
МАХН-МҮАН-ны "Шудрага ёс" эвслийн бүлгийн өнөөдрийн хурлаар Газрын тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна. Бүлгийн дарга Н.Батцэрэг энэ талаар "Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжид газар эзэмшүүлэхгүй. Ер нь гадны иргэдэд газар өмчлүүлэх биш түр хугацаагаар түрээслүүлэх нь зөв гэж үзэж байна. Газар ашиглуулах болон түрээслэх хугацааг нь уртаар тавьж өгч болох юм. Хүнсний аюулгүй байдал, ард иргэдийн өдөр тутмын амьдралтай учраас тариаланчдын газарт анхаарал хандуулж байна. Газар тариалан эрхлэгч аж ахуй нэгжүүдэд өмчлөхөөс илүүтэй түрээсийн байдлаар ашиглуулах талаар гишүүд хэлэлцлээ. Газрыг төр болон иргэдийн өмчийн газар гэсэн зохицуулалттай байх нь зөв" хэмээн байр сууриа илэрхийллээ. Мөн Газрын тосны тухай хуулийн төслийн талаар тус бүлэг өнөөдрийн хурлаар мэдээлэл сонсчээ.
Т.Хулан