
ССАЖ-ын сайдын ивээл дор, БШУЯ, Польшийн элчин сайдын яам, Төгөлдөр сан, ДБЭТ, Монголын Урлагийн зөвлөл хамтран зохион байгуулах энэхүү уралдаан нь энэ сарын 23-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.
Уралдаан нь Ф.Шопены уран бүтээлийг сурталчлах, улмаар төгөлдөр хуурчдын сургалтын дэгийн туршлага солилцох, авьяаслаг залуу төгөлдөр хуурчдыг нээн илрүүлэх, тэдний уран бүтээлч сэтгэлгээ, хөгжимдөх ур чадварыг дээшлүүлэх улмаар энэхүү уралдааныг төв Азийн нэр хүнд бүхий “А” зэрэглэлийн дөрвөн жилд нэг удаа болдог олон улсын уралдаан болгох зорилготой юм.
БНСУ, БНХАУ, ОХУ-ын төгөлдөр хуурчид оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн бөгөөд “А” ангилалд 18-32 нас, “Б” ангилалд 17 нас хүртэл 30 гаруй төгөлдөр хуурч өрсөлдөх юм байна.
Уралдааны шүүгчээр Варшав хотын Ф.Шопены нэрэмжит хөгжмийн академийн багш, нэрт төгөлдөр хуурч Эва Побловцки, Шанхай хотын Хөгжмийн Консерваторын орлогч захирал, нэрт төгөлдөр хуурч Зие Танг, Эрхүү хотын Ф.Шопены нэрэмжит хөгжмийн коллежийн захирал, төгөлдөр хуурч Анастасия Сергеевна Дурбажева нар ажиллах аж.