
Үндсэн хуульд зааснаар аль ч нам УИХ-д олонхи болоогүй бол “хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэйгээ зөвшилцөн” Ерөнхий сайдад нэр дэвшүүлдэг. Нэг зүйлийг тодотгон анзаарна уу! Үндсэн хуульд хэдийгээр “УИХ-ын сонгуулийн үр дүнгээр хамгийн олон суудал авсан нам, эвсэл” гэх нэр томъёог хатуу тодотгон хэлээгүй ч түүний агуулга, үзэл баримтлал нь бүхэлдээ яг эл үзэл санааг хоёрдмол утгагүй илэрхийлж буйг. Хамгийн олон суудал АВСАН нам бол “хамгийн олон суудалтай БОЛСОН”, “хамгийн олон гишүүнтэй болсон намын бүлэг” биш юм.
Тэр утгаараа Ерөнхий сайдыг бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэрийг нь дэвшүүлэх санаачилга, хариуцлага АН-д хэвээр байгаа гэдгийг ойлговол зохино. Тэр нь ч зүйн хэрэг. Гэсэн хэдий ч дефакто өөрийн УИХ дахь бүлгийн 8 УИХ-ын гишүүнийг/цаашид дахин 8-аар нэмэгдэх ч нигуур бий/ намаасаа хөөсөн үйлдэл нь хэдийгээр уг намын дүрмийн дагуу үйлдэл мэт боловч эрх барьж буй, хариуцлага үүрч буй намын/намын гэхээсээ илүү өс санасан Намын даргын/ үйлдэл нь туйлын хариуцлагагүй, алсын хорлонтой, “би л биш бол өөр хэн ч биш” гэж буйтай адил маш мугуйд үйлдэл боллоо гэж хөндлөнгөөс дүгнэж байна.
Найман УИХ-ын гишүүнээ намаасаа, цаашилбал бүлгээсээ хасах үйлдэл батлагдвал энэ нь хамгийн олон суудал авсан намыг дефакто олонхи биш болгож хувиргах ч үр дагавартай. Улмаар шинэ Ерөнхий сайдыг томилох асуудлаар дуусалгүй цаашид улс төр, эдийн засгийн бүхий л гацаа, хямралыг улс оронд нүүрлүүлэх бодит заналхийлэл рүү түлхэх аюул байна. Яаж ийм хариуцлагагүй байж болдог байнаа!
Н.Алтанхуяг тийм их дүрэм журам барьдаг хүн ч уг нь биш л дээ. Тэр маш олон удаа хуулиас гадуур дүрэмгvй тоглож ирсэн. “Яасан их хууль мөрддөгийн” гэж тэр л хэлж чадсан. Үндсэн хуулиа 15 сарын хугацаанд 5 удаа зөрчсөнийг Цэцээр тогтоолгож байсан Ерөнхий сайдыг Монголоос бүү хэл олон улсаас хайгаад ч олохгүй. Хэзээ тэр нэг их Үндсэн дүрмээ гэнэт санаад мөрддөг болцийн. Тэр өөрөө ч Намын Их хурлаараа сонгогдоогүй болоод л байсан. Намын ҮЗХ-оо хуралдуулахгүй дүрмээ зөрчөөд л байсан. Намын ҮЗХ-ны гишүүдийнх нь тал нь төрийн жинхэнэ албан хаагч болоод, намаасаа түтгэлзчихсэн, ҮЗХ нь хэрэг дээрээ эрх зүйн чадамжгүй болцон байхад тэр яваад л байсан. Яваад л байсан... Явсаар нэг л өдөр дүрмээ гэнэт санан ягштал биелүүллээ. Тэхдээ өөртөө биш, өөрийг нь огцруулах кноп дарсан 8 журмын нөхөртөө. Яг “баригдашгүй өшөө авагч” шиг.
МАН ямар Засаг барина гэж чичирч дайрсан байсан биш, АН гишүүдээ хоож туулгvйгээр Засгаа эмхлээд явах боломж алдуурчаагvй л байсан, одоо ч тийм л байгаа. Улс төрд ХАРИУЦЛАГА хамгийн үнэт зүйлийн нэг байдаг. Тэр дундаа УИХ-д хамгийн олон суудалтай АН МАН аль аль нь хvчтэй байхын эцсийн ялагч нь улс орон, ард иргэд л байх болно. Нэг баганагүй гэр гэж vгvй. Саяны тохиолдолд гэрийн эзэн нь болохгvй байснаас биш гэр нь биш шүү дээ.
Н.Алтанхуяг өөрийг нь огцруулсан 8 гишүүнээ хөөснөөрөө нэгд, хувийн эрх ашиг, хоёрт, намын эрх ашиг, гуравт, улсын эрх ашигаа боддог нэгэн гэдгээ баталлаа. БИ л биш бол ХЭН ч биш гэх зарчим байдаг л юм байна. Улс торд хариуцлагаа ухамсарлах гэж зvйл бий. Яахаараа намаа эвлvvлж чадаагvйн гэмийг ард тvмэн, улс орон, нам нь үүрэх ёстой гэж!
Хамгийн зөв шийдэл сэтгэл хөдлөл арилсны дараа хийгддэг...
Баттөмөрийн ЭНХБАЯР
2014-11-07
Сэтгэгдэл (10)