
Говь-Алтай аймгийн дахин сонгуульд ялагдсан шалтгаанаа тус намынхан Говь-Алтай аймгийн МАН-ын дотоод эв нэгдэл, хамт олонч зарчим алдагдсанаас болсон гэж үзэж буй аж. Хамгийн сүүлд аймгийн намын хорооны даргыг намын Удирдах зөвлөлтэй зөвшилцөлгүй сонгосон нь алдаа болсон гэдгийг ч хэлэв. Тиймээс тус аймгийн намын хорооны удирдлагад улс төрийн хариуцлага тооцож, асуудлыг зохицуулж ажиллахыг МАН-ын баруун бүс хариуцсан нарийн бичгийн дарга Ч.Хүрэлбаатарт үүрэг болгожээ.
Намын дотоод асуудлаас гадна санал хураалтын үеэр хэд, хэдэн зөрчил гарсан гэлээ. Эдгээр асуудлаар сонгуулийн тойргийн хороо болон аймгийн Цагдаагийн хэлтэст хандаад байгаа аж. Тухайлбал, Есөнбулаг зэрэг суманд АН-аас нэр дэвшигчид төрийн өмчит компанийг сонгуулийн сурталчилгаандаа ашигласан зөрчил гарчээ. Мөн Баян-Уул сумын гурван ч багт дахин сонгууль явуулах нөхцөл үүссэн байна. Нөгөө талаар Говь-Алтай аймгийн ард түмэн 2012 оны орон нутгийн сонгуулиар сонголтоо хийсээр байтал ард иргэдийн сонголтыг үл хүндэтгэн хөхөө өвлийн хүйтнээр дахин сонгууль явуулж байгаад шүүмжлэлтэй хандсан хүн олон байсан гэж тус намынхан хэлж байна. Мөн АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь нарын хүмүүс “Говь-Алтай аймаг хөгжье гэвэл АН-ыг сонго. Монгол Ардын Намыг сонговол Засгийн газраас дэмжлэг үзүүлэхгүй” гэх мэтээр сурталчилгаа хийсэн нь иргэдийн сонгох эрхэнд бүдүүлгээр халдсан хэрэг гэж үзэж буйгаа тус намаас мэдэгдлээ.
Түүнчлэн Говь-Алтай аймгийн алтны ордуудыг ашиглах АН-ынхны сонирхол, УИХ-аар алтны татварыг бууруулж баталсан зэрэг олон үйл явц санаандгүй давхцаагүйг ч онцлов.
Т.Хулан
Сэтгэгдэл (1)