
Монгол төрийн хоймрын тавгийн идээг тэгш тоогоор өрж, уламжлалаа алдсан бэлгэшээлгүй явдал боллоо гэх шүүмжлэгчид олон байна.
Энэ яахын аргагүй алдаа байв. Үнэндээ Төрийн тэргүүний ард ажилладаг аппаратынхан, төрийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулдаг Төрийн ёслолын албаныхнаас хэн ч анзаараагүй аж.
Энэ талаар Төрийн ёслолын албаны дарга Ж.Сэрээжав “Засгийн газрын ордонд төрийн золголтыг зохион байгуулах ажлыг бид хариуцдаг нь үнэн. Гэхдээ чиг үүргээрээ Төрийн тусгай хамгаалалтын газрын Үйлчилгээний алба ширээ засдаг. Бид тэднээс холбогдох тайлбар мэдээлэл авч байгаа, зарим хүнийг ажлаас нь чөлөөлсөн” гэсэн тайлбар өгөв.
Тэгвэл үүнийг сонссон ард иргэд бухимдаж байна. Энэ ажлыг удирдаж, ажиглаж байх ёстой албаныхан нь ямар ч хариуцлага үүрэхгүйгээр үлдэж, харин үйлчилгээний ажилчдыг ажлаас халж байгаа нь шударга бус гэж иргэд үзэж байгаа юм.
Ийн ард иргэдийн шүүмжлэлтэй тулгарсан Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Шадар сайдтай холбоотой ёслолын арга хэмжээг хариуцдаг албаныхан бүгд Төрийн ёслолын албаныхныг буруутгаж, энэ асуудалд анхаарлаа хандуулж байна. Магадгүй цаашлаад асуудал бүр даамжирч Төрийн ёслолын албаны даргыг халах шийдвэр ч гарч магадгүйг эх сурвалжууд мэдээлж байгаа юм.
Учир нь үйлчилгээний ажилчдын хийсэн зүйлийг Төрийн ёслолын албаныхан шалгаж баталгаажуулах ёстой байдаг ч тэгээгүй. Тиймээс Төрийн ёслолын албаны дарга Ж.Сэрээнжавт хариуцлага тооцох ёстой юм.
Мөн 10 үеэр зассан асуудал даамжирч Хятад улсын нөлөө байсан гэх яриа гадуур гарч байна. Гэвч үүнийг албаныхан үгүйсгэж, “Хятад улсын нөлөө байгаагүй. Зөвхөн хувь хүмүүсийн хариуцлагагүй, тоомжиргүй байдлаас болсон” гэв.
Юутай ч Төрийн ёслолын албаныхан ёс заншлаа алдагдуулснаас болж ийн нэлээн дэнслэх шинжтэй. Гагцхүү доогуурх үйлчилгээнийхэн хариуцлага хүлээгээд, хянах үүрэгтэй дээгүүрх албаныхан нь мултраад хоцрочихвий гэсэн хардлага л нийгэмд бий болоод байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл (38)