-
2017 оны 8 сарын 18
Монголын улс төрийн тэмцэл МАНАН-гийн эвдрэлийг тогтоон барих, түүнийг эвдэх гэсэн эсрэг тэсрэг хандлага, урсгал гольдролд нэгэнт оржээ. Энэ нь улс төрийн “уламжлалт бус” хатуу ширүүн тэмцлээр илэрч байна. Чингэхдээ МАН доторхи тэмцлээр илүүтэй тодорхойлогдох болов.
-
2017 оны 8 сарын 17
Би монгол орныхоо гадаргын усыг яаж эх орондоо үлдээж, ууршуулж, шингээж, нэг хэсгийг нь ашиглаж болох төсөр аргыг сонсгоё. Агуулга нь УИХ-аас баталсан “УС ХӨТӨЛБӨРТ”-тэй цав хийтэл нийцнэ.
-
2017 оны 8 сарын 16
Монголын цагдаа зүгээр иргэнээ хаалга цохиж ороод төрийн форм,үнэмлэхээ үзүүлээд баривчлах, нэгжих тогтоолоо харуулаад ярихад урдаас нь тэр дундаа хуулиа мэддэг хүн тэгтлээ их эсэргүүцээд цахлаад унах нь бараг байхгүй ш дээ.
-
2017 оны 8 сарын 11
Элчин сайдыг эргүүлэн татах тухайд МУ-ын Ерөнхийлөгч нь УИХ-д элчин сайдыг татах тухай саналаа бичгээр уламжлаад үүний хариуг УИХ ЗӨВШӨӨРНӨ, ҮГҮЙ гэсэн хоёр хариултын нэгийг өгөх байдлаар хариу өгөх учиртай гэнэ.
Ямар ч хариулт өгсөн үүнийг Ерөнхийлөгчийг УИХ-тай зөвшилцсөн гэж тооцдог аж.
Дараа нь МУ-ын Ерөнхийлөгч үндсэн хуульд заасан ёсоор бүрэн эрхийнхээ дагуу Элчин сайдыг ТАТАХ зарлиг гаргана.
Ингэснээр тус элчин сайд Монгол улсыг төлөөлөх эрхгүй болох бөгөөд Диполмат эрх ямба нь автоматаар хүчингүй болдог гэнэ.
Энд Ерөнхийлөгчийн УИХ-д өгсөн элчин сайдыг татах тухай бичигт УИХ-ын хариулт өгөх хугацааг хуульчлаагүй учраас л хэд хоног саатсан юм байна.
Гэвч УИХ ба Төрийн ямар ч институц нь бичгээр өгсөн асуудлын хариуг 30 хоногийн дотор өгдөг хууль байдаг аж. Энэ хугацаанаас хэтрүүлэхгүй УИХ нь ерөнхийлөгчийн өгсөн бичигт хариулт өгөх ёстой байсан гэнэ.
Эндээс харахад С.Баярыг эргүүлэн татах үйл ажиллагаа нь 30 хоногийн дотор бүрэн шийдэгдэх ёстой байжээ.
(Жич: Сонгуульд ялсан намын дарга Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байгаа хүнийхээ нэрийг Ерөнхийлөгчид танилцуулдаг бөгөөд Ерөнхийлөгч ажлын 5 хоногийн дотор нэр дэвшсэн хүнийг ДЭМЖСЭН ба ТАТГАЛЗСАН хариултын нэгийг өгөх ёстой гэж хуульчилсан байдгийг сануулъя. Хариулт ямар ч байсан Ерөнхийлөгчтэй зөвшилцсөнд тооцон УИХ-д уг нэр дэвшигчийг хэлэлцүүлдэг. Үүнтэй төстэй гэж ойлгож болно.)
Энэ ёсыг сайн мэдэх С.Баяр нь UK-д элчингээр үргэлжлүүлэн ажиллах боломжгүй гэдгээ мэдэхийн цаагуур мэдэж байсан нь ойлгомжтой юм.
Ингээд С.Баяр сайн дураараа ажлаа өгсөн болж улс төр хийж байгааг сүүлийн үед бүх ТВ-гээр гаргалаа.
Гадаадад элчин сайд томилох асуудал ч ялгаагүй.
Эцсийн эцэст Ерөнхийлөгчийн зарлиг гарснаар л диполмат бүрэн эрх нь хэрэгждэг гэнэ.
Ерөнхийлөгчийн өгсөн ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГИЙГ UK-ын ХАТАН хаанд гардуулснаар Монгол улсын элчин сайдын UK-д үйл ажиллагаа явуулах бүрэн эрх нь нээгдэнэ гэж ойлгож болно.
Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Итгэмжлэх жуух бичгээ өгөхгүй бол Элчин сайд томилох асуудал хэрэгжихгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой байна.
Энэ зарлигаар элчин сайд томилох ба эргүүлэн татах эрхийг МУ-ын үндсэн хуулиар ерөнхийлөгчид олгосон байдаг аж.
Ойлгомжтой бичвэл: Энэ доорхи зурагт үзүүлсэн Хатан хаанд өгч байгаа бичгийг Ерөнхийлөгч бичиж өгдөг гэж ойлгож болно.
Ерөнхийлөгч энэ бичгээ бичиж өгөхгүй бол хэн ч Элчин сайд болох эрхгүй ажээ.
-
2017 оны 8 сарын 08
Олон нийтэд зориулсан сайн үйлсийг санаачлах жор хийгээд дүрэм журам гэж байдаггүй. Энэ бол хүний сайхан сэтгэл болоод амьдралын утга учир, зорилгоо гэгээлэг сайхнаар ухамсарласан хүмүүсийн зүрх сэтгэлийн илрэл юм.
-
2017 оны 8 сарын 07
Саяхан болсон Ерөнхийлөгчийн сонгууль манай улс төрийн төлөв байдал, хандлагад суурь өөрчлөлт оруулав. Гэтэл манайхан үүнийг үл анзааран хоёр хүн боксдоод нэг нь ялчихсан мэтээр ойлгож, үйл явдлын өрнөл, хандлагыг илт явцууруулж байна. Сонгуулиас хойш бүтэн сар гаруй болсон авч нухацтай, тулхтай үнэлэлт дүгнэлт энэ хэр алга. Энэ удаагийн сонгуулиар МАНАН системийн дээд түвшинд олон жилийн өмнө гарсан ан цав гарсан сонгуулийн үр дүнгийн хүчтэй доргилтын улмаас МАНАН-д цууралт болон өргөжиж нуралт эхэлсэнд гол учир нь байгаа юм. Энэ тухай өгүүлсү…
-
2017 оны 8 сарын 03
АТГ-ын дарга Х.Энхжаргал нь 60 тэрбумын бичлэгээр тодорсон М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг боломж ба чадлынхаа хирээр хамгаалж, уг хэргийг саринуулахыг хичээж байгааг бид Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзсан бичлэгээс нь харсан. АТГ-ын дарга Х.Энхжаргал нь МАН-д ашиггүй өөр бусад ямар ч хэрэг дээр ийм зарчим барьж ажилладаг гэдэг нь тов тодорхой юм.
-
2017 оны 7 сарын 28
\Сонгуулийн дараах эргэцүүлэл\
Ард олны сэтгэлгээ хийгээд хандлага ихээхэн ѳѳрчлѳгдѳж, харин Монголын ѳнѳѳгийн улстѳр ихэд хоцрогдсоныг Монгол Улсын Ерѳнхийлөгчийг сонгох энэ удаагийн сонгууль нотоллоо. Маш олон эрээ цээрээгээ алдсан заваан үйлдлүүд ѳрнѳж сонгогч иргэдийн тэсвэр тэвчээрийг барсан нь энэ удаагийн сонголтын илрэл. Ард түмнээс бүрдсэн нийгмийг удирдан залах үүрэгтэй ТѲР нь олон нийтээсээ хоцрогдохоор бид цаашаа хэрхэн яаж хѳгжих гэж?
Нэгэн зүйл. АЛБАН ТУШААЛЫН НАЙМАА –АВИЛГАЛ
-2000 оны сонгуульд МАХН ялж Н.Энхбаяр Ерѳнхий сайдаар томилогдсон цагаас улстѳрийн албан тушаалыг тодорхой мѳнгѳѳр үнэлж худалдаж эхэлснийг хүн бүхэн мэдэж байгаа. Бүгдээрээ эс мэдэх дүр үзүүлж байгаа хэдий ч АН, МАН бүгдээрээ энэ үйлдлийг давтацгаасан. Даамжирсаар энэ нь орон нутгийн сонгуульд яаж нѳлѳѳлснийг бүгдээрээ амсаж мэдэрч буй. Хамгийн болхи байдлаар илэрч баригдсан нь “60 тэрбумын” гэгдэх хэрэг болон ѳдгѳѳ дуулиан болж буй. Харин “хайрт удирдагч” Н.Энхбаяр ѳдгѳѳ “Хулгайчийг бариарай” хэмээн хашгирч байна.
-Мэргэжил мэдлэгийн чадвараар бус мѳнгѳ тѳлж шийдвэр гаргах эрх мэдэлд очсон хэн боловч энэ албан тушаалд зарцуулсан мѳнгѳѳ ядаж нугалж олж авахыг бодохоос түүнд Монгол орны хѳгжил, эрх ашиг огтоос хамаагүй. Яг эндээс л Тѳрийн албаны шийдвэр гаргах эрх мэдэл бүхий албан тушаалтнуудын авилгал үүсдэг. Бүгдээрээ мэдээд байгаа хэрнээ энэ талаар хэн ч дуугардаггүй. Маш бага цалинтай атлаа Тѳрийн албанаас татгалзахыг огт хүсдэггүй нь үүний нотолгоо. Эрх мэдэлтнүүд Тѳрийн албан хаагчдыг чадваржуулж, хангамжийг нь сайжруулж, мэргэжлийн түвшинд ажиллуулахыг хүсдэггүй нь бас үүний баталгаа.
-Хэдийгээр Тѳрийн албан хаагчид нам бус байхыг хүүльчилсан боловч, сонгуульд ялсан нам Тѳрийн албан хаагчдын ихэнхийг нь намын харьяаллаар халж, солих бѳгѳѳд үүнийгээ “Бялуу хуваах” гэж ѳхѳѳрдѳн нэрлэдэгт тэд ч бид ч хүлээн зѳвшѳѳрч аль хэдийн дасчээ. Тийм болохоор эрх мэдэлтнүүдийн цүнхийг барьж далдаганан гүйлдэж, үүнийхээ тѳлѳѳ албан тушаалд очихыг мѳрѳѳддѳг залуус олширсон нь шуудхан хэлэхэд Монголын ирээдүй залуу үеийг “АЛЖ” буй хэрэг. Ѳнѳѳгийн залуусын их мэдлэг, ажлын туршлага, хийж бүтээх их хүсэл эрмэлзлэлийг нугачин дарж , үнэ цэнэгүй болгож байгаагаараа энэ бол гэмт үйлдэл мѳн.
Нэгэн зүйл. ЕРѲНХИЙЛӨГЧИЙН ЭРХ МЭДЭЛ
-Монгол Улсын “Үндсэн хууль”д зааснаар ард түмний эв нэгдлийг зангидагч Ерѳнхийлэгчийн эрх мэдэл хязгаарлагдмал. Парламентийн засаглалтай улс орнуудын нийтлэг жишиг. Харин Монгол Улсын Ерѳнхийлэгчээр сонгогдон 8 жил ажилласан Ц.Элбэгдорж энэ эрх мэдлийг хүчтэй болгосон. Дээд шүүхийн Ерѳнхий шүүгч, Ерѳнхий Прокурор ыг томилох эрх мэдэл дээрээ АТГ ын даргыг томилох болсон нь Ерѳнхийлэгчийг хүчтэй болгосон. “Авилгалтай тэмцэж Монголын нийгэмд шударга ёсыг тогтооно” гэж амалж гарч ирсэн тэрээр хуулийн шийдвэр гаргах бүх эрх мэдлүүдийг захирснаараа бусдыг айлган сүрдүүлэхэд ашигласаар ирлээ. “Олон сайн үйл хийсэн” гэж ѳѳрийгѳѳ дүгнүүлдэг түүнийг Монголын нийгэмд шударга ёс тогтоож чадаагүйнх нь тѳлѳѳ би лав сайшаадагүй. Амлалт бол амлалт шүү дээ.
-Харин Х.Баттулгыг Ерѳнхийлэгчээр сонгогдсоных нь дараа түүний эрх мэдлийг хязгаарлах талаар яригдаж эхэлсэн нь “Ѳѳд нь хаясан чулуу ѳѳрийн толгой дээр унах” аас айсан хэрэг гэж харж байна. “Мунхаг хүнд эрх мэдэл ѳгвѳѳс хилэнцийг нь дааж үл чадах” гэгчээр тэд ѳнѳѳдѳр “Ниргэсэн хойно нь хашгирах” ын үлгэр болж буй.
Нэгэн зүйл. Х.БАТТУЛГЫГ ЯАГААД СОНГОСОН БЭ?
-Олон түмэн энэ удаад НAM ыг бус ХYH ийг нь харж сонголоо. Магадгүй Х.Баттулга авилгажсан нийгмийн нэг бүтцийн хувьд хууль бус зүйлд бишгүй орооцолдсон байх. Гэхдээ “Цонжин болдог”т Чингисийн цогцолбор босгосных нь тѳлѳѳ, Монголын жу до бѳхийг дэмжин “Олимпийн аварга” тѳрүүлж, энэ тѳрлийн тамирчдыг дэлхийд данстай болгосных нь тѳлѳѳ сонгосон. Хүмүүс хэн нэгэн гоё сайхан ярихаас залхжээ. Ядаж л хийж бүтээсэн хүн, хийж бүтээх байх гэж л найдсан хэрэг. Яг үнэндээ ѳдийг хүртэл жижиг амбицаа дарж чадаагүй АН ын ялалт бишээ. Харин энэ их итгэлтэй сонголтын хариуд “баатар” болох “гай” болохын алин болохыг Х.Баттулга ѳѳрѳѳ л сонгоно.
-Олон нийт Монгол Улсын Ерѳнхийлэгч Х.Баттулгаас юу хүлээж байна гээч! 1.Шийдвэр гаргах эрх мэдлээ хувийн сонирхолдоо ашиглан Монголын баялгийг хууль бус аргаар хулгайлан завшиж баяжсан хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэн бүх хѳрѳнгийг нь хурааж “Улсын орлого” болгохыг 2.Монголын нийгэмд шударга ёсыг тогтоон иргэн бүр ѳргүй, айдас дарамтгүй, ирээдүйдээ итгэлтэй амьдрахыг 3.Нам болж талцалгүйгээр хэн нэгэнд зусардаж авилгал ѳгѳлгүйгээр монгол хүн бүр ѳѳрийн чадал боломжоороо эх орондоо тайван амгалан ажиллахыг 4. Ѳргѳн уудам газар нутагтай, асар их байгалийн баялагтай, түүхийн үнэт олдворуудтай хэрнээ цѳѳхѳн хүн амтай Монгол орныг дэлхийн хэмжээнд хѳгжүүлэх эхлэл тавихыг хүсч хүлээж байна.
-Түүний ѳрсѳлдѳгч МАН аас нэр дэвшигч М.Энхболд Монголын нийгэмд ямаршуухан феодал ноёдууд бий болж, ард олныг хэрхэн басамжилж доромжилж болдгийг зусардагсдаараа, МАХН аас нэр дэвшигч С.Ганбаатар Монголын нийгэмд ямаршуухан хуурамч “Эх оронч” дүртэнгүүд тодорч, хувийн ѳчүүхэн эрх ашгийн тѳлѳѳ урваж шарван, эрх мэдэлтнуудэд хэрхэн зусарддагийг ѳѳрѳѳрѳѳ амьд жишээ болгон нотлов. “Ярих яах вэ та Монголын хѳгжлийн тѳлѳѳ ѳѳрийн чадах юу хийсэн бэ?” гэсэн шазруухан асуултад тэд бүдэрч ойчив. “Ѳрсѳлдѳгчид нь ѳѳд нь татах гээд ч ѳѳдѳѳ татагдсангүй”. Энэ бол бидний нийгмийн хамгийн гунигтай хошин дүр зураг байв.
