгнө гэж мугуйдалж зогссоор байтал бусад нь нэг хагасаар өгөөд ар гэртээ хоолтой, маргааш бин хийх гурил, цунхуйтай, бас бутархай зоостой ирэхэд тоос дарж, хатаж муудсан бингээс өөр юмгүй ирээд түүнээ өөрсдөө идэж, маргааш нь бин ч хийх юмгүй үлддэг ээжтэйгээ чи юутай адилхан зөрүүдийн дээр ойрын бодолтой хүү юм даа. Тэгээд ээж чинь маргааш дахиад л талхиулахаар цус сорогч муу Яхив эзнийх рүү гуйланчилж, царайчилж, гуринхалсан жингэр мэт шарваганан очдог байсан. Хэдэн зоос олдонгуут ширвэж оддогт нь Яхив түүнийг тийн буцаад арчаагаа алдан гуйж ирэх бүрд нь хөлсөө улам багасгадаг байв. Ихийг бодож дээгүүр сэвээд, ирэх цаг тулахад адгийн боол болон хамаг үнэтэй бүхнээс гудас болгон шидэж өгөхөд бэлэн эхийнхээ богино бодолтой мунхагийг нь л дуурайх юм даа.
- Та ямагт л үүнийг ярих. Харин таны энэ Жүүдийн их хаан эргэж ирж биднийг ивээнэ гэсэн хоосон итгэлээр өөрийгөө хуурч, нэгэн насыг дэмий өнгөрөөсөн тань ээжийн минь мунхаглалаас өчүүхэн ч дээрдэмгүй санагдах юм.
- Ийм л мунхаг хүү дээ. Жүүд бидний хүчин чадал чухам тэр цөхрөлтгүй хүлээлт, итгэл найдвараа ямар ч үед алдаж байгаагүй их тэвчээр тэсвэрт л байдаг юм шүү дээ. Бурхан биднийг хэзээ ч мартаагүй. Бурхан авралынхаа төлөвлөгөөгөө хамгаас чухалд үздэг хэвээр бий. Өнөөдрийн зовлонгоор тэр биднийг шалгаж, сорьж буйгаас биш шарваж, гээж буй хэрэг огтхон ч биш.
- Яагаад заавал жүүд биднийг шалгаж зовоож буй билээ? Тэд энэ мисирүүдийг яагаад шалгаагүй юм бол? Эсвэл энэ муусайн тэнэмэл бэдунуудыг...?
- Бурхан чухам биднийг л онцгойлон сонгосон учраас тэр шүү дээ.
- Өвөө минь, орой гэдэс минь хоол нэхээд унтуулахгүй зовоож байх үед жүүд биднийг тийн сонгосон бурханд үнэхээр ихээр гомдож, уйлмаар болдог шүү.
- Бурханд гомдож үл болно. Бурхан биднийг сонгосон гэсэн итгэл бидэнд байгаа болохоор бид мөхөөгүй юм. Тийм биш бол бид хэдийнэ байхгүй болохсон. Хеттүүдэд тийм хүлээх тэвчээр зориг дутсанаас л бурхан тэднээс нүүр буруулж, өнөө тэдний голомтон дээр үжир мод ёрдойн үлддэг болоод буй. Чи түүнийг хэзээ нэг ойлгоно доо, мунхаг ач минь. Ингэхэд чиний эх чинь хетт**** байсан гэдгийг чи мэднэ дээ.
Өвөө, ач хоёрыг ийн үгээр толхилцож байх үеэр гэнэтхэн олны урсгал ярагдсаар царгиа сөөнгө дуутай нэгэн зэрэгцэн ирэв. Жүүд өвгөн лугаа адил нэг гартаа үжир модон таяг тулаад, нөгөө гараа урагш нь сунгаж, өвдөг мөчийг нь модоор залгаж хийсэн мэт ойр ойрхон огцом огцом гишгэлэн, эргэн тойрноо өчүүхэн ч үл анзааран тэнгэр өөд чанга чанга аялгуулан хашгичиж яваа тэр хүмүүн бол дахин амилсан Их зөнч Амос***** хэмээгдэх тэнэмэл жүүд өвгөн байв. Үжирч гандсан хэвнэг нөмрөгийн сэг эцэнхий туранхай биедээ хэдэрчээ. Зөнчөөс үймсэн олон хазаж хайрах араатан яваа мэт зай тавин зэнзийрхэх аж. Түүний аялгуулах хэлэх нь энэ мэт...
- Ертөнцийн эзэн тэнгэр эцэг минь ээ, Харж байна уу, Та минь?
Ер бусын энэ гамшгийг би хэрхэн өгүүлэн барах вэ?
Туслаач Та минь?
Загалмайтан ван, баронуудын ухаан самуурч, мунхарч гүйцээд
Заяа тавилангийнхаа модны үндсийг ухахаар зэхэж байнам.
Яанам би,
Атаатантайгаа эвсэж, өштөнтэйгээ дарс тулгаж суугаад
Алт эрдэнэсийн эрэлд гарсан тэд хөөрхий байна,
Амтлах дарс нь гашуун байна.
Дармал алт эрдэнэс хэзээ ч олохгүй ээ, Та минь хэлж хайрла.
Дайчин зориг нь л харин хөсөр ойчих вий. Би харж байна.
Уршигт урвалтын өртөг төлж баршгүй еэ, өр төлөөсийг нь тэд
Уй гуниг, урсах цусаа ч шавхаад төлж дуусахгүй нь ээ...
Ариун шүтлэгт Загалмайт бүхэн энэ нутгаас мөргүй
хөөгдөх нь ээ.
Аяа нэгэн цагт, Сирийн тэнгэр дор бид ариун мөргөлийн
дуу хадааж
Авралт тэнгэртээ үнэн сэтгэлээсээ талархан залбирч,
загалмайлаад
Амтат жимс, тариа будаа юугаа хураан, хөгжилдөн хөөрч,
Амар жарган суулаа, гэвч өнөө тэр бүхэн зүүд байв уу хэмээн
Асгарах нулимсаа арчин байж алс өрнийн эргээс
ширтэж гиюүрэх нь ээ.
Аугаа их гэрэлт минь ээ? Аврагч их эзэн минь ээ?
Аяа, энэ үймсэн олонд юуг би чухам юуг өгүүлэх учиртай вэ?
Ямар гээчийн лай ланчиг вэ? Бузар урвалтийг
Таны нэрээр үйлдэж буйд
Ялгуун их ивээлт тэнгэр минь, Та юунд дуугүй оршино вэ?
Исүс загалмайд тарчилж, жүүд золбин нохой мэт
хөөгдсөнөөс инагш
Ийм мунхаглал энэ нутагт учралгүй мянган оныг элээжээ.
Зөнчийн чихэнд чийртэй царгиа чанга дууг сонссон жүүд өвгөн гэнэтхэн зог тусаж,
- Муу ёр, муу ёр. Цаг үргэлжид ад тэнгэрийн зардас болж явдаг энэ тэнэмэл ёрч л дутаж гэнэ. Үүнийг гаслан дуулахад гамшиг зовлон заавал дохиодог юм хэмээн цөхрөнгүй өгүүлээд түүний яваа зүгийн эсрэг эргэв.
Энэ үед олны шуугиан гэнэтхэн түрхэрэн давалгаалснаа нам чимээгүй болж, оронд нь бөмбөрийн нэгэн хэмийн намуухан атлаа захирангуй дэлдээ сонсогдсон нь умард хаалгаар өнөөх монголын их баатар ноён орж ирсэн хэрэг байлаа. Өвөө, ач хоёр олны дундуур шургалан зүтгэх гэсэн ч өчүүхэн урагш ахиж чадсангүй тул хүүг явуулаад өөрөө нэгэн цувраа баганын захад олны хөл дор сууж үлдэв. Олон үймэн бужигнаж, нааш цааш ханарна. Тэдний дээгүүр элдэв өнгийн туг хиур хааяа намирч үзэгдээд, урт морин жаднууд сэрэлзэнэ.
Хэн нэгэн чанга дуугаар “Ээ, Тэнгэр эцэг минь. Чин сүсэгт ариун гэгээн Хетум ван Таны их алдар мөнхөд бадартугай” хэмээн орилсонд нэлээд хэдэн хүн даган түрэв. Гэтэл өөр нэгэн “Хетум бол манай ариун загалмайг уруу нь харуулж залбирдаг буруу номтон шүү дээ. Ромын их Поп ламтан түүнийг шашнаасаа хөөснийг мэдээгүй хэрэг үү” хэмээн хариу хашгирах дуулдана. Бас “Бохимэнд вангийн алдар бадартугай. Аугаа их баатар тайж Херцлийн алдар бадартугай. Антиохын их хунтайж мөнх насалтугай. Аугаа их Армян Хетум мөнх насалтугай. Үзэсгэлэн гоо Левонт хунтайжын алдар..., Трифолийн гүнтэн...” гэх мэтээр орж ирж буй ихэс дээдсийг нэрлэн ээлж дараалан орилолдовч жүүд өвгөний хүсэн хүлээж асан өнөөх Дэвидийн ач хүүгийн талаар хэн ч хашгирч дуудсангүй. Өвгөн нулимс гүйлэгнэсэн нүдээ цавчилгүй олны дээгүүр ширтэж, хүсэн хүлээсэн нэрээ сонсоно гэдэгт итгэсээр суутал, шуугиан аажмаар хотын төв тийш алсарч, хөл үймээн ч тэр зүгт хуйлран, өвгөний сууж бүхий газарт ихэд шингэрэв.
Ач хүүгээ аахилсаар гүйж ирэхэд тэсэж ядсан өвгөн,
- За хүү минь. Алив, бушуу түргэн хэлж, удтал чилсэн сэтгэлийг минь сэргээгээрэй. Аугаа их Давид хааны үр удам...
- Өвөө минь, аяд. Тэнд тантай адилхан нэг ч хүн алга.
- Тэр ялан дийлэгч их ноён нь ирсэнгүй юу?
- Ирлээ ирлээ. Би бүр Турийн хамгаалах цэргүүдэд ташуурдуулан байж тэр ялан дийлэгч ноёнтны мориных нь омруун доогуур шургах шахан дагаж гүйгээд ирлээ. Тэр хүн чинь түрэг хүнтэй их төстэй хүн байна. Жүүдийн өчүүхэн ч цус алга. Үгүй ядаж хагас жүүд надтай төстэй юм өчүүхэн ч алга.
- Хэн тэр вэ? Чамтай юу гэж төстэй байх юм...
- Хэн байхав дээ. Тэр ялан дийлэгч монголын баатар ноён чинь л байхгүй юу. Түүнд жүүд хүнтэй адилхан зүйл ер хумсын төдий ч алга.
- Мунхаг хөвүүн чи андуураагүй биз. Өөр хүн хараагүй биз.
- Би юунд андуурах билээ. Тэр хүн чинь дэргэдээ хоёр их загалмайт ванг бараа болгоод, морин дээрээ ташаагаа тулж явна билээ. Мориных нь хажууд дагаж гүйсэн намайг хараад бүр инээж байв шүү.
Өвгөн ач хүү өөдөө арга тасран харж байснаа сая үнэнд гүйцэгдсэнээ мэдрэн, хатингар хоёр гараараа шанаан дахь хэдэн буурал хялгасаа үгтээгээд их дуугаар енгэнүүлэн уйлж гарав. Тоосонд дарагдсан үрчлээт хацар дээгүүр нь нулимс зам татуулан урсана. Хүү өвгийнхөө тийн уйлж эхэлсэнд гайхаш тасран харж зогстол өнөөх зөнч таягаа тэчигнүүлэн, дуугаа гэнирүүлсээр дэргэдүүр нь өнгөрөв.
Аз жаргалын умдааг өчүүхэн төдий дусаагаад
Агшин зуур царай юугаа юунд хувилганам бэ?
Тэнгэр эцэг минь ээ?
Үгүйлэшгүй их энэ мунхаглалыг надад үзүүлэхгүй гэхдээ
Үзэх хоёр нүдийг минь та юухнаар нэгтээ бүрхээ юу?
Юуг ч үл харж буйдаа намайг та баясан байна гэж найдсан уу?
Юутай их шаналлаар зүрх минь шатаж, цус минь
буцлан байнам бус уу?
Өнөө би та нарт шатаж буй зүрхнийхээ үгийг хэлж байнам.
Сонсоцгоо
Өш хорсол саруул ухааныг будангуйлж, сайн үйлийг
сарниулнам
Өнө мөнхийн ялалт, өнө мөнхийн ялагдал гэж үгүй ч
Өчүүхэн зуурт ялаад, эрин зуунаар ялагдахын гашууныг
мэдэх үү?
Тийм хувь тавиланг тэнэг мунхаг дээдсийн чинь төлөөнөөс
Тэнгэр нэр өнөө загалмайтан та бултад тохоон оноожээ.
Энэ нутгийн загалмайтан олны цус гол горхи мэт урсаад
Эгшиж хатсан хөрсийг нь хур борооны оронд умдаалах нь ээ.
Эрх хүчээ илтгэн саран тамга Сирийн тэнгэрийг тамгалахад
Эвлэж босгосон ариун сүмдийн гонхос ээлж дараалан нуран унах нь ээ.
Арслан зоригт эрсийн цогцос Акр, Турийн эргээс эхлэн
Алс Византи хүртэл далайн шорвог усанд угаагдах нь ээ.
Ариун мөргөлийн оронд гунигт дууг л зөвхөн гаслан дуулсаар
Ахиад энд хэрээслэх мөргөлийн дуун дуурсах хүртэл
зуун зуун үргэлжлэх нь ээ.
Зөнч сул гараа урагш дохин, сөөнгөтөн хашгирч явснаа цаад талын баганад очиж тулаад, тэмтрэн үзэж буйг харсан хүү,
- Энэ зөнч чинь сохор юм байна шүү дээ хэмээн чанга гэгч хэлэв. Өвгөн жүүд уйлахаа татаж, тоос, нулимсанд халтартсан үрчгэр нүүрээ өргөж,
- Мунхаг хөвүүн, чи сая юу хэлэв гэж гайхан асуув.
- Зөнч сохорчихжээ хэмээн хүү цовоо дуугаар дахин чанга гэгч хашгирчээ.
Өвгөний тоостой буурал сахлыг даган нэгэн дусал нулимс бөмбөрсөөр газар унасанд, пургисан сул цагаан шороо түүнийг агшин зуурт залгиж орхив.
/Хэсэглэн авав/
.
Зарим тайлбар:
Рамадан сар* - Лалын шашинтнуудын их мацгийн сар. Хижрийн тоолол нь сарны тоолол юм. Гэхдээ Монгол тооллын адил илүү сар гарган, Сар, Нарны тооллын тэнцүүлэх нь үгүй учир Хижрийн нэг жил, Загалмайн тооллын нэг жилээс тодорхой хэмжээгээр богино байдаг. Иймд Рамадан сар нь одоогийн нийтийн тооллын яг нэг тодорхой сард тогтож таарах нь үгүй
.
Яхве** - Эртний жүүдүүдийн гол шүтлэг тэнгэр
.
Дөчин жил хоосон хүлээх*** - Загалмайтны ээлжит аян дайн мухардаж, Мисирийн зүүн хаяа Дамиет хотноо загалмайтнууд бүслэгдэн, сандарч байх үе буюу 1220-иод онд Ойрхи Дорнод төдийгүй Европ дахинаа нэгэн их цуурхал таржээ. Дорно зүгээс загалмайн шашинт Давид хэмээх хаадын хаан болсон энгүй хүчирхэг нэгэн хаан их цэргийг дагуулан Лалын ертөнцийг хуйхалсаар ирж буй бөгөөд цэргийн толгойн ангиуд Мосүлээс таван өдөрчийн газарт Месопотамийн хил дээр ирээд байгаа, тэд тун удалгүй Багдадыг дайлж, Халифийн орд өргөөг Католик сүмийн тэргүүний өргөө болгох, наран шингэх оронд загалмайтныг ихэд мандуулан өргөх юм хэмээсэн энэхүү цуурхалд Европчууд ихэд үнэмшин машид баясан хөөрцөглөжээ.
Энэхүү цуурхалд Жүүдүүд юу юунаас ч илүү баярласан гэдэг. Учир нь нэгэн цагт Синайн цөлд сууж, бурханд алтан тугал өргөсөн Жүүдийн салж сарнисан олон овог аймгуудын нэгэн бол тэрхүү Дорно зүгийн загалмайтны нестор шүтлэгт овог аймаг бөгөөд тэр хаадын хаан болсон хүчирхэг Давид нь эртний жүүдийн их хаан Давидийн үр удам, Израилийн вангийн хүү бөгөөд хорвоогоор нэг хэрэн тэнэж яваа жүүд олноо чөлөөлөхөөр үдшийн орноо ирж буй хэмээн жүүд нар барим тавим итгэжээ. Тэгээд зогсохгүй Европ дахинд байсан жүүдүүд зэвсгийн зах зээлд байсан зэр зэвсгийг ихээр худалдан авч, удмын их хаанаа зэвсэглэн дэмжихээр бэлтгэж байсан ч баримт байдаг. Тэр нь илэрснээр европт жүүдүүдийн эсрэг хомроголосон их хядлага ч болж байжээ.
Энэ цуурхалын эзэн болох Давид нь чухам лалын шашны нэгэн хүчирхэг улс болох Хорезмийг дайрч асан Чингис хаан юм. Чухам тэр 1220-иод онд Чингис хааны өрлөг жанжид болох Зэв, Сүбээдэй нар Хорезм шах Мухамедийг гэзэг даран хөөж, Халифийн нутгийн хязгаар, Месопотамийн хил дээр ирж буудаллаад байсан хэрэг. Цуурхалд дурдагдсан Давид хааны өвөг, тухайн үеэс дал гаруй жилийн өмнө сарацинуудыг дайран бут ниргэсэн гэгдэх Иоханнес гэгээнтэн нь Хорезмийн улсыг ихэд дарсан эртний монгол угсаа хэлхээт улс болох Хар Киданы Юли Даши хаан байх магад юм.
.
Хетт**** - Загалмайн тооллын өмнөх II-I мянган жилд Бага Азийн дорнод, төв нутгаар, мөн умард Сири газраар нутаглаж байсан үндэстэн. Мөхөж үгүй болсон.) байсан гэдгийг чи мэднэ дээ.
.
Амос***** - Израиль түмнийг Бурханаас, Бурханы хуулиас нүүр буруулах бүрд Бурхан тэднийг залруулж илгээсэн гэгдэх Исаиа, Иеремиа, Хосеа зэрэг их зөнчдийн нэг. Их эрт цагт амьдарч асан.
-
2017 оны 1 сарын 19
...Энэ нүүрсний утаа УБ-г бүхэлд нь бүрхэж хордуулна. УБ-нь агаарын бохирдолоороо дэлхийд бараг тэргүүлж явна гэнэ лээ. УБ-д бизнесс хийгчдийн ихэнх нь гадаадаас оруулж ирсэн барааны үнийг нэмж зарах ажээ. Гэвч сүүлийн хэдэн жилүүдэд долларын ханш өссөнөөр гадаадын барааны үнэ дийлдэхээ больжээ...
