
Засгийн газрын 19 сайдын 17 нь УИХ-ын гишүүн байгаа учир парламентын ирц бүрдэхээ больсон. Мөн эдгээр 16 сайд, гишүүний ихэнхи УИХ-ын хоёроос дээш байнгын хороонд харьялагддаг. Тэгээд байнгын хорооны хуралдаа бас суудаггүй. Тиймээс сүүлийн үед байнгын хороод ирц бүрдэхгүй гэсэн шалтгаанаар хуралдахаа болив. Энэ нь эцэстээ парламентын хямралд хүргэж болзошгүй учир Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний ажлыг хавсран хийж болохгүй байх тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлэв.
Оюутны 70.000 төгрөгийг өгөх эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцэхэд МАН-аас сонгогдсон Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол нарыг ашиг сонирхолын зөрчилтэй, хувийн их, дээд сургуультай гэж УИХ-ын дарга З.Энхболд танхимаас гарахыг зөвлөсөн юм. Ингэж анх удаа АН-ынхны санаачилсан ашиг сонирхолын хууль парламентад шууд үйлчилж Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол хоёр уг асуудлаар санал өгөлгүй танхимыг орхин гарч байсан бичлэг бий.
Тэгвэл өнөөдөр ашиг сонирхолын хууль АН-ынханд адилхан үйлчлэх үү? гэдэг эгзэгтэй асуудал тавигдчихаад байна. Хууль МАН, АН-ынханд адилхан үйлчилдэг л бол сайд нар санал өгөх эрхгүй болчихоод байгаа юм. Тиймээс гишүүн Д.Оюунхорол УИХ-ын дарга З.Энхболдод хандаж “Та ашиг сонирхолын хуулиар Б.Бат-Эрдэнэ гишүүн бид хоёрыг хувийн сургуультай гээд оюутны 70.000-ийг хэлэлцэхэд санал өгүүлээгүй. Харин одоо УИХ-ын гишүүн, сайдын ажлыг давхар хийж болох уу гэдэг асуудлыг хэлэлцэж байна. Энэ хуулийн төсөлд сайд нар санал өгөх эрхгүй. Та Б.Бат-Эрдэнэ гишүүн бид хоёрыг хөөж гаргасан шиг сайд нарыг хөөж гаргах уу?” хэмээн асуусан юм. Хариуд нь УИХ-ын дарга З.Энхболд “Би сайд нарт ашиг сонирхолын хуулийг сануулна. Сайд нар саналаа өгөх эсэх нь тэдний ухамсарын асуудал” хэмээн хариулсан юм. Өөрөөр хэлбэл “сайд нараа та нар ашиг сонирхолын хуулиар санал өгөх эрхгүй шүү гараарай” гэж УИХ-ын дарга сануулах аж. Хамгийн сонирхолтой нь ухамсартай сайдууд саналаа өгөхгүй гарч одно. Харин ухамсар муутай нь нүүрээ улалзуулаад өөрийгөө сайд хэвээр байхын тулд саналаа өгч таарна. Тиймээс ард түмэн сайд нарын хэн нь ухамсартай, хэн нь нүүрээ ширлэсэн байгааг харах цаг ирлээ.
Сэтгэгдэл (7)