Нэгэн зүйл. БИД ѲѲРЧЛѲГДѲЖ БАЙНАА
-Намууд хѳгширчээ. Намуудын удирдлагад байгаа хүмүүс сэтгэлгээгээрээ аль хэдийн зѳнѳж орхиж. Эргэн тойрондоо байгаа зусардагсдаараа олон түмнийг тѳсѳѳлдѳг болж. Тэд эрх ямба, хѳрѳнгѳ мѳнгѳндѳѳ ханаж цадахаа больж, феодалууд бас бирдүүд болжээ. Тэд олон нийтийг мунхаг харанхуй, бүдүүлэг байдлаар тѳсѳѳлж байна. УИХ дээр бусдын ѳмнѳѳс товчлуур даран инээлдэж, хуралдаа суухдаа эвшээж, тѳвѳгшѳѳж, юу хийж байгаагаа ч, юу хийх ёстойгоо ч мэдэхгүй болтлоо мангуурч, “хүчин” гийн хэрэгт нэр холбогдож, шалиг марзан яриагаараа бусдад гайхуулж, бүдүүлэг заваан байдлаараа бусдын дургүйг хүргэх болжээ. Эрх мэдэл бол хариуцлага гэдгийг цѳѳхѳн хүн сахиж, ихэнх нь бизнес гэж харж байна. Намууд ѳѳрчлѳгдѳхгүй бол тэднийг татан буулгах цаг нь болжээ. Хэрэв залуус ухаарч намаа шинэчилж ѳѳрчлѳхгүй бол ѳѳр зам бас сонголт үгүй. Ард олон шинэ үе, шинэ залуусыг хүлээж байна.
-Намуудыг дагасан хийрхэл солиорол, талцал, хуурамч дүр эсгэсэн “Эх оронч” дыг эс тооцвол монголчууд бидний сэтгэлгээ хандлага ихээхэн сайнаар ѳѳрчлѳгдѳж байгаа нь хамгийн баярлууштай үзэгдэл. Монголын хѳгжилд сошиал орон зай маш хүчтэй нѳлѳѳлж байгаагийн илрэл нь Асашоёро Д.Дагвадоржийн “АСА явуулын станц” байлаа. Ѳнѳѳдѳр Монголд хийгдэж буй “Ид шидийн орон” тѳсѳл, гал түймрийг унтраах болон ОБЕГ ыг дэмжих хандивын хѳдѳлгѳѳн, хог хаягдал хаяхгүй байх, гол усаа бохирдуулахгүй байх уриалгууд үүний нотолгоо. Монголчууд сэтгэлгээний хүвьд сэргэжээ. Харин Монголын Тѳр сэрэх цаг нь болсон бус уу?
-“Сайны хажуугаар саар” гэдэгчлэн хүмүүсийг хагаралдуулах, хийж бүтээж, бичиж хэвлүүлж байгаа бүхний доорх харааж зүхэн гутааж доромжилсон сэтгэгдлүүд, “Эх оронч” нэрээр хүчирхийлэл хагаралд уриалан дуудагсад, ѳѳртэй нь санал нийлээгүй хүн болгоныг “хужаа” хэмээн цоллогсод байсаар байна. Яг ѳнѳѳдѳр монголчууд бидний хувьд “ухаантан” дүр эсгэж цэцэрхэж суух биш, эх орныхоо хѳгжил дэвшлийн тѳлѳѳ юу хийж чадахаа бусдад харуулж нотлох цаг иржээ. ЭХ ОРОН ЧИНЬ ЧИНИЙ ТѲЛѲѲ ЮУ ХИЙХИЙГ ХҮЛЭЭЖ ШҮҮМЖЛЭХ БУС, ЧИ ѲѲРѲѲ ЭХ ОРНЫХОО ХѲГЖЛИЙН ТѲЛѲѲ ХИЙЖ ЧАДAХ ЗҮЙЛЭЭ ХИЙХ ТЭР ЦАГ ИРЖЭЭ. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг дээ.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
-
2017 оны 7 сарын 26
…Хүү нь хичээлээ таслаад байхаар нь авто засварын газар ажиллуулдаг аав нь “За яахав миний хүү сурах дургүй юм бол хичээлээ орхиод аавынхаа засварын газарт ажиллахаас даа. Маргаашнаас хоёулаа хамт ажилланаа” гэж хэлжээ. Эхнэрийн бэлтгэсэн 2 хүний хоолоо аваад аав хүү 2 ажиллаж гэнэ. Аав тэр ѳдѳр засах машин олон байсан болохоор хүүтэйгээ олон юм ярилгүй ажилладагаараа ажиллаад л байж. Хүүд эхэндээ сонирхолтой ч юм шиг амар ч юм шиг санагдан аавынхаа хэлсэн болгоныг хийнэ. Ѳдѳр тийшээ хүү ч бага зэрэг ядарч, бас ѳлсѳж эхлэв. “Аав аа хоёулаа жаахан амарч хоолоо идэх үү?” Аав ажилдаа улайраад дуугарсангүй ч, урьд ѳдрүүдийн хоолоо иддэг цагтаа л хоолоо идэцгээлээ. Үдээс хойш нилээд их ажиллацгааж, хүү ч ядарч байгаа бололтой. Гэвч аав ажлаа хийнгээ, хааяадаа хүү рүүгээ хяламхийн харна Орой хоолоо идчихээд “гэртээ харих байх” гэж бодсон чинь аав нь үргэлжлүүлэн ажиллаа. Орой болж хүү ядарч байгаа бололтой, дуу нь гарахаа ч болив. Бухимдангүй маягаар хааяа аав руугаа харавч, аав мѳнѳѳх л хэмнэлээрээ хийх ажилдаа хамаг анхаарлаа хандуулах аж. Бүр шѳнѳ болж хүү ямар ч тэнхэлгүй болтлоо ядарч, дотроо хичнээн бухимдавч аавдаа гаргаж үл зүрхэлнэ. Аав ажлаа дуусгаад хартал хүү ямар ч тэнхэлгүй газар шагайн сууна. Газар шагайн гуниглан суух хүүдээ аав нь “Миний хүү аав нь ингэж ажиллаж л ѳѳрсдийнхѳѳ амжиргаа болон чиний сургалтын зардлыг тѳлдѳг юм шүү дээ. Тэгэхээр чиний хувьд хичээлээ сайн хийгээд чадварлаг мэргэжилтэн болох, эс бол аавынхаа засварын газрыг ѳвлѳж аваад над шиг ажиллах хоёрхон сонголт байгаа юм шүү “хэмээн намуухан дуугаар хэлэв. Тэр цагаас хүү хичээлээ таслахаа больсон гэдэг. Энэ түүхийг миний нэг танил надад хүүрнэсэн юм.
Чамайг тѳрж байхад чинь цээжний нь чанадаас гэнэт хѳѳрѳн хоолой зангируулан хамрын угт шархирах эмнэг мэдрэмжээ тогтоон аргамжиж, аадрын дуслууд шиг юу юугүй асгарах нулимсаа аньсага дээрээ тогтоон чѳдѳрлѳж, уртаар санаа алдан баяртайгаар мушилзсан тэр хүнийг ААВ гэдэг юм. Чамайг гүйж яваад бүдэрч унахад чинь сэтгэл дотроо уулга алдан тэвдэж, зүрхэндээ ёолж уйлах хэрнээ “Зүгээрээ миний хүү ѳвдѳѳгүй биз дээ? Ѳѳрѳѳ босчих оо” хэмээн хээв нэг тайван хэлж чаддаг хүнийг ААВ гэдэг юм. Чамайг хэн нэгэнтэй муудалцан байдаг чадлаараа уйлж бархирч ирэхэд тань, чамайг ѳмѳѳрѳн арслан бар шиг архирах хилэнгээ зангидсан гарандаа нуун атгаж, чиний урсах нулимсын тоогоор зурхнээс урсах цусны дуслуудыг тогтоон байж “Миний хүүгийн буруу шүү дээ, бусадтай битгий муудалцаж бай” хэмээн хоолойгоо сааралтуулан байж аргаддаг хүнийг ААВ гэдэг юм. Чиний гаргасан алдаа бүхний тоогоор үсэнд нь буурал сор сууж, чиний тэнэглэл бүрийн тоогоор нүүрэнд нь үрчлээ нэмж, чамд тохиолдох зовлон бүрийн хэмжээгээр сэтгэл нь сэмэрч урагдан нуруу нь бѳгтийх хэрнээ, чиний духан дээр зѳѳлхѳн үнсэж хацрыг тань илбэхдээ ч, цээжиндээ наан тэвэрч санаа алдах мѳчдѳѳ ч, чиний хайрыг ѳѳрийнхѳѳ хайранд уусган сүлэхдээ ч энэ бүхнийг мартан цайруулдаг хүнийг ААВ гэдэг юм.
Ээж хүн хүүхдээ ѳѳртѳѳ ил хайрладаг бол эцэг хүн хүүхдээ ѳѳрѳѳсѳѳ нууж хайрладаг. Жаргал үрийг нь эвдчих вий гэсэндээ хатуурхаж хайрладаг бол зовлон үрийг нь булаачих вий гэсэндээ аргадаж хайрладаг. Хичнээн ихээр урсах хѳлс үрийг минь хиртээчих вий хэмээн арчдаг, хичнээн муу үйлс үрийг минь сэвтээчих вий хэмээн айдаг, хичнээн их шаналан зовоочих вий хэмээн нуудаг, хичнээн их жаргал үрийг минь эвдчих вий хэмээн хязгаарладаг нь эцэг хүн. Бид ээж уулын нѳмѳрт эрхлэн жаргаж, аав уулын түшигт амар амгалан амьдрахдаа олон ч зүйлийг анзаардаггүй. Хүүхдүүдийнхээ тѳлѳѳ элсэн бие, шаналсан зүрхийг тэгтлээ анзаардаггүй. Хүүхдүүдийнхээ тѳлѳѳ золиосолсон цаг хугацаа, нууж урсгасан нулимсыг тоодоггүй. Чи ѳѳрийгѳѳ аавдаа ямар их үнэ цэнэтэйг мэддэг хэрнээ, аав тань чамд түүнээс ч илүү үнэ цэнэтэйг одоо хэр нь мэддэггүй. Чи ѳѳрѳѳ үртэй болж аав болохдоо л аавынхаа хайрын шивнээг сонсож эхэлдэг. Чи ѳѳрѳѳ үртэй болж аав болохдоо зүрхэн дотроо нууж чадсан тэр их хайрын хэмжээг мэдэрч эхэлдэг. Чи ѳѳрѳѳ үртэй болж аав болохдоо ямар аугаа уудам сэтгэл дотор ѳѳрѳѳ оршиж байснаа ойлгоно. Нэг л ѳдѳр нүүгээд холдсон үүлсийн араас санаа алдан зогсохгүйн тулд ААВЫГАА одоо л ХАЙРЛА.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
-
2017 оны 7 сарын 19
1634 онд, Монголын (Ар Юанын) сүүлчийн эзэн Лигдэн хутагт хаан нь шинэ залуу Зүрчид угсааны хойд Алтан улсын хун тайж буюу Абхайтай хэд хэд тулалдан дарагдаж, буруулан тэнэж яваад хижиг өвчин тусч, улмаар Ордосын Тольт хэмээх газарт таалал төгсчээ.
Түүний бяцхан хүү Ажээ хонгор гэгч нь эхийн хамт уг Тольт гэх газарт Манжийн Торгуунд баригдснаар Монгол хаангүй болсон байна.
Үүний дараа ӨвөрМонголын ноёд Долоон нуурт чуулж, Манжийн Абхайг хаан хэмээн зөвшөөрч, нэгэн улс болсноо зарлан цол хэргэм хүртэж, тогтмол цалин пүнлүү авдаг болсон байна. Ингэж Өвөр Монголчууд Манжид эзлэгдсэн аж.
Хожим нь 1644 онд Манжийн их жанжин бэйл Торгуун гэгч Манж, Монголын холимог цэргээр завшианыг далимдуулан цагаан хэрмийг давж, Бээжинг эзлэн авчээ. Ингээд Манж, өвөр Монголчууд Хятадын бусад хотуудыг хүч хавсран эзлэн авчээ.
Манжийн хаад цэргийн холбоогоо бэхжүүлэх үүднээс Хасарын удмын Хорчин аймгийн ноёдтой ураг барилдаж, хожмийн Эебээр засагч, Энх-амгалан, Тэнгэр тэтгэгч нар нь бүгд Монгол эхээс төрсөн гэдэг. Товчоор хэлбэл Манжийн 13 хааны 8 нь Хасарын зээнцрүүд байх аж.
Энэ үед ХАЛХ МОНГОЛЫН нутагт 3 Хант аймаг байв. Харин Ойрдууд Эрдэнэбаатар хунтайжийн захиргаанд нэгдмэл байжээ.
1640-онд Тарвагатайн нурууны “Улаан бураа” гэдэг газарт Халхын түшээт хан Гомбодорж, Сэцэн хан Шолой, Засагт хан Субадай нар Ойрдын Эрдэнэбаатар хунтайжтай хэлэлцэн нэгдсэн улс байгуулах гэсэн авч, хэнийг хаан болгох дээрээ торхирч чадсангүй. Уг чуулганд Халх ба Ойрдоос эрх мэдэлтэй 28 сурвалжит ноёд оролцсон байна.
Ингээд хаангүй ҮНДСЭН ХУУЛЬТ ХОЛБООНЫ маягийн улс байгуулжээ.
Уг хуулийн нэрийг ХАЛХ ОЙРДЫН ИХ ЦААЗ гэдэг.
ХАЛХ ОЙРДЫН ИХ ЦААЗ нь одоогийн улсуудын үндсэн хуультай харьцуулахад эмх цэгц муутай болох нь харагддаг. Уг цаазад эрүүгийн хуулийн элемент ч орсон, Цэргийн эвслийн гэрээний заалтууд ч байх жишээтэй юм.
Гэвч тухайн цаг үедээ тохирч, асуудлыг зохицуулдаг байсан байна.
ХАЛХ ОЙРДЫН ИХ ЦААЗ-д гадны дайсан Халх ба Ойрдын нутагт халдвал нэгдсэн цэргийн хүчээр хил хязгаараа хамгаална гэх заалт байжээ.
Энэ заалтын ачаар Манж Чин улс болгоомжлон Халхын нутагт огт халдсангүй гэдэг.
Харин ОРОС ГҮРЭН зүүн тийш нутгаа тэлэн Түшээт ханы нутаг байсан БАЙГАЛ НУУРЫН сав газар, Шишгэд голын сав газарт, мөн Манж Чин гүрний нутаг Амар мөрний бүсрүү цэргийн хүчээр цөмөрч, гацаа суурин сүм дугана барьж суурьшихыг санаархаж байв.
ХАЛХ ОЙРДЫН ИХ ЦААЗ-д заасан ёсоор бол Ойрд Халх хоёр цэргийн хамтарсан хүч гарган тэмцэх ёстой билээ.
Ингээд 1686 онд ЗАГ БАЙДРАГИЙН ХҮРЭН БЭЛЧИРТ асуудлыг хэлэлцэхээр болж Зүүнгарын хаан Галданг урьжээ.
Мөн уг чуулганд Манж Чин улс бүрэн эрхэт төлөөлөгч ирүүлж, Оросын эсрэг эвсэлд нэгдэхээ илэрхийлж байв.
Тэр цагт Ойрдууд Кыргыз,Казах зэргийг дарахдаа Оросоос буу зэвсэг худалдан авдаг бараг холбоотон гэхээр найрсаг харьцаатай байв.
Мөн Ойрдын нэг салаа болох Ижил мөрний Торгуудууд Татар, Башкир, Черкис зэргийг дарахдаа Оростой холбоотон болж байжээ.
Товчоор хэлбэл: Ойрдууд Оростой дайтахыг хүссэнгүй.