-
2017 оны 1 сарын 18
Амарсанаагийн Амарбаяр
\Цуврал ярилцлага- 30\
...А.Амарбаярын тухай ярилцлагыг нилээд хэдэн жилийн өмнө олж уншихдаа, ”Энэ залуутай уулзаж ярилцах хэрэгтэй юм байна” гэж бодож асан. Чикаго хотод зохион байгуулагдсан монгол оюутнуудын ”Хөдөлмөрийн яармаг” дээр оролцож, өөрийн туршлагаа залуустай хуваалцаж байхаднь түүнтэй танилцаад өнгөрсөн юм. Тэрээр ”Амазон”-д ажилд орсон туршлагаа болон залуу хүний хувьд ажил болон амьдралд хандах хандлагаа бусадтай хуваалцаж байгаа нь надад таалагдсан. Түүнчлэн Америкт ажиллаж амьдарч буй монгол залуусын дунд зохион байгуулагддаг ”Надад хэлэх үг байна” илтгэлийн уралдаан, ”Хөдөлмөрийн Яармаг” арга хэмжээнүүдийн зохион байгуулах багт ажиллаж байгаа юм билээ. Өнгөрсөн жил Сан-Францискод болсон монгол оюутнуудын ”Надад хэлэх үг байна-6” арга хэмжээг зохион байгуулж байхад нь богино хугацаанд уулзаж санал солилцож, өнгөрсөн оны 6 сард Сиэтл хотод ажлаар очихдоо тухтай уулзаж ярилцсан ярилцлагаа та нартаа хүргэж байна.
Нэг. НАМТРЫН ТОВЧООН
* Боловсрол:
-2005 онд ”Оюуны тулга” \бүрэн дунд боловсрол\
-2008 онд Diskinson State University \бакалавр\
-2016 онд Maharishi University of Management \магистр\
* Ажилласан газрууд:
-2008.01-2008.07 REMco\MSI Solutions \Tehnical Support\
-2008.07-2008.11 REMco\MSI Solutions \Lead Tehnical Support\
-2008.11-2013.11 REMco\MSI Solutions \Software Development\
-2015.02-2016.04 Amazon.com \DevOps Engineer 1\
-2016.04-одоог хүртэл Amazon.com \DevOps Engineer 2\
20170116 003
Хоёр. АЛГАСАЖ СУРАЛЦСАН БАГА НАС
-Г.Галбадрах: Хаана төрж, хэрхэн өсөв?
-А.Амарбаяр: Би 1989 оны 10 сарын арван 17 нд Партизаны сангийн аж ахуйд төрсөн. Ээж маань Завханых, аав минь Сэлэнгэ аймагт төрсөн гэхдээ хотынх. Сургуульд орохын өмнөх бага нас минь Баянхошуунд гэрт өнгөрсөн, ус түрээд л, цагираг эргүүлээд л тэр үеийн хүүхдүүдийн амьдрал яаж өнгөрдөг байсан тэрэн шиг л өнгөрөв. Харин сургуулийн хувьд наснаасаа түрүүлээд орж байсан юм, гэхдээ олон сургуульд шилжиж сурсан. Эхлээд 31-р сургуульд 1 жил сурсан байдаг. Дараа нь 31-ээс шилжээд ”Улсын тэргүүний” лаборатори нэгдүгээр сургуульд дөрөвдүгээр анги хүртэлээ сураад, ”Орчлон” сургууль руу шилжиж сурахдаа 5-р ангиа алгасаад шууд 6-р ангид орж байв. Нэгдүгээр ангиасаа өглөөний цагаар англи, герман хэлний дугуйланд явдаг, ”Ээрмэл” рүү газрын теннисний сургалтанд явдаг, хичээлээ тараад математикийн сонгонд явна гээд багаасаа л маш завгүй, хуваарьтай байсан. Анх ”Орчлон”д ороход нэг бол гадаадад амьдарч байсан, нэг бол хувийн сургуулиас ирсэн хүүхдүүд бүгд англиар ярьдаг би юу ч ойлгодоггүй нилээд хэцүү байсан. Ямар сайндаа 2001 оны 9 сарын 11нд Дэлхийн Худалдааны Төвийн халдлага болж байх өглөө манай ангийнхан CNN-ээр мэдээ үзээд бүгдээрээ маш их санаа зовсон байж байхад би ойлгохгүй, ”Кино гараад байгаа юм байхдаа” гэж бодон сууж байж билээ. Бага байхаас л ах бид хоёрын боловсролын төлөө нойр хоолоо хасан байж ажиллаж байсан аав ээж хоёр минь зуны амралтаар ах бид хоёрыг зуслан дээр байхад англи үг цээжлүүлдэг, цээжлээгүй байвал Баянхошуунд байдаг гэртээ түгжээд явчихдаг байлаа. ”Орчлон”д гэхдээ нэг л жил сурсан.
-Г.Галбадрах: Дараа нь хаана шилжиж сурсан хэрэг вэ?
-А.Амарбаяр: Математик, физикээрээ маш сайн шинэ сургууль нээгдэж байгаа гэсэн нь ”Олонлог” сургууль байв. Аав хүүхдүүдээ матеметикаар явуулна гэдэг байсан болохоор сонирхсон байх. 11-р сургуулийн хоёр багш ”Олонлог” сургуулийг байгуулсан учраас тэднийг дагаад 11-р сургуулиас математик физикийн гавлууд шилжээд ирчихсэн байлаа. Эхлээд хэцүү байсан ч математик, физик, байгалийн ухааны хичээлүүдэд дуртай болж эхэлсэн дээ. Бусад хичээлүүддээ жаахан сонирхолгүй болж эхлээд явж байтал ”Шинэ Монгол” гээд сургууль гараад ирэв ээ. \инээв\ Сайн суралцаж чадвал Япон руу Засгийн Газрын тэтгэлгээр Их Сургуульд явуулдаг гэж сонсоод намайг тийшээ орууллаа.Тэгээд ”Шинэ Монгол”д орох гэтэл есдүгээр ангиас авна гэсэн шаардлага тавьж байсан болохоор долоо наймынхаа шалгалтыг зэрэг өгөөд ахиад л анги алгасаж сургуулиа сольсон. 1-р сургуульд сурч байхдаа ”Хүүхдийн Ордон”-д англи, гэрман хэл сурдаг байсан бол ”Орчлон”д байхдаа би хятад хэл сурдаг байлаа. Гэтэл ”Шинэ Монгол”-д япон хэл сурах хэрэгтэй болж байв.
-Г.Галбадрах: Уг нь сургуулиудын сайныг нь шилж сонгоод сураад байсан байх юм?
-А.Амарбаяр: Тухайн үед боломж бололцоо нь тэр болгон байхгүй байсан ч аав ээж хоёр минь боловсролд маш их анхаарал тавьдаг учраас яаж ийж байгаад л сайн сургуулиуд руу оруулж байсан байх. ”Шинэ Монгол” ахлах сургуульд хагас сурч байтал, Польшид Олон улсын Лицэй сургууль байна гэв. ”Бүх хичээлүүд нь англи хэлээр ордог, эхний топд нь
орж чадвал Англид Кэмбрэжид тэтгэлгээр сурдаг гэнэ” гээд 14 настайдаа Европын зүг явж байлаа. Анх удаа ээж ааваасаа хол, долоо хоног вагоноор яваад Польшид очсон. Оросын эх газар нутгаар 5 хоног вагоноор явж байхдаа улс дамжин наймаа хийдэг ах эгч нартай танилцан тэдний бараанаас нь заралцаж үзэв. ”Термос сто рубль” гэж орилохоор орос өвөө эмээ нар ирж вагоны цонхны цаанаас хятад халуун сав худалдаж авдаг. \инээв\ Польшид очсон өдрөөсөө ойр зуурын польш хэл сурах хэрэг гарлаа. Хөдөөний гэгдмээр хот учраас тэр болгон гадаад хүмүүс амьдардаггүй. Ази хүн анх удаа харж байгаа жоохон хүүхдүүд биднийг ам нь ангайчаад харж инээгээд л гудамжаар дагаад л алхана. Аав ээж хоёроос сардаа жаахан мөнгө ирэхээр ах бид хоёр ”цалин буулаа” гээд л дэлгүүр орж польш хиам авч иддэг нь бас л жаргалтай мөчүүд байсан юм шүү. Мөнгө бас тэнд дутагдалтай л байлаа. Тэнд удаан хугацаанд амьдарсан монголчуудтай танилцаж, хичээлийн бус цагаараа тэдний ажилладаг задгай зах дээр очин цамц, оймс энэ тэр заралцаж хармааны хэдэн төгрөг олох үе зөндөө байсан. Польшид хагас жил болоод хэдийгээр ах бид хоёр анги, ангидаа топдоо орчихсон байсан боловч, хувийн тодорхой шалтгааны улмаас Монгол руугаа буцсан юм.
-Г.Галбадрах:Польшоос буцаж ирээд бас сурсан уу?
-А.Амарбаяр:Тэгсэн. Польшоос буцаж ирээд ”Оюуны тулга” гэдэг математик физикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд шууд аравдугаар ангид нь орсон. Сургуулиа төгсөөд Их Сургуульд орох гэтэл ”15 настай” гээд намайг аваагүй. Харин MIU гэдэг сургууль авна гээд, тэнд орж IT-гийн чиглэлээр сурч эхлэв. MIU-д би нэг жил сурсаныхаа дараа нь ШУТИСд шалгалт өгөөд Германы Инженерийн Бэлтгэл \ГИБ\ ангид орсон. Уул уурхайн инженерийн мэргэжлээр хоёр жил сурч шалгалтуудыг нь өгч Герман руу тэтгэлгээр сурахаар явах боломжтой гэж сонгосон юм. Тэр үед уул уурхайн салбар Монголд их ирээдүйтэй гэж яригддаг байсан юм. Тэнд герман хэлээ академик түвшинд сурсан. Бүх хичээлээ германаар үздэг, бодсон бодлогоо германаар тайлбарладаг байлаа. Хагас жил орчим сураад байж нэг өдөр аав надаас ”Чи Герман явах уу? эсвэл Америк явах уу? Америкт бага хэмжээний тэтгэлгээр сурах боломжтой сургууль байна” гэж хэлж байсан. Тэгэхэд би яагаад ч юм бэ, шууд л ”Америк явъя” гээд сонгочихлоо.
Гурав. АМЕРИКТ ЗОРИЛГОО МЭДРЭВ
20170116 007
-Г.Галбадрах: Их олон сургуулиудад суралцаж, олон сонголтууд хийсний эцэст Америкийг сонгожээ дээ?
-А.Амарбаяр: Тэгээд л хоёр сар хагасын дотор бүх зүйлээ шийдээд 2006.1.06 нд Америкт ирлээ. Хэдийгээр англи хэл үзэж, өөрийгөө ”сайн болсон” бодож байсан боловч, Сан-Францискод буугаад л чихний бөглөө гараагүй болохоор хүмүүсийн яриаг нь сайн ойлгохгүй, энд тэнд байгаа бичгүүдийг нь ч ойлгохгүй байсан. Тэндээсээ өөр нэг онгоцонд суугаад Диккинс гээд жижигхэн хотод буусан даа. ”Америк гээд гоё, өндөр өндөр барилгуудтай газар очно доо” гэж бодож байсан хүн, хөдөө газрын жижигхэн сургуульд ирчихдэг. Тэр үед бас 40-өөд оюутан ирчихсэн байсан. ”Монголоороо яриад байвал хэл ер сайжрахгүй юм байна” гэж бодоод Америк хүмүүстэй илүү ярьдаг болохоор хичээсэн. Нэг улирал гаран тэгж явсаар байтал хэл маань сайжирлаа. Эхний нэг жилдээ үндсэн хичээлүүдээ үзэж байгаад мэргэжлийн хичээлээ дараа жилээсээ үзэж эхлэв.
-Г.Галбадрах: Оюутны амьдрал тань ямархуу байв?
-А.Амарбаяр: Би ер нь их идэвхтэй оюутны нэг байсан байх.” Student Senate” буюу манайхаар ”Оюутны Холбоо”-ны гишүүнээр ажиллаж, Олон улсын оюутнууд болон Америк оюутнуудыг хооронд нь нь найрсаг харилцаатай, бие биенийхээ соёлыг ойлгож, сайхан найзалж нөхөрлүүлэх төслүүд дээр их ажиллаж байв. Тиймдээ ч сургуулиа төлөөлөн COSGA \Conferense On Student Government Association\ нэртэй Америкийн бүх Их Сургуулиудын Холбооны төлөөллүүд оролцдог чуулга уулзалтанд 4 senat оюутантай хамт оролцож, ”Оны шилдэг Senate” шагналыг авч байлаа. ”Оюутны дотуур байрны каминдат болбол, байр хоол үнэгүй болгож хөнгөлүүлдэг юм байна” гэж олж мэдээд нэг семестрийн турш 50 гаруй оюутнуудтай хамт хичээл үзэж, төгсгөлд нь ”сонгон шалгаруулах” төсөл дээр ажиллан шигшигдээд, эцсийн шатандаа ярилцлагад орж сонгогдсон хэдхэн оюутны нэгэнд багтан байр хоолоо үнэгүй болгож байв. Үүрэг хариуцлага нь мэдээж өндөр. Дотуур байрныхаа оюутнуудын амьдрах орчин, хэрэгцээтэй зүйлсийг нь бүгдийг нь хамт хариуцаж, сар болгон янз бүрийн арга хэмжээнүүд зохион байгуулна. За тэгээд Олон Улсын Оюутны Холбоо, сонирхогчдын спортын баг, уралдаан тэмцээн гээд ер зүгээр суудаггүй байсан. Ганц нэг шагнал урамшууллаас нь дурдвал: ”Ерөнхийлэгчийн нэрэмжит оны шилдэг оюутан”-аар шалгарч байв. Сургуулийнхаа ”Авьяастан шалгаруулах тэмцээн”-д хоёр жил дараалан оролцож 1-р байр эзэлж байсан шүү. Хурууны бүжиг хийж байсан юм. \инээв\ Гадна дотны олон найзуудтай болсон. Өнөөдрийг хүртэл тэдэнтэйгээ холбоотой байдаг шүү.
-Г.Галбадрах: Суралцаж байхад хүнд хэцүү үе тохиолдож байв уу?
-А.Амарбаяр: Зундаа Вашингтон ДС-д ирээд ажил хийдэг байлаа. Кассчин, бургерчин, айл нүүлгэдэг ажил гээд олдсоныг нь хийнэ. Нэг удаа айл нүүлгэж яваад нуруугаа
гэмтээчихлээ. Нуруугаа хөдөлгөж чаддаггүй. Ажлаа тараад арай гээд алхаж явтал бороо ороод л могой яваад, тэр үед л ”Би яг яагаад ингэж яваад байгаа билээ?” гээд өөрөөсөө асуугаад л. Хамт ажиллаж байсан ах надад могойн тос авчирч өгөөд, тэгсэн ч ер босч чадсангүй. Эмчилгээнд явах гэтэл үнэтэй байлаа. Аав, ээж хоёр намайг ”Монголдоо буцаж ир” гэлээ. Тэгээд л ажил хийж олсон мөнгөөрөө тасалбар аваад л Монгол руугаа явав. Монголдоо ирээд нуруугаа эмчлүүлчихээд Америк руу буцаад явсан даа. Тиймэрхүү юм тохиолдохоор зорилгоо улам ихээр санадаг юм билээ. ”Санхүүгийн хэрэгцээгээ яаж өөр байдлаар шийдэх вэ?” гэж бодогдож боломжуудаа бүрэн ашиглахаар чармайж эхэлсэн. Нэг улиралд би 25 кредит авч үздэг байсан юм. Тийм болохоор хоёр жил хагас хугацаанд суралцаад сургуулиа төгсөв. . Ингээд 2008 оны 5 сард бакалавраа 18 настай төгсөж, ”Хамгийн залуу төгсөгч”-өөр шалгарч байлаа. Төгсөх семестэртээ REMco Software \одоо MSI Solutions гэгддэг болсон\ зочид буудлын захиалгын систем хийдэг компанид дадлага хийх боломж олдоод орж байсан юм. Харин сургуулиа төгсөөд тэр компанидаа ажилд орсон юм.
-Г.Галбадрах: Тэр компанидаа ямар ажил хийдэг байсан юм бэ?
-А.Амарбаяр: Technical Support буюу зочид буудлын ажилчид менежэрүүдэд программын холбогдолтой ямар нэгэн асуудал тулгарвал техникийн зөвлөлгөө өгч, асуудлыг нь засдаг ажил. Харин үүнээс 6 сарын дараа тушаал дэвшээд ”ахлах” болсон. Түүнээс хойш 4 сарын дараа дахин тушаал дэвшиж ”Программ Хөгжүүлэлтийн Хэлтэс” рүү инженерээр орох болов оо. Би тэр үед 250$-оор 1985 оны арай хийж явдаг нэг машин худалдаж авчихсан байсан юм. Тушаал дэвшээд, төгссөн мэргэжлээрээ хүсч байсан ажлаа хийх болсон гэдэг мэдээг сонссон тэр өдрөө гэр рүүгээ харьж явахдаа машиныхаа бүх цонхыг хааж байгаад ”Yes” гээд хамаг чадлаараа орилж билээ. \инээв\ Таван жил би тэндээ тасралтгүй ажилласан.
20170116 004
Дөрөв. МОНГОЛД БАС СОЛОНГОСТ
-Г.Галбадрах: Хурдан дэвшиж, тэр хэрээрээ сайн туршлага хуримтлуулж байжээ?
-А.Амарбаяр: Хамгийн доороос нь эхлээд бүх шат хүртэл нь зочид буудлын системийг
сурчихлаа гэж бодож байсан. Тэгээд сурсан мэдсэнээ ашиглаад ”Монголынхоо зочид буудлууд, кемпүүд, гэр жуулчны баазуудыг нэгтгэсэн захиалгын системтэй болгоноо” гэсэн зорилготойгоор Монгол руугаа буцлаа. Гэхдээ ”Юмыг яаж мэдэх вэ?” гээд ”Б” төлөвлөгөө гаргасан байсан нь, ”Монголд очоод энэ санаа маань бүтэлгүй болох бас ажил олдохгүй болбол мэргэжлээ дээшлүүлэн ахиад сурна” гэсэн төлөвлөгөөтэй. Монгол руугаа буцахаас хагас жилийн өмнө Солонгосын Сөүлийн Үндэсний Их Сургуульд шалгалт өгөөд 100 % тэтгэлэгтэй суралцах урилга хармаандаа хийчихсэн байсан л даа. Монголдоо ирээд ажилд орох гэж ярилцлагад орж үзтэл, Америк дахь таван жилийн туршлагыг маань тийм ч их тоохгүй, харин ”магистр хийгээгүй” гэсэн шалтгаанаар маш бага цалин, хангамж санал болгосон. ”Зочид буудлын системтэй холбоотой төсөл авч ажиллая” гэж бодоод судалгаа хийж хэд хэдэн зочид буудлын IT албаны дарга, менежэрүүдтэй уулзаж ярихад ”Өө, наад санаа чинь явахгүй. Манайхан чинь Оросын зочид буудлуудын захиалгын системийн кодыг интернэтээс олж байгаад татаад авчихдаг юм. Тэгээд л хэрэглэчихнэ шүү дээ” гэж байсанд нь урам хугарсан. Нөгөө талаасаа туршлага дээрээ түшиглэн өөрийн санаа бодлоо хэрэгжүүлэх боломж надад ер харагдахгүй байлаа.
-Г.Галбадрах: Монголд маань чиний Америкт хуримтлуулсан туршлагыг бус цаасан дээр байгаа дипломын үнэлгээг үнэлдэг муу тогтолцооны жишээ байна л даа?
