АНУ-ын Нью-Йорк, Нью-Жерси, Коннектикут, Рөүд-Айленд, Массачусетс мужуудад онц байдал тогтоож, 50 сая орчим хүн цасан шуурганд хөл хоригдсон аж. Цасан шуурганы үеэр зарим газарт 90 см зузаан хунгар үүсчээ. Өнөө орой АНУ-д хүчтэй цасан шуурга шуурна хэмээн тус улсын цаг уурчид анхааруулж байна. Үүнтэй холбогдуулан өчигдөр орон нутгийн 2500 нислэг, өнөөдөр 3500 нислэгийг тус тус цуцалжээ.
Нью-Йоркийн эрх баригчид хэсэг хугацаанд тус хотын хурдны замыг хаана хэмээн мэдэгдэж байгаа бөгөөд хотын оршин суугчдыг гудамжинд гаралгүй, хувийн машин тэргээ унахгүй байхыг сануулж байгаа юм. Иймээс Нью-Йоркчууд хоол хүнсээ нөөцөлж, цахилгаан тасарсан тохиолдолд зориулан дэнлүү, цэвэр ус, гар чийдэн, зай зэргийг олноор худалдан авч байгаа аж.