1686 онд Хүрэн бэлчирт Зүүнгарын хаан Галдан ирсэнгүй. Түүний ирүүлсэн төлөөний хүмүүс нь Оросын эсрэг дайн үүсгэхийг дэмжихгүй байгаагаа илэрхийлжээ.
Тэр цагт Түшээт хан Чихундорж Галдангийн ирүүлсэн төлөөлөгчдийг буцаагаад Манжаас цэргийн зардал буу зэвсэгийн тусламж авч, Цэрэг үүсгэн зүүн Сибирьт цөмөрсөн Орос цэргийг бут цохиж, Омск, Томск зэрэг хотуудыг эвдэн шатааж, шинээр үүсгэсэн бүх тосгодыг нь үгүй болгон Оросод алдсан бүх нутгаа эргүүлэн авч амжилттай дайтан буцаж иржээ.
Харамсалтай нь Зүүнгарын хаан Галдан гэрээгээр хүлээсэн үүргээсээ татгалзсан тул Энэ ХҮРЭН БЭЛЧИРИЙН ЧУУЛГАНААР ХАЛХ ОЙРДЫН ИХ ЦААЗ хүчингүй болжээ.
Түшээт хан Чихундоржийг Зүүн ба Баруун Сибирьт дайтаж байгаад ирэхэд Галдан ч зүгээр суусангүй. Хөх нуурын Очирт сэцэн ханыг алж нутгийг нь эзлэн авсан байв. гэх мэт түүхэн үйл явдлууд өрнөдөг билээ.
Коммунизмын үед 1686 оны ХҮРЭН БЭЛЧИРИЙН ЧУУЛГАНд ямар асуудал хэлэлцсэн, Яагаад Халх Ойрдын их Цаазыг хүчингүй болгосон зэрэг асуудлыг маш бүрхэг тайлбарладаг байжээ.
Өнөөдрийн өндөрлөгөөс харахад ОРОСЫН эсрэг ХАЛХ ба ОЙРДУУД гэрээнд заасан ёсоороо нэгдэн дайтах ёстой байжээ.
Гэвч Галдан Оростой харьцаагаа муутгахыг хүсээгүйгээс уг гэрээ хүчингүй болсон аж.
Тэр үед Манж Чин гүрний Амар мөрний сав газрыг Орос эзэлсэн байсан тул Манж Чихундоржийг дэмжин Оросыг хөөлгөжээ.
Эцэст нь хэлэхэд: Явж явж Галдан л холын бодлогоггүй жижиг гар байсан байна шүү. ккк
-
2017 оны 7 сарын 17
...Хүн чулууны Хонхорыг дахь Да хүрээ буюу өнөөгийн Улаанбаатар бас Улиастай,Ховд гурвыг ар монголдоо л томоохон зах зээл гэж тоочиглосон байдаг. Эндээс л нөгөө бахархалт элит удмууд төрсөн байдаг...
-
2017 оны 7 сарын 16
ИРГЭНИЙ БОЛОВСРОЛ
-
2017 оны 6 сарын 28
2017 оны Монгол Улсын Ерѳнхийлэгчийг сонгох сонгуульд АН аас нэр дэвшигч Х.Баттулга хамгийн олон санал авч МАН аас нэр дэвшигч М.Энхболд, МАХН аас нэр дэвшигч С.Ганбаатар нар удаалж, нэр дэвшигчдийн хэн нь ч 50 % ийн босго даваагүй учраас 2 дахь санал хураалт 2017 оны 7 сарын 9 нд явагдахаар товлогдов.
-
2017 оны 6 сарын 23
ОХУ-ын агшилт ба Хятадын тэлэлт
1985-оноос ЗХУ-ын дотоодод асуудал үүсч, улмаар 1991 онд ЗХУ задран унасан билээ.
Одоо ч ОХУ нь Украйнаас Крымыг нь булааж авснаас болж баруун талдаа асуудалтай байна. Товчоор хэлбэл: Олон улсын зүгээс хориг тавигдснаас болж, ОХУ-ын цэрэг эдийн засгийн орон зай нь агшиж байна.
1980-оноос Хятадын төр засаг нээлттэй бодлого барьснаар Хятадын эдийн засгийн хүч чадал нэмэгдэн, Одоо бүс нутагтаа тэргүүлэх хүчирхэг гүрэнд тооцогдох болжээ.
Улмаар Хятадууд цэрэг эдийн засгийн орон зайгаа гадагшаа тэлэх байдалтай байна.
Хятадын энэ тэлэлт Монгол улсад ч нөлөөлж, манай эдийн засгийн 90% нь Хятадаас хамааралтай болсон.
Сүүлийн үед Монгол улс Хятадаас зээл авч, үр дүнд нь улс төрөөрөө Хятадаас хамааралтай болох шинж тэмдэг тод ажиглагдана.
Хятадын тэлэлтийг сааруулах хүчин зүйл маш цөөн аж. Хятадууд Хойд Кореан асуудалд гүнзгий татагдан орж АНУ-тай хүчтэй сөргөлдвөл Хятадын тэлэлт үгүй болж мэднэ.
Сүүлийн үед АНУ нь Хятадын тэлэлтээс болгоомжлон, Хятадыг тойрсон цэрэг улс төрийн холбоогоо бэхжүүлэхийг хичээх болсон нь харагддаг.
Япон, Өмнөд Кореа, Тайвань, Вьетнам, Энэтхэг, Кыргыз (Монгол) гэх улсууд нь Хятадын эсрэг АНУ-ын холбоотон гэхээр улсууд юм. Эдгээр улсуудтай АНУ-ын дээд түвшний ноёдын хийсэн уулзалтуудын тоо сүүлийн үед олон болсныг тэмдэглэе.
Энэ дотроо Япон, Өмнөд Кореа, Тайвань, Вьетнам Энэтхэг нь бодитой цэргийн хүчтэй Хятадын эсрэг сөрөн тэмцэх чадвартай улсууд юм.
Хятадууд ч бас зүгээр суусангүй. Шанхайн Олон улсын байгууллага гэх холбоогоо бэхжүүлэхийг хичээж байгаа нь харагддаг.
Монгол улсын хувьд одоохондоо энэ хоёр хүчирхэг эвслийн алинд нь ч орчоогүй байна.
Бидэнд Хятадын тэлэлтийг зогсоох зорилготой АНУ-ын тэргүүлсэн эвсэл нь хэрэгтэй боловч, Монгол улсын байрлал бидэнд тэр эвсэлтэй хамтран ажиллах боломжийг олгохгүй байна гэж ойлгох хэрэгтэй.
Монголоос холхон зайтай ямар нэгэн мөргөлдөөнд Хятадууд татагдан орох, эсвэл өмнөд мужуудад нь асуудал үүсвэл Хятадын тэлэлт зогсож, улмаар агшиж мэднэ. ккк
Хятадын тэлэлт зогсох болтугай гэж бид бурхандаа залибарч суух нь хамгийн зөв бодлого байх. ккк
Монгол улсын хувьд Байр сууриа илэрхийлэхгүй байна гэдэг нь Монгол улсын барьж байгаа байр суурь гэхээр ажээ.
-
2017 оны 6 сарын 08
Зохиолч Б.Наминчимэдтэй ярилцлаа.
-20 боть роман бичнэ гэдэг миний хувьд боломжгүй, бас солиотой явдал-
-Саяхан хэвлүүлсэн “Аугаа эрин: Хөх илдний очис” роман тань уншигчдын төдийгүй мэргэжлийнхний ч анхаарлыг татаж байна. Энэ романаа бичих санаа хэзээ гарав?
-2004 онд “Хубилайн сүйдсэн флот буюу Шулмын салхи” нэртэй түүх, уран сайхны нийтлэл бичсэн юм. АНУ-ын баруун эргийн Элээд амьдардаг танил маань тэр нийтлэлийг уншаад “Үүгээр кино хийвэл маш сайхан кино болох нь ээ. Өнөөдөр Холливүүд сэдвийн өлсгөлөнд гүн орсон. Ойр хавийн хамаг сэдвүүдээ мөлжөөд дуусаж байна. Харин чи энэ нийтлэлээ кино зохиол болговол надад Холливүүдэд таньдаг найруулагч бий. Би үзүүлье. Бүтэж ч юу магад” гэсэн юм. Тэгээд урам ороод кино зохиол бичих гэж тэр үед оролдсон. Бүр Холливүүдийн Кино зохиолчдын гарын авлага гэдэг хоёр хуруу зузаан номыг хүртэл олж аваад уншсан.
Гэвч би чадаагүй. Түүх, уран сайхны нийтлэл бичих нэг хэрэг, харин тэр том үйл явдлыг ул суурьтай, итгэл үнэмш бичнэ гэдэг тун амаргүй болохыг ойлгосон юм. Наад зах нь гэхэд тэр цагийн монгол далайчдын зэвсэглэл, хүнс юу байсан юм, ямар дохио зангаа хэрэглэдэг байсан бэ, япон дайчид яаж жагсдаг, солонгос хийгээд Сүн улсын дайчид ямар хувцастай байсан гэх мэтээс эхлээд Их Монгол улс, Япон, Солонгос, Хятадын Сүн гэх мэт зүүн болон зүүн өмнө Азийн улс орнуудын улс төр, цэргийн ажиллагаа ямар байсан гэх мэт маш олон зүйлийн талаар үнэхээр мэдлэг дутуу байгаагаа ухаарсан. Зүгээр нэг юм бичээд гаргаж болно л доо. Гэхдээ л ийм том түүхэн үйл явдлын тухай тийм нимгэн мэдлэгээр, бас хөнгөн хуумгай бичнэ гэдэг бол тэр их түүхээ зүгээр л үл хүндэтгэсэн төдийгүй доромжилж буйтай адилхан зүйл болно.
Тэгээд зогсохгүй Японд манай их цэрэг дайран орсон тэрхүү үйл явдал нь Юань гүрний гадаад бодлого төдийгүй XIII зуунд ялан мандсан Их Монгол гүрний язгуур үзэл санаатай гарцаагүй холбоотой болохыг ойлгосон. Тэгэхээр зөвхөн ганц тэр үйл явдлыг таслан үзүүлэхэд ч ихээхэн учир дутагдалтай болж байгаа юм. Тэгээд судалгаа хийж эхэлсэн.
10 гаруй жил өөрийн хэр хэмжээндээ судалж, сонирхож уншсаны үр дүнд ер нь Их Монгол гүрний мөн чанар нь нэг тийм юм байна, түүнийг харуулахын тулд бүр Хамаг Монголын үеэс буюу өнөөх “Одтой тэнгэр орчиж, Олон улс хямралдаж” байсан хүнд хэцүү цаг үеэс эхлүүлэх хэрэгтэй юм байна гэсэн итгэл үнэмшилтэй болсон юм.
Хэдий өнөө миний судалсан, уншсан маань чамлалтай ч одоо хойш тавилгүй, бас өөрийгөө гололгүй бичих цаг болсон гэж үзээд өнгөрсөн намар суусан даа.
-Та яг романаа хэдэн сар, жил сууж бичив? Таныг 10 жил бичсэн гэж дуулсан.
-Хэдий арав гаруй жил бодож, эрж хайж, төлөвлөж, янз бүрийн дүр цээжин цаанаа төсөөлж явсан ч яг бичих нь өнгөрсөн оны 10 сарын сүүлээр суугаад энэ оны 1 сарын сүүлээр дууссан. Гурван сар гаруй хугацаа юм уу даа. Түүнээс биш 2004 оноос хойш тасралтгүй бичээд байсан гэсэн үг биш шүү дээ. Ер аливаа зохиол бүтээл гэдэг бол уран бүтээлчийн тэр зохиолыг бичих үе хүртэл хураасан мэдлэг, амьдралын туршлага, ур чадвар, өөр юу байдаг билээ, тэр бүхний үр жимс нь. Хэрвээ 10 орчимхон жилийн туршлага, мэдлэгээр бичиж буй бол харин ч бага хугацаа, олигтой ч бүтээл туурвил гарах нь юу л бол. Тэгээд ч энэ их үйл явдлын тухай тийм хөнгөн гоомой хандаж боломгүй дээ.
-“Аугаа эрин” нэгдүгээр дэвтэр гэсэн байна лээ. Цаашдаа үргэлжилнэ гэсэн үг үү?
-Үргэлжилнэ. Миний төсөөлж буйгаар 1170-аад оноос 1280-аад он хүртлэх 108 орчим жилийн хугацаанд Евразид өрнөсөн тэр их үйл явдлын тухай тодорхой хэмжээгээр илэрхийлэх учир нэг хоёр ботид багтах боломжгүй юм. Юутай ч 5 боть болох болов уу. Гэхдээ эхнийхээ ботид хичээгээд хичээгээд дөрөвхөн жилийн үйл явдлыг багтаав. Энэ янзаар бол 5 биш 20 гаруй боть болж ч мэднэ.
-Тэгэхээр бид 20 боть роман уншиж магадгүй нь ээ?
-Өө, надад бол тийм бодол огтхон ч алга. 20 боть роман бичнэ гэдэг миний хувьд боломжгүй, бас солиотой явдал. Яаж ийгээд 5 орчим ботид багтаахгүй бол болохгүй. Их сайндаа 8 боть болно. Нэг зохиол бичих гээд хамаг амьдралаа зориулчихна гэж юу байх вэ? Надад өөр бичихээр сэдэв, санаа бишгүй байна. Бас дээр нь цаг хугацааны хувьд ч боломжгүй. Би роман бичих гээд 30 жил нухсан Гончаров биш шүү дээ... Надад тийм тэсвэр тэвчээр болоод боломж нөхцөл огтхон нь ч байхгүй.
-Та дараагийнхаа ботиудыг хэдийд уншигчдын гар дээр тавихаар бодож байна вэ? Уншигчид нэлээд нэхэж, үгүйлж байгаа нь анзаарагддаг.
-Бас л хэцүү асуулт байна. Уг нь би энэ наадмын өмнө 2-р ботио, шинэ жилээс өмнө 3-ыг нь, ирэх онд үлдсэн 2 ботийг нь биччихнэ гэсэн бодолтой байсан. Гэвч аж ахуйн ажилтай зууралдсаар байгаад 3, 4, 5 гэсэн гурван сарыг алдчихлаа. Ийн цаг хугацаа алдах хэрээр цээжин цаана байж ядсан харуусал халаглал төрж буйг мэдэрдэг. Гээд яахав. Юутай ч энэ ойр зуурын ахуй амьдралын жижиг сажиг асуудлыг цэгцэлж авахгүй бол бас тухтай бичиж чадахгүй шүү дээ. Гэхдээ хэдий 3 сар алдсан ч ямар нэгэн саад садаа л тохиолдохгүй бол энэ ондоо багтааж 2 болон 3-р ботиудыг биччихнэ гэсэн итгэл бол байна.
ҮНДЭСТЭН ОЙ САНАМЖАА АЛДАХ АЮУЛЫГ БИД АЛХАМ ТУТАМДАА САНАЖ БАЙХ ЁСТОЙ
-Түүхэн уран сайхны бичлэгийн хөгжлийн эрин үе ирж байна гэж судлаачид ярих болов. Энэ талаарх таны бодол? Та ч бас тийм түүхэн нийтлэлүүд цөөнгүй бичсэн санагдана. “Бат, Сүбээдэй нар Дорнод Европт”, ”Айн-Жалудын домог”, “Шулмын салхи буюу Хубилайн сүйдсэн флот” зэрэг цөөнгүй нийтлэлүүдийг тань уншигчид сайн мэднэ.
-Яах аргагүй түүхийг уран сайхны нийтлэл хэлбэрээр илэрхийлдэг туурвилзүйн хүчирхэг урсгал түрээд ороод ирлээ. Түүх дангаараа уншигчдад хүрэх нь бага, цөөхөн мэргэжлийнхэн л уншина. Харин түүхийн тэр олон баримт, логик, үзэл санааг уран сайхнаар, гэхдээ түүхэн гольдрилоос нь гаргалгүй, гажуулалгүй бичих аваас маш олон уншигчдад хүрч байна. Уншигчид ч дан уран зохиол, эсвэл дан түүх уншихаас илүүгээр тийм төрлийн бүтээлд татагдах болсон нь анзаарагддаг.
