
АН-ын гишүүдийн боловсруулсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хэд хэдэн шинэ зүйлийг оруулах гэж байна. Тухайлбал:
1. УИХ-ын гишүүдийн 38-ийг листээр, 38-ийг нь ард түмнээс сонгогддог болгоно.
2. УИХ-ын сонгуультай холбоотой аливаа маргааныг нэг сарын дотор шийдвэрлүүлнэ.
3. Сонгуулийн үеэр шүүгч нарыг хурдан ажилладаг болгож, асуудлыг газар дээр нь шийдвэрлэхээр төсөлд тусгав:
4. Мөнгө тараасан нь тогтоогдвол шууд саналын хуудаснаас нэрийг нь хасдаг болгоно:
5. Нэр дэвшигчдээс бэлнээр мөнгө шаардахыг болиулна.
6. Нэр дэвшигчдийн хэвлэмэл материалын (сонин, сэтгүүл, брошюр, товхимол, плакат гэх мэт) зардлыг улсын төсвөөс гаргуулна.
7. Сонгуулийн үеэр телевизүүдээр гаргах сурталчилгааны цагийг багасгана.
8. Сонгуулийн сурталчилгааны хоногийг багасгана.
9. Бие биеийнхээ эсрэг гүтгэлэг тараасан нэр дэвшигчийг эргүүлэн татуулна гэх мэт тодорхой зүйлүүд төсөлд тусгагдсан бололтой.
Мэдээж энэхүү бодлогууд нь одоохондоо нууц бөгөөд ажлын хэсгийн гишүүд АН-ын зарим удирдлагууд л мэдэж байгаа гэнэ.
Эдгээр заалтаас хамгийн гайхаш төрүүлж байгаа нь нэр дэвшигчдийн хэвлэмэл бүтээгдэхүүний зардлыг улсын төсвөөс гаргуулах гээд байгаа нь юм. Өөрөөр хэлбэл УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид ард түмний төлсөн татварын мөнгөөр тансаглах гэнэ. Хэрэв үүнийг нь МАН-ынхан дэмжиж батлавал УИХ-ын сонгуульд өрсөлдөх гэсэн сонирхолтой этгээдийн тоо хэдэн зуугаараа гарч улсын төсөв өм цөм болох нь гарцаагүй юм.
АН-ынхны энэ бодлого бол өөрсдөө ялна, сонгуулийн сурталчилгааны зардлаа улсаас гаргуулья гэсэн уйваагүй л бодлогын илрэл л дээ. Зарим оронд нэр дэвшигчидийн зардлыг улсаас гаргадаг. Гэхдээ Монгол тэдгээр орнууд шиг баяжсан улс биш дээ.
Өөр нэг ойлгомжгүй заалт байгаа нь бие биеийнхээ нэр төрд халдсан нэр дэвшигчдийг эргүүлэн татах тухай юм. Хэрэв энэ үнэн бол өөрийнхөө талаар хэн нэгнээр элдэв юм яриулчихаад өрсөлдөгч миний ариун нандин нэр төрд халдлаа гээд татуулах нь л дээ. Ингэвэл ч дуусахгүй маргаан өрнөнө дөө. Юун ард түмний санал. Хэн их хор найруулсан нь л 2016 онд шоволзож мэдэхээр байна.
Ийнхүү 2016 оны УИХ-ын сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар элдэв яриаг эх сурвалжууд мэдээлж эхлэв.
24tsag.mn
Сэтгэгдэл (24)