-А.Амарбаяр: Нэгэнт зорьж ирсэн зорилго маань бүтээгүй болохоор ”Б” төлөвлөгөөндөө орж, Сөүлийн Үндэсний Их Сургууль руу явахаар шийдсэн. Миний сурч байсан лабораторид магистр болон докторын зэрэгтэй 12 оюутнууд байлаа. Хоёрхон гадаад оюутан байсны нэг нь би. Тэд бүгд маш мундаг, чадвартай оюутнууд байсан нь хийж байгаа төслүүдээс нь шууд мэдрэгдэж байв. Засгийн Газрын тендэрт орж өрсөлдөөд Солонгосын wi fi интернэтийн хурдыг 50 дахин хурдан болгох төслийг ялаад авчихаж байгаа лаборатори шүү дээ. Гэвч тэнд сурахад маш стресстэй, оюутнууд нь үүрийн 4,5 цаг хүртэл хичээлээ хийнэ. Долоо хоногийн зургаан өдөр маш ачаалалтай ажилладаг. Хичээлүүд нь англиар ордог ч, солонгос багш нарынх нь аялга ойлгогдохгүй. Мэдлэг хүлээж авах гэхээс илүү аялгыг нь ойлгох гэж хамаг хүчээ барчихдаг байв. Хоёрдугаарт хоол нь бас таарсангүй. Кампус дээр хоол идэхээр хэдхэн зүсэм мах, будаа, хачиртай өгдөг. Тэгээд хамгийн түрүүнд солонгосоор хэлж сурсан ”Ахиад хоол нэмж өгөөч” гэдэг үгээ байнга давтана. Тэнд сурч байхдаа олон мундаг монгол оюутан, ах эгч нартай танилцан найзууд болж, их ч зүйл сурсан. Гэхдээ яагаад ч юм бэ? миний хувьд Солонгос нэг л таарч өгөхгүй байсан болохоор, эргээд Америк руу явья гэсэн бодол төрсөн дөө. Ахиад сургууль хайж эхлэв. Нэг өдөр ”Зээлээр магистрийн зэрэгт сурах боломжтой Их Сургууль” -ийг олж мэдээд тэр сургуультайгаа холбогдоод эхэлсэн. Удалгүй шалгалт өгч, бичиг баримтаа бүрдүүлэн ярилцлагад орж тэнцээд, сургуульдаа орсон доо.
20170116 005
Тав. ”АМАЗОН”-Ы АХЛАХ ИНЖЕНЕР
-Г.Галбадрах: Нөгөө л дунд сургуульд сурч байхдаа сайн сургуулиудыг шилж сонгож сурч байсан түүх тань давтагдаж дээ?
-А.Амарбаяр: Тэгсээн. \инээв\ Сургуульд орох урилгаа аваад 2014 оны 6 сард энд ирсэн. Энд үнэхээр чанартай боловсрол эзэмшиж чадсандаа их баяртай байгаа. Нэг сард нэг л хичээл үзнэ. Тийм зарчмаар явахаар яг тухайн сардаа өөр юунд ч санаа зовохгүйгээр тэр хичээлдээ анхаарлаа хандуулж, сайн сурах боломжтой. Улмаар 2015 оны 12 сард хичээл маань дуусаад ажил хайж эхлэв. Дотроо бол бүгд л Амазон, Гүүгль, Фэйсбүүк, Майкрософтод орчих хүсэлтэй. Миний хувьд ч бас адилхан. Гэхдээ баярын улирал таараад ч тэр үү, ажил хайгаад явц муутай байсан нь бага зэрэг сандаргаж байсан шүү. Он гараад харин ажлын ярилцлагууд эрчимтэй өгч нэг ажлын байрны санал хүлээж авлаа. Бас нэг газартай нилээд сайн ярилцлага өгч, ажлын байрны санал авах дөхөж байсан юм. Энэ 2 компанид хариугаа хэлэх ёстой 7 хоногийн хугацаанд гэнэт ”Амазон” оос утсадаад ”Ярилцлага хийж болох уу?” гэж санал тавьсан. Хүссэн болгон ороод байдаггүй өндөр шалгууртай болохоор, би ч эхэндээ ”Эрсдэл үүрэхгүйгээр бэлэн байгаа ажлын саналаа авчихья” гэж бодож байв. Гэтэл яагаад ч юм бэ? цаанаасаа л ”Хоосон хоцорсон ч хамаагүй ярилцлага өгөөд үзье” гэсэн бодол эргэлдээд, сайн найзууд минь хүртэл дэмжиж зөвлөсөн болохоор, эргэлзээгээ ”Ерөөсөө л ”Амазон”-ыг хүлээж, үзээд алдая” гэж шийдэж тайллаа. Эхний ээлжийн ярилцлагаа утсаар өгтөл ”Та тэнцлээ, Сиэтлд хүрч ирж ярилцлаганд ороорой” гэж байна. Сиэтлд очих бүх зардлыг \онгоц, зочид буудал, өдрийн 3 хоол, такси\ цаанаас нь төлнө гэхээр нь гайхаж байж билээ. Тэгээд л Сиэтлд очиж өгөх ярилцлагадаа бэлтгэн, интернэтээр ”Амазон”ы тухай судалж эхэлсэн дээ.
-Г.Галбадрах: ”Амазон”-д орох ярилцлагад бэлтгэхдээ, ”Амазон”-ы талаар судалж байгаа чинь хамгийн зөв шийдэл байна гэж би бодож байнаа.
-А.Амарбаяр: 45, 45 минутаар таван ярилцлагад орох байсны 4 нь техникийн ярилцлагууд, харин үлдсэн нэг нь яг орох багийнхаа менежэртэй хийх ярилцлага байсан юм. Тэгэхээр ганц техникийн чадвараа бэлтгэхээс гадна, ”Амазон” компаны талаар судалж, ”Яагаад энэ заавал энэ компанид ажиллах хүсэлтэй байгаа юм бэ?” гэдгээ нотолж ойлгуулах хэрэгтэй байлаа. Тиймээс анх үүсэн байгуулагдсан цагаас нь эхлэн судалж, бизнесийн модель, ололт амжилтууд, бас алдаанууд, шинэ шинэлэг бүтээгдэхүүнүүд, СЕО-н өгсөн ярилцлагууд, мэдээ, бүр цаашлаад сүүлийн 6 сард хувьцаа нь яаж унаж, өссөн талаар уншиж судлан бэлтгэсэн байсан юм. Техникийн асуултуудаа хариулчихаад мөнөөх менежэртэй ярилцхадаа уншиж судалсан зүйлүүдээсээ ярьтал ”Woow” гэсэн хариулт шууд авч байсан шүү. Ярилцлагаас гарч ирэхдээ ”Тэнцээгүй байсан ч харамсахгүйгээр өөрийн чадвараа бүрэн ойлгууллаа” гээд өөртөө санаа амар, бас баяртай байдаг юм билээ. Ярилцлагынхаа хариуг маргааш нь э-майлаар хүлээж автал, хамгийн эхний үг нь ”Cоngratulatuons” гээд л гараад ирэв. Тэрийг нь харчихаад сандарсандаа цонхоо хаачихаад, ахиад нээж хартал ”тэнцчихсэн” байлаа. Амьдралдаа 2 дахь удаагаа бүх чадлаараа өөртөө ”Yes” гэж хашгирсан нь энэ байсан. Энэ сайхан мэдээгээ найзууддаа гэр бүлдээ хэлээд л бөөн баяр болсон.
20170116 006
-Г.Галбадрах: Энэ бол миний бодлоор том амжилт мөн шүү дээ?
-А.Амарбаяр:Энэ амжилтанд би дан ганцаараа хэзээ ч хүрэхгүй байсан байх. Аав ээжийнхээ ачаар эзэмшсэн боловсрол мэдлэг, өмнөх ажлын туршлага, хамт сурч байсан оюутан найзуудын туслалцаа, багш нарын зөвлөлгөө гээд олон зүйлс энд хүрэхэд минь тусласан. Гэхдээ энэ дундаас нэрийг нь дурдах ёстой хоёр хүн бий. Эхнийх нь одоо Finch Computing-д Lead Product Manager хийж байгаа М.Сувдмаа эгч. Анх 16 настай оюутан болоод ирж байхдаа М.Сувдмаа эгчийн бичсэн ”Их Сургуульд хэрхэн тэтгэлгээр сурах” талаар бичсэн нийтлэлүүдийг уншаад, ”Энэ эгч шиг амжилт олоод, сурч мэдсэн бүхнээ бусадтай хуваалцах юм сан” гэж бодож байлаа. Харин магистрийн хичээл дуусаад ажил хайх дөхөж байх үед өдөр оройн цагийг үл хайхран М.Сувдмаа эгч бидний 10-аад монгол оюутнуудад ярилцлагад хэрхэн бэлтгэх талаар үнэтэй зөвлөлгөө өгч байсан нь маш их тус болсон. Одоо ч гэсэн ажлын карьерийн талаар хааяа зөвлөлгөө авдаг юм. Нөгөөх нь Facebook-т ажиллаж байгаа, одоо маш сайн найзууд болсон Хонгор. Google, Facebook хоёрт ярилцлага өгөөд хоёулангаас нь ажлын байрны санал авсан туршлагаасаа бичсэн блогийг нь уншаад урам орж,” Би ч бас их бага гэлтгүй сурсан мэдсэнээ бусадтай хуваалцаж байх хэрэгтэй юм байна” гэсэн бодол бат төрсөн дөө. Ажилд орсныхоо дараахан 1 сард блог нээгээд ажлын ярилцлагад орсон туршлагаа бусадтай хуваалцах боллоо. Өнөөдрийг хүртэл блогийг минь 11 000 орчим хүн үзсэн байдаг бөгөөд боловсрол, ажил мэргэжил, ярилцлага, Америкт амьдрах талаар, тэр ч бүү хэл хүний нөөцийн бодлогын талаар олон хүмүүс холбогдож байсан. Энэ бүхнээс их урам авч хүмүүст чадах ядахаараа мэдлэг, мэдээллээ хуваалцаж байх хэрэгтэй юм байна гэж бодож байгаа. Хэн нэгэнд хэзээ нэгэн цагт багахан ч атугай тус болбол тэгээд л зорилго минь биелнэ шүү дээ.
-Г.Галбадрах: Маш сайхан сэтгэл байнаа, Амараа. ”Амазон” бол дэлхийд бренд болсон компаниудын нэг. Энд ажиллаж хэр хөгжиж байна даа?
-А.Амарбаяр: Ажилд ороод эхний үед жаахан санаа зовж байлаа. Яагаад гэвэл, хамт ажиллаж байгаа хүмүүс маань Harvard, Stanford8 MIT төгссөн, эсвэл Google, Facebook, Microsoft, Apple-д ажиллаж байсан туршлагатай, мундаг хүмүүс байв. Гэтэл миний бакалавр, магистраа төгссөн сургуулиуд маань рейтинг ч байхгүй, ”хөдөөний” гэж нэрлэгддэг хотуудад байрлалтай сургууль шүү дээ. Би тэгээд тэдэнд өөрийн суралцаж төгссөн сургуулиа хэлтэл, ” Айн!Тэнд чинь хүн амьдардаг юм уу?” гээд тоглож хэлээд инээнэ шүү дээ. Эхний хоёр сар бол ”Яая даа” гэтлээ ажиллав. Маш их мэдээлэл дунд живчихэж байгаа юм шиг л санагдсан. Хүн өөрөө хичээгээд нэг зорилго тавиад түүнийхээ хойноос явахгүй бол, хоцрогдох эрсдэлтэй. Тэгэхээр байнга л өөрийгөө хөгжүүлж, шинийг мэдэж, гараасаа үр бүтээлтэй ажлуудыг гаргаж байх шаардлагатай болдог. Ажил дээр өнгөрүүлж байгаа 1 минут болгон хэрэгцээтэй байх ёстой. Эхний жил гэхдээ би их ч хичээж, сайн ажилласан. Үүнийг маань манай менежэрүүд хийсэн ажлаар минь дүгнээд тушаал дэвшүүлсэн юм. Ажилд ороод 6 сар болоод тушаал дэвших болзлоо хангачихсан байсан ч, зуныхаа амралтаар Монгол руу явчихсан байсан учир тэр боломжоо алдаад оны төгсгөл хүртэл хүлээх хэрэгтэй боллоо. Баг дотроо ”ахлах инженэр” гэсэн тушаалд очиход, надтай адилхан тушаал дэвшсэн хүмүүс 3 жил ажиллаж байж тэр албан тушаал дээр очсон байдаг юм. Тэд надаас тоглоом шоглоомоор ”Чиний нууц чинь юунд байна?” гэж асуухад нь, хариуд нь ”Монголчуудад байна” гэж хэлээд инээчихдэг юм.
-Г.Галбадрах: ”Амазон”д тушаал дэвших процесс нь яаж явагддаг болон компаныхаа талаар товч танилцуулж болох уу?
-А.Амарбаяр: Тушаал дэвших процесс нь их өвөрмөц. Яг шийдвэр гаргах 6-8 хүн нь намайг танихгүй, мэдэхгүй хүмүүс. Миний хийсэн бүх ажлуудын мэдээлэл, мөн хамт ажилласан хүмүүсийн сэтгэгдэл дээр тулгуурлаад шийдвэрээ гаргадаг. Үүн дээр нэмээд хэлэхэд, манай компани дэлхийн түвшинд өөрчлөлт шинэчлэлт, технологийн хувьсгалуудад том хувь нэмэр оруулж яваа компаниудын нэг нь. Жил болгон л шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлж, хэрэглэгч үйлчлүүлэгчдийн ирээдүйг тодорхойлж, залж байна шүү дээ. 2016 оны 12 сард PrimeAir гээд агаарны дроноор захиалсан барааг нь хүргэж өгдөг үйлчилгээг Англид туршилтын байдлаар нэвтрүүлсэн бол, уг сард AmazonGo гээд бараа аваад гарахдаа ямар нэгэн кассанд бичүүлж, төлбөр төлөх шаардлагагүй, шууд гараад явчихдаг дэлгүүрийг Сиэтл хотод нээлээ. Ийм компанид ажиллана гэдэг маш том аз завшаан бөгөөд, энэ чинээгээрээ сурч мэдэх, өөрийгөө хөгжүүлэх боломж нь өндөр юм. Гэхдээ энэ жил, эсвэл ирэх жилээс өөр салбрууд руу бас сонирхож үзэх бодол төрж байгаа.
20170116 005
-Г.Галбадрах: Уулзаж ярилцахад сайхан байлаа. Чи бол миний бахархаж, итгэж явдаг залуусын нэг нь. Чиний өмнө маш их ирээдүй байгаа гэдэгт итгэж байна. Чамд амжилт хүсье.
-А.Амарбаяр: Тантай уулзаж ярилцсандаа ч би баяртай байна. Би нэг их мундаг нь биш шүү дээ. Боловсролыг дэмждэг ухаантай аав ээжийнхээ итгэл найдварыг алдахгүй гэж хичээж яваа. Хүн өөртөө олдсон боломж бүрээ маш сайнаар ашиглаж чадвал амжилтад заавал хүрдэг гэдэгт итгэдэг. Харин боломж ирэхэд бэлэн байхгүй бол алдчих эрсдэлтэй. Өөрийгөө голох хэрэггүй шүү дээ. Өөрийгөө ”Би юу ч хийгээгүй байна”, ”Юу ч мэдээгүй, сураагүй байна” гэж хэт их голох, эсвэл дарах хэрэггүй болов уу? гэж боддог. Тэгж байж л өөрийн олж авсан мэдлэг чадвар, туршлагаа их, бага гэлтгүй бусадтай хуваалцдаг болно. Харин тэр хуваалцсан багахан туршлага нь хэн нэгэнд урам зориг өгөх, хүсэл мөрөөдөлд хөтлөх, эсвэл амьдралд нь бага ч болов эерэг нөлөө үзүүлж чадвал зорилго чинь биелэлээ гэсэн үг. Дашрамд хэлэхэд, 2017 оны 3 сарын 18-20 нд залуустайгаа хамтраад ”Америк дахь монголчуудын Хөдөлмөрийн Яармаг”-ийг 4 дэх удаагаа Сиэтл хотод зохион байгуулахаар өнгөрсөн 8 сараас эхлэн бэлтгэж байна. Энэ арга хэмжээ нь оюутан залуучууд болон ажил олгогч нарт маш хэрэгтэй, бас сонирхолтой үйл ажиллагаа болдог юм. Энэ нийтлэлийг уншиж байгаа АНУ-д сурч ажиллаж байгаа оюутан залууст болон Монголд байгаа ажил олгогч компаниудад бүгдэд нь нээлттэй гэдгийг мэдэгдэх гэсэн юм. Танд ч бас эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.
...Сүүлийн жилүүдэд дэлхийд алдартай мэдээллийн технологийн компаниудад монгол залуус олноороо ажиллаж байгаагийн нэгэн төлөөлөл нь А.Амарбаяр. Тэрээр хэдийгээр Америкийн алдартай бренд сургуулийг төгсөөгүй боловч, ”Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг хэлц үгийг амьдрал дээр нотолж яваа залуу. Амьдралд идэвхтэй байх, өөрийн мэдэж авсан ухаарал, ажиллаж байхдаа хуримтлуулсан туршлагаа бусадтай хуваалцах хүсэл нь түүний мөн чанарыг илэрхийлдэг. ”Би өөрийгөө эхлээд сайн хөгжүүлэх хэрэгтэй байнаа. Магадгүй хэзээ нэгэн цагт тантай хамтарч ажиллах боломж олдох байх” гэж тэрээр надад хэлсэн юм. Түүний өмнө маш их ирээдүй байгаад би итгэлтэй байгаа. Бага наснаасаа л чанартай сайн гэж тооцсон бүхэн рүүгээ сонголт хийж, өөрийн мэдлэг чадвараа хөгжүүлж байсан нь өнөөдрийн амжилт, маргаашийн сайн сайхан руу итгэлтэйгээр харах өөдрөг хандлагын суурь нь болсон байх. Миний анзаарснаар А.Амарбаяр бол хүсэл мөрөөдөлдөө яг л гал шиг асч яваа залуу. Тэр гал дунд өөрийгөө таньж, өөрийгөө хатуужуулж, өөрийн мөн чанараа хатааж яваа ган. Тэр олон залууст үлгэр жишээ болж, тусалж чадна.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
-
2017 оны 1 сарын 17
Нэг хүн нарыг уургалана гэж морио бэлдэж хоноод өглөө нар уулын толгойгоос цухуйх мөчид ухас хийн давхидаг байжээ. Тэр хүн өглөө бүр ялигүй хоцрох бөгөөд морио янз янзаар сольж үзжээ. Бас уургаа ч сольж урт болгон үзэж байжээ. Ер нь л янз янзын аргаар оролдсон аж. Гэвч нарыг уургалах Зорилго нь биелэсэнгүй гэнэ. Харин нутагтаа нэртэй морь уургаладаг уургач хүн болсон гэдэг. ккк.
Үүнтэй төстэй ч гэхээр юм уу даа ккк. Монголд яг өөрийнхөө амьдралыг өөд нь татах бодолтой яваагаа ил цагаан хэлээд явах юм бол бүтэхэд маш бэрх.
Харин том өөр Зорилго яриад явбал тэр том зорилго нь биелэхгүй байсан ч хувийнхаа амьдарлыг өөд нь татах боломж байдаг ажээ. ккк
Жишээлбэл: Авилгалыг устгана. Монгол улсаа аварна, хөгжүүлнэ гэж ярьдаг бичдэг тэмцдэг хүн өнгөрсөн 26 жилд тоогүй олон байсан.
Гэвч Монголд авилгал байсаар л байна. Улс маань хөгжөөд сүйд болсон юм алга.
Харин энэ зорилгыг ярьж ТУГАА болгож байсан хүмүүсийн хувийн амьдралд ЧАНАРЫН ТОМ том өөрчлөлтүүд гарчээ.ккк
Үүний нэгэн жишээ бол Сонгуулийн үед хонь хариулж өссөн гэж ТВ-гээр цацагдаж байсан Ц.Элбэгдорж өнгөрсөн 26 жилийн 3-орчим жилд л АНУ-д явж суралцаж байжээ. Бусад бүх жилүүдэд нь төр засагт ямар нэг хэмжээгээр ажиллаж байв.
