
Төлөөлөгчид айлчлалын хүрээнд Улсын Дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар, болон Монголын Хуульчдын холбооны удирдлагуудтай уулзаж, санал солилцох бөгөөд 2014 оны 01-р сарын 27-ны өдөр тэднийг Улсын Ерөнхий Прокурорын орлогч, Монголын Хуульчдын Холбооны Мэргэжлийн Хариуцлагын хорооны дарга Г.Эрдэнэбат, Улсын Ерөнхий Прокурорын туслах, Прокуроруудын холбооны дарга Б.Үнэнбат нар халуун дотноор хүлээн авч уулзлаа.
Тэд уулзалтын хүрээнд монгол оронд өрнөж буй хууль эрх зүйн шинэчлэлийн талаар харилцан ярилцсан бөгөөд Монгол Улс, АНУ-ын хуульчид өөр хоорондоо харилцан туршлага солилцох, хамтран ажиллах боломжийн талаар ярилцаж, санал бодлоо илэрхийллээ.
АНУ-ын Калифорни мужийн Барын холбооны гүйцэтгэх захирал Жозеф Данн хэлсэн үгэндээ: Монгол орны хуулийн томоохон байгууллагуудаар орж ажил байдалтай нь танилцлаа. Энэ бүхнээс бидэнд хамгийн ихээр сонирхол татсан зүйл гэвэл иргэдийн төлөөлөл шүүх хуралд орж хэргийг хянах, бас хамт шийдвэр гаргах үүрэг гүйцэтгэх явдал байна. Хэдийгээр энэ асуудлыг Үндсэн хуулийн цэц дэмжээгүй ч гэсэн явцын дунд хэрэгжүүлж болох юм байна гэсэн ойлголттой байна. Цаашид энэ асуудлыг манай улс ч судлан үзэх саналтай байна. “ гэсэн юм.
Уулзалт ярилцлага харилцан ойлголцол, нөхөрсөг байдалд болж өнгөрлөө.
Д.Ундрах /24tsag.mn/