
Ингээд айлчлагч сайд бүтэн өдөр буу халж суулаа. Тэрээр нөгөө л Т.Батаарынхаа тухай багагүй яриад, салбарынхаа хөрөнгө оруулалтыг тайлагнаад соёлын өвийг хамгаалах тухай хууль санаачилж буйгаа дуулгасан. Хүн бүхний л мэдэх болсон улиг яриа. Харин тэрээр аялал жуулчлалын салбартай холбоотой шинэ сонирхолтой зүйл ярьсан юм. Сонирхолтой гэж онцлох шалтгаан нь аялал жуулчлалын салбар бараг мартагдсан дууль болж байгаатай холбоотой. Сайд маань ч аялал жуулчлалаас илүү батаартаа хайртайг бүгд мэдэрсэн. Монгол Улс 2016 он гэхэд 1 сая жуулчин авах зорилттой байгаа. Тэгвэл 1 сая жуулчин хүлээж авахад хүндрэлтэй, аялал жуулчлалын салбар хөгжихгүй байгаа шалтгааныг Ц.Оюунгэрэл сайд жорлон, хогийн савтай түлхүү холбон тайлбарлалаа. Өөрөөр хэлбэл жуулчны баазууд хогийн сав, жорлонгийнхоо асуудлыг шийдэж, бохирын нэгдсэн системд холбогдохгүй бол аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тун хэцүү байгаа аж. 1 сая жуулчин ирвэл манай улс хог өтөг ялгадсанд нь дарагдаад сүйрэх юм байх. Тиймээс өтгө ялгадсын үндэсний сүлжээг байгуулж, хөвсгөл далайн кампийг мөрөнтэй холбосон бохирын суваг татахгүйгээр манай улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжгүй гэж сайд үзэж, ийм учраас төдийлөн их жуулчин авах тал дээр анхаарахгүй байгаагаа хэллээ. Цаашлаад өөрийнхөө тарьсан хогийг өөрсдөө цэвэрлэж ямар ч жорлон байгуулдаггүй цаст Гималайн туршлагыг сонирхуулав. Гималайд авирч буй хүмүүсийн замд өтгө ялгадсаа гадагшлуулах зориулалттай бидон олныг байршуулаад тэр нь дүүрээд ирэхээр сарлагтай хүмүүс ирээд зөөдөг гэнэ. Ийм жишгээр бол наад зах нь тэрэлжийн ой шугуй, голын эрэг дагуу бидонууд хаяад тэр нь дүүрэхээр морьтой хүмүүс аваад явж болно. Ийнхүү элсэн говьд энд тэндгүй тарааж, хөвсгөл нуурт хөвөгч бидонууд байршуулж өтөг ялгадсын үндэсний сүлжээг байгуулж болох туршлага бийг бидэнд ойлгуулав. Цаашлаад Хубилай хааны үед байсан морин өртөөг эргэж сэргээн жуулчдаа ердийн хөсгөөр зөөж тээврийн хүндрэлээс гарч болохыг сануулав. Төрөөс баримтлах бодлого, жуулчдын аюулгүй байдал, тээвэр, дэд бүтэц, хөрөнгө оруулалт, судалгаа сурталчилгааны тухай тоймтой зүйл ярьсангүй. Ийм л мэдлэгтэй, мэдрэмжтэй бүсгүй соёл спорт аялал жуулчлалын салбарыг удирдаж байна. Сайд ингэж халин цалгин яриандаа мансуурч суух зуур яамных нь экс газрын дарга хэвлэлээр төрийн нарийн бичгийн даргаа халз зодоонд дуудаж, цаадах нь зодолдохгүй гэдгээ мөн хэвлэлээр мэдэгдэх маягтай ажил нь явагдаж байна.
Сэтгэгдэл (11)