Одоо түүний хувийн хөрөнгийг төрөөс авч байсан цалинтай нь харьцуулаад үзвэл сонин тоо гарна байх шүү. ккк
Тэмцэгчдийн ярьдаг том зорилгуудаас бичвэл Дэлхийн дулаарлын эсрэг, Цөмийн хаягдлыг Монголд булшлуулахын эсрэг, гэх мэт глобал зорилгууд ч байлаа.
Би тэмцэж яваа хүнийг дэмждэг. Харин Монголын тэмцэгчид маань баяжаад ирэхээрээ анхныхаа зорилгоос хазайгаад өөр юм яриад явчихдаг нийтлэг гэмтэй юм.
Шударга байцгаая гэж ярьж байсан хүн, Өнөөдөр шударга байж чадаж байгаа билүү дээ? Тангараг өргөхдөө маргаашнаас Монголд авилга байхгүй болно ч гэж хэлж байжээ. ккк
Монголын сонгогчид Түүнийг хэлсэндээ хүрэх болов уу гэж л дэмжиж байлаа.
Монголын улс төрд хэлсэн, ярьсандаа байж чаддаг, түүнийхээ төлөө тууштай тэмцдэг, тийм улс төрийн хүчин, улс төрчдийн эрэлт хэрэгцээ маш их байна.
Улс төрчдийн Сонгуулиас өмнө ярьж байсныг Сонгуулийн дараа ярьж байгаатай нь харьцуулан ТВ-гээр Монтажлан үзүүлбэл ХОШИН Шогийн жүжигчид маань хийх ажилгүй болох буй заа ккк.
-
2017 оны 1 сарын 17
...З.Энхболд “С.Баярцогтыг дэвшүүлэхгүй байж чадаагүйнхээ төлөө” уучлалт гуйсан нь орчин үеийн “Мангаа До”-Ц.Элбэгдоржийн дэргэд барьцааны хүн л гэж байдгаас багийн хүн гэж байхгүйг нотолчихлоо доо…С.Баярцогт бол АН-ын хүн биш...
-
2017 оны 1 сарын 16
Намайг хуучнаар ”ГЯЯ”-ны яамны албан ёсны нэрийг одоо юу хэмээн нэрийдэж байгаа бол гэдэг дээр эргэлзэж байна гэвэл та бүхэн итгэх үү? ”ГЯЯ” гэж хашилтан дотор хийлээ шүү. Намайг бага залуу байхад ихээхэн нэр хүндтэй энэ байгууллагын албан ёсны нэрийдэл ”Гадаад явдлын яам” гэсэн нэрээрээ хорь гучаад жил явсан байх. Уг сурвалжийг нь хөөн бодвоос бүр автономитын үеэс энэ нэрийдэл бүрэлдэн тогтсон янзтай байдаг.
Дараа нь 1990 оноос хойш Гадаад хэргийн яам болчихсон цохиж явснаа тун удалгүй нэг засаг солигдоход Гадаад харилцааны яам болсон санагдаж байна. 2010 онд нэгэн арга хэмжээнд орчуулга хийгээд явж байхад албан ёсны нэрийдлийн товчлол нь ”ГХХЯ” болчихсон байсныг хэр баргийн хүн тайлан унших нь байтугай тэр тухай дуулаа ч үгүй байвал миний хувьд төдийлөн гайхахгүй. Яагаад гэвэл би ч өөрөө тэр нэрийг хараад ”Нэр томъёоны тогтвортой байх чанарыг” ингэж алдагдуулж байх гэж дээ хэмээн дотроо халаглаж байсан болохоор тэр юм. Дээрх товчлолын тайлбар нь ”Гадаад харилцаа худалдааны яам” гэсэн үг болой.
Манай боловсролын яамны нэрээ өөрчлөсөн хийгээд өөр салбартай нийлж салсан түүхийг өгүүлвээс энэнээс урт үлгэр болж мэдэх байх аа. Ер нь төрийн гол яамдын нэрийн өөрчлөлт гэдэг сэдэв авчихсан оюутан толгой өвдөлгүй мастерийн зэрэг хамгаалчих байх шүү.
Намайг бага залууд Эрүүлийг хамгаалах яам гэдэг байсан байгууллагын нэрийн хувирлын түүх өдгөө ямар болсныг миний хувьд тийм гээд зоригтой хэлчих сачий бас л дутаж байна. ”Эрүүл мэндийн яам”, ”Эрүүл мэнд нийгмийн хамгааллын яам”, ”Эрүүл мэнд нийгмийн халамжийн яам” ч бил үү дээ хувираад явчихсан нь одоо ямар нэрэн дээр очоод тогтоо бол доо? Ийм жишээг ХААЯ-ны нэрийн хувирал гээд үргэлжлүүлвэл бас л дуусашгүй юм болж мэдэх нь.
Миний сайн мэдэж байгаачлан өмнөд хөрш Хятадад ”Боловсролын яам”, ”Соёлын яам”, ”Гадаад хэргийн яам”, ”Эрүүл мэндийн яам” гээд нэг л хатуу тогтсон нэр томъёо нь хэдэн арав тэр ч байтугай зуун жилийн настай байдаг нь төрийн тогтвортой байдлын илэрхийлэл баталгаа болж байдаг шиг. За цаашлаад тэдний хувьд ”Багшийн их сургууль”, ”Анагаахуйн их сургууль” гээд ямар ч зоригтой улс төрч өөрчлөх аргагүй хүмүүсийн сэтгэлд хоногшин үлдсэн нэршлүүд манай улсад болохоор ”Боловсролын их сургууль”, ”Эрүүл мэндийн их сургууль” гээд аль эрт төрөл арилжчихсан байх жишээтэй.
Хэл бол нийгмийн үзэгдэл болохын хувьд нийгмийн хөгжлийг даган хувьсаж байх зүй тогтолтойг миний бие хэл шинжээч хүний хувьд мэдэлгүй яахав. Гэхдээ аливаа үндэстний хэлний хамгийн тогтворгүй, хувьсамтгай хэсэг нь ярианы хэл байдаг бөгөөд тэрхүү хувьсамтгай чанарыг нь бичгийн хэлний харьцангуй тогтвортой чанар хазаарлаж байх учиртай гэж үздэг. Өөрөөр хэлбэл бичгийн хэл нь ярианы хэлийг бодох юм бол илүү тогтвортой чанартай байдаг гэсэн үг л дээ. Тэр дундаа дээр өгүүлсэн төрийн гол яамд, салбарын үндсэн нэгжүүдийн нэрийдэл зэрэг нэр томъёонууд бичгийн хэл дундаа бүр ч тогтвортой байх учиртай нь дэлхийн хөгжингүй улс орнуудын ”Хэл соёлын бүтээн байгуулалтын үйл хэргийг” ажиглаж байхад тодорхой харагддаг.
Харин энэ зүй тогтол манай улсад болохоор улс төрийн тогтворгүй байдал хийгээд хэл шинжлэлийн талаар паг байж мэдэх ойворгон улс төрчдийн балгаар яаж бантагнаад байгаагийн зах зухаас товч өгүүлэхэд ийм буюу.
Хэдэн сарын өмнө УИХ-ын гишүүд ”Үндсэн хуулийн”, ”Үндсэн хуулын” гэж хоёр бичлэгийг нэг мөр болгох асуудлын талаар маргалдаад сууж байхыг харахад үнэхээр эмгэнэлтэй санагдаж байсан шүү. Үндэсний монгол бичигтээ зоримог шилжин орохоос нааш энэ мэт инээдтэй марзан гэхэд багадмаар маргаан мэтгэлцээн төгсгөл болох нь юу л бол? Даанч үүнийг манай суурин дээрээ ”380 градус” эргэчихдэг улс төрчид сэхээрдэг болов уу? Манай нэгэн хашир туршлагатай улс төрч өөрийн нэг томоохон асуудлаарх байр суурь үндсээрээ эргэчихээд байгаа гэдэг санаагаа ”380 градус эргэчихээд байна” хэмээн хэвлэл мэдээллээр мэдэгдсэнийг санаж байна уу? Тойргийн хэмжээс миний багад арай өөр байдаг шиг санагдах юм. Гэвч энэ цаг үед болж бүтэхгүй юм гэж бараг үгүй болсон болохоор 380 болчихоод байгааг мунхаг би ухаарахгүй яваа ч юм бил үү?
-
2017 оны 1 сарын 16
Утаа ба машины түгжрэлээс салах нэг арга бол УБ-д байрлах их дээд сургуулиудыг нүүлгэн Багануур орчимд Их Сургуулиудын хот байгуулах арга байж болно. Хотын төвд байрлах МУИС, МУБИС, ШУТИС, АШУИС, ХААИС зэрэг суглуулиудыг нэг нэгээр нь Багануурт шилжүүлэн байрлуулж болох мэт санагддаг.
Хэдэн жилийн өмнө Монгол улсын ЗГ-аас их дээд сургуулиудыг
Багануурт нүүлгэн шилжүүлэх талаар судалгаа хийгдэж байсан байх учиртай.
Одоо тэгээд тэр бодлогоо үргэлжлүүлэхэд л болно. Төр засгийн бодлого гэдэг тууштай цэгцтэй үргэлжлэж байх ёстой.
Хичээлийн байр сав, Багш, Оюутаны амьдрах байр сав, Ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн Цэцэрлэг, Спортын иж бүрэн стадион гэх мэтээр Багануурт барьж болох байх.
Дээр дурьдсан Их дээд сургуулиудын хотын төвд байх байшингууд хуучирсан тул эрт оройгүй Нурааж шинээр барина.
Тиймээс тэр барилга барих зардлууд Төр засгаас уван цувсан байдалтай угаасаа гардагаараа гарна.
Барихдаа л Багануурт барина гэж ойлгох хэрэгтэй.
Дээрх Их дээд сургуулиудын одоогийн хотын төвд байрлах төрийн өмчийн Газрыг нь өндөр үнээр дуудлага худалдаагаар зараад цугласан мөнгөөр нь Багануурт эрүүл газарт бүтээн байгуулалт хийж болох буй заа.
Хөдөөнөөс УБ-д орж ирж байгаа хүмүүсийн ихэнх нь Хүүхдүүдийнхээ сургууль соёлыг бодож орж ирдэг аж.
Харин хотод орж ирсэн хөдөөний хүүхдүүд маань 4-5 жил сураад нутаг буцдаггүй юм билээ.
Тиймээс Сургуулиар нь дамжуулаад Шинэ хот үүсгэж болохоор санагдсан.
Дэлхий дээр ийм сургууль бараадаж үүссэн хотууд их олон байдаг гэнэ лээ.
Мөн АНУ, ОХУ, Герман мэтийн улсын Их дээд сургуулийн салбаруудыг ч төрийн бодлогоор Багануурт байгуулан суурьшуулж болох байх.
Зун Их дээд сургууль амарсны дараа УБ хот маш сэлүүхэн болдог доо. Автобус ч хоосон шахуу яваад л, Баар саванд ч үйлчлүүлэгчид цөөрдөг, мөн ЦЕГ-ын мэдээнээс харахад гэмт хэргийн тоо ч цөөрдөг гэнэ лээ.
Харин Намраас эсрэгээрээ согтуу хөлчүү, хулгай дээрэм, танхай, зодооны хэрэг эрс нэмэгддэг гэдэг судалгаа байдаг юм.
-
2017 оны 1 сарын 12
УБ-ын Утаа ганцхан энэ жилд үүссэн юм биш.
Утааны цаад шалтгаан нь ЯДУУРАЛ юм.
Сүүлийн 26 жилд Монголд бий болсон Олигархижсон тогтолцоо нь Монгол орны бүх баялагийг 200-гаад айлд хуваан эзэгнэх боломжийг бүрдүүлжээ.
Эдгээр эрхэмүүдийн ихэнх нь хууль бусаар хураасан хөрөнгөө доллар болгон Оффшёр бүсэд хэдэн арван сая доллараас эхлээд хэдэн зуун сая хүртэлх хэмжээний долларыг нуусан байгаагаас тод харагддаг.
Бусад нийгмийн доод давхарга болох ядуурсан Монголчууд нь ажил олдох болов уу хэмээн горьдон эсгий гэрээ ачаалан нүүсээр УБ-хотын захаар ирж, суурьшижээ.
Эдгээр айлууд нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хот гэдгээрээ нэрд гарсан УБ-д гал түлэхгүй өвөлжих боломжгүй юм. Утааны эх үүсвэр бол энэ шүү дээ.
Утаанаас сална гэдэг нь ядуусаа төвийн халаалттай орон сууцанд оруулснаар л шийдэгдэх учиртай.
Гэтэл сүүлийн 20-иод жилд утаагүй зуух, утаагүй түлш гэх мэтийн төсөл арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсээр 300-гаад тэрбум төгрөгийг үржээ.
Гэвч утаа нь огт багассангүй, хүн амын шилжин ирэх тоог даган харин ч нэмэгдсэн байна.
Утаагүй зуух, Утаагүй түлш мэтэд зарцуулсан тэр 300 тэрбум гаруй төгрөгөөр гэр хорооллоо барилгажуулсан бол утааны хэмжээг нилээ багасгах байсан аж.
Өнгөрсөн хугацаанд Утааны асуудлыг шийднэ гэж хийсэн хурал, чуулган, үзэсгэлэн, бичиг цаас, шийдвэр тогтоолыг тоолох аргаггүй олон.
Үе үеийн эрх баригчид утааны асуудлыг шийднэ гэж төсвөөс мөнгө гаргуулан хувааж иддэг нь одоо иргэдэд нууц биш болж.
Үүнд МАН-ын ЗГ-ын үед 2-р цахилгаан станц дээр түшиглэн утаагүй коксжисон түлш үйлдвэрлэхээр 17 тэрбум төгрөг буюу тэр үеийн ханшаар 14 сая долларыг одоогийн УИХ-ын гишүүн Хүрэлбаатар тэргүүтэй нөхөд цувчуулан үгүй хийснийг дурьдаж болно. Үүнд хэн ч хариуцлага хүлээгээгүй юмаа.
Одоо ч утаанаас сална гээд бас л утаагүй түлш, зуухныхаа тухай ярьцгааж байна.
Энэ нь МАН-д мөнгө идэх боломжийг л олгоно гэсэн үг.
Дээр нь нэмэгдсэн нэг юм нь гэвэл нөгөө муу утаа тавьдаг ядуустаа төрийн албадлагын хүчийг хэрэглэн нүүлгэх, УБ-д шилжин ирэхийг нь тас хориглоно гэж байх шиг байна.
Гэтэл манай үндсэн хуулинд дуртай газраа очиж, амьдрах нь зөвшөөрөгдсөн байдаг гэдгийг сануулъя.
Улс үндэстэн гэдэг бол нэгдсэн цул юм мөн бөгөөд нийтээрээ хөгжиж дэвшнүү гэхээс тусдаа ялгаран вакумжиж амьдрах аргаггүй ажээ.
Нэгэн цаг үед төрсөн бид баян хоосон ялгаагүй нэгэн ижил агаар амьсгалан амьдардаг гэдгийг бүү март. ккк
Утааг арилгах цорийн ганц арга бол Ядуурлыг арилгах юм шүү дээ. Ядуурал арилсан тэр цагт утаа ч аяндаа алга болно.
Жич: Лондон хотод утаа их байсан гэх ба тэд ганц хоёр жилийн дотор утаагаа арилгажээ. Тэнд нүүрс түлэхийг хориглосон бөгөөд шингэн, хийн түлшийг өргөн худалдаалсан байна.
Англичууд бол дэлхийг колоничилсон их гүрэн тул ядуурал энэ тэр гэж юм байгаагүй.
Хийн ба Шингэн түлшийг өргөнөөр зарахад л асуудал нь шийдэгдэж байгаа юмаа. Тэнд худалдан авах чадваргүй ядуучууд маш цөөн, бараг байхгүй учраас л тэр шүү дээ.
Манайд Шингэн ба хийн түлшээр гэрээ дулаацуулах тэнхээтэй гэр хорооллын айл маш ховор юм.
-
2017 оны 1 сарын 12
...Америкийн худалдааны сөрөг сальдог арилгахын тулд Трамп Хятадтай хийх худалдаанд 45%-ийн татвар тогтоожээ гэж бодоод үзье. Яг өнөөдөр энэ сальдо 370 млрд доллар болоод байна. Энэ нь Америкийн сан энэ мөнгийг олж авч чадахгүй, яагаад гэвэл бүх валют тэр дороо л Америк руу эргээд ирнэ гэсэн хэрэг юм...
-
2017 оны 1 сарын 11
ЭНЕРЖИ-РЕСУРС нь 2 тэрбум долларын хугацаа хэтэрсэн зээлтэй буюу өртэй ХХК юм.Тэд энэ өрөө төлөх элдэвийн арга сэдээд удаж байна. Энэ аргын нэг нь бол Улс төрийн тоглолт хийх байжээ.
-
2017 оны 1 сарын 10
...Америкт ажиллаж амьдарч буй монголчуудын нилээд олон нь энэ оронд үр хүүхдүүдийнхээ ирээдүйн амжилтын төлөө өөрсдийн хүсэл сонирхлоо хойш тавин зүтгэж буй. Өрсөлдөөн ихтэй хэдий ч хөдөлмөр зүтгэл, авьяас чадвар, тэвчээр эр зоригоороо Америкийн орон зайд амжилт гарган тодорч буй олон монгол хүүхдүүдийн ард ийм л эцэг эхчүүд байдаг. Тэд өөрсдийн үр хүүхдүүдийн гаргаж буй амжилтаар бахархан баярлах бүрдээ ”Монгол эх орныхоо өмнө” хүлээсэн үүргээ биелүүлж байна хэмээн омогшино. Колорада мужийн Денвер хотод ажиллаж амьдарч суугаа Ж.Отгонбаяр, Д.Оюунтуяа нартай энэ сэдвээр уулзаж ярилцсан юм. Тэдний охин О.Ивээл уран гулгалтын спортоор амжилттай хичээллэн Колорада мужийн тэмцээнүүдэд өөрийн насны ангилалдаа тэргүүлж буй аж. Энэ тухай хэдэн жилийн өмнөөс сонсон сонирхож байсан боловч завдал бололгүй явсаар нилээд хугацааг элээв. Энэ удаад Отгонбаярын ажлын газарт ээж охин хоёртой цаг гарган хуучилсан ярилцлагаа та бүхэнд толилуулж байна.
-
2017 оны 1 сарын 10
XX зууны Монголын томоохон сэхээтэн Чадраабалын Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ой 2017 онд тохионо. Тэрээр 1917 онд Засагт хан аймгийн Засагт ханы хошуунд Цогтын Чадраабалын хоёрдахь хүү болон мэндэлсэн Олхонуд овгийн хүмүүн байв.
Эцэг Чадраабал нь монгол бичиг сайтай, үлгэр тууль хайлдаг, уран барилдаанч, мэргэн харваач, сайн уяач байсан нь Ч.Лодойдамба хожим нь зохиол бүтээлдээ монгол ахуйн нарийн ширийнийг тодорхой тусгахад хүчтэй нөлөөлжээ. Баруун хилийн түүхэнд сайн саар үйлийн аль алинаар тод нэртэй үлдсэн Дамбийжаа лам шалж гуйсаар нэгэн сайн морийг нь авчихаад үнийг нь өгөлгүй хулгайгаар явчихсанд зэвүүрхэн нутгийнхаа Дуламсүрэн тайжтай хамт хөөж очоод явгалж орхисон нь Чадраабалд хожим нь нутгаа орхих нэгэн шалтгаан болсон гэдэг. Ц.Чадраабалын охин Ч.Цэндсүрэн “Хожим нь Дамбийжаа хүч чадалтай болсон үедээ Засагт ханы хүрээнд ирмэгц манай аавыг сураглаж олж авчрахыг тушаасан байж. Аав түүний ирснийг мэдмэгц хөтөлгөө морьтой зугатаан зайлдаг байсан юм гэнэлээ. Тэгэхээр нь Жа лам гэгч тэрбээр аавын адуу малаас хөөж аваад явчихдаг байжээ. Энэ явдал аавыг минь нутаг орноо орхин гарах нэг шалтгаан болсон юм билээ” гэж дурссан нь (Б.Ганбат “Монголын сонгодог зохиолч Чадраабалын Лодойдамба, амьдрал уран бүтээл” Сөүл., 1998) ном сударт буй.
