24tsag.mn сайт нэг гэр бүлээс төрсөн олны танил хүмүүсийг нэрлэж байна. Их аварга Д.Дагвадорж, Д.Сумъяабазар нарыг ах дүүс гэдгийг мэдэхгүй хүн үгүй. Тиймээс бид хүмүүс тэр бүр мэдэхгүй гэр бүлийн холбоог хүргэхийг зорилоо.

Олимпын мөнгөн медальт гавьяат тамирчин З. Ойдовын дүү бол гавъяат дасгалжуулагч З. Дүвчин. Түүнийг хүмүүс манай улсын эмэгтэй чөлөөт бөхийн шигшээ тамирчдын дасгалжуулагч гэдгээр нь сайн мэднэ.

УГЗ Б.Долгионы дүү Б. Ангирмаа: Ах нь дүүгээ урвуулсан уу? дүү нь ахыгаа урвуулсан уу? бүү мэд ямартай ч тэд Монголын дуу хөгжмийн ертөнцийн акулууд. Тэд дууг бас дуучдыг төрүүлсээр л.

Мэргэжлийн сүмогийн 70 дахь ёкозүна Харүмафүжи Д.Бямбадоржийн дүү Д.Лхагвадорж нэгэнтээ сүмоч болохоор арлын Японыг зорьж байсан гэдэг. Тэрээр өдгөө үндэсний бөхөд улсын заан цолтойгоор хүчээ сорьж буй.

Саяхан болж өнгөрсөн нэгэн үйл явдал Ж.Батзандан гишүүний ахыг орон даяар зарлаад авсан. Түүний төрсөн ах бол Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга асан Ж.Батсүрэн бөгөөд ахыгаа хусах гэж оролдсон нь "муу" дүү цолыг Ж.Батзандан гишүүнд өгсөн юм.

УИХ-ын гишүүн асан Ц.Дашдоржийг гишүүн байхад нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж их л адалсан. Учир нь түүний төрсөн дүү "Монгол тамхи со" ХХК-ын гүйцэтгэх захирал Ц.Баянмөнх юм.

Цагааны Цэгмидийн хүүхдүүд: Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар, СТА Ц.Төмөрхуяг нар бол удам залгасан жүжигчид. Энэ гэр бүлээс хоёр жүжигчин, нэг балетчин, нэг концертмистер төрөн гарчээ.

"Женко" нэрээрээ алдартай ХХААХҮ-ын сайд Х.Баттулга, түүний дүү Х.Баттуул нарыг Монголын хүнсийг "атгаж" байгаа хүмүүс гэх нь бий. Тусгай дунд боловсролтой ч Монголын толгой баячуудын нэг Х.Баттулга сайдыг энэ хүртэл явахад дүү Х.Баттуул нь үргэлж ахынхаа дэргэд байсан гэдэг. Ямартай ч одоогоор сайд ах нь төрөө бариад, дүү нь группээ удирдаад амар жимэр аж төрж буй.

Монголын хамгийн том групп МСS-ыг үүсгэн байгуулсан ах дүүс Ж.Оджаргал, Ж.Од нарыг мэдэхгүй хүн үгүй.

"HERO"-гийн Б.Баатар найруулагчийн эцэг нэгтэй дүү бол НАМЗХ-ын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ. Тэдний энэ холбоо хоёр жилийн өмнө олонд ил болсон бөгөөд тэд ердөө ганцхан насны зөрүүтэй ах дүүс аж.

АН-ын "мөнгөлөг" гишүүдийн нэг УИХ-ын гишүүн асан Р.Бадамдамдин хүүгээ улс төрд сойж эхлээд багагүй хугацаа үдсэн. Тэр нь ч саяхан бүтэмжийг олж хүү Б.Батболд нь АН-ын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооны даргаар сонгогдоод байна.

1990-ээд онд уянгалаг хайрын дуунуудаараа алдаршиж явсан "Титэм" хамтлагийн дуучин Л.Тайванбатын төрсөн дүү бол "Камертон"-ы Л.Ган-Эрдэнэ юм. Ах нь нэгэнтээ дүүгийнхээ хамтлагийн менежерээр ажиллаж байсан бөгөөд уянгын дууны гэх тодотголтой ах дүүс одоо ч монголын хөгжмийн ертөнцөд нөлөөтэй хэвээр.

Ах дүү тэмцэгчид: Иргэний хөдөлгөөнөөс улс төрд орсон С.Ганбаатар гишүүний дүү С.Гантуяаг "Оюутолгой"-г буулгаж авсан гэдгээр нь олон хүн мэднэ. Гагцхүү ах дүү хоёрын тэмцэл "Оюутолгойтой" ХХК руу чиглэдэг нь хамгийн хачирхалтай.
24tsag.mn
Сэтгэгдэл (6)