Ийм төрлийн нэг том төлөөлөл бол монголчууд бидний сайн мэдэх Жак Уэтерфорд байна. Хэдий түүх судалгаа талаасаа учиргүй өндөр түвшний биш ч жирийн уншигчдад түүхийг хүүрнэн хүргэж чадаж байгаа амжилтаараа маргашгүй юм.
-Манай түүхчид, судлаачдаас Жек Уэтерфордын номонд шүүмжлэлтэй хандаж буй нь бас хааяа сонсогддог?
-Түүхийн зарим гаргалгаатай нь санал нийлэхгүй тал бий. Гэхдээ монголчуудын хувьд Жак Уэтерфордод бидний түүхийг дэлхий дахинд хамгийн үр бүтээлтэй хүргэн эерэгээр сурталчилж чадсанд талархах ёстой. “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан” ном нь л гэхэд 36 оронд, хэдэн сая хувиар хэвлэгдсэн. Энэ ном бүхний цаана монголын түүхийн сурталчилгаа, мэдлэг, мэдээлэл түгэж байгаа. Хамгийн гол нь Жек монголын түүхийг маш эерэг талаас нь харж, тайлж, монгол хүний зүрх сэтгэлээр бичсэн. Манай түүхийн талаар бичсэн гадны эрдэмтэн судлаачдын үнэмлэхүй олонхид нь дутагддаг нэг зүйл бол Монголын түүхэнд их харь хөндий хандаж, бидний сэтгэлгээ, ахуй соёлын онцлог байдлыг огт үл анзааран өнгөрдөг явдал юм. Харин Жекийн хувьд эсрэгээрээ. Монголын төр ч түүний гавьяа зүтгэлийг үнэлж одонгоор шагнасан.
Түүхийг уран сайхны нийтлэл хэлбэрээр сонирхолтой бичих нь ямар их үр дүнтэй болохын тод жишээ энэ. Харин манай түүхчид эрж олсон арвин баялаг, нэн сонирхолтой баримтуудаа эгэл жирийн уншигчдад хүргэх талаар учир дутагдалтай. Гэтэл авьяастай сэтгүүлч, зохиолчдод нь түүхэн мэдлэг илэрхий дутдаг. Тэгэхээр би түүхчдэд Жекээс үлгэр аваасай, зохиолчдод түүхээ сайн судлаасай л гэмээр...
-Манай түүхэн зохиол бичиж буй зохиолчдын түүхийн судалгаа хэр далайцтай байдаг вэ?
-Далайцтай судалгаа хийж бичдэг зохиолчид манайд бий шүү дээ. Б.Ринчен гуайн “Заан Залуудай”-г уншихад л мэдэгдэнэ. Бид тэр чулуун зэвсгийн үед аялаад ирсэн мэт болно. Мөн “Зүрхний хилэн”, “Манан будан” зэрэг олон түүхэн роман бичсэн Ж.Пүрэв гуайн судалгаа нөр их болох нь анзаарагддаг. Т.Мандир ахын судалгаа ч бас нясуун, гайхаж алмайрмаар шүү.
-Та уран зохиолын түүхэн танин мэдэхүйн ач холбогдлын тухайд юу хэлэх вэ?
-Зарим тохиолдолд мэргэжлийн түүх бичлэгээс ч илүүгээр тухай цаг үеийг түүхэн зохиол тодорхойлох нь бий. Марксыг эдийн засгийн засаглалын мөн чанарыг нээсэн алдарт “Капитал”-аа бичихэд нь тухайн үеийн толгой эдийн засагч Прудоноос илүүгээр Бальзакийн нийгмийн романууд тус болсон тухай дурссан байдаг. Дундад зууны Европын сэтгэлгээний маш өвөрмөц онцлог, хандлагыг “Дон Кихот”-оос л харахаас биш ямар нэгэн түүхийн судалгааны бүтээлээс олж харахад бэрх.
Эртний Мисирийн түүхийг түүхийн сурах бичгээс илүүгээр Пруссын цуврал роман барим тавим өгүүлж магадгүй. Ромын хүчирхэг гүрэн мөхөн унасан шалтгааныг Синкевичийн роман илүү тодорхой харуулдаг, Парисийн коммуны гал бадарсан урианы цаана юу болсныг А.Франсын “Ундаассан бурхад”-аас, Туркийн эзэмшлийн үеийн Балканы хойгийн ард түмний амьдралын нарийн ширийнийг Иво Андричийн “Дарина голын гүүр”-ээс мэдэж болох шүү дээ. (Энд зөвхөн сонгодог зохиолуудын тухай яриа юм. Түүнээс биш түүхэн зохиол бүхэн танин мэдэхүйн хувьд ийм өндөр түвшинийх байдаггүй. )
-С. Молор-Эрдэнэ филисофич “Чингис хаан Монголд юу ч бүтээгээгүй...” гэлээ. Ер нь Монголын түүхийг гадаадад төдийгүй дотооддоо ч үгүйсгэх хүн байдаг?
-С. Молор-Эрдэнэ докторын хувьд ямар санаагаар тэгж хэлснийг мэдэхгүй юм. Огт мэдэхгүйдээ тэгж хэлсэн гэдэгт эргэлзэж байна. Зориудаар өдөөж, цочоон сэрээх гэсэн ч байж магадгүй. Түүнээс тийм энгийн зүйлийг мэдэхгүй баймааргүй.
Ер нь монголынхоо түүхийг үгүйсгэдэг, ерөөсөө түүх хэрэггүй гэж үздэг, зөвхөн эдүгээ цаг үеэс, өнөөдрөөс л маргааш эхэлнэ гэж ойлгодог харалган байдал манай залуучуудын дунд үзэгдэл хэмжээнд харагдаад байна. Бидний үндэстэн уг язгуураа онож мэдэхгүй бол хаана ч хүрэхгүй. Хөгжих ч үгүй. Үүнийг хэрхэн яаж ойлгуулахыг би мэдэхгүй байна. Харалган мэдлэггүй байдал нь хөөргөн дэвэргэнтэй нийлэхээрээ жинхэнэ төөрөгдөл, туйлшрал болох юм. Зарим нь бүр зориудаар ч монголын түүх, өв соёл руу нулимж байна. Харамсалтай л...
-Түүх өв соёлоо танин мэдэхийн ач холбогдлын талаар та залууст хандаж юу хэлэх вэ?
-Олон учир шалтгаан бий. Юуны өмнө үндэстэн өөрийнхөө онцлогийг хадгалсан тусгаар улс байхын нэг тулгуур багана нь түүх соёл. Түүх соёл, өв үгүй бол бид нэг л мэдэхэд харийн соёлд автаж, харийн бодлогын золиос болж, үндэстэн мөхнө. Тийм гашуун явдал дэлхийн түүхэнд цөөнгүй байсан. Бидэнд ч нэг бус удаа туршиж байв. Манж болоод хятадууд монголчуудын түүх, өв соёлыг баллуурдаж, түүхэн санамжыг нь устгахын тулд хэдэн зууны туршид холын хараатай хорон бодлого явуулж ирсэн байдаг. Өгөөдэй хааны цэцэглүүлсэн Хархорин хотыг хятадууд эзэлж аваад бүтэн тоосго ч үлдээгээгүй нураасан. Хархорины номын сан хэдэн сар шатсан юм гэнэ билээ. Мин улсын эхэн үед Монгол үсэгтэй ном бүхнийг шатааж байлаа.
Манжууд монголын айл өрх бүрээр явж, уг удам, түүх соёлын ном судрыг хураан авч, оронд нь бурхны шашны ном түгээсэн. Асар их зүйл хураасан гэдэг. Алтан ургийн өрх бүрд Монголын Нууц Товчоо байсан гэдэг. Тэгээд хураан авсныгаа шатаасан. Энэ бүхний үр дүнд бид өнөө хүртэл Монгол бичгээрээ бичсэн Монголын Нууц Товчооны эхгүй сууж байгаа шүү дээ. Азаар хятад үсгээр галиглаад бичсэн тулдаа нэг эх бүрэн эхээрээ үлдэж. Сүйтгэгчид хятад бичгээр бичсэн тэр эхийг анзаараагүй хэрэг.
Хожимхон социалист үзэл суртлын дор ч манай өв соёлд их хэмжээгээр халдсан. Өнөөдөр ч ардчиллын далбаан дор харийн олон янзын соёл ямар ч хяналтгүйгээр орж ирж буй нь манай өв соёл, уламжлалт сэтгэлгээнд маш ноцтой гамшиг болж байна. Өнөөдөр мэдсэн мэдээгүй, санаатай санаагүйгээр “Монголын түүх гэж байхгүй”, “Өнгөрсөндөө битгий амьдар, зөвхөн ирээдүйгээ хар”, “Ирээдүйгүй хүмүүс л өнгөрсөнөө ярьдаг” гэх мэт тархи угаалтын илрэлүүд их сонсогдож байгаа нь тэр бүхний л үр дүн шүү дээ.
Ингээд ирэхээрээ л осолтой болоод ирж байгаа юм. Зомби болгож, далд колоничлолдоо халуун зэвсэг хэрэглэхгүйгээр дагуулан авдаг арга технологи өнөөдөр дэлхийн олон оронд ил далд хэрэгжиж байгаа. Тэр ч манайд ороод ирсэн. Гитлерийн герман Оросыг эзэлсний дараа ямар улс орон болгох вэ гэдгээ тодорхойлсон “Ост” хэмээх төлөвлөгөөг бид мэднэ шүү дээ. Ард иргэдийг зүгээр л сэтгэх чадваргүй, ухааран тунгаах боломжгүй хямдхан ажиллах ажлын мал болгох зорилго тавьж байсан. Өнөөдөр ч тийм зорилго нэг бус их гүрнүүдэд бий, түүнээ ч ардчилал, хүний эрхийн далбаан дор бидэн дээр туршиж хэрэгжүүлж байгаа. Үр дүн нь илэрхий анзаарагдаад байдаг юм.
Хятад манжууд ямар ч бодлогогүйгээр манай өв соёл руу дайраад байсан хэрэг биш шүү дээ. Биднийг уг язгуураас нь салгаж, дуулгавартай боол болгох гэсэн л зорилгоор тийн үйлдэж байсан гэдгийг огтхон ч мартаж болохгүй. Ой санамжаа алдаагүй байгаа хүн өөрийгөө хэн болохоо мэдэж, өөрийн онцгой оршихуйгаа хамгаалж чаддаг, харин ой санамжаа алдах аваас хэн хүний тоглоом, боол, хямд хөлсний ажиллах хүч, зомби болдог лугаа адил ой санамжаа алдсан үндэстэн ч мөн адил. Бид энэ аюулыг мөч тутамдаа санаж байх ёстой юм.
Мөн ирээдүйн хөгжлөө зөв оновчтой төлөвлөх, хөгжлийнхөө гарцыг олоход бидний тэр түүх, өв соёл нэг нэн чухал тулгуур болдог гэдгийг ч мартаж болохгүй юм. Энэ талаар яривал олон зүйлийг хэлэх болно.
Ядахнаа нь энэ орой бүр ТВ-ээр гардаг Солонгосын олон ангит түүхэн кинонууд нэгийг хэлнэ дээ.
-Тэдгээр солонгос сериалууд чухам юуг хэлдэг вэ?
-Хэрвээ үздэг бол тэдгээр цувралуудад өнөөгийн солонгосын өвөг дээдэс бол баатар зоригтой, яруу алдартай, шударга үнэнч, дайнд ялагддаггүй гайхалтай ард түмэн байжээ гэсэн ойлголт төрнө. Тэд энэ мессежээрээ хойч үеийнхнийхээ өөртөө итгэх итгэлийг хөгжөөж, урам зоригийг нь бадрааж, нийгэмд эв нэгдлийн уур амьсгалыг түгээгээд зогсохгүй дэлхий дахинд үндэстнээ сурталчилж байна. Хятадууд, казакууд ийм киног олноор нь хийдэг. Сүүлийн үед оросууд социализмын үед хийж байсан эх оронч баатарлаг түүхээ харуулсан кинонуудаа дахин шинээр хийгээд эхэллээ. Бизнес талаас харахад нэг хэрэг, нөгөө талаас үндэстний хөгжлийн томоохон бодлого, бас зөн юм. Хүүхэд залуус, хойч үе нь өвөг дээдсээ хүндэлдэггүй, тэднийхээ бахдам үйлсээр бахархдаггүй, үлгэр дуурайлал авдаггүй үндэстэн бол ямар ч ирээдүйгүй болсон, мөхлийнхөө ирмэг дээр ирсэн л гэсэн үг.
Гэтэл бид чинь асар баялаг түүх, өв соёлтой ард түмэн шүү дээ.
Нөгөө талаар бид Монголын бахархам түүх гэхээр л зөвхөн байлдаж, ялснаа л ярьдаг. Гэтэл тэр ялалт, тэмцэл бүхний цаана байдаг үзэл санаа, соёл, ёс суртахуун, үнэт зүйл, шударга ёсны тухай бид тэр бүр ярьдаггүй, бичдэг ч үгүй. Гэтэл түүхэн үйл явдал гэдэг зүгээр нэг үйл явдал төдий биш шүү дээ. Тэр бүхний цаана асар их оюун санаа, сэтгэл зүй, ёс суртхууны өрнөл, тэмцэл, дайн болж байдаг. Бид түүхээсээ тэр талыг нь маш бага сөхөн харж байна. Тиймээс л түүх бол хэрэггүй юм гэсэн гэнэн хөөргөн дүгнэлт гарах нэг шалтгаан нь энэ байж магадгүй.
АРИГБӨХ ХААНЫ ХЭЛМЭГДЭЛ 800 ЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙГАА
-Аригбөх хааныг Их Монгол Улсын тав дахь их хаан гэж ярьдаг, хүлээн зөвшөөрдөг иргэд бий. Та Аригбөх хааны тухай ном бичсэн хүн, ямар бодолтой явдаг вэ?
-Аригбөх хаан бол Мөнх хааны дараа Их хуралдайгаар сонгогдсон дэлхийн Эзэнт их гүрний хууль ёсны сүүлчийн хаан юм. Түүнээс хойш Юань, Ил хаант улс, Цагаадай, Хайдугийн улс, Алтан ордны улс гэх мэт тус тусдаа улс болчихсон. Хэдий Хубилай хааныг зарим хаант улсууд хүлээн зөвшөөрөх байдалтай байсан ч тэр нь ёс төдий байв. Өөрөөр хэлбэл дэлхий нийтийг хамарсан Эзэнт их гүрний шинж чанараа алдчихсан гэсэн үг юм.
Аригбөхийг хууль ёсны хаан байсныг батлах олон баталгаа байдаг. Тийм атал өнөөдөр ч Аригбөх хааныг Чингис хаанаас Лигдэн хутагт хаан хүртэлх жагсаалтад багтаадаггүй. Монголын албан ёсны түүхийн сурах бичгүүдэд ч хаан байсан гэж бичдэггүй. Хэдхэн сар хаан сууринд суусан хүмүүс цөөнгүй. Тэдний хажууд Аригбөх өвөг Чингис хааныхаа Хасбуу тамгыг өвөртлөөд, Их цагаан сүлдийг нь өргөж, зарлиг тушаалаа гаргаж, зоос дэлдүүлж, хэдий ээдрээтэй ч хууль ёсны засаглалаа дөрвөн жил хэрэгжүүлж ирсэн хаан шүү дээ. Тиймээс би л хувьд Аригбөх хааныг 800 гаруй жил хэлмэгдэж яваа гэж ойлгодог. Тэр итгэл үнэмшлийн үүднээс л тэр номоо бичсэн
-Аригбөхийг хаан гэж хүлээн зөвшөөрөх нь Хубилай хааныг хаан биш гэж үзэж байгаа хэрэг биш үү?