Хувь тавилангийн энэхүү эргэлт монголчуудад нэгэн сайн сэхээтнийг бэлэглэсэн гэж хэлж болно. Чадраабалынхан ийнхүү 1921 оны үесээр Хүрээний орчимд нүүн ирж суурьшсан нь Ч.Лодойдамба Улаанбаатарын үлгэр жишээ дунд сургууль(Одоо нийслэлийн нэгдүгээр дунд сургууль)-ийг амжилттай дүүргэж, цаашдаа эрдмийн мөр хөөхөд нь чухал үүрэг гүйцэтгэжээ. Ардын жүжигчин Ч.Долгорсүрэн “Манай сургуульд гурвын нэг гэж сурлага сайтай хүүхдүүдтэй тэргүүний анги байсан билээ. Тэр ангид Лодойдамба сурдаг байв” гэж “Миний хань Чадраабалын Лодойдамба” (УБ., 2011) номонд бичжээ. Ч.Лодойдамба дунд сургуулиа амжилттай дүүргээд Улаан-Үдийн “Монгол рабфак”-д онц сурч, ЗХУ-ын том хотуудаар шагналаар аялж байжээ. Ийнхүү амьдралын их замд хөл тавьсан Ч.Лодойдамба тухайн цаг үеийнхээ Монголын нийгмийн амьдралд тод мөр үлдээсэн том сэхээтэн болсон бөгөөд “Тунгалаг Тамир” романы зохиолч гэдгээрээ алдаршсан хүн юм.
Европ тооллын 2017 он тоотой хоногийн дараа эхлэх гэж буй буй энэ цаг дор их зохиолчийн мэндэлсний 100 жилийн ойг хэрхэн тэмдэглэх талаар саналаа өгүүлэх ялдамд Ч.Лодойдамбын туулсан амьдралаас юу юуг нь тодлон дурсах ёстойг сөхөн сануулах, шинээр хөндөхийг хичээе.
Эн тэргүүнд Ч.Лодойдамбын Монголын урлаг соёлын хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмрийг нарийвчлан судлах шаардлагатай байна. Тэрээр 1944-1955 онуудад МАХН-ын Төв хороонд лектор, Лекторын товчооны эрхлэгч, Шинжлэх ухаан, урлаг утга зохиолын тасгийн эрхлэгчийн алба хашиж байв. Энэ үе бол Монголын төр урлаг соёлын бодлогодоо онцгой анхаарч, алсыг харсан өргөн цараатай ажил эхлүүлж байсан онцгой цаг үе юм.
Ч.Лодойдамбын эрхэлж байсан албан тушаал нь түүнийг төрөөс явуулж буй урлаг соёлын бодлого тодорхойлогч гол хүмүүсийн нэг болгосон бөгөөд тухайн үед болон түүнээс хойшхи он жилүүдэд энэ чиглэлээр гарсан томоохон шийдвэрүүдэд тэрээр ямар үүрэг оролцоотой байсан, ямар байр суурь баримталсан, ямар санаачлага гаргаж ажил хэрэг болгосныг тусгайлан судалж, Монголын урлаг соёлын хөгжилд гүйцэтгэсэн үүргийг нь илүү тодлох асуудал өнөөдөр эзнээ хүлээж байна. Энэ он жилүүдэд Ч.Лодойдамба Монголын урлаг соёлын бодлогыг зангидах хэмжээний боловсон хүчин болж чадсаны нотолгоо нь 1959 онд Соёлын яамыг татан буулгаж, оронд нь Урлагийн хэрэг эрхлэх хороо байгуулахад нэгдүгээр орлогч дарга болж, 1961 онд Соёлын яамыг дахин байгуулахад нэгдүгээр орлогч сайдаар нь томилогдоод насан элтлээ уг албыг хашсан түүх нотлоно.
Судлаач Б.Мөнхбаяр “Энэ хугацаанд тэрээр ... төрөөс соёл, урлагийн талаар явуулж буй бодлогыг нэгтгэн зангидаж, удирдан хэрэгжүүлж байв” гэж дүгнэсэн (Б.Мөнхбаяр “Чадраабалын Лодойдамба” УБ., 2014) нь Ч.Лодойдамбын амьдралын сүүлийн 30 жилийн үйл ажиллагааг ганцхан өгүүлбэрт базсан оновчтой үнэлэлт юм. Мөн янз бүрийн эх сурвалжуудад дурдагдаж буй салангид баримтуудыг анхааран нягталбал өгүүлэн буй сэдвээр Ч.Лодойдамбын хийж бүтээсний ул мөр нэлээд тодорхой болж байна. Тухайлбал, тэрээр Монголд дуурийн урлагийг хөгжүүлэх талаар эртнээс шат дараатай бодлогыг чамбай хэрэгжүүлсэн нь анзаарагдаж байна. Түүнийг МАХН-ын Төв хороонд урлагийн асуудал хариуцаж байх үед буюу 1947 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн Улс төрийн товчоо 2 тоот тогтоол гаргаж “Театрын цаашдын хөгжил ба опер, балетын хэсгийг байгуулах бэлтгэл ажлыг хангах”-ыг үүрэг болгосон бол 1952 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн хурлаараа “үндэсний дуурийн урлагийг хөгжүүлэх ба дуурийн мэргэжлийн дуучдыг бэлтгэх зорилгоор... авьяас чадвартай шинэ дуучдыг сонгож олох тусгай комисс байгуулсугай” гэсэн тогтоол гаргаж, “Улсын хөгжимт драматик театрын дэргэд оперын студи байгуулж хичээллүүлэх”-ийг үүрэг болгож байжээ. Монголын театрын нэрт зүтгэлтэн, театр судлаач С.Дашдондог МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны 1947 оны 2 тоот тогтоолыг “Манай орчин үеийн Дуурь Бүжгийн Театрын эхлэлийг тавих нөхцлийг бүрдүүлснээрээ онгой ач холбогдолтой” (С.Дашдондог “Хөгжим дуурь балет судлал” УБ., 2013) гэж үнэлсэн байдаг.
Дуучин Г.Хайдав 1954 онд ЗХУ-д дуурийн дуучны мэргэжлээр төгсөж Монголын анхны мэргэжлийн гоцлол дуучин болсон, үндэсний боловсон хүчнүүдээ хөгжмийн зохиолч, бүжиг дэглэгч, бүжгийн багш, концертмейстер, балетчин, хөгжмийн удирдаач зэрэг мэргэжлээр гадаадын орнуудад сургаж эхэлсэн зэрэг хожмын үйл явдлуудад Ч.Лодойдамбын удирдсан МАХН-ын Төв хорооны Шинжлэх ухаан, урлаг утга зохиолын тасгийн үүрэг оролцоо ихээхэн байсан нь судлагаагаар тодрох нь дамжиггүй юм.
Судлаач Б.Мөнхбаяр “Ч.Лодойдамба сайд... Улсын Хөгжимт Драмын театрыг Улсын Драмын Театр, Улсын Дуурь Бүжгийн Театр болгож өргөжүүлэн байгуулах асуудал боловсруулан хөөцөлдсөөр 1963 оны 5 сарын 10-ны өдөр МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлөөр тогтоол гаргуулж, хоёр театрыг тусад нь бие даалган байгуулж чаджээ” гэж ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлөөс хэвлэн нийтлэхийг зөвшөөрсөн “Чадраабалын Лодойдамба” номондоо бичсэн нь үндэсний хоёр том театрын маань түүхэнд тодоор бичигдэн үлдэх ёстой баримт юм.
Ч.Лодойдамба сонгодог урлагаас гадна орчин үеийн урлагийн чиглэл урсгалуудыг Монголд бий болгох талаар анхаарч, бодлогоор дэмжиж байсан шинэлэг сэтгэлгээтэн байжээ. Монголын анхны рок поп хамтлаг “Соёл Эрдэнэ” үүссэн түүх үүний нэг том жишээ юм. Энэ тухай нийтлэлч Д.Батбаяр “1969 оны шинэ жилээр Монголд ирсэн СЭВ-ийн төлөөлөгчдийн цайллага дээр Соёлын яамны дэд сайд Ч.Лодойдамба Ардын дуу бүжгийн чуулгын дэргэдэх Б.Наранбаатар, Ж.Батсайхан, Б.Эрдэнэхуяг, Д.Цэрэнбат нарын ятгын дөрвөлийг дуучин Г.Түмэндэмбэрэл, Н.Гэрэлт-Од хоёртой нь авч очжээ. Тоглолтын дараа Ч.Лодойдамба залуусыг дуудаад “Английн “Цох хорхой” гэдэг дөрвөн залууг мэдэх үү, та нарт боломж өгвөл тийм хамтлаг болж чадах уу?” гэж асуусан гэдэг. Бүх зүйл эндээс л эхэлжээ (Д.Батбаяр “Соёлын үрийг таригсад” нийтлэл. 2012.08.09) хэмээн бичсэн байна.
Үүнийг нь тус хамтлагийг үүсгэн байгуулагчдын нэг Б.Наранбаатар нотолж “Соёлын яамны орлогч сайд Лодойдамба гуай гадаад, дотоод их явдаг. Тэгэхдээ сонсдог мэддэг хүрээ нь өөр байдаг байсан байгаа юм. Тэгээд нэг өдөр Цох хорхой гэж хамтлаг байдаг та нар мэдэх үү. Тийм хамтлаг болж чадах уу гэж байна. Загатнасан газар маажчихаж байгаа юм. Ингэж л хамтлаг байгуулагдах эхлэл тавигдсан” (Ж.Баярсайхан “Монгол туургатны хөгжмийн зохиолч Б.Наранбаатарынх”. “Өдрийн сонин” сонин. 2015 он) хэмээн дурсчээ. Монголын рок поп урлагийн хөгжлийн түүх ийнхүү Ч.Лодойдамбаас эхэлж буйд урлаг судлаачид энэ эрхэм хүний мэндэлсний 100 жилийн ойгоор анхаарал хандуулах буй за.
Ч.Лодойдамба Монголын урлаг соёлын залуу авьяастнуудыг тодруулж дэмжих талаар цаг ямагт анхаарч, уран бүтээлчийн хувьд өсч дэвжих, шинийг хийж бүтээхэд нь түлхэц үзүүлдэг шилдэг удирдагч байжээ. Тэрээр залуу дуучин Л.Эрдэнэбулганыг Европын орнуудаар тоглох урлагийн багийн бүрэлдэхүүнд явж байхад нь Болгарын хөгжмийн дээд сургуульд шалгуул гэсэн цахилгааныг тэнд суугаа Элчин сайд Цэдэндамбад илгээснээр Монгол улс нэгэн сайн найруулагчтай болсон. “Хүүе хаая гэх хүнгүй өнчин өрөөсөн намайг их урлагийн зам руу хөтлөн оруулсан Чадраабалын Лодойдамба гэх агуу хүнийг би энгэртээ нөөлөгтэй элгэндээ нөмөртэй хан уул гэж хүндэтгэдэг” (Норовын Гантулга. “Их хувь заяаны эзэн Лхагвын Эрдэнэбулган” ярилцлага. “Өдрийн сонин”. 2016.) хэмээн Л.Эрдэнэбулган энэ тухай хэлжээ.
Ардын жүжигчин, дуурийн алдарт дуучин Х.Уртнасан “1960-аад оны үед Ардын жүжигчин Г.Хайдав, А.Загдсүрэн, Ц.Пүрэвдорж нар дэлхийд дээгүүрт ордог Москвагийн хөгжмийн сургуулийг онц дүнтэй төгсөөд ирсэн шижигнэсэн залуус байлаа. Тухайн үед зохиолч Ч.Лодойдамба Соёлын яамны сайд байсан юм. Тэд л ярилцаад намайг Болгарт мэргэжил дээшлүүл гэсэн. Ардын жүжигчин А.Загдсүрэнгийн дараа дуулах хүн хэрэгтэй. Энэ хүүхэд л ирээдүйтэй” гээд сонгосон юм.” (http://www.ikon.mn/n/a70) гэж дурсан өгүүлснээс харахад Ч.Лодойдамба сайдын үед Монгол төрийн урлагийн бодлого ямар алсын хараатай байсан нь харагдана.
“Нийслэл хүү” киноны гол дүрийн жүжигчин Ж.Бүрэнбэхийн “Гол дүрээ хайж жил гаруй болсон. Тэр хугацаанд олон хүн шалгуулсан гэсэн. Тэр үеийн уран бүтээл хариуцсан орлогч сайд нь Ч.Лодойдамба гуай байлаа... “Би энэ зохиолыг чинь уншчихсан шүү дээ. Та нар Драмын театр руу яв. Тэнд нэг хүү бий. Тэр л нийслэл хүү чинь мөн” гэж хэлсэн юм билээ” (Ч.Гантулга. “Ж.Бүрэнбэх: Ч.Лодойдамба гуайн олсон нийслэл хүү нь би” ярилцлага.
“Зууны мэдээ” 2014.03.07) гэсэн ярианаас Ч.Лодойдамбын уран бүтээлчдээ сайн мэддэг, хаана ямар бүтээлд тоглуулахыг хүртэл олоод харчихсан байдаг жинхэнэ удирдагч, манлайлагч хүний дүр төрх тодорно.
Нэрт балетмейстер Б.Жамъяндагвын “Учиртай гурван толгой” гэдэг энэ сайхан эмгэнэлт зохиолыг бараг хошин шог болгоод шахам найрлаад дуусгачихлаа. Чи бод доо. Шекспирийн “Отелло” эмгэнэлтэйгээр төгсдөг. Гэтэл Отелло нас барчихаад байхад найр хийснээр дуусгаж болохгүй биз дээ. Зохиолчийн санааг тэгж өөрчилж болохгүй. Манай “Учиртай гурван толгой”-г тэгсэн байгаа юм. Үүнийг чи л өөрчлөн яг утга санааных нь дагуу найруулж чадна.
Хэзээ нэгэн цагт бүжгэн жүжиг болгоорой” гэж Ч.Лодойдамба гуай хэлсэн” (С.Тулга “Б.Жамъяндагва: Бүжгэн жүжиг гэдэг ухааны урлаг юм” ярилцлага. 2015.07.02. http://www.info.mn/news/66108.htm) гэх дурсамж; “Зуны нэг орой салхинд гарч явахдаа бид хоёр уран бүтээлийн тухай ярилцаж суугаад би “Манай театрын урлагт бүжгэн жүжиг их үгүйлэгдэж байна шүү дээ” гээд өөрийн санаагаа хэлсэн юм. Тэгсэн чинь Лодойдамба маань “Чи ийм тодорхой санаа хэлж, дотроо бодолтой яваа хүн өөрөө бичээч дээ гэхлээр нь энэ үгэнд зоригжиж, хэд хэдэн цомнол бичсэн” гэсэн академич Б.Ширэндэвийн дурсамж (Ч.Дагвадорж “Академич Б.Ширэндэв” УБ., 1997) зэргээс харахад Ч.Лодойдамба Монголын театруудын хөгжил, ялангуяа сонгодог урлагийн хөгжилд онцгой анхаарч, бүтээлийн санг нь арвижуулах талаар хүртэл санаа тавьж, тодорхой хүмүүст захиалга хүртэл өгч байсан нь тодорхой байна.
Өөрөө ч бас дуурийн цомнол бичилцсэн. Урлаг судлаач Ж.Болормаа “1957 оны 7-р сарын 7-нд С.Гончигсумлаа “Үнэн” дууриа Д.Сэнгээ, Ч.Лодойдамба нарын цомнолоор зохиожээ. Тэрээр энэ дууриараа монгол дуурьт байгаагүй үглэл дуу (ари), бодрол дуу, хоршил, гурвал зэрэг өрнийн дуурийн гол төрлүүдийг Монголын дуурийн урлагт анх хэрэглэжээ” (Ж.Болормаа “Дэлхийн дуурийн урлаг ба Монголын дуурийн урлагийн үүсэл, хөгжил” илтгэл. 2012 он.
http://www.urlag.mn/post/6203.htm) гэж энэ талаар дурдсан нь буй. “Үнэн” бол Монголын үндэсний дуурийн эхлэл, гараа нь юм. Ч.Лодойдамбын энэ мэт хичээл зүтгэл, үйл хэргийг нягтлан судлаж, Монголын урлаг соёлын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж байгаагүйгээс зөвхөн зохиолч гэдгээр нь л мэддэг хүмүүс олширчээ.
Ч.Лодойдамба 52-хон насалсан ч нэгэн биеэс хэтийдсэн ихийг амжуулж бүтээсэн хүн юм. Улсын бодлого захиалгаар ЗХУ-д төмөр замын курс дүүргэж Улаанбаатар нарийн төмөр замын депогийн машинчаас ажил амьдралын гараагаа эхэлсэн түүний багшийн хөдөлмөр, эрдэм судлалын ажил, төр нийгмийн зүтгэлтний хувьд юу хийж бүтээсэн, Улсын радио хорооны орлогч дарга байхаасаа эхлэн сэтгүүлзүй хэвлэл мэдээллийн салбарт оруулсан хувь нэмэр, Монголын кино урлагийн хөгжлийг хэрхэн дэмжсэн гээд түүний амьдралын мөчлөг, үйл ажиллагаа болгон нь судлаачаа хүлээж байна.
Тэрбээр хорин хэдхэн наснаасаа эхлэн багшилж, Төмөр зам холбооны сургуульд физик, МУИС, Намын дээд сургуульд түүх, гүн ухааны хичээл зааж байжээ. 1959-1970 онд Ази, Африкийн эв санааны нэгдлийн Монголын хорооны даргаар ажиллан Монголын бодлогыг гадаадад таниулж, АИХ-ын депутатаар хоёронтоо сонгогдсон төр нийгмийн зүтгэлтэн байв.
Ч.Лодойдамба МУИС-ийг түүхч мэргэжлээр төгссөн бөгөөд ЗХУКН-ын дэргэдэх Нийгмийн ухааны академид “Монголын орчин үеийн драматургийн үзэл санаа, дүрүүд” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалжээ. Түүний бичсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, шүүмжүүд, уншсан лекц илтгэлүүд, мөн албан ажлын шугамаар боловсруулсан баримт бичгүүд, түүний оролцсон хурлын тэмдэглэлүүдийг тулхтайхан судлах нь үндсэндээ Монголын төрөөс 1940-1970-аад оны хооронд урлаг соёл, шинжлэх ухаан, утга зохиолын салбарт хэрэгжүүлсэн бодлого, алхмууд, эдгээр салбарын хөгжлийн түүхийг нарийвчлан тодотгоход тустай юм.
