Нэгэн цагт МАН-ын нөлөө бүхий улс төрчид тооцогдож
явсан Ц.Шаравдорж МАХН-д элсэж олны дунд багагүй ярианы сэдэв болсон. УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын
сайд, УИХ-ын тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга гээд хариуцлагатай
албан тушаалыг нөхдийнхөө дэмжлэгтэйгээр хашиж байсан тэрээр “Би угаасаа
МАХН-ын гишүүн байсан, тэрийгээ л сэргээлээ” гэж мэдэгдэв. Энэ нь“МАН гэж огт
дуулаагүй юм байна. Анх удаа сонсож байна” гэсэнтэй ижил сонсогдож мөр зэрэгцэн зүтгэж явсан олон
нөхдийнх нь сэтгэлийг гонсойлгосон. Улс төрийн онцлох “кадр” биш ч гэлээ
Ц.Шаравдоржын энэ шийдвэр нь МАН-д гомдогсодын эгнээ улам тэлж МАХН хэмээх дагуул
гараг томорсоор байгааг илтгэж байна. Түүнийг тус намын Ерөнхий нарийн бичгийн
даргаар очих гэж байна гэсэн явган бор шувуу нисээд удаагүй байгаа. Ц.Шаравдорж
ТВ5 телевизд өгсөн ярилцлагадаа “Одоогийн МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
ажлаа хийж байгаа. Тэр хүн ажлаа хийгээд явж байхад би ийм зүйлээр хариулт өгөх
нь зохимжгүй юм. Гэхдээ би МАХН-д гишүүнээ сэргээсэн юм чинь намынхаа улс
төрийн амьдралд идэвхтэй оролцоно” гэж тайлбарлав. Мөн тэрбээр Монгол Улсын
Ерөнхийлөгчийн санаачилсан “дан дээл”-ний хуулийн төслийг дэмжиж байгаагаа
илэрхийлж өнөөгийн УИХ, Засгийн газарт хяналт тавих ямар ч боломжгүй болсон гэж
дүгнэв. Намынхаа нөхдийг Засгийн газарт орсон гээд дуугүй яваад байж болохгүй,
хэлэх үгээ хэлдэг байх ёстой гэж хөнгөн хатгаад амжсан. Хууль
зүйн салбарын шинэчлэлийг дэмжиж байгаа ч зарим зүйлд шүүмжлэлтэй хандаж
байгаагаа ч дуулгасан. Тухайлбал “Ерөнхий прокурор, салбарын сайд нар нь ийм
илэрхий зөрчилдөж байгаа нь туйлын зохимжгүй үйлдэл, шүүгч нар дөрвөөс таван сая төгрөгийн цалин
авах ямар ч шаардлага байхгүй. Хөдөө суманд халуунд халж, хүйтэнд хөрч байгаа
цагдаа 300 000 төгрөгийн цалин авч байна. Ийм харьцангуй жишиг тогтоож байгаа
нь Монголын төр “авилга аваа” гэж хэлсэнтэй ижил утгагай үйлдэл. Цалин бага юм чинь авалгүй яах юм гээд урдаас хэлээд
зогсож байвал яах вэ” зэргээр энэ салбарт шүүмжлэлтэй хандаж байгаа байр сууриа
илэрхийллээ. Удтал дуугүй явж, улс төрийг хөндлөнгөөс ажиглаж явсан тэрээр
намын дарга Н.Энхбаяртай ямар тохиролцоотой явж байгааг одоохондоо
тааж мэдэх хүн ховор байна. Ямартай ч
тэрээр “Би зүгээр л байгаад байхгүй шүү” гэсэн үгийг намынхандаа хаяглаж
хэлжээ.