-Үгүй юм. Хубилай хаан Монголын болоод Хятадын түүхэнд, бүр дэлхийн түүхэнд ч баллуурдахын аргагүй том ул мөрөө үлдээсэн их хаан. Чингис хааны дараа Хубилай хааныг дэлхий дахин мэддэг. Аригбөхийг хаан гэдгийг хүлээн зөвшөөрөх төдийгөөр бүдгэрээд алга болчих хэмжээний хаан биш. Энд нэгийг нь нөгөөгөөр үгүйсгэдэг, баллуурдан алга болгох гэдэг туйлшралаас ангидаар харах, үнэлж дүгнэх хэрэгтэй юм.
Түүхэн үйл явдлыг дарааллаар нь харах аваас Хубилай хаан болохдоо яах аргагүй Их засаг хууль зөрчсөн. Ингэхэд Аригбөхийг хаан ширээнд залсан Алтангорхины их хуралдайгаас хойш дахиж хэзээ ч их хуралдай болоогүй юм шүү дээ. Их засаг хууль үйлчлэхгүй болсон гэсэн үг. Ингээд дөрвөн жил ах, дүү хоёр дайтсны дараа Аригбөх хаан бууж өгөхдөө хаан төрийн эрх хэмжээг бүрэн тодорхойлдог хасбуу тамга, хар, цагаан сүлд бусад эд зүйлсийг ахдаа аваачиж өгсөн. Ингэснээр Хубилай хаан хууль ёсны эрхээ баталгаажуулсан хэрэг. Тэр завсар Их гүрэн задарч, хэд хэдэн улс болон хуваагдсан эргэлт буцалтгүй үйл явдал өрнөсөн. Нэг жарны турш юунд ч торохгүй ялан дийлж мандан бадарч явсан монголчуудын тэр их сүр хүчийг ямар ч үндэстэн сөрөн зогсоох чадваргүй байлаа. Гагцхүү монголчуудад өөрсдөд нь л тэр их хүчний оргилолтыг зогсоох хүчин нуугдаж байжээ. Түүхэн эрх тийн өрнөсөн хэрэг. Тэгээд Аригбөхийг хаан сууринд суусан 1260 оноос Их эзэнт гүрний газар бүр салан тусгаарлах үйл явц өрнөж, монголын дэлхийг хамарсан иргэний дайн эхэлсэн. Тийм л түүхэн их эргэлтийн золиос болсон хүн юм, Аригбөх хаан бол. Золиосонд Аригбөх өртөж, Хубилай үлдсэн хэрэг. Ах дүү хоёрын хэн нэг нь золиосонд явахаас аргагүй тийм цаг үе байжээ.
Нэг бодлын их эмгэнэлтэй, бас бахархам түүх. Ер нь Аригбөхийг зүй ёсны хаан байсан гэдгийг батлах хэд хэдэн гаргалгаа, баримтууд байдаг. Тэр бүхнийг яривал урт яриа болно.
-Зүчи, Тулуйн удмынхан нийлж, Бат хаан удирдаад төрийн эргэлт хийж Мөнх хааныг ширээнд залснаар Өгөдэйн удмаас, Тулуйнханд төрийн эрх шилжсэн, ордны эргэлт болсон гэж боддог. Уг нь Өгөдэй хаан ширээнд суухдаа өөрийнх нь удмаас “Өвсөнд боовч үнээ, өөхөнд ороовч нохой идэхгүй” хүн гарсан ч хаан болох ёстой гэсэн ам өчиг авсан гэж гардаг даа?
-Өгөдэй хаан “Миний үр удмаас өөхөнд ороовч нохой тоож шиншлэхгүй, өвсөнд ороовч үхэр тоож долоохгүй хүн төрсөн ч хаан ширээнд залж байх ёстой” гэж гэрээслэх хэмжээний тэнэг мунхаг хүн байгаагүй. Энэ бол санаатай болон санамсаргүй төөрөгдөл. Ер нь Монголчууд өмнө нь ч ураг удмынхаа аль сайныг сонгон хаанд өргөмжилдөг уламжлал байсан. Хабул хаан ширээ залгах хүүгээ байсаар байхад авга ахынхаа хүү Амбагайд хаан ширээг залгамжлуулсан. Амбагай хаан цэцэн мэргэн ухаантай, эвийг эрэмлэдэг хүн байжээ. Амбагай сэцэн хаан ч бас тэнгэр болохдоо өөрийнхөө хүүхдүүдэд биш Хабул хааны хүү Хотулад хаан төрөө залгамжлуулсан. Энэ нь ямар ч бай хамаагүй миний л үр удам хаан ор суух ёстой гэж дайрдаггүй, төр ёсоо дээдэлсэн, улс гүрнийхээ ирээдүй хойчийг бодсон их ухаан юм.
Өгөдэй хааныг нас барсны дараа хатан Дөргэнэ эрх мэдэлд дурлаж, бас үр удамдаа хаан ширээг авч үлдэх гэж дөрвөн жил Их хуралдай зарлаагүй, хаан эрхийг мэдэж байв. Тэр хооронд төрийн сүр хүч унаж, чадамж буурч, янз бүрийн овлигогүй зальтай улс Монголын төрд олноороо шургалж, Их Монгол гудайх эхлэл тэр үед тавигдсан л даа. Чухам Гүегийн хатан Огул Хаймишийн дараа л хаан ширээ Өгөдэйн удмаас Тулуйн удам руу шилжсэн. Хэдий наанаа Их хуралдайгаар мэт боловч үнэн хэрэг дээрээ төрийн эргэлтийн шинжтэй үйл явдал болсон. Төрийн эргэлт хийхээс аргагүй нөхцөл байдлыг үүтгэсэн явдал ч үнэхээр болсон хэрэг шүү дээ.
-Мөнх хааны дараа төрсөн хоёр дүү нь хаан ширээ булаацалдаад бүр төр “самарсан” байх. Уг нь Мөнх хаан залгамжлагчаа зарласан бол...
-Мөнх хаан хаан ширээгээ отгон дүү Аригбөхдөө гэрээсэлсэн байх магадлал өндөр байдаг. Сүн улс руу дайтахаар явахдаа ард үлдсэн гал голомтоо Аригбөхөд итгэн үлдээсэн. Мөнх хаан Аригбөх дүүгээ дэргэдээ ойрхон байлгаж, их ч ойр дотно явсан байдаг. Мөнх хааныг нас барсны дараа үр хүүхдүүд нь насанд хүрчихсэн, том хүү Асудай нь цэрэг арми удирдаад явж байв. Өөрөөр хэлбэл хаан ширээнд өрсөлдөх боломжтой гэсэн үг. Гэтэл тэрбээр Аригбөхийн талд тууштай байж, эцсээ хүртэл тулалдсан. Мөнх хааны их хатан Хутугтай ч Аригбөхийг дэмжсэн. Тэгэхээр энд ямар нэгэн хэлхээ холбоо сэжим байгаа.
Нөгөө талаар Мөнх хаан яагаад ч Хубилайд хаан ширээ залгамжлуулахгүй. Тэр хоёрын хооронд маш ноцтой зөрчил байсан. Тэр зөрчил нь даамжраад Хубилайг баривчлах асуудал хүртэл яригдаж байсан үе бий. Тэгэхээр Мөнх хааныг отгон дүү Аригбөхдөө хаан ширээг залгамжлуулах гэрээслэл үлдээсэн, үгүй ядахдаа Хубилайгаас хувь илүүгээр итгэн найдаж байжээ гэж харагддаг юм.
ЯГ АДИЛХАН ХАРДАГ БОЛ АМЬДРАЛ СОНИРХОЛГҮЙ...
-Зохиолч, яруу найрагч Д.Оюунчимэг та хоёр гэр бүлийн улс. Аюурзана, Өлзийтөгс хоёр номоо харилцан редакторладаг, биесийнхээ уран бүтээлийг үнэлдэг шиг та хоёрын хооронд бас уран бүтээлийн дотно харилцаа байна биз?
-Уран бүтээлчид нэг гэр бүл байхад давуу тал бий. Биесээ ирлэж хурцалдаг, санаа оноогоо хуваалцдаг, сайн муугаа ярилцдаг. Хамгийн сайн зөвлөгч, бас шүүмжлэгч нь байдаг. Заримдаа санаа нийлэхгүй юм ч бий. Уран бүтээлч хүмүүсийн ааш араншинг мэднэ дээ, өөрийнхөөрөө байдаг. Миний “Аугаа эрин” номын хяналтын уншилтыг хийж манай хүн өглөө үдэшгүй л суусан.
- Д.Оюунчимэгийн “Оройн ганц мод” романыг шүүмжлэгч, судлаачид өндөр үнэлсэн. Таны хувьд...
-“Оройн ганц мод”-ыг манай утга зохиолын хүрээний үе үеийнхэн болох Дармын Батбаяр, Ломбын Нямаа, Д.Энхболд, П.Батхуяг, Я. Баяраа гээд цөөнгүй уран бүтээлчид сүрхий үнэлж магтах шиг болсон.
Монголд шинэ тутам гарч байгаа роман болгоныг унших санаа байдаг ч тэр бүр амжихгүй юм. Тэдгээр уншсан сүүл үеийн романуудын хэмжээнд “Оройн ганц мод”-ыг нэлээн гайгүй нь болчихлоо гэж би хувьдаа үнэлсэн. Гэхдээ санаанд хүрэхээргүй юм ч байдаг. Түүнээ ч өөрт нь хэлж, ингэж засмаар, өөрчилмөөр байна гэсэн. Манай хүн заримыг нь засаад, заримыг нь засаагүй өөрийнхөөрөө гаргачихсан нь ч бий. Хүн хүний мэдрэмж өөр. Яг адилхан хардаг бол амьдрал сонирхолгүй шүү дээ.
АЛДАР НЭР, ЭРХ ЯМБЫН ТӨЛӨӨ УИХ-ЫН ГИШҮҮН БОЛЖ ИЛЖИРСНЭЭС ЖАЛГАНД ОЧООД ИЛЖИРСЭН НЬ ДЭЭР...
-Өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуульд нутагтаа бие даан нэр дэвшсэн. Ядуу оюутан гэдэг шиг зохиолчдыг ядуу гэсэн тодотгол дагалддаг. Яагаад бие даан нэр дэвшиж, мөнгөөр зоддог хоёр том намын нэр дэвшигчидтэй өрсөлдөх болов?
-Өнөөдрийн улс орны нөхцөл байдал нь эрүүл ухаантай хүнд амар тайван сайхан суух арга их хомс болгож байна. Мөрөөрөө номоо бичээд явж болдог бол сайхан л байхсан. Гудамжаар машин нь багтаж ядаад, өндөр шилэн байшингууд сүндэрлээд, хүмүүсийн өмссөн зүүсэн гялалзаад, гадагшаа дотогшоо яваад болоод байгаа ч цаанаа хөгжлийн баттай суурь бүрэлдэж чадаагүй байна.
Үндэсний бат тогтвортой, бие даасан эдийн засаг алга. Зах зээлийн ЭЗ-т шилжээд хорин хэдэн жил өнгөрсөн атлаа банк санхүүгийн тогтолцоо нь өрөөл татуу, гадаад, дотоод худалдаа нь бусдын хараат, хэт өрөөсгөл эдийн засаг бий болчихлоо.
Манай эдийн засаг бидний идэвх чармайлтаар хөгжихөөс илүүгээр бусдын зангаа дохиогоор өсөж, унаж байна. Унагаахаар нь бид арчаагаа алдаад, энд тэндээс очиж гуйлга гуйдаг, өрд ордог. Эдийн засгийн тусгаар тогтнолын тухай ярихад хэцүү.
Оюун санааны хувьд ч хэцүү. Үндэсний оюун сэтгэлгээний тусгаар байдал маш эмзэг болчихсон. Нэг бус үеийнхнийг харахад харагдах төрх нь монгол, монголоор ярих авч дотоод мөн чанар нь өдрөөс өдөрт монголоосоо алсарч байна уу даа. Бидний өмнө ярьсан үндэснийхээ түүх соёлыг үл мэдэх, үл хүндэтгэх, тэр бүү хэл үгүйсгэдэг явдал нь энэ оюун санааны дархлаа ихэд хэврэг болсны илрэл юм. Хамгаалалт хяналтгүй урсан орж ирж буй даяаршилийн давалгаан дор, хүний эрх, ардчиллын хормой доогуур үндэсний оюун санаа, соёл сэтгэлгээ, ёс зүйн уламжлалт кодыг эвдэж мэдэх зүйлс орж ирж байгаа ноцтой аюул бий.
Дээр нь өнөөгийн Монголын нийгэм хагарч болох бүхий л боломжоороо хагарч бутарч байна. Баян ядуугаараа талцав. Ангит нийгмийн шинж төрхүүд илэрхий ажиглагдаж байгаа. Шинэ хуучнаараа, баруун зүүнээрээ, жалга довоороо, улаан цэнхэрээрээ талцаж, хагаралдаж байна. Зүгээр нэг талцал, үзэл бодлын зөрүү төдий биш, бүр бие биесээ үл тэвчих, необольшевик маягийн хийрхэл хэнээрхэлтэй. Энэ хагаралд улс төржилт улам их түлхэц өгч байгаа. Бүр зориудаар нийгэм, ард түмнийг талцуулж хагаралдуулж байж дундаас нь түр зуурын ашиг олдог эдийн засаг, санхүүгийн нам дамжсан бүлэглэлүүд ч бий боллоо. Тэгээд энэ утгагүй явдлаа улс төр хийж байна гэж өөрсдөө ойлгож, олонд сурталчилж байгаа нь бүр ч хэцүү.
Мөн ёсзүй, шударга ёсны дутагдлын гүн шоконд манай нийгэм даяараа орсон. Их ангасан адуу ус ууж чаддаггүй эргүүлж хамраараа гаргаад байдагтай адил бид шударга ёс, ёс зүйн аливаа зөв илрэлд тун их хачирхан гайхаж, гадуурхах байдалтай ханддаг болчихсон нь чухам гүн шоконд орсны илрэл. Гэх мэт санаа сэтгэл зовоосон олон зүйл байна. Энэ бүхнийг харсаар атлаа энэ бусармаг явдал өр цоолохыг хүлээгээд хонь мэт майлж хэвтэнэ гэдэг миний хувьд тэвчимгүй.
Үзгэн зэвсэг барьсан бидний хувьд энэ бүхэнтэй тэмцэх хоёр л зам бий. Нэгд нь бичих. Би хэр чинээгээрээ л бичдэг. Бичиж ч байна. Энэ роман маань ч мөн л адил миний тэмцлийн нэг хэлбэр. Үндэстэн мөн чанараа ухаж, ойлгож, амьдрах зарчим, итгэл үнэмшил, үнэт зүйлсээ романаас маань олж харж, өөртөө итгэж, үндэстнээрээ, өв түүх, дээдсийн их ухаанаараа бахархах сэтгэл нь бадрах аваас миний бичсэн зорилго биеллээ л гэж бодно.
Хоёр дахь зам маань улс орны хөгжлийн бодлого тодорхойлоход шууд оролцох явдал. Ялангуяа үндэсний хөгжлийн болон боловсрол соёлын бодлогын талаар хийж хэрэгжүүлмээр зүйлс нэлээдгүй байдаг. Тэр үүднээс л би өнгөрсөн сонгуульд оролцсон хэрэг. Түүнээс биш эрхэм гишүүн гэдэг алдар нэр, эрх ямбын төлөө явсангүй. Тийм байдлаар тэнд очиж илжирснээс жалганд очоод илжирсэн нь дээр.
-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь энэ намуудын үнэн нүүр царайг үзүүлж байна. Хэдэн зуун мянган гишүүнтэй АН, МАН-ын нэр дэвшигчийн царайг хар, МАХН-ын нэр дэвшигчийг хар л даа гэж иргэд шүүмжилж байна.