Тухайлбал, “1954 онд МАХН-ын Төв Хорооноос Шинжлэх ухааны хүрээлэнгийн ажлын тухай авч хэлэлцээд Хөдөө аж ахуйн, Нийгмийн ухааны, Байгалийн ухааны гурван сектор нэмж байгуулах... эрдэм шинжилгээний мэдээ сэтгүүл гаргаж байхыг зөвшөөрч, МАХН-ын 12-р их хурлаас ШУ-ны талаар МАА, Газар тариалан, Аж үйлдвэр, Барилгын хөгжлийн практикийн чухал асуудлуудыг боловсруулах, Шинжлэх Ухаан үйлдвэрлэлийг нягт холбон ажиллах зорилт дэвшүүлснээс гадна эрдэм шинжилгээний ажилтан нарыг аспирантур, докторантурт бэлтгэх ажлыг нэмж ойрын жилүүдэд БНМАУ-ын Шинжлэх Ухааны Хүрээлэнг ШУА болгох нөхцлийг бэлтгэхээр заажээ” (Г.Ганзул “ҮТА-ын сан хөмрөгт хадгалагдаж буй Шинжлэх ухааны академийн хөмрөгийн баримтын тухай”, 2011. http://www.archives.gov.mn/) гэсэн нь Ч.Лодойдамба МАХН-ын Төв Хороонд Шинжлэх ухаан, урлаг утга зохиолын тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан үетэй давхцаж байгаа нь Шинжлэх ухааны хүрээлэнг ШУА болгох асуудалд түүний оролцоо зайлшгүй байсныг нотлох баримт юм. Ямар түвшинд оролцсон гэдгийг тодлох нь судлаачдын үүрэг билээ.
Харин Төрийн хошой шагналт Ч.Лодойдамбыг Монголын анхны роман “Алтайд”, XX зууны манлай роман “Тунгалаг Тамир”, “Манай сургуулийнхан” тууж, “Гарын таван хуруу”, “Итгэж болно” зэрэг жүжиг, “Энэ хүүхнүүд үү” кино зохиол зэрэг олон сайн бүтээл туурвисан зохиолчийнх нь хувьд боломжийн түвшинд судалж Б.Ганбат “Монголын сонгодог зохиолч Чадраабалын Лодойдамба: амьдрал, уран бүтээл”, Б.Мөнхбаяр “Чадраабалын Лодойдамба (Намтар уран бүтээлийн товчоон) гэсэн бие даасан хоёр ч ном гарсан билээ. Зохиолчийн хань, Ардын жүжигчин Ч.Долгорсүрэнгийн “Миний хань Чадраабалын Лодойдамба” дурсамжийн ном бас судалгааны үнэтэй эх сурвалж болсон гэдгийг хэлмээр байна.
Ч.Лодойдамба 1917 оны хавар төрсөн боловч албан ёсны бичиг баримтад нь наймдугаар сарын 20 хэмээн бичигджээ. Хорьдугаар зууны Монголын шилдэг сэхээтнүүдийн нэг Ч.Лодойдамбын мэндэлсний тэгш ойг Монголын төр засаг өмнө нь дандаа есдүгээр сард тэмдэглэж ирсэн уламжлалтай. Энэ онд ч бас тэр уламжлалыг давтаасай хэмээн хүснэ.
Төр нийгмийн зүтгэлтэн, зохиолч Ч.Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг, Урлагийн хэрэг эрхлэх хороо, Соёлын яамны нэгдүгээр орлогч сайдын албыг насан элтлээ нэр төртэй хашсаных нь хувьд Монгол Улсын Засгийн газрын ХЭГ, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам зохион байгуулж, нэгдмэл удирдлагаар хангана гэдэгт итгэж байна. АИХ-ын хоёр удаагийн депутат байсных нь хувьд УИХ зүгээр хараад суухгүй нь лавтай. ШУА, МЗЭ, МСНЭ, СУИС, төв орон нутгийн соёл урлагийн байгууллагууд энэ ажлыг талархан дэмжиж, өөр өөрийнхөөрөө хувь оролцоо нэмэх нь дамжиггүй. Үр хүүхдүүдийнх нь үүсгэн байгуулсан “Чадраабалын Лодойдамба” сан ч бас тодорхой ажлууд төлөвлөж байна.
1940-өөд оноос хойш Монголын төрөөс шинжлэх ухаан, соёл урлаг, утга зохиолын талаар явуулах бодлогыг зангидалцаж, амьдралынхаа сүүлийн 11 жилд гол ачааг нь үүрч, зохион байгуулж, удирдаж байсан төрийн зүтгэлтнийх нь хувьд Ч.Лодойдамбыг түүхт ойнх нь жилд шинээр нээн таниулах нь тэр их хүмүүний өмнө ач санасан сайн үйлс мөнөөс мөн бүлгээ.
Сэтгүүлч Б.Галаарид
-
2017 оны 1 сарын 09
...Аз жаргалтай ирээдүйг цогцлооно гэж амлачихаад, Монгол улс үндэстнийг устгах аюумшигт бизнес хийж байгаа урвагчдыг популист гэдэг юм. УБ-ын утааг багасгана гэж амлачихаад, амьсгалах агааргүй, үзэгдэх орчингүй болгон хөнөөж байгаа алуурчдыг популист гэдэг юм...
-
2017 оны 1 сарын 09
Тэднийг ирэнгүүт нүүдэл хөдлөв. Гангийн униаранд бүүдийж улайсан нар хэдийнэ тонгойжээ. Өглөөхөн тунгалаг цэлмүүн байсансан. Тэмүчин, Хачиун хоёр морьдоо туун түрүүлэн одож, Өэлүн, Сочихэл хоёр эх, Тэмүлүн, Тэмүгэ Отчигон, мөн Хуагчин, Төөдүүл нар хэдэн богоо гилсээр араас нь дагалаа. Чөрхөлсөн хоёр үхэр тэрэгтэй ачаагаа ханцуйгаа бэлхэмжилсэн Бэлгүдэй хөтөлж, Хасар ачааны сүүл барин алхана. Оройдоо Тэргүүн Өндөрийг бэллэн өнгөрч, Гунын шилд гарч амжвал бууя хэмээн Өэлүн боджээ. Шинэ сэргэг буудал саяны гашуун дурсамжийг бага ч болов угаах биз. Тэгээд ч энэ буудалд нэлээд удчихсан байв.
Нүүдэл зугуухан урагшилсаар нар жаргах үед Тэргүүн Өндөрийн бэлд дөхөв. Хяр зоо газрын сэрүүн амьсгал сэнхийж, цээж саруулсгана. Шинэ бэлчээрт тэмүүлсэн мал шуухитналдаж, шинэ буудалд зорьсон багачуудын дуу цолгиун болж буй үед гэнэтхэн муухай бархирах дуун голын хөндий дүүртэл хадаж, бүхнийг цочоов. Тууж явсан морьд чихээ хулмалзуулан үргэж, ямаад сортолзон ийш тийш харж, моддын мөчирт суусан шувууд хүртэл дэрхийн нисэлджээ. Тэмүчин шаргынхаа жолоогоо дугтраад, эргэж харав. Хачиун тэр хоёрын саяхан туулсан торлог дундаас хэдэн ямааны эвэр сэрэлзэн, хойно урд нь орон гүйлдэх багачуудын толгой шоволзоно. Тэдэнд холхон зайтай бараа болон явсан хоёр эх уг чимээг сонссон бололтой, зогсзноод эргэн харж байв. Тэр сандруу бачим хашгираан ард үлдсэн ачааны зүгээс сонсогдсон ба Хасар, Бэлгүдэй хоёрын нэг тийн хашгирсан нь гарцаагүй.
- Хачиун. Морьдоо сайтар хоргоон бай. Хэрвээ сэжигтэй хүн үзэгдвэл даруй хөөн одсугай. Би эргэж юу болсныг үзсү хэмээн дүүдээ хэлээд нумаа гартаа авч, хошууны цаана үлдсэн Хасар, Бэлгүдэй хоёрын зүг яаран давхиулав.
***
“Бэлгүдэй” гэсэн сандрангуй дуунаар эргэж харвал тэдний мөрөөр дөрвөн морьтон довтолгон ирж яваа харагджээ. Бэлгүдэйг дуудаж сэр өгсөн Хасар ачааны ар дээр дарсан нумаа сандрангуй авч байв. Морьтнуудын малгайн оройг үзвэл Тайчууд бололтой тул зүсээ нууж явдаг адуу малын хулгайч, дээрэмчид биш болох. Гэвч Тайчуудаас бэргэн болгоомжлох нь ч зүйн хэрэг. Дэлэн дээрээ бөхийсхийн давхиулах тэдгээр морьтнууд нэлээн шургуу явааг үзвэл яавч жир хэргээр яваа бус. Бэлгүдэй ачаагаа зогсоон, эхний ачаан дээр байх түлээны том балт сүхийг шүүрэн барив.
Арын ачаан дээр үсэрч гараад алангир нумаа хэдийнээ дэлж амжсан Хасар,
- Зогс... Хэрэг зоригоо хэлэгтүн. Дахиад ойртвоос хоолойд чинь сум, хошногод чинь жад зооно шүү... хэмээн хашгирав.
Ачаан дээрх хөвүүний гарт хавчаахай биш алангир нум буйг, тэр бүү хэл хөвүүн алингарыг ханатал нь эвшээлгэчихсэнийг үзсэн морьтнууд эрхгүй жолоо татан зогсосхийв. Ширвээ сахалтай, шивэлгэр гэзэгтэй нэг нь манчуурга сагалдрагалсан гараа өргөж, алгуурхан урагшлах зуураа,
- Хөвүүн бүү яар. Бид ах дүү Тайчууд байна гэсэнд Хасар,
- Тайчууд та нарыг хэр сайн ах дүү болохыг би мэднэ. Ямар хэргээр яваагаа хэл. Эс бол Хасар миний эрхийний эрчийг үзэгтүн гэв.
Үүд хоймрын төдий ойртсон өнөөх эр арав гаруйхан настай Хасарыг өхөөрдөж буй мэт дүр эсгэн,
- Ха ха, хэмээн ихэд хөхрөөд - Есүхэй баатрын үр мөн дөө. Чи хэрэв Хасар юм бол чиний ах Тэмүчин, бас Бэгтэр нар хаана байна?
- Хотун Өрчэн, адууны муу хулгайч чамайг би танив. Есүхэй баатар эцгийг минь тэнгэр болсон хойно чи хүрэн зүсний таван азарга адууг маань хулгуулж одсон биш билүү?
- Хөвүүн өчүүхэн атал ах зах хүмүүстэй адил чацуу мэт аймшиггүй том үгсийг юунд хэлнэм. Эцэггүй хөвүүд, татамгүй урсгал адил гэж үнэн аж. Тэр адуун сүрэг Тайчууд түмнийх болохоос танай эцгийнх байгаагүй юм.
- Битгий худал хэл...
- Хүү минь... Хотун Өрчэн би баатар эцэгтэй чинь хамт байлдаж тулалдаж явсан Тайчуудын ихэс язгуурт нэгэн билээ. Өчүүхэн хөвүүн чамд худал хэлээд би хусмын төдий ч олз үл олохсон. Чамтай би олон үг хэлцэшгүй нь. Ах нар чинь хаана байна?
- Надтай үг хэлцсэний дараа ах нартай минь уулзана даа...
Хотун Өрчэн “Ха ха” хэмээн их дуугаар инээн эмээл дээрээ тогтож ядан буй мэт найган ганхах завсраа морио огцом давирвал сурцтай зэвт морь ухасхийв. Ийм овтой урьд учирч явсангүй Хасар гэнэджээ. Сумаа тавьсан ч Тайчуудын хашир дайчин эр инээх дүртэй гэдэн годон гэх зуураа хэдийнэ онилгооноос нь мултарч амжсан байв. Сум түүний бөгтийсөн нуруун дээгүүр тохой өндөр гарчээ. Хотун Өрчэн Хасарын зогсож буй үхэр тэрэгний баруугаар шурдхийн дайран гарахдаа цээжээ Хасарын эсрэг зүгт хагас эргүүлэн, урт суран оосортой манчуургаараа гарынхаа араар ширвэж орхисонд манчуурганы болцуут толгой саадгаасаа сумаа сугалж байсан Хасарын яг шанаанд тусав. Хасар ачаатай тэрэгний зүүн тал руу гулдайсаар унаж буйг хараад Бэлгүдэй голын хөндийг дүүртэл тийн их дуугаар бархирчээ.
Тэр бархирсан хэвээр урт хусан иштэй түлээний том балт сүхээ далайн ухасхийж, тэрэгний зүүгээр тойрон гарч ирсэн өөр нэгэн тайчууд эрийг яг эмээлийнх нь урд бүүргэн дээгүүр хусан цавчлаа. Тайчууд эр ган тохойвчоороо халхалж амжсан ч илд бус хүнд балт сүхний цохилтод тохойвч төдий хэрхэн тэсэх билээ. Төмөр харшилдахын хажуугаар шууны яс тасхийн хугарч, тайчууд эр орилсоор эмээлээсээ ховхрон унав. Ган тохойвчоор хааж амжсан тулдаа шуугаа тас цохиулах төдий шархдаж үлджээ. Бэлгүдэй хоёрхон дэгдээд Хасарын дэргэд очив. Түрүүлгээ харан гулдайн унасан Хасарын мөрнөөс татан эргүүлвэл хамар, амнаас нь тод хар хүрэн цус бултайж, манчуургадуулсан зүүн шанаанаас нь шингэн ухаа цус годгодон урсаж байлаа.
Бэлгүдэй дахин чоно мэт ухилан орилсноо сүхээ ишнийх нь үзүүрээс бариад толгой дээгүүрээ салхи хуйлартал даллан эргүүлэв. Газар унасан тайчууд эр салганан босоод хараахан тас үсэрчихээгүй тохойвчны төмөртөө торон үлдсэн баруун гараа санжуулсаар, Бэлгүдэйгээс холдохоор цусаа садруулан туйвлан алхана. Нөгөө гурав нь Бэлгүдэйг тойрон давхилдаж, нэг нь эмээлийн бүүрэгнээсээ хар толгойтой бугуйл мултлан задалж, Бэлгүдэйн сүхний эргэлтийг тааруулан шидэхээр анана. Түүнийг анзаарсан Бэлгүдэй бугуйл орхих боломж өгөхгүйн тулд тулж очихоор ухасхийсэнд бугуйлтай эр зайгаа хадгалахаар дөлж холдов. Тэгмэгц Хотун Өрчэн манчуургаа сагалдрагаас нь бариад дүүгүүр мэт хэд эргүүлснээ Бэлгүдэйн араас шидлээ. Бэлгүдэй ч сүхээрээ огцом ширвэн нисэн ирэх манчуургыг хажуу тийш нь хальт үсэргэж амжсан ч нөгөө талаас нь хар толгойт амгалж агаарт гогцооролдон ирээд цээжинд нь бэлхэмжлэн орчихов. Тайчууд эр бахтайяа исгэрээд бугуйлаа дөрөөвчлөн морио ухасхийлгэсэнд Бэлгүдэй гуд татагдан уналаа. Гэвч сүхээ алдсангүй, хуучин оны хөвсөлзсөн хөх өвсөн дээгүүр бөмбөрөн чирэгдэх зуураа сүхээрээ бугуйлыг таслахаар оролдоно. Хотун Өрчэн мориноос буун өвсөн дотор унасан манчуургаа авч, гурав дахь тайчууд эр ч шархадсандаа туслахаар явгалаад байв.
Энэ үеэр Бэлгүдэйг бугуйлдан чирч давхиж явсан эрийн өмнөөс Тэмүчин хошуу тойрон гарч иржээ. Тэр хашгирсан ч үгүй, чив чимээгүй дунд шаргынхаа дэлэнд хацраа наагаад давхил дундаа нумаа татав. Тайчууд эр арагшаа Бэлгүдэйг анхаарч явсан учир Тэмүчинийг эхлээд харсангүй. Хотун Өрчэн сэрэмжлүүлэн хашгирсан ч нэгэнт хоцорсон байлаа. Хоолойгоо нэвт харвуулсан эр гараа сарвалзуулсаар хойш унахад Тэмүчин дөрөөвчиндөө Бэлгүдэйг чирсээр давхих морийг нь цулбуурдан авч тогтоов. Бэлгүдэй эрчиндээ хэд өнхөрснөө босож, цээжнээсээ бугуйлыг мултлан газар шидэж, дээр нь уурсан дэвслэв. Тэгээд тайчууд эрийн моринд үсрэн мордоод, сүхээ дээр өргөн дайчин уухайг хөндий дүүртэл хадаажээ.
Өчүүхэн бяцхан, өнчин дорой хөвүүд хэмээн басамжлан, болгоомжгүй гоомой байж үл болохыг мэдсэн тайчууд шархадсанаа дүүрээд, ачаанаас холдон шалмаг түргэн гол уруудсанд, Тэмүчин, Бэлгүдэй хоёр төдий болтол хөдөлгөөнгүй гулдайн хэвтсээр байх Хасарын зүг ухасхийв. Мориныхоо гүйдэл дунд үсрэн буусан Тэмүчин,
- Хасар, Хасар... дүү минь гэсээр дэргэд нь сөхрөн суугаад захаас нь татан өндийлгөтөл Хасар өөдөөс нь өрөөсөн нүдээ нээн харжээ. Тод хүрэн цус ам, хамраас нь гарсан ч бага, харин шанаа нь хүрэнтэн нөжирч, цус их алджээ. Манчуургадуулсан тал нь овойн, нүдээ хүртэл хөөн хавдаад, нөжирсөн цус өвстэй хамт үсэнд нь ширэлдэн наалдсан байв. Өндийн суусан Хасар хэлээ булталзуулан завжинд нь наалдсан цусыг шилэмдэн долоосноо,
- Миний зүүн нүд хаана уначихав? гэж асуужээ.
- Хаана ч унаагүй..
- Уначих шиг л болсон доо. Яг бургаасны цог шиг урдуур үсрээд л явчихсан. Тэгвэл зүүн нүд маань яагаад харахгүй байгаа юм.
- Хавдартаа харахгүй байгаа хэрэг.
- Тийм үү. Гэхдээ л... Харвахад зүүн нүдний ч хэрэг юу байхав, тийм ээ?
- Чи босож чадах нь уу?
- Чадах байх, гэхдээ ам их хатаж байна.
Бэлгүдэй ачаан дээрх хөнөгтэй цэгээнээс гуулин шанагаар хутган авчирч өгвөл гүд гүд хийтэл залгилснаа,
- Цэл хүйтэн ус уувал сайхнаа гэлээ. Бэлгүдэй шанагаа аваад ойрхон хүржигнэн сонсогдох голруу гүйв.
Тэмүчиний араас Өэлүн, Сочихэл хоёр амьсгаа дээр гүйж ирлээ. Өэлүн Хасарын шархыг үзээд, ачаанд дарсан утаанд шарласан дээврийн эсгийнээс алга дармыг тасчин авч, Тэмүчинд “Шээсээрээ дэвтлээд ир” хэмээн өгөв. Тэгээд дотоод хормойноосоо цуулан, Тэмүчиний шээстэй утаа зуусан шар эсгийг шархан дээр нь тавьж боолоо. Бэлгүдэйн авчирсан шанага усыг шавхан залгилсан хойно Хасарын дотор овоо саруулсжээ. Өэлүн голын эргээр гүйн, таван салааны хэдэн навч, бас нэг уртлаг өвсний хамт авчирч,
- Шүлсээн бүү хая. Өвсний шим нисуун ч бүгдийг нь шим хэмээн Хасарын аманд хийв. Хасарын шарх аминаас хол буйд сая итгэн тайвширсан хойно Өэлүн эх,
- Энэ юун хүмүүс билээ? гэж учрыг лавлав.
- Тайчууд. Адууны хулгайч Хотун Өрчэн байна хэмээн Хасар мэдэн хэлсэнд,
- Хотан Орчаа...ан...? Тэр чинь Тайчууд турхагуудын тэргүүн шүү дээ. Юун адууны хулгайч билээ. Эртэй чадалтай, эрдэмтэй овтой, аюултай дайчин баатар эр. Хөвүүд минь түүний гараас өдий зэрэгтэй үлдсэндээ тэнгэрт талархвал зохино. Адууны муу хулгайч төдий бол түүнээс түм дахин аюулгүй... хэмээн Өэлүнийг хэлж бартал Сочихэл эх,
- Морьтнууд хэмээн хашгирчээ.
