
МАХН-ын “орлон удирдагчдын” хэрүүл тэмцэл түмний нүдэнд ил болж Д.Тэрбишдагва, Б.Баасанхүү нарын гишүүд нь уралдан, зөрчилдөн “эцэг вандаа” бараалхаж матаас хүргэсэн нь саяхан. Яг л Чингэс хаанд үр хүүхдүүд нь хов зөөн уралдан ирдэгтэй ижил. Харин “Эцэг ван” өгүүлрүүн “Би их хуралдайн гишүүн болохгүй хэмээгээд ханхүү Б.Баасанхүү хүчин мөхөс болбоос, хаан би хүчин мөхөс лугаа ижил буюу” хэмээн айлдсан.
Биеийн байдал нь өдрөөс өдөрт дээрдэж байгаа тэр өөрийг нь тамирдуулан дарах гэсэн тамын хааныг ялж биеэс нь гэрэл цацрах будда лугаа ижил төгс үзэмжийг олоод ард түмнийг баярлуулах уянгын халилаа тооцоолохтойгоо. Хуушуурны гуанзанд “үнэхээр дотоод хүч энерги ихтэй хүн юмаа, мань мэт нь бол аль уже чадарчихгүй юу” гэсэн яриа хадаана. Сар шинийн баярын дараа тун удахгүй ирэх гэж байгаа Н.Энхбаяр морь жилийн улс төрийн зурхайг Монголд залах болжээ.
Тодруулбал Н.Энхбаяр УИХ-ын гишүүдийн давхар дээлийг тайлах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж, УИХ дахь өөрийн бүлгийн гишүүддээ үүрэг өгсөн байна. Шадар сайд Д.Тэрбишдагва ч үүнийг хүлээн зөвшөөрчээ. Угаас ард түмэн эрх мэдлийн давхар дээлийг тайлахыг хүсч байгаа. Ард түмэнтэйгээ Н.Энхбаяр хамт. “Шударга ёс” бүлэг шударга ёсны талд. Гоё үзэгдэл. Ийм шийдвэр МАХН-д том үнэлгээ авчраад зогсохгүй Н.Энхбаярт шадар сайдын тамгыг атгуулах алтан боломжыг олгов. Түүний хүсэлтэй зөрчилдөх бөх зүрхтэн эвсэл дотор нэгээхэн ч үгүй. М.Энхсайхан нь дахин хувилгаан дүрийг олох тул МҮАН-ынхан ч холбоотны гэрээнээс гарахгүй .Эвслийн бүлгээс дөрвийн дөрвөн давхар дээлтэн гишүүн тууж явахад “аугаа удирдагч” нь дан дээлчгүй явж байх шиг. Давхар дээлээ тайлж илүүчлэн “аугаа удирдагчдаа” өмсгөхгүй бол энэ нь хэтэрхий намч бус уйвагүй явдал болж “орон орны пролетарийн” зэвүүцлийг дээд цэгт нь тулгаж тэдэнд амьсгалах агаар ч олдохгүй.
Ийнхүү ардчилсан намын шинэчлэлийн засгийн газар хүнд байдалд орлоо. Нөгөө талаас ашиг сонирхолын зөрчлийн хуулиа хэрэгжүүлэхийг шаардсан МАН-ын фронт улам ширүүн давшилт хийж байна. Фронтод яг 35 танк бүрдлээ. Дээрээс нь Алтангадасын харшилтан, Ерөнхийлөгчийн фанатууд хүч нэмнэ. Бие даагчид+Р.Амаржаргал. Нэмж хасаад хуруу тоолоход 76-гаас тал илүү гарахаар болжээ. Н.Алтанхуягт “тавин саяын уналтын” эцсийн шат шиг хоёрхон бооцоо үлдэв. А.МАН, Б.Н.Энхбаяр. Бооцоог хувааж тавьхгүй. МАН засгийн газарт орохгүй гэдгээ мэдэгдсэн. Хэдийгээр Л.Бадамжунай, Ц.Сандуй нар Н.Алтанхуягийн тамгыг Х.Баттулгад шилжүүлж өөрсдөө “хатан” нь болох инаг далд хуйвалдаан хийж байгаа гэх ч ийм сценари аль аль намаасаа дэмжлэг авахгүй. “Бооцоогоо пал хийтэл” шалан дээр унагахыг хүсээгүй л бол ардчилсан намд Н.Энхбаяраас өөр сонголт үлдсэнгүй. Ухаалаг төр гэж ярихдаа урдах хойдохоо харахгүй туучсанаас улсын гуравдугаарын эрхшээлд өөрөө гүйгээд орсон хачин жигтэй үлгэр хааш яаж үргэлжлэхийг харж суух л үлдэх шив дээ харц бидэнд.
Сэтгэгдэл (40)