-Манай улс төрийн тогтолцоо дампуурчихсан. Улс төрийн нам жинхэнэ утгаараа байхгүй. Нам гэдэг үзэл санаа, итгэл үнэмшлийн нэгдэл байдаг бол өнөөдөр манайд дунд доод түвшиндээ ажил, албан тушаал, амьжиргааны явцуу эрх ашиг, харанхуй фанатуудын, дээд түвшиндээ нам дамжсан мафийн шинжтэй санхүүгийн бүлэглэлүүдийн тун хачин бүрдэл бүхий нэгдлийг НАМ гэж хэлдэг болсон.
Улс орны хөгжлийн болон хуулийн бодлогыг гаргаж, түүнийг хэрэгжүүлэхэд хяналт тавих учиртай УИХ-ын гишүүнийг сонгохдоо сонгогчдийн маань олонх хэнийг сонговол улс оронд, бидний ирээдүйд хэрэгтэй вэ гэдэг өнцгөөс биш, харин надад ямар ашигтай вэ гэдгээс нь харж сонголтоо хийж байна. Өөрт нь мөнгө өгвөл, өөрт нь болон садан төрөл, найз нөхдөд нь ажил төрөл олдох, эсвэл бизнестээ ямар нэгэн байдлаар дэмжлэг авах, их сайндаа аймаг, сум нь хурдан морьтой болох, ямар нэгэн бүтээн байгуулалт хийх гэх мэт их хачин шалгууртай. Улс төр, сонгуулийн тогтолцоо нь ч хүмүүсийг ийм сонголт хийхээс аргагүй байдалд шахаж, тулгаж, бас тархийг нь угааж, талцуулж байна. Энд ямар нэгэн үзэл санаа, итгэл үнэмшил, бодлогын тухай ярих боломж тун ховор.
Өнөөдөр Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн аль нь сэтгэлд хүрэхгүй байгаа нь тэрхүү манай улс төрийн тогтолцоо хэр зэрэг эвдэрсний, толгой нь уруугаа харчихсаны л илрэл юм.
-Сонгуулиас сонгуулийн хооронд энэ байдал улам даамжирч байгаа. Тэгэхээр яах вэ?
-Тийм, энэ муу явдал улам даамжирч байгаа. Саяхан би Ло.Нямаа багштай ярилцаж суухад багштан тийн хэлж байна билээ. “Их үндэстэнд их сорилт тулгардаг гэдэг. Өнөөдөр бидэнд аргагүй их том сорилт тулгараад байна. Сэхэх үү, мөхөх үү? гэсэн сорилт шүү. Гэхдээ асуудал муу болох хэрээр ард түмэн ухааран сэхээрч, босож ирнэ гэсэн нэг мухар итгэл төрж байгаа” гэсэн. Тэр үнэн. Ягтаа тулж байж л ийм дампуу явж болохгүй юм байна, зарчим, үнэт зүйл, эрхэмлэл гэдэг зүйлээ гаргаж ирэхгүй бол болдоггүй юм байна. Хууль ёсоо дээдэлдэг, ёс журмыг эрхэмлэдэг байхгүй бол болохгүй юм байна гэж нэг голдоо ортлоо ойлгох байх. Нийгмийн тодорхой хэсэг нь тийн ойлгож сэрж чадвал нийгмийн хөгжил зөв тийшээ эргэнэ. Түүнээс биш энэ янзаар дампуу, будлиантай хэвээр явбаас хэрхэх нь нэн тодорхой. Биднийг уруудан доройтсоор сөхрөөд унахыг харж, шүлсээ залгиж суугаа хүчин бэлээхэн бий шүү дээ.
-
2017 оны 5 сарын 30
ҮР ХҮҮХЭДДЭЭ НОМ АВЧ ӨГӨХДӨӨ ЮУГ АНХААРАХ ВЭ?
Манай эцэг, эхчүүд хүүхэддээ ном сонгохдоо зарим нэг нийтлэг алдаа гаргах нь байна.
Жишээ нь:
.
1. НАСАНД НЬ, ОЮУНЫ ЧАДВАРТ НЬ ТААРЧ ТОХИРСОН НОМ СОНГО...
Манай эцэг эхчүүд хүүхдийн ном гэхээр л олон зурагтай, 5 өгүүлбэртэй ном байх ёстой гэсэн өрөөсгөл ойлголттой байх нь бас байна.
- Зурагтай ном байна уу? Өө зураггүй юм уу? гэх эцэг эхчүүд нэлээд таарна.
- Хүүхэд нь хэдэн настай вэ? гэж асуухаар
- 8 настай,
- 12 настай гэх мэт...
Ингэхэд 12 настай хүүхдийн сэтгэлгээ 2 настай хүүхдийн сэтгэлгээ хоёрт их хол зөрүү бий дээ.
Хүүхдийн зурган номууд нь уншиж, бичиж хараахан сураагүй, эсвэл дөнгөж уншиж бичиж сурч байгаа бага насны буюу 6 хүртэл насны хүүхдэд ихэнхдээ зориулагдсан байдаг.
Гэхдээ бага насны байх хэрээр зураг олонтой, нас насны онцлогт, хүлээн авах чадварт таарсан зургийн өгүүлэмжтэй байх шаардлагатай.
Зурагт номууд хүүхдийг номд дуртай болгох, сонирхолыг нь номруу татах зориулалт нь түлхүү талдаа. Зурган өгүүлэмж нэн чухал. Гэвч НАС ӨСӨХ ХЭРЭЭР ЗУРАГТ НОМООС ТЕКСТ ИХТЭЙ УНШЛАГЫН НОМРУУ ШИЛЖИЖ байвал уг нь илүү үр дүнтэй санагдана...
Бие бялдрын хөгжил өсөх хэрээр хүүхэд илүү хүнд ачаа дааж, илүү төвөгтэй техникт суралцдаг шиг хүүхдийн чинь оюун сэтгэлгээ хөгжих хэрээр илүү том бүтээл туурвилд хөтлөн дагуулах шаардлагатай юм. Зарим эцэг эхчүүд 10 орчим насны хүүхэддээ 5 настангуудад таарсан зурагт ном хайгаад явж байгаа нь харамсалтай юм. Хүүхдийнхээ оюуны хөгжлийг тийм түвшинд харж, бас барьж хязгаарлаж болохгүй ээ.
Үе тэнгийн 12 настангууд нь Дюмагийн Шадар гурван цэргийн Артаньян, Атос нартай нөхөрлөж, Стивенсоны Эрдэнэ нуусан аралд тэмцэж, Фродо, Сэм нартай хамт Мордорт ертөнцийг мөхлөөс аврах гэж мачийж явахад таны 12 настан Гуталт муурын сахлаар оролдсон шиг сууна гэдэг бараг л эмгэнэл юм даа.
Ингэхээр хүүхдийнхээ насанд нь, оюуны чадварт нь таарсан ном уншуулах хэрэгтэй юм. Үргэлжийн 5 настан шиг бодож сэтгэж харьцаж таарахгүй, ингэвэл нь хүүхдийнхээ оюун сэтгэлгээний хөгжилд өөрсдөө том саад, гацаа үүсгэж буй хэрэг юм. Бүр насных нь түвшингээс болж өгвөл ахиулж байх хэрээрээ илүү сайн. Тэгэж байж үр дүн илүү гарна.
Ер бага наснаас ном уншиж сурсан хүүхдийн унших чадамж санаанд багтамгүй өндөр байдаг. Ж.Пүрэвийн ”Зүрхний хилэн”-гээс салж чадахгүй шимтэн суугаа 12 настан ч байна. О.Уайльдын ”Дройн Грейн хөрөг”-ийг хүртэл хээв нэг уншиж орхих нь ч байна.
Хэрвээ хүүхэд тань 10-12 нас хүрчихээд одоо л дөнгөж номтой нөхөрлөх гэж буй бол дэндүү, даанчиг оройтсон байна. Гэсэн ч оргүйгээс оройтсон нь дээр, золоор номтой нөхөрлөчих ч юм билүү. Гэхдээ хүүхдийнхээ сонирхол, онцлог, оюуны чадамжийг нь сайтар анзаарч байж номоо сонгоорой.
.
2. ХҮҮХДИЙН НОМ ГЭДЭГ НЬ ЗӨВХӨН ҮЛГЭРИЙН НОМ БИШ...
- Энэ үлгэрийн ном уу?
- Үгүй ээ, роман.
- Өө, хүүхдийн ном биш юм уу?
- Хүүхдийн ном мөн.
- Тэгвэл яагаад роман гээд байгаа юм бэ?
Хүүхдийн ном гэхээр л зөвхөн үлгэрийн ном л гэж ойлгодог төөрөгдөл бас байна.
Ардын үлгэр гэдэг бол яндашгүй их далай билээ. Гэвч хүүхэд тань дандаа үлгэр уншаад байж таарахгүй. Тэгвэл жинхнээсээ ”Үлийсэн сохор болно”. Хүүхдийн уран зохиолын нэгэн томоохон бүрэлдхүүн хэсэг бол өгүүллэг, тууж, романууд юм. Жүжиг, дууль, тууль гээд бусад төрөл жанр ч хүүхдийн уран зохиолын ай савд бүгд бий. Үлгэрийг ихэнхдээ бага, дунд насанд нь уншуулбал зохимжтой. Гэхдээ том болсон хойно нь үлгэр уншуулж огт болохгүй гэж буй хэрэг биш. Ялгаа заагыг нь сайн ойлгоосой. Би одоо ч зарим хааяадаа үлгэр уншиж л байдаг. Гол нь бусад уран зохиолын төрөл жанруудтай танилцуулах хэрэгтэй. Үр хүүхдээ үнэхээр л номтой нөхөрлүүлэхийг хүсэж буй бол томоохон бүтээл туурвилуудтай танилцуулах зайлшгүй шаардлагатай. Тэдэн дотор хэдэн арван цуврал романууд ч бий.
Өнөөдөр дэлхийн хүүхдийн зохиолын тэргүүнд ихэнхдээ томоохон романууд явдаг гэдгийг мэдэж ав.
.
Ер роман уншихгүйгээр уран зохиол уншсан гэж хэлэх боломжгүй. Уран зохиолын оргил нь роман байдаг. Тэгэхээр хүүхдээ бага багаар роман руу ойртуулж байх хэрэгтэй. Бүү үлгэрийн ертөнц дотор нь хадаж орхи.
- Пөөх ямар зузаан юм бэ? Ийм юмыг чинь хүүхэд байтугай би ч уншиж дийлэхгүй юм байна гэж дуу алдаж буй эцэг, эх байна.
Хүүхэд чинь бага насандаа номын ертөнцөөс хөндий өссөн хөөрхий золгүй өөр шиг чинь байх ёсгүй, өөрийн чинь тавиланг давтаад хэрэггүй. Өөрөө боломж бололцоогүйдээ роман уншиж амжаагүй яваа бол одоо үр хүүхдээ өөрийнхөө араас бүү татаж оруулаарай. Роман уншиж байж л уран зохиолын жинхэнэ уншигч болдог гэдгийг бүү мартаарай.
Гэхдээ уншиж дөнгөж эхэлж буй хүүхдэд зузаан зузаан романаар дарамтлаад байж таарахгүй, ёстой жинхнээсээ залхаагаад, зугтаалгаж ч мэднэ.
.
3. САЙН НОМ БАС САЙН ХООЛ...
Номын худалдаан дээр зогсож байхад
- Яагаад заавал сонгодог зохиол сайн гээд байгаа юм бэ? Энэ зохиол юугаараа илүү юм бэ? гэж улайм цайм асуухгүй ч байгаа хандлагаараа асуугаад байх эцэг эхчүүд бас байна аа, байна.
Ингэхэд та хүүхэддээ хоол унд авч өгөхдөө аль болох шим тэжээлтэйг нь сонгодог, үгүй ядахдаа л хичээдэг байх. Түүнтэй чинь яг адилхан. Уран зохиол гэдэг бол оюун сэтгэлгээний талх нь, хоол нь. Тэр дундаа сонгодог бүтээл гэдэг бол бүр хамгийн их ”шим тэжээлтэй” нь юм шүү дээ. Тийм асуултын түвшинд өөрөөр юу гэж ойлгомжтой тайлбарлах вэ дээ...
Та бидний худалдан авдаг өргөн хэрэглээний бараанд брэнд гэж нэг зүйл байдаг даа. Брэндийнх бол үнэхээр чанартай, урлагтай, найдвартай. Түүн лугаа адилаар уран зохиолд ч бас брэнд бий. Тэр бол зохиолчид нь юм. Жишээлбэл хүүхдийн зохиолд бол хамгийн том брэндүүдийн нэг бол Андерсен байна. Би л хувьд Ричард Киплингийн ертөнцөд саатах дуртай. Бас Оскар Уайльд. Энэ мэт зохиолчдын бүтээл л бол эргэлзээгүй хүүхэддээ сонгоно гэсэн үг. Яагаад гэвэл брэнд...
.
4. УРАН СЭТГЭМЖ МУУ ГЭЖ ҮҮ???
Сельма Лагерлөфийн ”Галуу дагасан гайхамшигт аян” гээд гайхалтай сайхан үлгэр тууж бий дээ. Их Б.Ренчин гуайн орчуулгаар гарсан. Яах аргагүй л хүүхдийн номын ертөнцийн нэгэн маргашгүй маргад эрдэнэ болсон зохиол.
Тэр номыг барьж үзэж үзэж, хойш нь тавьчихаад илүү өндөр үнэтэй математикийн ном хүүхэддээ авч өгч буй аавтай таарав.
- Би бол нөгөө номыг нь л сонгоно доо гэвэл
- Өө, галуун дээр суугаад нисдэг гэж юу байсан юм, худлаа юм уншуулах ямар хэрэг байна вэ? гэж миний амыг яг таг бөглөв.
Уран сэтгэмж хөгжинө гэдэг тийм муу зүйл биш юм. Харин ч энэ ер бусын гайхамшгаар дүүрэн хорвоо ертөнцийг зөвөөр ухааран танихад уран сэтгэмж л хамгийн их тус болно. Чухам уран сэтгэмжийн цонх л амьдралыг баялаг сайхнаар, өөдрөг, гэрэл гэгээгээр гэрэлтүүлж байдаг.
Заавал галууны нуруун дээр суугаад нисэж болдог юм гэж ягштал үнэмших явдал биш. Тэр бол жинхэнээсээ тэнэгрэл болно. Уран сэтгэмж муутай, аливаад мэдрэмжгүй, бүхнийг хайрцаглаж хардаг, яг байгаагаар нь ойлгож, хүлээж авдаг хүнтэй хамт байхад хүртэл хичнээн уйтгартай, баригдмал, мухар нүхэнд орчихсон мэт, бетонон хананд тулчихсан мэт хүнд хэцүү мэдрэмж төрдөг шүү дээ.
Зохион бүтээх, туурвих, ер алив ажилд амжилт гаргахад бүгдэд нь уран сэтгэлгээ гарцаагүй хэрэгтэй болдог. Тэр бүү хэл математикийн гайхамшигт нээлтүүдийн чинь үзүүрт чухам уран сэтгэмж л байсан юм шүү дээ. Аливааг яг таг гэсэн, 2 дээр нэмэх нь 2, тэнцүү дөрөв л гарна, өөр хариу хайгаад хэрэггүй гэх мэт хайрцагласан сэтгэлгээнд хаших нь үнэн хэрэг дээрээ хүүхдийнхээ танин мэдэх гэсэн хүсэл эрмэлзэлийг харанхуй гянданд хорьж буйтай адил зүйл юм.
..
5. МЭДДЭГЭЭ Л АВДАГ НЬ...
Манай эцэг эхчүүд бас зөвхөн өөрийн бага насандаа уншиж байсан номоо л хүүхэддээ авч өгөх гэсэн эрмэлзэл их байна. Жишээлбэл, Ж.Вернийн ”Арван таван наст капитан”, ”Ахмад Грантын хүүхдүүд”, ”Нууцат арал”, ”Усан доогуур 20 000 бээр аялсан нь”, эсвэл оросын үлгэрийн ”Үүлэн бор” гэх мэт хуучны орчуулгуудыг асуугаад байхгүй гэвэл ”Өө хүүхдийн номын лангуу гэсэн чинь хүүхдийн номгүй л юм байна шүү дээ” гэж урам хугарсан аястай.