Гол өгсөн олон морьтнууд довтолгон ирж явлаа. Лавтай дөч гаруй... Сая довтолсон тайчуудын ар биз. Хотун Өрчэн тэргүүт гурван тайчууд хоёр нумын газар зогсоод тэднийгээ хүлээнэ.
Мөн сая алж алдсан тэд улам олуулаа болон гүйцэн ирэх аваас өчүүхэн төдий өршөөл үгүй. Арын хошуун дээр Хачиун, Тэмүгэ, Тэмүлэн нар гараад ирчихсэн, юу болж буйг сониучирхан дошныхоо аман дээр бөөгнөх мөндөл мэт шомбойн зогсоцгоож байв. Энэ бяцхан мөндлүүдтэй зугтаад хаа хүрэх билээ, дээшээ тэнгэр хол. Зувчин нуугдах газар хаа билээ, доошоо газар хатуу. Өэлүн хөвүүдийнхээ царайг харав. Тэмүчин түгшиж сандарсан, Хасар юу болж буйг огт үл ойлгосон байдалтай бол Бэлгүдэй баатарлан тулахад бэлэн, балт сүхнийхээ барим бүдүүн ишнээс бат чанга атгаж, нүцгэн цээжээ хүржигнүүлэн амьсгаадна.
Голын хойноос орж ирсэн модтой салаа дунд хэрээсээ битүүрэн, хавцал болж, балар харанхуй шугуй дээш үргэлжлэн нүүгэлтэнэ. Хүчгэнэ хулгана мэт тэр шугуй дотор шургаж амжвал сая нэг тайчуудын хатуу савраас мэнд мултарч магад горь Өэлүнд төрөв. Тэмүчин, Бэлгүдэй хоёрыг Хасарын хоёр талаас дэмнэн тэр битүүрэх хавцлын зүг гүй хэмээн зангаад, Сочихэлтэй хамт хоёр морь мордон багачуудын зүг давхив. Тэмүчин нар зүгээр явсангүй, ачаагаа задлан хамаг сумаа хаман хувааж үүрээд хавцлын зүг зүтгэх зуур хоёр эх гурван багыг дүүрэхийг нь дүүрч, сундлахыг нь сундлаад гүйцэн ирлээ. Төөдүүл, Хуагчин хоёр хэдэн богоо хөөн гол өгсөн одов. Гүйцэгдсэн ч Тайчууд тэдний амийг авах нь үгүй. Цөөн хэдэн бог тул авах ч үгүй, тэнгэр эзэнтэй гэгдэх хэдэн шарга агтыг бол тайчууд зүрхэлж эдлэхгүй.
Хавцлын өм өлгөөд балчруудыг Сочихэл эхийн хамт хавцалд улам шурган ор хэмээн дээш зүтгүүлэв. Өэлүн гурван хөвүүнтэй хавцлын аманд үлдэж, Бэлгүдэй тэр хавийн моддыг том багагүй балт сүхээрээ цавчлан, шивээ хаалт босгон завдаж байтал морьтнуудын түрүүч салааны өм өгсөн цогиулан гарч ирлээ. Тэдний магнайд мөнөөх Хотун Өрчэн явна. Энэ удаад тэр тун болгоомжтой болжээ. Ахынхаа усанд дэвтээсэн утаа зуусан шар эсгийгээр бин тавиулж, цэгээ болон ус ханатал залгилж, домч өвс зажилсан Хасар хэдийнэ сэргээд, Бэлгүдэйн босгож буй шивээний нэг зах дээр гарч ташаа тулан гаанайн зогсоно. Саяхан шанаанд нь манчуургаар гайгүй сайн сануулга өгсөн Өрчэнийг хараад түүнд хариу сануулга болгон дуут сумаар харвалаа. Агаарт шүгэлдэн исгэрсээр дуут сум Өрчэний морины яг хөл дор тусав. Газрын дээр буй тул Тайчууд Хасарын өөдөөс харваж үл хүрнэ. Сумаа тавьчихаад Хасар шивээ хуга таталж буй Бэлгүдэй рүү эргэж,
- Сум тавихад зүүн нүдний хэрэг үнэхээр үгүй аж... хэмээн бардамнав.
Шивээний нөгөө зах дээр Тэмүчин зогсоод мөн нумаа дэлжээ. Тайчууд зүрхэлж урагшилсангүй, зууртаа эрэгцэнэ. Арваадхан настай хэдхэн муу балчируудад хоригдсондоо Хотун Өрчэн хараал урсган, манчуургаараа дөрөөгөө цохилон унтуугаа дундалж байв. Төдөлгүй том борлог морьтой нүсэр бүдүүн эр бусад тайчуудаа дагуулан ирэхэд Хотун Өрчэн түүнтэй зөвлөлдөв. Тэр бүдүүн эр бол Тайчуудын тэргүүн Таргудай Хирилтуг аж.
***
Арав гаруй хоногийн өмнө Таргудай Хирилтуг дээр Жүйн Татарын Оргул нулимсаа савируулсаар нуугдаж зугтан иржээ.
Тэдний хотонд үүр шөнөөр үен мэт шалмаг, зээх мэт улайрган, өмхий хүрэн мэт догшин, баавгай мэт бяртай нэгэн гэтэн ирээд хоёр хөвүүн, эхнэрийнх нь хамт хороож, оронг нь шатаачихжээ. Оргул арга заль хэрэглэн арайхийн амь мултарсан гэнэ. Тэр аймшигт алуурчин бол Есүхэйн өнчин хөвүүн Бэгтэр мөнийг гарцаагүй таньжээ. Нарст уулын найран дээр намбайтлаа сууж байгаад буцахад шархадсан ирвэс мэт өш зангидсан тэр хөвүүн Оршун мөрний хөвөө хүртэл сэм дагаж, орон гэрийг нь олж очсон аж.
- Таргудай, чи сонс. Хэрвээ тэр аюулт хөвүүнийг эс хөнөөвөөс өнөө биш ч, маргааш Таргудай чи бидэн хоёрын хоолойг огтолж, хошийг сугалах нь лавтай буй за. Тэр алуурчин Бэгтэр бага хөвүүний минь хоолойг хирчиж байхдаа, дараагийн үнсээр хийсгэх голомт бол Тайчуудын Таргудай булхайнх болно хэмээн чамайг хэлж ядан байв. Таргудай чи хэдий хүчирхэг турхагуудаараа хүрээлэгдсэн ч өшилдөө улайрсан хүмүүнийг хэдий хүртэл хэрхэн хориглож чадах билээ. Одоо насан бага, өчүүхэн хэмээн түүнийг бүү басагтун.
Хорин нас хүрч,
Хотгор дам эргүүлж,
Өлөн цөөвөр мэт нөхөдтэй болж,
Өшилт хороо гүйцэд боловсруулсан цагт Таргудай чи түүнийг хэрхэвч үл хүчирнэ. Эцэг Есүхэйгээсээ гурвантаа чадалтайн дээр хөгшин чоно мэт хашир болгоомжтой аж. Төлгөн насанд нь төвөг багатай дарж эс чадвал тэнгэртэй тэрсэлдэж, газартай гацалдсан идэр насанд нь чи хэрхэн дийлэх.
Гүйцэд эс хийвээс
Гүзээг чинь ярах.
Дутуу дундуур үлдээвээс
Дунд чөмгийг чинь таших... хэмээгээд цамцаа сөхөн одоо ч цус шүүрсээр буй сүвээнийхээ шархыг үзүүлжээ.
Бэгтэрийн занал хорсол дүүрэн зэвүүн хүйтэн харц харагдах мэт болоход Таргудайн зүрх салганан чичирч билээ. Арван гуравтай гэхэд үнэмшимгүй биелэг, турлаг тэр хөвүүний гарынх нь сарвууг хараад зүрхшээж байсансан. Жүрхэний цуут Бүри бөх ч чухам арван гуравтайдаа ийм хүчирхэг сарвуутай байгаагүй биз. Бүри бөх бол ар зоондоо арван эрийн бяртай, атгалт шуундаа соёолон чонын зуулт мэт чадалтай ч арга заль мөхөс, атаа хорсол бага тул аюул бага хүмүүн. Гэтэл тэр Бэгтэр хөвүүн зөвхөн чадал тэнхээтэй төдийгүй заль мэх хэцүү, ухаан санаа гүйцэгдэмгүй, уур хилэн нэн арвин. Амар хялбар хуурагдах нь үгүй, ая эвд орох нь хол тул жинхэнэ аюул өсөн өндийж буй нь нэн тодорхой. Оргулын хэлдгээр өнөө биш ч маргаашийн нэг өдөр чухам тэр хөвүүнтэй өштөний учрах Өлийн давааны оройд тулах нь гарцаагүй.
- Оргул, чи энэ тухай хэнд ч үг бүү алд.
- За, гэхдээ чухам...
- Өнчин Бэгтэр ирж өшил хорслоо тайлан, өрх голомтийг чинь сүйрүүлсэн тухайд... Бэгтэрийг бүү хэл. Хэн нэгэн тэнэмэл, хийсэж ирсэн гай мэт ярьж явагтун. Олон үг хүзүү ороодог. Чи бидний хуучин хэлцээг хэн ч мэдэх ёсгүй. Энэ ганц Бэгтэрийн ч явдал биш биз. Есүхэйн хоёр том хөвүүний нас өнөө лавтай арван гурав хүрч, шүлс нь хэдийнэ шивэрч барагдан буй биз ээ гэжээ.
Таргудай Жүйн Оргулыг нэгэн аравтнаар хамгаалуулан буцаагаад, Есүхэйн өнчид хаагуур нутаглаж буйг тандуулахаар хашир тандуул гурвыг нууцаар ар араас нь илгээсэнд Ононы Гурван өндрийн тавилгана орчимд нутаглаж буйг мэдэж ирэв. Өнчид дангаар аж. Таргудай Хотун Өрчэнийг дуудан,
- Есүхэйн өнчин хөвүүдийн шүлс нь шивэрчихүй, хульхи нь гоожичухуй. Хурган насанд нь нугалан дарж эс чадваас Хотун Өрчэн чиний толгой ч цустаж, голомтийн чинь үнс ч хийсэж мэдэх... Итгэлтэй сайн турхагуудаа сэмээр бэлтгүүл. Хэрвээ тэр олби огтоно мэт Бэгтэр, Тэмүчин нар сэр авч ой шугуйд орж шургаваас олохуйяа бэрх болно гэжээ.
Тэгээд шилдэг сайн тавин турхагаа аян дайнд мордож буй мэт сайтар бэлдүүлээд дагуулан мордсон нь энэ билээ. Гурван Өндөрийн тавилгана орчимд дөхөж ирэхэд алингач нар нь нүүдэл хөсөг гол өгсөн өдөр дунд өнгөрч бүхий үед хөдөлсөн ба өнөөх айхтар Бэгтэр голын хэвийн улхан дээр үхсэн байдалтай буй гэсэн хачирхалтай мэдээтэй иржээ. Хүрч үзвэл Бэгтэр үнэхээр үхсэн байв. Айж мэгдсэн төлөвгүй амгалан тайван завилан сууж байгаад ар өврөөсөө зэрэг харвуулсаныг үзвэл алс холоос адууны хулгайч, атаатан ирж цочоосон нь үгүй мэт. Цогцос нь хэдүй хөрсөн ч нохой, шувуу зэрэмдэглээгүй нь хачин. Түүнийг ийн хөнөөх санаатан болоод чадалтан хэн билээ? Турхагуудаа тал тал тийш мөр шинжүүлэхээр явуулж, Хотун Өрчэнийг нүүдлийн араас мөшгүүлэв.
Тарж одсон турхагууд өөрсдийнхөөсөө өөр сэжигтэй мөр үзсэнгүй, улханаас холгүйхэн торолзгонын бутан дотроос зэвэндээ цустай хугархай сумаас өөр сэжүүр өлгөх эд олсонгүй тул энэ хэрэг лавтайяа Есүхэйн өнчид хоорондын явдал болов, эзэн нь Тэмүчин, Хасар хоёроос өөр хэн байх хэмээн сэтгээд, Өрчэний араас бусад турхагуудаа дагуулан довтолгосон нь тэр аж.
.
.
ГАВД ГАЦАВ
Таргудай Хирилтуг, Хотун Өрчэн хоёр хэрхэхээ хэлцэв.
Есүхэйн өнчин гурван хөвүүний байдал тийм амаргүй... Хасарын харвалт үе мөч нь гүйцсэн өлчир чийрэг турхагынхаас дутах янзгүй эрчтэй аж. Түүний зэвтэй хамт үхэл нисэн ирэх нь мадаггүй. Бэлгүдэйн бядыг, бас улайрган зоригийг сая хөсөг тэрэгний дэргэд Хотун Өрчэн хангалттай үзэв. Энэ бухан бяруу шиг хөвүүний хаана нь тийм их бяр нуугдаа юм бол гэмээр. Давхил дундаа харвасан Тэмүчиний зэв турхаг цэргийнх нь гүрээ хоолойг гарцаагүй онож, нэвт цохихыг ч харсан. Түүнээс илүү гайхаш төрүүлсэн нь Тэмүчин тулаанд гаршсан хэзээний хашир дайчин мэт өчүүхэн ч үг дуу, илүү үйлдэл үгүй байжээ. Хаягдаж гээгдсэн энэ хэдэн өнчдөд хэн тийм нарийн эрдмийг заасан хэрэг билээ. Хонхотан Мэнлиг нааш цааш нэлээдгүй явсан. Гэвч Мэнлиг бол туршлагат дайчин эр биш, ар гэрийн ая эвийг л зохицуулж сурсан төдий. Гэрийн зарц Төөдүүл тийм зүйл заамгүй. Хортой шазруун Өэлүн заагаа юу? Тийм эрдмийг тэр хаанаас, хэзээдээ сураа вэ? Охины өнгөөр гулладаг Олхунуд иргэд хэзээ ч сүрхий дайчид байсангүй шиг билээ.
Өрчэны хувьд тун ч бүтэлгүй болсон саяны хөсөг тэрэгний дэргэдэх тулгаралтад ялж чадсандаа хөвүүд бүр ч эрэм авсан биз. Хүчирхэг турхаг тэдний нэгийг алж, нөгөөг нь мөддөө, магадгүй дахин хэзээ ч илд барихааргүй болгож чадсан байх. Энэ өчүүхэн хөвүүдтэй ийм гарз хохиролтойгоор тулна гэдэг ёстой тэнгэр нь хаясан явдал болно. Хөвүүд ч эрэм авсан нь илэрхий, Бэлгүдэй нүцгэн цээжээ гялалзуулан шивээ шорлож, Хасарын цовоо дуу цангинан, Тэмүчин өмнөө сумаа багц багцаар нь арзайтал босгож буйг үзвэл эцсээ тултал тэмцэлдэх нь... Тэмүчиний дэргэд, шөрөг шивээний ард бас нэгэн хүмүүн нумны эвэр сэрэлзүүлэн нааш цааш болох нь магад Өэлүн биз. Тэр бамбараа харамнах өлөгчин бар шиг архирч чаддагийг Өрчэн мэдэх билээ. Бэгтэр үхсэн нь зол болж, хэрвээ тэр эдэнтэйгээ хамт байсан бол барж дарахад улам бэрх байх байж.
Тэднийг хааш нь ч гаргахгүй энэ хавцал гуунд нь битүүлэн түгжээд гурав хоноход нэг ч сумны гарзгүйгээр эд түрүүчээсээ гуринхлаад унаад өгөх нь тодорхой ч энэ өнчидтэй цаг үрж юу хийх вэ хэмээн тэр хоёр хэлцэв. Тэгээд Хотун Өрчэн урагш давшлан гарч, мончуурга сагалдаргалсан гараа өндөрт өргөөд,
- Хөвүүд та нар сонс... Ахыгаа, Тэмүчин ах аа бидэнд гаргаж өг. Бусад чинь бидэнд өт хорхойны ч хэрэггүй хэмээн хашгирав.
Хөвүүд үл ойлгосон шинжтэй таг чиг байсанд хэсэг харзнаад Таргудай урагшлан гарч Хотун Өрчэнтэй зэрэгцэж байгаад,
- Өэлүн чи сонс... Тэмүчинг бидэнд гаргаж өгвөөс та нарын ганц хялгас төдийг ч үл хөндөнө гэдэгт Таргудай тэргүүн би ам өгч байна хэмээн амьсгаадан бархирав.
Өэлүн шивээний цаанаас цээжээ лавхан цухуйлгаад,
- Таргудай, яагаад чамд Тэмүчин чухал болов?
Өчүүхэн насандаа
Өнчирч бүхийд
Өр лүү нь өшигчиж
Өшилд зуусан биш үү, чи...
Өлбөрч туйлбарахад нь
Үл тоосон биш үү, чи...
Өндөр хишигт суудлыг нь
Өмхий өгзгөөрөө
Өтөглөн бузарлачихаад
Өнөө юунд гэнэт
Өрөвдөн үгүйлэх болов, чи..
- Өэлүн бэргэн ээ... Чамтай би үг сэцлэх гэж ирсэнгүй. Хүндэтгэл үл мэдэх хөвүүнийг чинь жаал сургаж, засаглаж өгсү гэж ирлээ.
- Ачлан тэтгэх
Авга нь атал
Алан идэх
Араатан мэт, чи..
Аль үгэнд чинь итгэх билээ
Өргөн тэтгэх
Өмөг нь атал
Үтэр хэмхлэх
Өлөн буур мэт, чи.. Өнөө чиний үг сургаал хэрэг болно гэж юунд санаа вэ?
- Би танай Тэмүчин хөвүүнийг өчүүхэн балчир насанд нь өштний гараас өөрийн амийг ч үл хайрлан аварч, гэртээ авчраад ачлан тэтгэж, үрээ даага мэт сургаж явсан биш билүү. Тэгэхэд Өэлүн бэргэн чи өлмийд минь уйлан мөргөж, ачийг минь ямагт санаж явна хэмээн ачлалтай үгсийг булгийн усан мэт бургилуулж байсансан. Тэр сэтгэл чинь гантай зуны сайр байгаа юу, гашуун хорыг ундруулдаг болоо юу?.
- Хонхотаны хөвүүдтэй ёсгүй аашилж, ичих нүүрэндээ илэг наахаас буцахгүй болчихоод, гэгээн нарнаас дальдчиж явахдаа Таргудай чи шударгыг сахиж, Хонхотны талд илдээ өргөсөн Есүхэй баатар хан эрд маань нүүр олох арга сэдэж, харийн хүнээр хөвүүнийг минь хулгуулж, харин өөрөө аврагч болон тодорсон башир муухай санааг чинь мэдээгүй гэж найдаа юу? Өнөөдөр хөвүүнд минь чиний үг сургааль өчүүхэн ч хэрэггүй ээ... Хал балгүй холхон явбал тэр харин чиний тус тэр болно.
- Сайныг санадаг цээжийг минь
Самуун үгсээр сийчиж,
Үнэнийг хүсдэг зүрхийг минь
Үгийн муугаар үргэлж шархлуулах юм... Өэлүн бэргэн минь. Өнөө зутруу дорой яваагаа юуны учирт сэтгэнэм.
Хорон муухай санаа чинь
Хоолойг чинь ороож
Хормойг чинь тушиж,
Хошногыг чинь бөглөж байнам биш үү?
- Атаатнаа тулах мэт
Араагаа хүртэл хурцлаад
Агсарган яваа чинь
Арга ядсаных уу?
Цусанд шунасан цурхай мэт
Хотонд гэтсэн чоно мэт
Хурц мэсийг гялалзуулан
Хурдлан довтолж ирсэн чинь
Өчүүхэн бөөсөн хутга гаргах мэт
Өнчин хэдхэн хөвүүдийн араас
Хүчит турхагаа дагуулан
Хөөн гүйцэж ирсэн чинь
Сайныг санадаг цээжний явдал уу?
