
Барилгын салбарын үйлдвэрлэл өнгөрсөн онд 70 гаруй хувиар өсч, нийслэлд 20, орон нутагт 7 мянган айлын орон сууц ашиглалтад оржээ. Орон сууцны 8 хувийн хүүтэй зээл олгож эхэлсэн жил орчмын хугацаанд 17105 иргэн өндөр хүүтэй зээлээс 8 хувьд шилжиж, шинээр 14685 иргэн зээл авсан байна. Дуусаагүй орон сууцны барилгуудын санхүүжилтэд зориулж 97 компанид 430 тэрбум төгрөгийн зээл олгосны нэлээд хэсэг нь энэ жил ашиглалтад орох юм байна. Тиймээс 2014 онд орон сууцны нийлүүлэлт нэмэгдэнэ гэж БХБЯ-наас тооцоолж байгаа аж.
Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй үнэ тогтворжуулах зургаан дэд хөтөлбөрийн нэг нь барилгын салбарт үргэлжилж байгаа. “Гэхдээ 2014 онд бид бодлогоо барилгын материалын үнэ тогтворжуулахад биш үйлдвэрлэлийг нь дэмжихэд чиглүүлнэ. 2015 он гэхэд Монгол Улс цемент, арматурыг гадаадаас авахаа больж, дотооддоо үйлдвэрлэдэг болно” гэж БХБ-ын сайд Ц.Баярсайхан хэллээ. Социализмын бүтээн байгуулалтын үед нийслэлд томоохон хорооллууд босгосон “Байшин үйлдвэрлэх комбинат-1”-ийг сэргээсэн, барилгын материалын үйлдвэрүүдийг дэмжиж өнгөрсөн онд 260 нэр төрлийн тоног төхөөрөмжийг 2.9 тэрбум төгрөгийн гаалийн, 6.2 тэрбум төгрөгийн НӨАТ-аас чөлөөлсөн зэрэг нь эцсийн дүндээ барилгын үйлдвэрлэлийг улирлын болон импортын хамаарлаас гаргахад чиглэсэн ажлууд юм. Өнгөрсөн Чингис бондын мөнгөнөөс 14 сая долларын зээлийг барилгын материалын үйлдвэржилтэд өгсөн байна. Манай улсад барилгын материал үйлдвэрлэх боломжтой хоёр үйлдвэр байдгийн нэг нь “Байшин үйлдвэрлэх комбинат-1” юм. Уг үйлдвэрийг сэргээж барилгын материалыг дотооддоо үйлдвэрлэхээр болсон аж. Мөн Орхон аймагт, арматур, хөх ганын үйлдвэрт хөрөнгө оруулж тус үйлдвэрийг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа гэв. Энэ оны сүүлээр гэхэд манай улс 100 мянган тонн арматур үйлдвэрлэх боломжтой аж.
Энэ онд 8 хувийн хүүтэй зээлийн журамд зарим чухал өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа юм байна. 80 м.кв-аас дээш талбайтай орон сууц болон амины орон сууц худалдан авахад зээлд хамрагдах боломж нээх, орон нутагт барилга орон сууц барихыг хөхиүлэн дэмжих зохицуулалтууд оруулна гэж яамныхан мэдээллээ.
Ирээдүйн бүтээн байгуулалтын дүр зургийг тодорхойлсон ерөнхий төлөвлөлт гаргахад тус яамныхан энэ жилүүдэд ихээхэн анхаарч ажиллаж байгаа гэв. Бүх аймгийн төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2013-2014 онд бүрэн гаргаж дуусгахаар төлөвлөсний дагуу хэд хэдэн аймгийн төв хотуудын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинэчилж, тэнд барих 1000 айлын орон сууцны хорооллын хэсэгчилсэн төлөвлөгөөнүүдийг гаргасан байна. Мөн “Сумын төвийн шинэчлэл” төслөөр хөдөөд тав тухтай амьдарч болохыг жишиг болгож харуулна. Өнгөрсөн жил хоёр аймагт 3 сум, энэ онд нэмээд үлдсэн аймаг тус бүрийн нэг, нийт 19 сум төслийн хүрээнд иж бүрэн шинэчлэгдэж босох юм байна.
Энэ салбарт өнгөрсөн онд эрх зүйн суурь шинэчлэлийг эхлүүлж, барилгын ажилтай холбоотой шат дамжлагыг цөөлж хөнгөн шуурхай болгосноор манай улсын үзүүлэлт 25 байр урагшилсан нь үр дүнг нь илтгэх үзүүлэлт болж байна хэмээн тус яамны сайд Ц.Баярсайхан хэллээ
Ирэх онд тус яам норм стандартаа орчин үеийн шаардлагад нийцүүлэн өөрчилөхөөс гадна бодлогын чухал баримт бичгүүд батлах юм байна. Үүнд Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг багтаж байгаа аж.
Өнгөрсөн онд тус яам хаягжуулалтын тухай хуулийг УИХ-аар, “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам”-ыг Засгийн газрын тогтоолоор батлуулсан байна. Харин энэ онд Барилгын тухай, Газрын тухай, Хотыг дахин хөгжүүлэх тухай, аймгийн төвүүд болон 15000-аас дээш хүн амтай суурин газрыг улсын зэрэглэлтэй хот болгох тухай, Авто зогсоолын тухай, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн тухай гэх мэт чухал хуулиудын төслийг УИХ-аар хэлэлцүүлэх аж.
Мөн өнгөрсөн онд зарим аймгуудад эхлүүлсэн 1000 айлын орон сууц барих ажлыг энэ онд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа хэмээн БХБ-ын сайд Ц.Баярсайхан хэлээ.
Т.Хулан
Сэтгэгдэл (1)