Соц үед хүүхдийн уран зохиолыг сайн орчуулж байсан, тэдгээрээс бас боломжийн түвшинд уншиж танилцаж байсан нь сайн хэрэг. Гэвч хүүхдийн номын ертөнц тэр үеийн Ж.Верн, Майн Рид, Уэльс, Дюма нараар хязгаарлагдахгүй шүү дээ. Тэд л зөвхөн сонгодгууд, бусад нь биш юм шиг мухар ойлголт мэр сэр байгаа нь харамсалтай. Асар баялаг уудам ертөнцийг өчүүхэн нэгэн хэлтэрхийгээр нь хязгаарлаж болохгүй.
.
6. ХҮҮХДИЙН ТУХАЙ БИЧСЭН БҮХЭН ХҮҮХДИЙН ЗОХИОЛ БИШ...
- Энэ номонд юун тухай бичсэн бэ?
- Хүлэг баатруудын тухай бичсэн ном оо...
- Хүүхдийн тухай байхгүй юу
- Байхгүй ээ..
- Аан, хүүхдийн зохиол биш юм байна, тийм ээ...
- Үгүй үгүй, хүүхдийн зохиол...
- Тэгээд яагаад...
Ийм яриа ч бас болох. Ингэхэд хүүхдийн зохиол гэхээр заавал хүүхдийн тухай бичсэн байх ёстой биш. Юуны ч тухай байж болно. Гагцхүү тэр нь хүүхдийн оюун сэтгэлгээний ертөнцөд таарч тохирсон байх хэрэгтэй.
Нөгөө талаар бас хүүхдийн тухай бичсэн бүхэн хүүхдийн зохиол болж чаддаггүй гэдгийг мэдэж байх хэрэгтэй. Хүүхдийн тухай хэдий бичсэн ч хүүхэд бүү хэл үүхэд ч уншихааргүй номууд зөндөө. Хүүхдийн зохиолыг хүүхдийн зохиол болгодог хамгийн гол шинж чанар бол тэндээс хүүхдийн тэр ариун гэгээхэн, хиргүй тунгалаг, мөрөөдөмтгий дэврүүн, ер бусын барьцгүй ертөнц харагдаж, мэдрэгдэж, уншигдаж байх ёстой.
Чухам тиймдээ л дуртай бүхэн хүүхдийн зохиол бичиж чаддаггүй, магадгүй уран зохиолын хамгийн хүнд талбар бол хүүхдийн зохиол байхаа. Миний хувьд хүүхдийн ертөнцийг хамгийн яруу сайхан харуулсан зохиолд ”Винни Пүү нэрт тэнэгхэн Бамбарууш”, ”Бяцхан хунтайж” гэх мэтийг нэрлэнэ. Насанд хүрэгсдэд магадгүй огт ойлгомжгүй, эсвэл дэмий чалчаа мэт санагдаж болох. Хэрвээ тийм бол та хүүхдийн ертөнц рүү өнгийж харж чадаагүйн илрэл болохоос биш тэр зохиолуудын муугийнх биш шүү.
.
7. СОНГОДОГ ҮЛГЭРЧИД ЮУГААРАА ЯЛГААТАЙ ВЭ?
- Үлгэрийн ном байна уу?
- Байна байна. Энэ Андерсений үлгэрүүд байна.
- Энэ хүний зохиосон юм уу?
- Тийм.
- Үгүй ээ, хүн зохиосон биш, жинхэнэ ардын үлгэрийн ном асууж байна..
Бас иймэрхүү яриа ч болно.
Ардын үлгэрийн хажуугаар Х.Х.Андерсен, Шарль Перро, Ах дүү Гримм, Мадам де Олнуа, Вильгельм Хауф гэх мэт маш олон сонгодог үлгэрчид бий. Эдгээр үлгэрчдийн бүтээлүүдийг хүүхдийн утга зохиолын ертөнцөд Сонгодог үлгэрүүд гэж үздэг. Яагаад гэвэл тэд ихэнхдээ ардын үлгэр домгуудыг дахин боловсруулж, жинхэнээс нь хүүхдийн шилдэг үлгэр болгож, өнөөх сонгодог бүтээлүүдэд хамгийн ихээр байдаг ”шим тэжээл” болох үнэт зүйлсийг хамгийн ихээр шингээж өгсөнд л хамаг учир нь байдаг. Тиймээс тэдний ”зохиосон” үлгэрүүд үнэ цэнэтэй. Аль нэгэн ардын үлгэрийг биш чухам Х.Х.Андерсенийг дэлхий дахинаараа ҮЛГЭРИЙН ХААН хэмээн хүлээн зөвшөөрсөн, бас А.Линдгренийг ҮЛГЭРИЙН ХАТАН ХААН гэдэг. Тэд тийм алдрыг хүртэх бүрэн эрхтэй хүмүүс. Тэдний үлгэрт өнөөх сайн сайхны сүүн дусал илүү их дуссан байдагт тэр юм шүү дээ.
.
8. ХОРИГЛОХ, ЦЭЭРЛЭХ ҮЛГЭР, ЗОХИОЛУУД БИЙ ЮУ?
Дээрх сэдвээс цааш нь үргэлжлүүлэхэд Ардын үлгэр бүхэн гайхамшигтай боловч бас бүгдээрээ хүүхдийн сэтгэлгээнд таарч тохирох нь үгүй. Бүр хүүхдээс хол байлгамаар зарим ардын үлгэр ч бий. Аавыгаа алаад, ээжийгээ өвчөөд сууж байгаа нь ч бий шүү дээ. ”70 давхар нөхөөс зад унгадаг”, ”Өрөвдөх юмгүйгээр хоёр нүдийг нь ухдаг” гэх мэт бүдүүлэг, хэцүү үлгэрүүд ч бас бий. Харин сонгодог үлгэрүүдэд бол тийм зүйл огт үгүй билээ.
Жишээлбэл ”Мянга нэгэн шөнийн үлгэр” байна. Бүрэн эхээрээ бол бага насны хүүхэд уншихад ихээхэн төвөгтэй, эротик дүрслэлүүд ихтэй, хүнд хэцүү хэллэгтэй. Тиймээс ч хөгжингүй орнууд ”Мянган нэгэн шөнийн үлгэр”-ийг нэлээн хянан засварлаж, хүүхэд унших хэмжээнд боловсруулж байж хүүхдийн номынхоо тоонд оруулж хэвлэдэг. Харин бүрэн эхээрээ бол насанд хүрэгчид, судлаачдад нээлттэй байх нь тодорхой.
Ер аймшиг, аллага хядлага, хүнийг ад үзсэн, амьдралын болоод хүний сайн сайханд итгэл алдарсан агуулгатай зохиолыг, ялангуяа эротик зохиолуудыг бага насны хүүхдээс хол байлгавал зүгээр дээ. Тийм зохиолууд харамсалтай нь хүүхдийн зохиол нэрийн дор нуугдаад ороод ирчихсэн байх нь бий. Бүр сонгодогуудын бүтээлүүд дотор ч хүүхдээс хол байлгамаар нь байна. Жишээ нь Эдгар Аллан Погийн зарим өгүүллэгүүдийг хүүхдээс хол байлгамаар санагддаг.
Гэтэл харахад айдас хүйдэстэй мэт боловч хүний сайн сайхан талыг нь илүү төвийлгөсөн, итгэл тэвчээр, сайн үйлс ялж буйгаар төгсдөг тийм аймшгийн гэмээр зохиол ч бас байна. Тухайлбал ”Дуурийн театрийн хий үзэгдэл”, ”Чөтгөртэй лонх” гэх мэт. Тийм зохиолын зөвхөн гарчигийг нь харчихаад хүүхдээсээ нуугаад байж таарахгүй ээ.
.
9. ХҮҮХДИЙН НОМ БҮХЭН АДАЛ ЯВДАЛТАЙ БАЙХ ЁСТОЙ БИШ...
Адал явдал бол яах аргагүй хүүхэд багачуудын төдийгүй хэн бүхний сэтгэл, сонирхолыг татах нь тодорхой. Гэхдээ ”Шадар гурван цэрэг” шиг, эсвэл ”Дэлхийг 80 хоногт тойрсон нь” шиг л адал явдалтай байж сая сайн номын шалгуурт тэнцдэг юм биш.
Дэлхийн хүүхдийн шилдэг сайн зохиолуудыг анзаарч байхад адал явдал гэхээсээ илүүгээр драма, хүний дотоод гоо сайхныг илүү нээж өгсөн нь түлхүү талдаа байна.
Тухайлбал ”Ногоон Давхарцагийн Аня охин” гэдэг дунд хэрийн роман бол хүүхдийн утга зохиолын магнайд яах аргагүй заларна. Зарим сурвалжид энэ зохиолыг Библийн дараа орох хэмжээнд олон удаа хэвлэгдсэн гэж бичсэн байх. ХХ зууны хүүхдийн хамгийн шилдэг, хамгийн олон хувиар хэвлэгдсэн номд тооцогдоно. Олон дахин, олон зуун сая хувиар хэвлэгдсэн гэдэг бол гэхдээ хамгийн сайн цор ганц үзүүлэлт биш л дээ. Харин юу нь, ямар илүү тал нь энэ зохиолыг тийм өргөн хүрээнд уншуулж байна вэ гэдэгт байна.
Энэ зохиолд тийм ч их адал явдал буцлахгүй. Насан өндөр болсон, үр хүүхэд үгүй эгч, дүү өвгөн эмгэн хоёр насны төгсгөлд хань болох нэг хүүг асрамжийн газраас өргөж авая гэлцээд Асрамжийн газарт захиалга өгдөг. Гэтэл Асрамжийнхан хариуцлага алдаад хүү биш охин явуулчихна. Хөөрхий өнчин охин өргөмөл аав ээжтэй боллоо хэмээн баярлаад иртэл хүү хүүхэд хүлээж байсан нөгөө хоёр нь охиныг голж, буцаах болно. Бяцхан охины сэтгэл зүрхэнд маш хүнд цохилт ирлээ. Гэвч галт тэрэг явчихсан учир маргааш болтол тэр жаахан охиныг буудал дээр орхилтой биш, гэртээ ганц хонуулахаар авч явснаар цоо шинэ амьдрал эхэлнэ. Охин эмгэн, өвгөн хоёрт таалагдаж, түүнийг өргөж авна. Үүгээр зогсохгүй өнчин Аня тэдний тосгоныхны бүгдийн сэтгэлийн татсан охин болно. Тэр ч бүү хэл дэлхий дахины хүүхэд багачуудын хамгийн хайртай дотно анд нөхөр нь болдог билээ.
Аня охинтой бага насандаа танилцсан дэлхийн улс орон бүрийн хүүхэд багачууд уг зохиолын үйл явдал болдог Канадын Ханхүү Эдвардын хагас аралд жилдээ хэдэн арван мянгаараа зочлон ирж, Аня охины явж байсан цэцэрлэгт өргөн чөлөөгөөр зугаалж, тоглож байсан газарт нь сууж, сурч байсан сургуульд, амьдарч байсан жижигхэн байшинд нь зочилцгоодог байна. Хүний сэтгэлд үнэхээр л бодит анд нөхөр мэт дотно сайхан сэтгэгдэл, дурсамж үлдээдгээс, тийм мөн чанарыг нь дуудан сэрээж чаддаг учраас л хүмүүс тийш хэрэг болгон очдог хэрэг. Тэр хагас аралд бүр зөвхөн Аня охины найзуудад зориулсан жуулчны бааз хүртэл байна.
Энэ бол адал явдалт роман биш, драма. Тэгэхээр хүүхдийн зохиол заавал адал явдалтай л байж сайн байх ёстой гэсэн үг биш болох нь ээ. Ийм драма буюу ёс суртхууны танин мэдэхүй, хүмүүжил, дотоод гоо сайхныг хүчтэй илэрхийлсэн зохиолууд олон бий дээ, хүүхдийн уран зохиолын ертөнцөд.
Жишээлбэл, Ж.Спайрийн ”Хэйди охин”, Ф.Бөрнэтийн ”Нууц цэцэрлэг”, ”Бяцхан гүнж”, ”Сайхан сэтгэлт бяцхан эзэнтэн”, У.Виггиний ”Нарлаг Горхи эдлэнгийн Ребекка охин”, А.Патерсоны ”Агуу их Гилли Хопкинс”, Л.Алкоттын ”Жаалхан авхай нар”, ”Жаалхан эрчүүд”, Ч.Диккенсийн романууд гэх мэт.
Тэгэхээр ийм төрлийн зохиолуудыг болж өгвөл хүүхэддээ танилцуулбал илүү үр дүнтэй.
Өнөөдөр манай нийгэмд оюун соёл, ёс суртхуунлаг байдал ихээхэн дутагдалтай байгааг хэн бүгд мэднэ. Харин тэр дутагдалтай бүхнийг нөхөж өгөх шим тэжээлүүд чухам ийм төрлийн зохиолуудад илүү байгаа гэдэгт би итгэдэг ээ...
.
10. КОМИКС НОМ Л САЙН ГЭЖ ҮҮ?
- Комикс ном л сайн гэсэн хандлага бас мэр сэр ажиглагдана. Тэр ч бүү хэл манай төр засгаас Комикс номд илүү анхаарч, төсөв хөтөлбөр хүртэл гаргасан.
Харин хөгжингүй орнууд хүүхэд, залуусынхаа унших ёстой номын жагсаалтдаа ямар ч комикс номыг оруулдаггүй юм шүү дээ. Тэр бүү хэл зарим оронд хүүхдийн номын худалдаандаа комикс номонд тодорхой лимит хязгаарлалт ч тавьдаг байна.
Хүний бие организм амттай юманд дурлах лугаа адил оюун ухаан ч аль хялбар, энгийн ойлгочих, гял цял зүйлд татагдах нь байна. Гэхдээ амттай бүхэн шимтэй биш, бас хялбар энгийн ойлгочих бүхэн өгөөжтэй биш. Тэр дундаа уран зохиолын чанар чансаа өгсөх хэрээр улам бүр хүнд, төвөгтэй болдог. Гэтэл бидний үр хүүхдээ номд дуртай болгохын зорилго бол чухам тэр хүнд хэцүү, нарийн нандин бүхнийг л мэдэж, мэдэрч ойлгодог болгох явдал шүү дээ. Эс тэгвээс номтой нөхөрлүүлэхийн хэрэг юу байна.
Даваа давж хол явдаг, оюун санааны хөгжил ч мөн тийм. Гэхдээ энд комикс номыг огтоос хэрэггүй хог гэж хэлээгүй болохыг болгооно уу? Номд эхлэн хөтлүүлж буй хүүхдүүдэд хэрэгтэй байлгүй яах вэ, комиксууд... Зургийн чадварлаг өнгө, дүрслэл хүүхдийн сэтгэлгээ, мэдрэмжид чухал нөлөөтэй байлгүй яах вэ.
Гэсэн ч номыг уншихын цаана үг өгүүлбэрээр илэрдэг нарийн нандин мэдрэмжүүдийг мэдрэх, гүн утга санааг ухан ойлгох гэх мэт олон зүйлс бий. Хамгийн наад зах нь хүний өгүүлэн хэлэх, илэрхийлэх чадвар, үгсийн баялаг гэж нэг зүйл байна. Энэ нь өөрөө тэр хүний оюуны чадамжийг ямар нэгэн хэмжээгээр илэрхийлж байдаг. Таван өгүүлбэртэй ном уншаад үгийн баялаг хэр нэмэгдэх вэ гэдгийг дэнсэлж үзээрэй.
.
11. ХҮҮХДИЙН НОМЫН СТАНДАРТ ГАРЦААГҮЙ ХЭРЭГТЭЙ
Харамсалтай нь манайд ийм стандарт гэж байдаггүй болохоор нэгэнт байхгүйн тухай бичих нь бараг илүүц болох нь. Гэхдээ байдаг болоосой гэдэг үүднээс нэг хоёр санаа өгүүлье.
