
Түүний мэндэлсэн өдөрт зориулсан арга хэмжээ маргааш СТӨ-ний Б корпус, Хүүхдийн номын ордонд болох гэж байна. Энэ үеэр түүний өвийг хамгаалах "Өд" сангийн бүтээл "Чойномын нүүрний хэв" ном, "Чойномын гэрээслэл" баримтат кино, "Гэрээслэл" шүлгэн клип нээлтээ хийх юм.
Р.Чойном тэртээ 1936 оны 2 дугаар сарын 10 өдөр мэндэлсэн бөгөөд эцэг эх нь түүнд Чойномусурияа нэрийг өгсөн ч хожим нь 1951 онд товчлон Чойном гэж хэлж бичих болсноор олны дунд энэ нэрээрээ алдаршжээ.
Р.Чойном дунд сургуулийн 6-р ангид суралцаж байгаад сүрьеэ өвчний улмаас цаашид суралцаж чадаагүй байна. Үүнээс хойш тэрээр дахин сургууль соёлын мөрийг хөөгөөгүй юм.
Тэрээр 1953 онд Хэнтий аймгийн МАХН-ын хороо, “Ардын Депутат”-уудын хурлын гүйцэтгэх хорооны “Урагшаа” сонины газарт машины бичээчээр орж хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. 3-н жилийн дараа буюу 1956 онд нийслэл Улаанбаатар хотноо нүүн ирж “Монголын урчуудын эвлэлийн хороо”, Улсын төв музей, “Шинжлэх ухаан амьдрал” сэтгүүлийн хэвлэх газар зэрэг байгууллагуудад сийлбэрч, барималч, зураачийн ажлыг хийж байсан юм.
Р.Чойном амьд ахуйдаа "Гал морин цаг", "Залуу нас", "Сүмтэй бударын чулуу", "Тал", "Улаан дэвтэр", "Хүн" зэрэг зургаан ном туурвижээ. Түүнийг 1969 онд БНМАУ-ын засаг төрийн эсрэг шүлэг бичсэн гэх үндэслэлээр Дорноговь аймгийн Хажуу-Улаан дахь засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонид 4-н жил хорьсон бөгөөд тэрээр 1973 онд суллагдаад, 1979 оны 4 дүгээр сарын 24-нд 43 настай байхдаа сүрьеэ өвчнөөр нас баржээ. 1991 онд түүнд Монгол Улсын төрийн шагналыг нэхэн олгосон юм.
24tsag.mn