Үнэнийг хүсдэг зүрхний өчил үү?
Чиний үг хэзээ ямагт башир байдагсан.
Башир муу үгэнд чинь
Балчир хүртэл итгэхгүй ээ...
Таргудай Хирилтугийн дэргэд цаанаас бас нэгэн их биет эр ирснийг харсан Өэлүн,
- Аучу баатар. Таныг бас ийн яваад гайхаж баршгүй.
Боулихай муу хүмүүнд
Бодлогогүй юунд зүтгэнэм.
Есүхэй баатар, Аучу баатар хоёр
Ер нэг булны хоёр эргэцэгсэн..
Хар Татарыг хамтран дайлж,
Харь Алтаныг хиартал дарж,
Хашгирах дуунаараа нэгнээн цуурайлж,
Хангинах илдээрээ дэмнэлцэж явсансан.
Хэмхчүүлж унасан нэгэн тэнхлэгээ
Хэмхлэгч бул чулуу юугаар нь орлуулан
Хэм алдсан догонцоог дарах
Хэтэрхий ухааныг та хаанаас олоо вэ?
Өлжиг гархит илдээ
Үжир мунаар сольжээ.
Салхин зүсэгч Харцгайтан
Сарьсан багваахайтай нөхөцжээ...
Баатар идтний явдлыг
Барлаг боолынхоор арилжаад
Бахтай сайхныг үзэв үү, та?
Баясах цэнгэлийг олов уу та? хэмээн мөн дуудан донгодов. Аучу баатар омголон морио эргэцүүлэн баргар царайлан хариу үл өгөв.
Мөн Хотун Өрчэнд хандаж,
- Өрчэн, чи хэзээд уяаны нохой мэт явсан, өнөө ч хэвээр шив. Нохойд нохойны л үг таарна. Жов... хэмээн зандарсанд, Хотун Өрчэн доогтой хүйтнээр инээгээд,
Зуур замаас
Зувчиж ирсэн
Зуйгуул өлөгчинг
Зууж хаздаг л нохой доо, би хэмээн хариу барьжээ.
Яриа энэ байдлаар үргэлжилбэл эвгүйдэж мэдэх болсон тул Таргудай Хирилтуг яаран өлгөж аваад,
- За яахав. Өнөөдөр Тэмүчин хөвүүн чинь булай муухай хэрэг хийжээ.
Хавиргаа хазлах
Хавлан барс,
Дэгдээхийгээ хэмлэх
Дэлт муу ангир болсон биш үү.
Тэмүчин хүү чинь төрсөн ах Бэгтэрийгээ юуны учир алж хороов. Тэр ялыг түүнээс асуух нь тэнгэрийн ёс биш үү? гэв.
- Таргудай чи хэдийнээс тэнгэрийн ёс мэддэг болоо вэ? Бэгтэрийн эндсэн нь өнөөдрийн бага үдийнх атал хэдийд нь чи сонсчихоод хоёр өдөрчийн газраас салхи мэт хүрээд ирэв? Ганц үгний ард гарцаагүй баригдах худлаар тэнгэрийн ёсыг урин дуудна гэж чи юунд бодов. Хамаг Монголын хаан сууринийг гэгээн өдрөөр ч зүүдэлж явдгийг чинь дэргэдийнхэн чинь бүү хэл дэлхийн амьтад даяараа мэднэ. Хомхой чиний холын хүсэлд Есүхэй баатарын хөвүүд уул мэт тээглэж, ус гол мэт хөндөлдөх учирт шүдээ хүртэл зэвсэглээд шүлсээ савируулж яваа биш үү? Тэнгэр чиний санааг таалахгүй ээ.
Таргудай хэлэх үггүй мэт болоод, уурссандаа амьсгаа нь хурдан огцом болж, халуунд мэнчийсэн чилдгэр хүрэн царай нь улам чинэрэн улайгаад ирэв.
- Адуу толгойлсон гүү,
Айл толгойлсон авгай хоёрт хаая хүүе, хаа чуу хүртээлгүй гэдэг үнэн аж... Хорон үгт Өэлүн ээ, сонс чи. Чи хичнээн хашгичсан ч бид Тэмүчинг барихдаа л барина. Та нар наад хавцал гуундаа өөрсдөө шургаж орсон нь чухам бидний хүслийг бүтээхийн тулд аж. Гурван өдрийн дараа хөвүүдийн чинь балчираас эхлээд харангадаж унах үеэр Өэлүн чамайг хорон муу үгээрээ хөвүүдээ ундаалж чадах эсэхийг тэнсэн үзсүгэй. Тэр цагт тэнгэр чухам хэний талд буйг чамаас би асуумз...
Таргудайн үг үнэн байлаа. Яаран бачимдсандаа тэд өөрсдийгөө гуунд шааж, хавханд хавчуулж өгчээ. Энд хэр удаан тэсэх билээ. Маргааш орой гэхэд багачуудын түрүүч туйвалж эхэлнэ. Гантай зуны наран гашуун тохуутайяа жаргаж байв. Хөвүүд балчируудынх нь харангадан унаж буй сүүдэр нүдэнд нь харагдах мэт болоход Өэлүний өр зүрх урагдах шиг болжээ. Тэр саяын Таргудай нартай хэлцсэн үгээ ихэд гэмшин эрэгцүүлэв. Тэдний булхай явдлыг мянгантаа дуудан донгодовч тэр өчүүхэн төдий гэмших нь оргүй, ухааран хүлцэхийн завсар сий ч үгүй байв.
Буруу, дутуу ойлгож, мунгинан төөрч яваа хүмүүнд үгээр ухуулан, үнэнээр сэнхрүүлж болох ч угийн санаа буруу, төрөлхийн ёсгүй хүмүүнтэй ийн ил шулуун хэдэрлэн, үнэнийг тулган хүлцүүлэх гэж улайрган зүтгэх нь юуг ч үл өөрчлөх аж. Тэр төдийгүй атаа хорслыг нь бадрааж, уур омгийг нь дэврээж, зам мөртөө байсан өчүүхэн довыг өндөр байцат уул болгож ч мэдэх. Ээжийнхээ арга барагдан зогсож буй өрөвдөлт төрхийг үзээд Тэмүчин,
- Ганц миний төлөө бүгд эрсдэмгүй. Таргудай үнэхээр надаас бусдад үсний төдий ч үл хүрнэ гэдэг үгэндээ хүрэх бол энд дэмий хорголж суугаад яанам. Энд байваас гурван өдрийн дараа Таргудайн бахыг хангаж, баярыг хөөргөхөөс өөрцгүй биш үү гэв.
- Тэгээд яана гэж, үр минь. Харсаар байж чамайг харьтанд өгөөд явуулах гэж үү? Үзсээр байж чамайгаа өштөнд өрлүүлэх гэж үү? Үзсээр үрэгдүүлсэн минь одоо хангалттай. Үхэвч үрс та нартайгаа хамт байсугай...
Өэлүн нулимстайгаа хутган байж энэ үгийг хэлэв.
Эхийнх нь санаа дэндүү тодхон, тосон ирэх гашуун үхлийг хамтдаа угтахаар шийдсэн аж. Ингэж хулгана зурам мэт бултан зугтаж, бөжин туулай мэт бөлтөлзөн чичирч явсаар ханав. Өштнийхөө бахыг хангаад яанам, өршөөл эрэн сөгдсөнөөс үхвэл үхсэн шиг үхэе. Хачиун, Тэмүгэ, Тэмүлүн... Арван нас ч хүрээгүй ангарай хэдэн үрс л хэцүү. Гэвч хожмын өдрийн туулж үл гэтлэх доромжлол, боолчлолын зовлонг нь энэ өдрөөр эцэслэсүгэй.
Харин Тэмүчингийн цээжинд эхийн сэтгэлд тунарсан зовлонгийн хар нөжийг ганц биеэр үүрэн гарах хүслэн улам бадарчээ. Бэлгүдэйн босгож буй хороолж шивээний баруун хярын хадан дээр морьтойгоо мацан гарч чадвал цааш үргэлжлэх бяцхан хянга хамар даган тэртээ ард униаран дунд сүглийх Тэргүүн Өндөр өөд зулбан зугтаж болмоор... Найман шарга агтан дундаа дунд нарийн шарга нь уулын даваанд ухалзан зүтгэлэхдээ урамтайсан. Аюулт муу Тайчуудыг араасаа хууран дагуулсаар Тэргүүн Өндөрийн шугуйд хүрч чадвал хоргодон нуугдах газар бишгүй бий. Түрүү намар Бэгтэрийн хамт энд гахайн мөр даган ангуучилж ирсэн учир зам жим, битүү гогцоог нь бас гадарлах.
Тэгээд шийдэмгийгээр нарийн шаргаа хөтлөн Бэлгүдэйн битүүлэн шивээлж буйн баруугаар тулах хадны хэд нугаларсан үе өөд зүтгэв. Өэлүн хүүгийнхээ чухам юу сэтгэснийг үл ойлгон, гайхан харж байв. Бэлгүдэйгээр морины араас дэмнүүлж, Хасараар хадан үе дээрээс дэлнээс нь үгтээлгэн чангаасаар, нарийн шарга нь ч чухам юуны тулд тэрх хэцүү хадан үеэр зайн гарах болсноо мэдсэн мэт хүзүүгээ гүрдэлзүүлэн зүтгэсээр гарч чадав. Хадан дээр гарсан хойно мориндоо мордоод, төдий болтол тэдний үйлдлийг гайхан харсаар зогссон тайчуудын хор шарыг дуудан нумаараа даллан хашгираад хянга хамар барин Тэргүүн Өндөр өөд цогиулав.
/Хэсэглэн авав/
Б.Номинчимэд
-
2017 оны 1 сарын 05
Хэвлэлд бичигдснээс харвал эдгээрийг С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэмт хэргийг дагалдан гарсан гэмт хэргүүд гэж үзэж байгаа юм байна. (Хэвлэлүүдэд бичигдээгүй өөр ч бас байгаа байх)
Ямар нэгэн зохион байгуулалттай гэмт хэрэг гарахад тархи толгой болон санан сэдэгч, гар хөл болон гүйцэтгэгчид гэж заавал байдаг гэдэг юм.
-
2017 оны 1 сарын 05
Японд уншсан лекцэнд суусан хоёр залуугаас ирүүлсэн захианд бараг нэг ижил зүйлийн талаар хөндөж бичсэн нь миний хувьд том урам өгсний сацуу энэхүү бичлэгийг тэрлэх санааг төрүүлэв. Эхлээд тэр захианы товч агуулгыг та бүхэндээ толилуулъя!
Эхний захианд «. . . . . .Надад бол сэтгэлээ тогтоох тухай сургаал тань юу юунаас илүүтэй их чухал байсан. Олон жил ойлголгүй явсаар өдий хүрсэн сэтгэл тогтох, түүний гол үндэс болсон өдрийн зөв дэг хэмээх хоёр аргыг тухай анх сонсож, түүнийг амьдралдаа хэрэгжүүлэх боломжтой болсондоо миний хувьд баярлаж бахдаад ханамгүй сайхан байна. Энэ хоёр аргыг хэрэгжүүлж чадах бөгөөс болж бүтэхгүй зүйл гэж үгүй хэмээн сэтгэлд бяр чадал амтагдах болов. . . . . . » гэсэн үг байгааг та бүхэн тогтож анхаараарай.
Тэгвэл дараачийн захианд: « Надад бол сэтгэлээ тогтоох тухай сургаал тань юу юунаас илүүтэй их чухал байсан. Олон жил ойлголгүй явсаар өдий хүрсэн сэтгэл тогтох, түүний гол үндэс болсон өдрийн зөв дэг хэмээх хоёр аргыг тухай анх сонсож, түүнийг амьдралдаа хэрэгжүүлэх боломжтой болсондоо миний хувьд баярлаж бахдаад ханамгүй сайхан байна. Энэ хоёр аргыг хэрэгжүүлж чадах бөгөөс болж бүтэхгүй зүйл гэж үгүй хэмээн сэтгэлд бяр чадал амтагдах болов.» гэжээ.
Дээрх хоёр захианд «СЭТГЭЛ ТОГТОХ» асуудал онцгойлон хөндөгдсөн нь тэдний хувьд маш чухал сэдэв байсан нь ойлгогдож байна. Юуны өмнө хоёрдахь захианд тавигдсан асуудлын талаар та бүхэнтэй санаа бодлоо товч хуваалцъя.
Сэтгэл тогтоно гээд ярихаар дуугүй дүмбийчихээд хөдөлгөөнгүй сууж байгаа уйтгартай амьтны тухай яригдаагүй байж таарна. Угтаа бол маш өргөн ойлголт боловч миний хувьд сайн сайхан бүхнээс үлгэр авч, муу муухай зүйлээс өөрийгөө холдуулаад татан авч чадах чадвар бол сэтгэл тогтсоны нэг илрэл юм хэмээн оюутан сурагчдад ярьж тайлбарладаг. Сэтгэл тогтохуйн гол үндэс нь сахилга бат сайтай өдрийн зөв дэглэм бөгөөд болж л өгвөл өдрийн дэглэмийг өөрт хийгээд бусдад тустай байдлаар зохион байгуулж чадвал түүнээс сайн хэрэг гэж юу байхав. Өглөө эрт босож, орой тогтсон цагт унтаж хэвшээд орчин үеийн хүмүүсийн хувьд гол асуудал болчихоод байгаа цахим дэлгэцийн хамааралд хэт авталгүй гадаад хэл сурах, гэрийн ажлаа сэтгэл өөдрөг байдалтай амжуулах, эрүүл агаарт алхах, биеийн тамираар хичээллэх гэх зэргээр өдрийг үр дүнтэй өнгөрөөх идэвхитэй арга хаа эс мундах билээ дээ. Түүнээс гадна анхаарах ёстой өөр нэг зүйл бол залуу хүмүүсийн хувьд гэр бүлийн дотор эрүүл, эелдэг зөв харьцааг буй болгож чадваас сэтгэл тогтоход хамгаас чухал зүйл гэж боддог. Гэр бүлийн гишүүд дор бүрнээ гүйцэтгэх ажил үүргээ ухаарчихсан түүнийг ягштал гүйцэлдүүлээд байдаг болчихвол амьдрал гэрэл гэгээтэй, тэр хэрээр хэрүүл цуугианы чимээ ч аяндаа түрдэж үгүй болох нь тодорхой юм.
Нөгөө талаар сэтгэл тогтчихсон хүний дотоод сэтгэлд ямар хувирал гардаг тухай асуусанд одоо хариулахыг оролдъё. Токиод уншсан лекцэн дээр үүнтэй төсөөтэй асуултыг нэг хүн тавьсан. Бүр тодруулбал: «Таны сэтгэл хэр зэрэг тогтсон бэ? Та өөрийгөө дотоод сэтгэлийн хувьд ямар төвшинд хүрчихсэн тухайгаа бидэнд ярьж өгөхгүй юу?» гэж асууж байсныг тодхон санаж байна. Би түүний хариуд: «Би үнэндээ дотоод сэтгэлийн ийм тийм төвшинд хүрчихлээ гэж бодож байсан удаа үгүй. Харин нуулгүй хэлэхэд би цаг үеэсээ хоцрогдож байж мэднэ шүү. Ер нь насны эрхээр хоцрогдож л байгаа даа.» хэмээн өөртөө хааяа сануулан хэлдэг гэж хариулсан. Энэ нь хүүхэд залуустай голчлон харьцаж ажилладаг хүний хувьд тэднийг ойлгох, хоорондын эерэг харьцааг буй болгоход тустай байдаг. Түүнчлэн тойроод гарахын аргагүй байгалийн жамыг эергээр хүлээн авч, өөрийгөө байнга шавдуулан хурцлаж байх гэсэн бас л нэг өөрт тохирсон арга болохыг та бүхэн ойлгоно буй за.
Нөгөө талаар би сэтгэл тогтох тухай бодохоосоо илүүтэй ажил амьдрал, чөлөөт цагаа сонирхолтой, үр дүнтэй зохион байгуулахад л голчлон анхаардаг. Энэ нь яван явсаар амьдралын хэвшил болон хувирсан болохоор сэтгэл үймрэх асуудлын нөлөөнд харьцангуй бага автдаг байж мэдэх талтай юм. Түүнээс биш учиргүй «өнгө будаг ялгарсан сэтгэлийн гүн хувирал үүссэн» гэж ярьвал тэрэн шиг худал зүйл байхгүй гэдгийг хэлэх байна.
Товчоор зөвлөхөд сэтгэлээ тогтоохын тулд өдрийн зөв хэвшилтэй болчих. Сэтгэл үймрээд байгаа шалтгаанаас холдчих. Ажил амьдрал гээд хийж байгаа зүйл бүхэндээ ялархахгүй гэрэл гэгээтэй өөдрөг сэтгэлээр хандаж сурах нь л хамгаас чухал даа. Ялангуяа охинтойгоо орой болгон хичээл хийдэг болсон хэвшлээ таслахгүй үргэлжлүүлээд байгаарай. Хэрвээ ингэж чадвал сэтгэл тогтохуйн нөгөө тал нь аз жаргал гэсэн үг байдгийг ухаарах болно. Түүнд хүрэх зам мөр нь зоригийг хөвчлөн зорин хөдлөгсдийн хувьд төдийлөн хол бус аа.
-
2017 оны 1 сарын 04
Хятад Далай ламын айлчлалтай холбоотойгоор манай эсрэг хориг арга хэмжээ авсныг бүгд мэднэ. Энэ талаар манайхан хоёр, гурван тал болон хуваагдаж хэрэлдэж байгааг ч бас мэднэ. Асуудлын гол нь манай улс мөнгөгүй болсноор үл барам “өрөнд идэгдэж, өтөнд бариулж” байгааг ч бид бас л мэднэ. Тэгвэл мөнгө босгох гэсэн “шинэ” Төрийн ажил ямархуу байгааг бүхэлд нь авч үзвэл байдал улам тодорхой болно гэж би бодож байна. Энэ талаар өгүүлсү.
-
2017 оны 1 сарын 03
Розалин бол арван гурван настай бүрэгдүү охин бөлгөө. Түүнийг хараахан балчир байхад аав нь ослоор өөд болсон тул ээж София нь түүнийг ардаа үүрч амандаа зуух нь холгүй зүтгэсээр өдий зэрэгтэй болгож өсгөсөн юм. Тэдний амин зуулга тарчиг ядуу болохоор үе тэнгийн хүүхдүүд илт дээрэнгүй ханддагийг тэр ойлгох болжээ. Яваандаа ээж нь гэж бүтэлгүй амьтнаас болоод хүүхдүүд түүнд тийм жудаггүй ханддаг байх гэсэн бодол там тумхан төрөх болсны улмаас дотроо улам ч ихээр шаналангуй явдаг болжээ. Софи нэг компанид цэвэрлэгчээр ажилладаг бөгөөд хар өглөөгүүр гэрээс гарч өдөржин борви бохисхийхгүй ажилладаг хэр нь шальтай ацаг хөлс авдаггүй болохоор амин зуулга нь яаж ч өөдтэй байх билээ дээ. Дээр нь газар дээрх ганц охиных нь зан араншин хувираад үг дуугүй бөглүү битүү нэгэн болчихвий гэж санаа зовнихын сацуу түүнийг баярлуулж баясгах гэж аргаа барах бол энүүхэнд.
-
2017 оны 1 сарын 03
-Хасар, Хасар... Чи хараач. Нааш ир, наашаа... Цагаан сугус... хэмээн Тэмүчин баярласандаа тэсгэлгүй хашгирав.