Утга агуулгын хувьд үнэхээр хатуу чанга хяналт, шаардлага байх ёстой. Ингээд хэлэхээр соц үеийн главлитийн сүнсийг босгож ирэх гэлээ гээд унадаг ардчиллаас өөр юуг ч мэддэггүй хийрхүү нөхөд бий шүү. Бид үр хүүхдийнхээ оюун тархи руу элдэвийн эрээвэр хураавар зүйлс цутгаж болохгүй шүү дээ.
Үг үсгийн алдаатай, хэл найруулга муутай, утга агуулга өчүүхэн хэрэггүй хог шиг номуудыг хүүхдийн номын лангуунаас зайлуулж байлгах хэрэгтэй. Айдсын, эротик, ёс зүйгүй бүтээлүүдийг ч ховхолж хая.
Нөгөө талаар хэвлэлийн технологид ч хяналт хэрэгтэй. Хуудас нь хүүхдийн эмзэг булбарай хуруу гарыг зүсчихээргүй, хэвлэлийн будаг нь хоргүй, харахад нүдэнд дулаахан өнгө зурагтай, уншихад хялбар том стандарт үсэгтэй гэх мэт олон шаардлагууд бий дээ.
Хөгжингүй орнуудад хүүхдийн номонд маш өндөр шаардлага тавьдаг нь яах аргагүй зөв юм. Хатуу хяналт, босго хэрэгтэй.
Харамсалтай нь бид энэ талаар огт санаа тавихгүй л яваад байх. Хүүхдийн номын редакци гэж уг нь байсан. Засгийн газрын харьяа. Гэхдээ тэр нь ямар нэгэн лоббид автаад таньдаг, эсвэл мөнгөтэй нөхдүүдийн номыг зөвшөөрөөд, бусдынхыг нь хяргаад байдаг бол байснаасаа байхгүй нь дээр. Нийгэм самуурчихаар сайн юмыг ч саар зүйл рүү нь холбилж орхичихоод байдаг нэг зовлон байх. Гэхдээ энэ нь огт боломжгүй гэсэн үг биш ээ. Нэн тодорхой шалгуур үзүүлэлтүүдээ журамлаж гаргачихаад, түүндээ таарч тохирсон шаардлагуудыг номын агуулга, чанар, хэвлэлд тавих бүрэн боломжтой.
Номын дэлгүүрийн хүүхдийн номын лангуун дээр ч гэсэн бас тодорхой хэмжээний стандарт гэж бий. Нас насанд нь таарсан, өндөр нам, өргөн нарийн, бас зураг чимэглэл, загвар дизайн нь ялгамжтай лангуу тавиуртай байдаг. Хүүхэд өөрийн насны хэсэг рүүгээ л явдаг байхаар..
.
12. ГОЁ ХАВТАСТ ХУУРТАЖ БОЛОХГҮЙ, ЭЦЭГ ЭХЧҮҮДЭЭ...
Энд олон тайлбарын хэрэггүй биз дээ.
Номын ертөнц бол зөвхөн ганцхан гоё хавтсаар илэрхийлэгддэг ертөнц биш. Номын ертөнц бол утгын гүн, үгсийн яруу, мэдрэмжийн тансагт найрсаж байдаг ертөнц.
.
13. ИХ УНШУУЛ...
Аль болох их...
.
Сүүлийн хэдэн жил хүүхдийн номын ертөнцөд өөрт тохиолдсон зарим зүйлээс санаалж бичлээ. Дутуу дундуур үлдээсэн нь нэлээн бий байх аа.
.
Б.Номинчимэд
.
-
2017 оны 5 сарын 18
Бүр тодруулбал ямар үндэстний худалдаачид зорчиж байсан бэ гэдэг асуудал үнэндээ маш сонин. Хүмүүсийн тархинд юуны түрүүнд хятад юм уу, европ хүмүүс байсан болов уу гэж эндүү ташаа бодол орж ирдэг л дээ. Ер нь торгоны зам гэдэг үг хятад хэлнээс угшилтай байх хэмээн боддог хүн олон байж таарна.
Тэгвэл «Торгоны зам» гэдэг үгийг 1870 оны үед Германы эрдэмтэн, газарзүйч Ричхофман 1870 онд анх өөрийн бүтээлд хэрэглэснээр дэлхий дахинд өргөн тархсан байна. Тэр хэцүү бэрх үед хэдэн тэргэнд торго дурдан зэрэг Хятад зүгийн бараа аччихаад тив дэлхийг дамнаад явна гэдэг ашиг орлого олохоосоо илүүтэй амь насанд маш их халтай хэрэг байсан болохоор тийм бүдүүн зориг бөх зүрхтэй хятад европ зүгийн худалдаачид хаанаас байх билээ?
Түүхийн энэ сонин ээдрээтэй асуудлын тайллыг зөвхөн Монголын буюу бүр тодруулбал нүүдэлчдийн түүхнээс эрж сурвалжламаар санагддаг. Монголын түүхийн мөчлөгийг сонирхон судлаж байхад хамгийн хүчтэй овог аймаг уугуул Монгол нутагтаа гал голомтоо сахиж үлдээд их тэмцлийн явцад шахагдан хөөгдсөн бусад овог аймгууд одоогийн умард хятад, Шинжаан, Дундад ази руу түрж ороод улмаар цаашилдаг явдал түгээмэл байжээ.
Тэгээд он удаан жил өнгөрсний хойно хагас суурьшиж угаас цусанд нь хадгалагдан үлдсэн генийн давуу байдалдаа хөтлөгдөн арилжаа наймаа хийдэг нь яваандаа Ази Европын эх газрыг дамнасан худалдаа, шашин соёлын хэлхээ холбоонд маш чухал үүрэг гүйцэтгэж ирсэн байна. Нүүдэлчин гаралтай Скифчүүдээс гадна, Согдууд гэж худалдаачин үндэстэн байсан тухай та дуулаа байлгүй. Согд бичиг гэж ерөөсөө манай Монгол бичигтэй ав адилхан босоо бичиг байдаг. Түүний дурсгалыг дор хавсаргав.
Тэгвэл манайхан одоогийн уйгуруудтай андуураад байдаг Хойгуурууд ч бас хожим нь томоохон худалдаачин үндэстэн болон хувирсны зэрэгцээ Согдуудаас бичиг соёлыг нь өвлөн аваад одоогийн Шинжаан, Монголын баруун хэсгийн найман зэрэг аймгуудад өргөн хэрэглэгдэж байсныг Чингис хааны Монголын эзэнт гүрэн шууд залгамжлан авчээ. Хойгуур бичгийн дурсгалыг дор хавсаргасныг мөн үзнэ үү! Мөртлөө «Тансан ламын баруун зүг зорчсон тэмдэглэлийг» бүр МЭӨ-ний өмнөх 500-600 жилийн өмнө нүүдэлчид өөрсдийн бичиг үсгээрээ туурвиж байсны нэг хуудас нь юм. Энэ утгаараа манай судлаачдын зайлшгүй сонирхон судлаваас зохилтой түүх уран зохиолын чухал сурвалж байж таарна.
Согд, Хойгууруудтай манай бичиг үсгийн соёл маш их хамааралтай болохоос гадна Бурхан, Мүүн, Христ, Исламын шашныг дэлгэрүүлэхэд торгоны замын дагуу маш том үүрэг гүйцэтгэж ирсэн бөлгөө.
Сы Ма Цяньгийн алдарт «Түүхэн тэмдэглэл» зохиолд энэ талын сурвалжууд арвин ихээр хадгалагдан үлдсэн байдгийг манай залуу судлаачид сайтар ухан үзвээс зохилтой. Ер нь Монголын түүхийг шинэ өндөрлөгөөс өргөн цар хүрээтэй, гүн гүнзгий судлах шаардлага тохиож байгааг энэ цөөн хэдхэн баримт харуулж байгаа юм. Шинээр сонгогдох ерөнхийлөгч энэ тал дээр онцгой анхаарвал нэн сайнсан. Түүхчдээс гадна уран зохиолчид ч гэсэн тэднээс хоцролгүй тэр зүгийн судалгаа руу ханцуй шамлан орж уран сайхны дүрээр тухайн үеийн түүхийг олон түмэндээ хүргэхэд төр засгийн дэмжлэг, тэр тусмаа ерөнхийлөгчийн анхаарал ус агаар мэт дутагддаг даа.
Ерөнхийлөгч хүн гэдэг авгай хүүхэн, бие бялдраас гадна хамгийн гол нь Монголын түүх, соёл, шашны маш өргөн мэдлэгтэй, тэр талын асуудал дээр бусдаас холыг харж хоёрыг илүү сэтгэдэг баймаар санагдаж байна.
Энэ бичлэгийн эхэнд ганц нэг үндэстний төлөөлөл болсон хэдхэн хүн тэмээн жинтэй тив дэлхийг дамнан аялах боломжгүй гэдгийг өгүүлсэн. Харин нүүдэлчид Умард Хятад, Шинжаан, Дундад Ази, Арабын хойг, Умард Энэтхэг болон Европыг дамнасан улс гэрээ тунхаглан зарлаад өөрсдийн «Эдийн засгийн коридорыг» бүрэн утгаар байгуулж чадсан цагт л сая торгоны замын үйл ажиллагаа маш их эрчимждэг байжээ. Энэ үүднээс авч үзвэл бидний дээд өвгөд торгоны замын жинхэнэ эзэд байсан гээд хэлчихвэл нэг их хол зөрөхгүй болов уу? Согд, Хойгуурууд бас л ташуу захтай дээл хувцастангууд байсны зургийг хаа нэгтэй харсан санагдана. Та бүхэн олж чадваас бусадтайгаа хуваалцаарай.
-
2017 оны 5 сарын 11
Хар Тамхи хэрэглэх, хадгалахыг зөөлрүүлэн зөрчил гэж үзэхээр болж байгаа тухай зөрчлийн хуулийг хэлэлцэх үеээр яригдаж байв.
Монголын Баячуудын хүүхдүүд ийм төрлийн хэрэгт холбогдож байгаагаас УИХ-ын гишүүд лобби буюу захиалгаар зөрчлийн хуульд ийм заалт оруулах гэж байгаа бололтой юм.
Хар тамхитай хатуу тэмцэх хэрэгтэй. Хар тамхины хэргийн САНКЦЫГ чангаруулах нь олон тэнэгийг аюулаас аварч байгаа ариун үйлдэл болно.
Хар тамхи хадгаласан, хэрэглэсэн, бусдад худалдаалсан болон бусдад үнэ төлбөргүй тараасан үйлдлүүдийг эрүүгийн хуулиар яллах нь зөв байх.
Мөн иргэдээс дээрх үйлдлүүдтэй холбоотой мэдээллийг ХУДАЛДАН авч, урамшуулж байх нь зөв биз ээ.
Товчоор хэлбэл: ЦЕГ, АТГ, ТЕГ мэтийн байгууллагуудад Хар тамхины тухай МАТААСЫГ иргэд олон нийтээс хүлээн авч, шалгалт хийдэг, тийм шуурхай ажлын хэсэг буюу бүтэц байгуулах нь зөв байх.
1937-оны үеээс Ардын дайсан, тэрс үзэлтэн, эсэргүү нартай тэмцэж байсан аргаараа буюу ЗХУ-ын КГБ-ээс уламжлан авсан арга технологиороо ХАР ТАМХИТАЙ тэмцэхэд, их газар авахуулахгүйгээр нам дарж болох байх гэж санагдах юм.
Энэ арга бол маш энгийн арга байсан. Амин сүнс нь МАТААС ЦУГЛУУЛАХ дээр л суурилдаг арга байжээ.
Одоо мэдээллийг худалдан авч, мэдээлэл өгсөн хүнийг нууцлана гэхэд л болно.
Гэвч Монголын олигархиудын зулзагууд ихэнхдээ энэ төрлийн гэмт хэрэгт холбогддог тул төр засаг маань олигтой тэмцэх хүсэлгүй байх шиг байна.
-
2017 оны 5 сарын 10
2012-оны УИХ-ын сонгуульд Н.Энхбаярын нэрийг МАХН-аас дэвшүүлсэн боловч, СЕХ бүртгэж авсангүй. Тэр үед Н.Энхбаяр нь шүүхээс ямар нэгэн ял шийтгэл аваагүй байсан юм. 2009-онд Ц.Элбэгдорж ерөнхийлөгчөөр сонгогдоод 2008-оны 7-р сарын 1-нд баригдаж шоронд орсон хүүхэд залуучуудыг өршөөх өршөөлийн хууль гаргасныг та санаж байгаа байх.
-
2017 оны 5 сарын 09
Сониноос гэвэл И.Сталин Төмөр (доглон) хааныг их хүндэлдэг хүн байжээ. Тэрбээр дундад Ази Самаркандруу судалгааны баг илгээхээр болж, 1940-оны намар уг багийн ажлын төлөвлөгөө, мөнгө санхүүг нь шийдэж өгсөн байна.
Яг энэ мөчид Германы жанжин Штаб-т А.Гитлерт ЗХУ-руу довтлох тухай санал орж ирж, хэрхэх тухай ярилцаж эхэлжээ. ЗХУ-руу довтлох Барбаросс төлөвлөгөөгөө Самаркандруу судалгааны бага илгээх төсөв батлагдсны дараахан эцэслэн баталсан аж.
Ингээд Самаркандруу явах судалгааны баг ч бэлтгэлээ хангаж, Мөн Германы Арми ч Барбаросс төлөвлөгөөнийхөө дагуу дайны бэлтгэлээ хийсэн байна.
1941-оны 6-р сарын 20-ны орчимоос малтлагын ажил хийгдэж, Яг Төмөр хааны бунханд 1941-оны 6-р сарын 21-ны орой тулж очжээ. Гэтэл хэдэн өвөгчүүд хүрч ирээд ДОГШИН ХААНЫ бунханг битгий нээ. Дайн самуун дэгдэх аюултай гэж анхааруулсан байна.
Судалгааны багийн ахлагч өвөгчүүдийн яриаг орчуулан сонсоод инээж, үл тоожээ. Тэгээд орой болсон байсан тул бунханг маргааш нь өглөө эрт нээхээр болж гэнэ.
Ингээд 1941-оны 6-р сарын 22-ны өглөө 7-8-цагийн үед Төмөр хааны бунханг нээсэн байдаг. Тэр бунханг нээсэн хүмүүс Кино бичлэг хийж, бүгдийг баримтжуулжээ. Цагийн зөрөөг тооцвол бараг СИНХРОН шахуу ЗХУ-руу Германы арми довтложээ.
Нөгөө судалгааны багийн ахлагч 2-3 хоногийн дараа дайн эхэлсэн мэдээг сонсоод өвгөчүүлийн үгийг санан эхлээд гайхаж байжээ.
Өдрөөс өдөрт итгэл бишрэл нь нэмэгдсээр Москва орж, 1942-оны сүүлчээр маршил Г.К.Жуковоор дамжуулан И.Сталинд болсон ядлыг дуулгажээ.
И.Сталин сонсоод угийн Төмөр хааныг хүндэлдэг байсан тул түүний шарилыг бунханд нь яг байсан ёсоор нь хийж буцаан оршуул гэж нилээ их мөнгө хөрөнгө гаргаж өгсөн байна.
Ингээд Төмөр хааны шарилыг буцаан оршуулсны дараахан 1943-оны 1-р сарын 31-нд Сталин градын дэргэд Германы армийг анх удаагаа их хэмжээгээр ялжээ.
Энэ цэгийг ЗХУ-ын дайны эргэлтийн цэг гэж дэлхий даяараа үздэг билээ.
Ийм нэгэн мэдээ уншиж байлаа. Саяхан энэ тухай нэгэн баримтат кино ч хийгдсэн байхыг ч олж үзжээ.
За тэр ч яахав. Дайн гэдэг ямар л олигтой юм байв гэж.
Эцэст нь Славян охидын үдэлтийн марш гэх гунигтай, сүрлэг аялгууг оруулъя.
Марш ”Прощание Славянки”